Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0473

 

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0473

Улаанбаатар хот

 

 

 

Ө.Ж***ын нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                                     

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Ж***,                              

Хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Ж***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Л.Д***, өмгөөлөгч Б.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 126/2022/0013/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Ж***аас Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох”-оор маргасан.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 123 дугаар зүйлийн 123.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ж***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлын 285 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох нийт 20,166,315 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван таван/ төгрөгийг нэхэмжлэгч Ө.Ж***д олгох, уг нөхөх олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох бүртгэлд бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газраас аудитын шалгалт хийгдэж, аудитын 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА дугаар албан шаардлага тавигдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжтой,

3.2 Нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн зөрчилд арга хэмжээ авсан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүйг нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд үнэлээгүй бол ямар шалтгаанаар үнэлээгүй талаар шийдвэрт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцээгүй,

 3.3 Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газраас аудитын шалгалт хийгдэж, аудитын 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА дугаар албан шаардлагад дурдсан хугацаанд нэхэмжлэгчид хариуцлага тооцсон байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж хариуцлага тооцсон гэж шийдвэрлэсэн нь буруу,

3.4 Нэхэмжлэгч санхүүгийн зөрчил гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй гэх зэрэг үндэслэлээр зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Ханх сумын төсөвт байгууллагуудын 2019-2020 оны үйл ажиллагааны үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг хийсэн.

Улмаар, тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд 1/ Бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйлсийн зардлаас эдийн засгийн ангилал зөрчиж, 5,000,000 төгрөгийг “бетон зуурмагийн зардал” гэж шилжүүлэн, урсгал засварын материал авч, зориулалт бусаар зарцуулсан, 2/ Ерөнхий боловсролын сургууль нь 190 машин түлээ худалдан авахаар гэрээ хийсэн боловч 120 машин түлээг хүлээн авсан бөгөөд 70 машин түлээний үнэ болох 13,300,000 төгрөгөөр сагсны талбай хийлгэсэн. Гэвч санхүүгийн тайланд 190 машин түлээг орлогоор хүлээн зөвшөөрч, зардал гаргасан бөгөөд сагсны талбайг бүртгэлд тусгаагүй, 3/ 2021 оны эхний хагас жилийн тайланг гаргахдаа өмнөх оны үлдэгдлээс зарцуулсан түүний 30,015,000 төгрөгийн зарлагыг гаргаагүй, 4/ Тээвэр, шатахууны зардлыг шаардах хуудас бичиж олгосон хэдий ч 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2,499,952 төгрөгийн материалын зардлыг гаргаагүй, жолоочийн тооцоо бодоогүй, 5/ 2021 оны эхний хагас жилийн тайлан гаргахдаа хөрөнгийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй зөрчил гарсныг илрүүлж Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА дугаар албан шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад хүргүүлсэн.

Хариуцагч Ханх сумын Засаг дарга нь Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар “...байгууллага хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ө.Ж***ыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халсан болох нь тогтоогджээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Төрийн үйлчилгээний албан тушаалд ...”боловсрол ...зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарна, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.2. Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” хэмээн,

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хариуцагч Ханх сумын Засаг дарга нь Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын “Ханх сумын төсөвт байгууллагуудын 2019-2020 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тайлан”-г 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий захиргааны акт болох “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаарыг гарган нэхэмжлэгч Ө.Ж***д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсгийг зөрчсөн.

Мөн маргаан бүхий захиргааны актад дурдагдсан зөрчил болох “70 машин түлээний үнэ болох 13,300,000 төгрөгөөр сагсны талбай хийлгэсэн”, “жолоочийн тооцоо бодоогүй” болон “хөрөнгийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй” зэрэг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 221/МА2022/0667 дугаар магадлалд заасанчлан маргаан бүхий захиргааны актад дурдсан бусад үндэслэл болох нэхэмжлэгч Ө.Ж***ын “байгууллага, хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтыг хариуцагчаас шаардсан ч тухайн үндэслэлд хамаарах нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгөөгүй болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                         ШҮҮГЧ                                        Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА