Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбаатар,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч П.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Б.Орхон,

шүүгдэгч Б.Өсөхбат, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам,

шүүгдэгч М.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч С.Очирбат, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

шүүгдэгч М.Бэрхдаваа, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг, М.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзууд овогт Батхуягийн Өсөхбат, Бэсүд овогт Мөнхбатын Бэрхдаваа, Боржигин овогт Мархүүгийн Мөнхдэлгэр, Шар овогт Пунцагийн Хатанбаатар нарт, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзад овогт Сайнбуянгийн Очирбат нарт холбогдох эрүүгийн 201626030338 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэц, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчин 9-р гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Галзууд овогт Батхуягийн Өсөхбат /РД:ЖК96071817/,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-нд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Политехникийн коллежийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-р гудамж, 998-ын Б тоотод орших суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Мөнхбатын Бэрхдаваа /РД:СП96111111/,

 

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 26-нд Улаанаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эх, эгч, эхнэр, 05 сартай хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо,  Малчин 10-р гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Мархүүгийн Мөнхдэлгэр /РД:УИ93102615/,

 

4. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчин 6-р гудамжны 2 тоотод түр оршин сууж байгаа гэх, /Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эргэн дэнж 2-р баг хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй/, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шар овогт Пунцагийн Хатанбаатар /РД:ЙВ97101111/,

 

5. Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 30-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Багш нарын байрны 3-2 “б” тоотод оршин сууж байгаа гэх, /иргэний үнэмлэхний лавлагаа баримтаар Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут амины орон сууцны 1-р гудамж 72 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Галзад овогт Сайнбуянгийн Очирбат /РД:ОР96103011/,  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Нэг. Шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд хөрөнгийг нь авах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчим  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Синчи ойл” шатахуун түгээх станцын түгээгч М.Даваажамцын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, тус шатахуун түгээх станцын орлогын мөнгө болох 199.700 төгрөг, Sky загварын гар утас зэргийг дээрэмдэн авч, “Синчи ойл” ХХК-д 199.700 төгрөгийн, хохирогч М.Даваажамцад 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хоёр. Шүүгдэгч С.Очирбат нь, Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд хөрөнгийг нь авах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Синчи ойл” шатахуун түгээх станцын түгээгч М.Даваажамцын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, тус шатахуун түгээх станцын орлогын мөнгө болох 199.700 төгрөг, Sky загварын гар утас зэргийг дээрэмдэн авч, “Синчи ойл” ХХК-д 199.700 төгрөгийн, хохирогч М.Даваажамцад 120.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. 

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Өсөхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.  

 

2. Шүүгдэгч М.Бэрхдаваагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21:00 цагийн үед Мөнхдэлгэр, Очирбат, Хатанбаатар бид 4 уулзаад Өсөхбатынд очиж, түүнийг дуудаад колонк орохдоо Очирбат, Хатанбаатар, бид гурав наана нь байсан. Мөнхдэлгэр, Өсөхбат хоёр эхлээд колонк руу орсон юм. Удалгүй ирээд бид гурвыг ойрхон байж бай гэсэн. Тэгээд колонк руу буцаж очоод байтал Өсөхбаяр ирсэн. Араас нь Мөнхдэлгэр ирээд, Өсөхбатыг буцаагаад колонк руу дагуулаад явсан. Хатанбаатар бид хоёрыг колонк дээр очиход Мөнхдэлгэр, Өсөхбат хоёр түрүүлж колонк руу орсон. Тэгээд Хатанбаатар бид хоёрыг ороход түгээгч эгч “яах гэж байгаа юм” гэсэн. Тэр үед би гаднах хаалганы ард зогсож байсан. Хүн орилох чимээ гараад би хаалгаар ороод хартал түгээгч эгч сейфний тэнд зогсож байсан. Тэгээд мөнгөө сейфнээсээ аваад Мөнхдэлгэрт өгсөн.

Хохирогчийг араас нь Өсөхбат тэврэх үед би хаалган дээр зогсож байсан. Би тухайн үед хүнээс болон хийж байсан үйлдлээсээ айж сандарсан байсан. Энэ хэрэгт Хатанбаатар ямар нэгэн оролцоо байхгүй. Намайг дотогшоо ороход мөнгө авсан, өгсөн үйлдэл болчихсон байсан. Түгээгч эгч мөнгөө өөрөө өгсөн. Ширээн дээр нь байсан гар утасыг би гарахдаа аваад гарсан. Шатахуун түгээх станцаас гарч ирээд нөгөө хэддээ энэ гар утсыг хаячих уу гэхэд Мөнхдэлгэр надад өгчих гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүгдэгч М.Мөнхдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 01-ний 21:00 цагийн үед Хатанбаатар, Очирбат, Бэрхдаваа, бид дөрөв Өсөхбатын гадаа очиж, түүнийг дуудаад, нилээд юм ярьж байгаад колонк руу явахаар болоод явсан. Тэнд очоод гүүрэн дээрээс буюу урдаас нь колонк руу чулуу шидэж айлгасан. Тэгээд Өсөхбат бид хоёр гүүрэн доогуур, зам дагаж явж байгаад колонкийн хойд талд нь очоод тэнд байсан камерыг салгахад Өсөхбат дээшээ харсныг нь цаашаа дарах хэрэгтэй гэж хэлэхэд нь би яаж дардаг гэдгийг мэдэхгүй байсан.

Тэгээд Өсөхбат бид хоёр буцаж нөгөө гурав дээрээ очоод Өсөхбат өмсөж явсан монгол гутлаа Очирбатын хар гуталтай сольж өмссөн. Бид колонкийн гаднах талбай руу чулуу шидсэн боловч колонк дотроос хүн гарч ирээгүй. Тэгээд бид урд талаар нь тойроод колонк дээр ирэхэд хүн байхгүй юм шиг байсан. Үүдэнд нь 5-10 минут орчим зогсож байтал цаанаас хаалга онгойход Өсөхбат гүйгээд орсон, би колонкийн хаалганы ард зогсож байсан. Удалгүй мөнгө гаргаад ирэхээр нь аваад Очирбатын гадаа очоод хүн тус бүр 45.000 төгрөг авсан.

Бэрхдаваа, Хатанбаатар, Өсөхбат, Очирбат бид нар бие биенийгээ таньдаг болоод 5-6 жил болж байна.  Бид нар 2016 оны 03 дугаар сарын 03-ны орой уулзахдаа “колонк руу явж, чулуу шидэж түгээгчийг айлгая” гэж хальт ярьсан. Би өмнө нь энд ажиллаж байсан гэж Өсөхбат хэлсэн. Харин энэ санааг хэрэгжүүлнэ гэж яриагүй. Бас тэр өдөр колонк дээр ямар хүн гарч байгааг бид нар мэдээгүй. Тухайн үед Өсөхбат монгол гуталтай, Очирбат хагас түрийтэй хар гуталтай явж байсан бөгөөд чулуу шидчихээд Өсөхбат гүйхэд амар гээд Очирбаттай гутлаа сольж өмссөн. Би урьд нь барилга дээр ажиллаж байхдаа хаалга яаж онгойлгодгийг мэддэг болсон юм.  Шатахуун түгээх станцад эхлээд Өсөхбат, Бэрхдаваа хоёр түрүүлж ороод, араас нь Хатанбаатар орсон.

Би ормооргүй байсан тул гадаа нь үлдсэн. Орлогын мөнгийг нь авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ анх орлогын мөнгийг авах талаар огт яриа гараагүй, бид нар ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй. Энэ гэмт хэрэгт би хаалгыг нь онгойлгон өгч оролцсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүгдэгч П.Хатанбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 04-ний орой 21:00 цагийн үед Өсөхбатынд би, Мөнхдэлгэр, Очирбат, Бэрхдаваа нарын хамт очоод Өсөхбатыг дагуулан колонк руу, тэнд байгаа хүнийг айлгахаар явсан. Гүүрэн дээр Очирбат, Бэрхдаваа бид гурав үлдээд, Мөнхдэлгэр, Өсөхбат хоёр цаашаа явсан. Эргэж ирэхдээ Өсөхбат өмсөж явсан монгол гутлаа Очирбатын хар гуталтай сольж өмссөн.

Тэгээд бид 4 колонк дээр очоод Мөнхдэлгэр хаалгыг нь онгойлгож, Өсөхбат, Бэрхдаваа, бид гурав орсон. Би ороод, түгээгч эгч намайг бариад татахаар нь гараа тавиулаад, их сандарсан байсан учраас 00-ын  өрөө рүү нь орсон.  Түгээгч эгчийг  үүд рүү явахад нь Өсөхбат, Бэрхдаваа хоёр тэр эгчийн гарыг хойш нь барихад, түгээгч эгч өөрөө “мөнгөө гаргаж өгнө” гэхээр нь тэр хоёр гарыг нь тавьсан. Түгээгч эгч сейфээ онгойлгож, өөрөө мөнгөө авч өгөхөд, тэр мөнгийг нь Мөнхдэлгэр авсан.

Тэгээд бид хэд тэндээсээ гараад Очирбатын гадаа очоод уг мөнгөө хувааж авсан. Хүн тус бүрийн 45.000 төгрөг хувааж аваад явсан. Хэрэв тухайн үед хохирогчийн хүү болох хамгаалагч нь хамт байсан бол бид нар яах ч үгүй байсан байх. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг,

 

5. Шүүгдэгч С.Очирбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэдгийг хүлээн зөвшөөрч, үлйдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн 201626030338 дугаартай хэргээс:

 

            1. Хохирогч М.Даваажамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 03 сарын 04-ний өдөр 08 цаг 15 минутын үед ажил дээрээ ирээд, ээлжээ хүлээж аваад ажилдаа орсон. Тэгээд тэр өдөр нийт 260.000 орчим төгрөгийн орлого хийгээд, орой 18.00 цагийн үед станцаа хаагаад тооцоогоо хийсэн. Тооцоо хийгээд мөнгөө тоолоход 199.700 төгрөг байсан. Мөнгөө хойд талын мөнгө хадгалдаг арын өрөөний сейфэндээ хийгээд цоожилсон. Тэгээд орой 19 цаг өнгөрөөгөөд хоол унд хийж идчихээд, түгээгчийн урд талын өрөөндөө паарны дор гудас дэвсээд ор засаад хэвтэж амарсан юм.

...Шөнө 23 цагийн үед салхинд гадна талын хаалга чихараад дуугарахаар нь би босоод, түгээгчийн өрөөнөөс гартал гадна хаалга онгорхой байхаар нь би “яагаад хаалга онгойчихсон юм бол, би чинь хаалгаа хаасан шүү дээ” гээд өөртэйгээ яриад хаалганы хажууд очоод хаалгаа дотроос нь хаагаад, түлхээд үзтэл хаалга цоожлогдчихсон байсан. Буцаад урд талын өрөөндөө ороод хэвтэж байтал, коридорт хүн ороод ирэх шиг хөлийн чимээ гарахаар нь би босоод “хэн бэ” гээд өрөөнөөсөө гартал гадна талын хаалга онгойчихсон, хоёр хүн үүдэнд зогсож байсан.

Тэгэхээр нь би “юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ” гэтэл нэг хүн нь гадна хаалганы өөдөөс харсан 00 өрөө рүү гүйгээд орчих шиг болсон, хоёр хүн хаалганы хажууд зэрэгцээд зогсчихсон байсан. Тэгээд би “яах гэж байгаа хүмүүс вэ” гэтэл 00 өрөөнөөс нэг эрэгтэй хүн гарч ирээд миний араас тэврээд авсан. Тэгэхэд нь би барьцыг нь тавиулах гээд биеэ займчихад, тэр хүн миний нүдийг дараад, шилэн хүзүүн дээрээс гараараа барьж аваад доош нь дарсан. Тэгэхэд нь би “та нарт юу хэрэгтэй юм бэ, амь авраач, юу авах юм бэ” гэтэл миний араас тэвэрч авсан залуу нь “орлогынхоо мөнгийг гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгөө өгье, намайг тавьчих, би сейфнээс аваад өгье” гэтэл тэр залуу намайг тавьчихсан. Тэгээд би өмднийхөө халааснаас түлхүүрээ гаргаад хойд талын мөнгө хадгалдаг өрөөнд ороод сейфнээс орлогынхоо мөнгийг авч өгсөн.

Намайг орлогын мөнгө авч байхад, намайг араас барьж авсан залуу дагаж орж ирээд, тэр өрөөнд байсан камерын залгуурыг салгачихсан. Тэр үед нь би мөнгөө авчихсан байсан учир мөнгөө түүнд өгсөн. Тэр залуу мөнгө аваад гарахдаа миний амарч байсан өрөөнд ороод ширээн дээр байсан гар утсыг аваад зугатаачихсан юм. Түүнийг утас аваад гарахад нь коридорт хоёр эрэгтэй хүн байсан. Тэгээд хаалгаар 3 хүн гарч байгаа нь харагдсан юм.

Тэр залуучууд хаалгаар гарахдаа хаалга гадна талаас нь хаагаад явчихсан. Би хойноос нь гарах гэтэл хаалга цоожлогдчихсон байсан учраас би түгээгчийн өрөөнд ороод гэрлээ асаагаад, ор дэрээ хураачихаад, хаалганыхаа бариулыг хайж олж аваад хаалгаа дотроос нь онгойлгоод гарсан. Тэгээд хүн дуудахаар манай шатахуун түгээх газрын хойд талд байрлах барилгын компаний гадна талын хаалгыг нүдэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь буцаад станц дээрээ ирээд зүүн талын хашаанд байдаг айл руу очсон. Тэгээд тэр айлын хүнд нь үнэн учраа хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн юм.  

Тухайн үед гэрэл унтраасан байсан учраас ямар хувцастай хэд орчим насны, ямар царай зүстэй хүмүүс байсныг нь харж чадаагүй. Миний анзаарсанаар 20 гаран насны, бүгдээрээ бараан  хувцастай залуучууд байсан ба намайг араас тэвэрч аваад орлогын мөнгөө өг гээд шилэн хүзүүнээс дарж, мөнгөтэй өрөө лүү дагаж орсон залуу нь нөгөө хоёр залуугаа бодвол арай том биетэй махлагдуу залуу байсан. Хоёр залуу нь коридорт зүгээр зогсож байсан юм. Тухайн үед хаалга онгорхой байсан учраас гадна талын талбайн гэрэл хаалгаар туссан буюу цонхоор гэрэл туссан байсан тул гадна талын төрх нь бүдэг харагдаж байсан. 20 орчим насны залуучууд байна гэж л анзаарсан.

Намайг нэг том биетэй залуу нь араас тэвэрч аваад нүд дараад шилэн хүзүүнээс бариад доош нь дараад “орлогынхоо мөнгийг өг” гэхэд нь би айгаад “амь авар, би мөнгөө гаргаж өгье” гэж хэлэхэд тэр залуу намайг барьсан барьцаа тавьсан. Тэрнээс биш надыг зодож цохисон асуудал байхгүй. Миний нүдийг гараараа дарахдаа гартаа бээлийтэй юм шиг их ширүүн зүйлээр дарсан.

Тэгэхэд миний зүүн талын нүдний зовхин дор хоёр хэсэг газар шалбараад бага зэрэг хөхөрчихсөн байсан. Энэ нь барьцыг нь тавиулах гээд ноцолдох үед л үүссэн байх. Нүд дараад авах үед нь би гарыг нь тавиулах гээд ноцолдож үзсэн, тэгэхэд дийлдэхгүй болохоор нь би “өөрөө мөнгөө гаргаж өгье” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57-58х/,

 

2. Иргэний нэхэмжлэгч “Синчи ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Синчи-Ойл” ХХК-ийн Шатахуун түгээх станц-4-ийн түгээгч М.Даваажамцыг үүрэгт ажлаа гүйцэтгээд ажлын байранд байж байхад нь үл таних хүмүүс орж ирж орлогын мөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг гарсныг 2016 оны 03 сарын 22-ноос тус Шатахуун түгээх станц-4 салбарын эрхлэгчээр томилогдон ажиллахдаа мэдсэн юм.  2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих өдрийн хооронд манай түгээгч М.Даваажамцын шатахуун борлуулалтын тооцооны дэвтрээс шүүж, тооцоог гаргаж үзэхэд нийт 268.680 төгрөгийн орлого хийсэн байсан. Тухайн халдлага болсон өдөр 71.680 төгрөг нь түгээгчид өөрт нь байсныг орлогод тушаасан байсан. Ингээд нийт 268.680 төгрөгөөс орлогод тушаасан 71.680 төгрөгийг хасаад 197.000 төгрөг дутсан байсан. Иймд манай байгууллагаас 197.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 65х/,

 

3. Гэрч Д.Рагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 03 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад шөнө “00” цаг өнгөрч байсан байх, гэнэт манай гэрт манай гэрийн хойд талд байрлах “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгч эгч Даваажамц гэдэг хүн нилээн айсан шинжтэй ороод ирсэн. “Юу болсон бэ” гэж асуухад эгч нь “сая ажил дээрээ гурван үл таних эрэгтэй хүнд орлогын мөнгө, гар утсаа дээрэмдүүлчихлээ. Утсаа өгөөч цагдаа дуудах гэсэн юм” гэхээр нь би өөрийн 94141265 дугаарын утсаа өгөхөд цагдаа руу Даваажамц эгч өөрөө залгаад дуудлага өгч байсан.

Тэгээд “цагдаа иртэл хамт байгаач” гэхээр нь би Даваажамц эгчтэй шатахуун түгээх станц руу нь явсан. Шатахуун түгээх станц дээр дөнгөж очингуут цагдаа нар ирээд шатахуун түгээх станц руу ороод үзлэг хийсэн. Манай гэр шатахуун түгээх станцаас хойд талд нь 300-400 метр зайтай. Тэр өдөр цасан шуургатай, хүйтэн байсан учраас эрт 22.00 цаг болж байхад орондоо орж унтсан. Тийм учраас ямар нэгэн зүйл ажиглаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-93х/,

 

4. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 3 сарын 05-ны өдрийн 3238 тоот дүгнэлтэд:

1. М.Даваажамц-н биед хамрын нурууны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 68х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн мөр судлалын шинжээчийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1965 тоот дүгнэлтэд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрний зургууд шинжилгээнд тэнцэхгүй байна. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 70-78х/,   

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05/249 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. 2016 оны 03 сарын 04-ний өдөр Б.Өсөхбат, М.Мөнхдэлгэр, М.Бэрхдаваа, П.Хатанбаатар нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи Ойл” шатахуун түгээгүүрийн газрын байранд нэвтрэн орж түгээгч М.Даваажамцад хүч хэрэглэн орлогын 200.000 төгрөг, Sky маркийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийн газраас д/ч Ю.Мөнхбаярын бэхжүүлж авсан гарын хээний дардасууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Сэжигтэн Пунцагийн Хатанбаатар, Мархүүгийн Мөнхдэлгэр, Мөнхбатын Бэрхдаваа, Батхуягийн Өсөхбат, Сайнбуянгийн Очирбат нарын гарын хээний дардасыг Адис-Папилон санд MN00012004750-MN000120004754гэж кодлон оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд сэжигтэн Сайнбуянгийн Очирбат нь урьд санд нэг удаа бүртгэлтэй байгааг дурьдав.

3. Сэжигтэн Пунцагийн Хатанбаатар, Мархүүгийн Мөнхдэлгэр, Мөнхбатын Бэрхдаваа, Батхуягийн Өсөхбат, Сайнбуянгийн Очирбат нарын гарын хээний дардас нь Папилон санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна...”  гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 80-86х/,

 

7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 1-р хавтас 3-12х/,

 

8. Синчи Ойл ХХК-ийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл камерын бичлэгийг хуулбарлан авсан CD нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  /хэргийн 1-р хавтас 28х, 55х/,

 

9. Синчи Ойл ХХК-ийн түгээгүүрийн заалтын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 30-31х/,

 

10. Гэрч Д.Рагчаагийн гар утсанд /Нокиа маркийн 94144265 дугаартай/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 32-35х/,

 

11. Хохирогч М.Даваажамцын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 36-39х/,

 

12. Шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, Мөнхдэлгэр, Хатанбаатар нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зүургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 40-41, 43-45х, 49-50х, 52-53х/,

 

13. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47х/,

 

14. Хохирлын төлбөр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 54х, 66х/,

 

15. Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 59х,60х/,

 

16. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 61х/,

 

17. “Синчи Ойл” ХХК-ийн харьяа ШТС-4-ийн 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 03 сарын 05-нд ээлжинд гарсан түгээгч М.Даваажамцын шатахуун борлуулалтын тооцоо /1 хх-ийн 63х/,

 

18.  Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 98-143х/,

 

19. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Өсөхбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би 2016 оны 03 сарын 03-ны өдөр манай найз нар болох Хатанбаатар, Бэрхдаваа, Очирбат, Мөнхдэлгэр нартай уулзсан. Тэгээд Очирбатын гэрт очиж хөзөр тоглож байгаад 23 цагийн орчим гэр, гэртээ харихаар гарсан. Гараад гудамжинд явж байх үед би тэд нарт “манай ах Өсөх-эрдэнэ 2 жилийн өмнө Шувууны замд байдаг “Синчи-ойл” нэртэй шатахуун түгээх станцад ажиллаж байсан, би бас ажиллаж байсан. Тэгтэл нэг өдөр манай ах 2 гуяндаа хутгалуулаад дээрэмдүүлчихлээ гээд цагдаад дуудлага өгөхөд, цагдаа нар өөрөө өөрийгөө хутгалаад, худлаа дуудлага өгсөн байна гээд явчихсан. Тэр ШТС-ын эрхлэгч нь гээд хөгийн хүн байдаг, хэдүүлээ очиж цонхыг нь хагалаад юм хум шидэж айлгая” гэсэн. Тэгтэл тэд нар зөвшөөрсөн.

Маргааш нь буюу 2016 оны 03 сарын 04-ний өдөр  12:00 цагийн орчимд бид нар дахин цугласан. Тэгээд нөгөө “Синчи Ойл ШТС-руу очиж түгээгч эгчийн айлгая” гэж ярилцаад тэр хавиар бие биенийхээрээ орж гарч, хөзөр тоглож байгаад 23:00 цаг өнгөрч байхад “Синчи Ойл” ШТС-руу очихоор Мод үржүүлэг гэх газраас Мөнхдэлгэр, Бэрхдаваа, Хатанбаатар, Очирбат, бид 5 алхсан. Тэгтэл Очирбат замаасаа буцаад гэр лүүгээ явчихсан. 

Хатанбаатар, Бэрхдаваа, Мөнхдэлгэр, бид дөрөв ШТС-ын гадна очиход ШТС-ын байрны гэрэл нь унтраастай, хойд өрөөнийх нь тэнд байрлах бойлуурын гэрэл нь асаалттай харагдаж байсан. Гаднах талбайн гэрэл нь асаалттай байсан. Гадуур, дотуур нь ямар нэгэн хүн
болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байгаагүй.

ШТС-ын гадна буюу ард талд нь бид нар 1 цаг орчим ажиглаж байсан. Чулуу шидэж цонхыг нь хагалах гэснээ больсон. Хяналтын камертай хэсэг рүү нь чулуу шидэж, хаалгыг нь 2 удаа онгойлгож зугатаасан. Уг ШТС-ын байранд түгээгч эгч ганцаараа байсан. Уг нь хүү нь гэх залуу хамгаалагчаар нь ажилладаг, тэр үед хүү нь байгаагүй. Хаалгыг гаднаас нь онгойлгоход түгээгч эгч ирээд хаалгаа дотроос нь хаасан. Гэхдээ гарч ирээгүй.

Тэгж байгаад дахин нэг удаа Мөнхдэлгэр хаалганы бариулын нүх рүү хуруугаа хийж онгойлгосон. Тэр үед Хатанбаатар, Бэрхдаваа, бид гурав үүдний амбаар хэсэгт орж зогссон. Тэгтэл түгээгч эгч доторх хаалгыг онгойлгоод “хэн бэ, яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би жаахан айлгаж байгаад явъя гэж бодоод тэр эгчийг араас нь тэвэрч авсан. Би түгээгчийг араас нь тэврээд дотогш том өрөөрүү нь оруулах гэж байсан. Тэгтэл тэр түгээгч үүд рүү зүтгээд байсан. Тэгээд “эгч нь мөнгө өгье, эгчийгээ битгий алаарай” гээд байхаар нь тавьсан чинь тэр эгч арын өрөө рүүгээ орсон. Би араас нь ороод арын өрөөний хяналтын камерын залгуурыг салгасан. Урьд өмнө би тэр ШТС-д ажиллаж байсан учир хаана залгуур нь байдгийг мэддэг байсан юм. Хяналтын камерын залгуурыг салгачихаад буцаж том өрөөнд нь ороод Бэрхдавааг “мөнгийг нь авчих” гэж хэлсэн.

Тэр эгчийн сейфнээсээ гаргаж өгсөн орлогын мөнгийг Бэрхдаваа тэр эгчээс авсан. Мөн том өрөөнийх нь ширээн дээр байсан хар өнгийн батерейгүй, арын таг нь байхгүй гар утсыг Бэрхдаваа авсан байсан. Тэгээд бид нар гараад зугатаасан.  Бэрхдаваа эхлээд “болчихлоо” гэж хэлээд гараад гүйсэн. Хатанбаатар, бид хоёр түүний араас гараад гүйсэн. Энэ үед Мөнхдэлгэр ШТС-ын байрны ард зогсож байсан. Мөнхдэлгэр бол  ШТС-ын байрны хаалгыг онгойлгож өгсөн, гэхдээ ороогүй.  Тухайн үед “00” цаг болж байсан байх.

            Ингээд бид нар Мод үржүүлгийн тийшээ шууд гүйгээд, Очирбатын гэрт очоод цаг харахад 00 цаг 30 минут болж байсан. Бид нар аяга цай уучихаад гэр, гэртээ харихаар гараад явж байх үедээ ШТС-аас авсан мөнгөө хэдэн төгрөг байна гэж тоолоход нийт 194.400 төгрөг байсан.  20.000, 10.000, 5.000, 1.000, 500-тын дэвсгэртүүд байсан. Тэр мөнгийг Хатанбаатар, Бэрхдаваа, Мөнхдэлгэр, бид дөрөв хувааж авсан. Нэг хүний 45.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь “Очирбатад өгчихье” гэж хэлээд Мөнхдэлгэр аваад салцгаасан. Намайг гэртээ орох үед цаг 00 цаг 40 минут болж байсан. Уг нь бид нар дээрмийн хэрэг хийе гэж бодоогүй. Зүгээр л түгээгч эгчийг айлгая гэж бодсон. Тэгтэл тэр эгч “мөнгө өгье” гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан тул тэр мөнгийг нь авчихсан юм.

Тухайн үед Бэрхдаваа хар саравчтай малгайтай, хар ногоон куртиктэй, хар бакалан гуталтай байсан. Би хөх өнгийн малгайтай куртиктай, хар өнгийн ороолттой, дотуураа дээд тал нь шар, доод тал нь хөх өнгийн малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн байсан. Доогуураа хөх өнгийн өмд, хагас түрүүтэй өвлийн гуталтай байсан. Уг хувцаснууд гэрт байгаа.

Түгээгч эгчийн биед ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй. Хэрэг болсон өдрийн маргааш нь гэрээсээ гараад би Мөнхдэлгэртэй уулзаад гэр лүүгээ явж байгаад, Хатанбаатартай тааралдаад хамт явж байтал манай гэрийн ойролцоо цагдаа нар ирчихсэн, Очирбат, Бэрхдаваа хоёртой уулзаж байсан. Тэгээд цагдаад баригдсан. Бид нар анх бүгдээрээ ярилцаж байгаад дээрэм хийх санааг гаргасан. Би урд өмнө нь тухайн шатахуун түгээх газарт ажиллаж байсан, тэнд ажиллаж байх хугацаанд манай ахыг гаднаас хүн орж ирээд хутгалж байсан талаар найз нартаа ярьсан, яг “дээрэм хийе” гэж бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 147-149х, 151-152х, хэргийн 2-р хавтас 41-42х/,

 

20. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Бэрхдаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би 12 цагийн үед өвөө Цэнд-Аюуш, эмээ Өлзий нар дээр очсон. Очиход тэр хоёр хоёулахнаа гэртээ байсан. Тэднийх Био-гоос Шувуу орох замд байдаг Мод үржүүлгийн газарт байдаг юм. Би ер нь амралтын өдрүүдэд өвөө, эмээгийндээ очдог юм. Тэр өдөр би өвөө, эмээгийнхээр орчихоод багын найз нар болох Өсөхбат, Очирбат, Хатанбаатар, Мөнхдэлгэр нартай уулзахаар гэрээс гарсан. Өвөөгийн гэрийн ойролцоо тэд нарын гэр байдаг. Тэгээд бид нар уулзаад Мөнхдэлгэрийн гэрт орсон. Мөнхдэлгэрийн гэрт нь ээж, 2 эгч нь байсан. Тэднийх 2 өрөөтэй. Нэг өрөөнд нь бид нар ороод юм ярьж сууж байтал, Өсөхбат “манай ах 2 жилийн өмнө Шувууны замд байдаг “Синчи Ойл” нэртэй шатахуун түгээх станцад ажилладаг байсан, би ч бас тэнд ажилладаг байсан, тэгтэл нэг өдөр манай ах хоёр гуяндаа хутгалуулаад, дээрэмдүүлчихлээ гээд цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар ирээд өөрөө өөрийгөө хутгалаад, худлаа дуудлага өгсөн байна” гээд явчихсан, тэр ШТС-ын эрхлэгч нь гээд хөгийн хүн байдаг юм, хэдүүлээ очиж цонхыг нь хагалаад, юм хум шидэж айлгая” гэсэн. Тэгэхээр нь бид нар” тэгье” гэсэн. Тэр Шатахуун түгээх станц дээр нь нэг эгч ажилладаг, мөн хүүхэд нь хамгаалагчаар нь хамт ажилладаг гэдгийг нь бид нар урьд өмнө үйлчлүүлж байсан учраас мэдэж байсан.

Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим бид нар дахин цугласан. Тэгээд орой нөгөө “Синчи ойл” Шатахуун түгээх станц руу очиж, түгээгч эгчийг айлгая гэж ярилцаад, тэр хавиар бие биенийхээрээ орж гарч байгаад орой 23 цаг өнгөрч байхад “Синчи ойл” шатахуун түгээх станц руу очихоор Мод үржүүлэг гэх газраас Мөнхдэлгэр, Өсөхбат, Хатанбаатар, Очирбат бид 5 алхсан. Тэгтэл Очирбат замаасаа буцаад гэр рүүгээ явчихсан.

Хатанбаатар, Өсөхбат, Мөнхдэлгэр бид дөрөв Шатахуун түгээх станцын гадна очиход Шатахуун түгээх станцын байрны гэрэл нь унтраастай, хойд өрөөнийх нь гэрэл асаалттай,
гаднах талбайн гэрэл нь асаалттай байсан. Гадуур дотуур нь ямар нэгэн хүн болон
тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байгаагүй.

Шатахуун түгээх станцын гадна буюу ард талд нь бид нар 1 цаг орчим ажиглаж байсан. Хяналтын камертай хэсэг рүү нь чулуу шидэж, хаалгыг нь 2-3 удаа онгойлгож зугатаасан. Хаалгыг гаднаас нь онгойлгох болгонд түгээгч эгч ирээд хаалгаа дотроос нь хаагаад байсан. Ганцаараа байгаа бололтой байсан. Уг нь хүү нь хамт байдаг гэж Өсөхбат хэлж байсан. Тэр үед хүү нь байгаагүй.

Тэгж байгаад дахин нэг удаа хаалгыг онгойлгох үед тэр эгч Хатанбаатарыг харсан. Тэгээд “юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ” гэж асууж байсан. Би тэр үед нь уг байрны ард талд зогсож байгаад тэр эгчийн дуу гарахаар нь очтол Өсөхбат, түгээгч эгчтэй хаалган дээр нь ноцолдож байсан. Хажууд нь Хатанбаатар зогсож байсан. Тэгэхээр нь би тэр эгчийн гараас нь татсан. Тэр эгч болъё гээд байсан. Тэгтэл Өсөхбат тэр эгчид “орлогынхоо мөнгийг өг” гэж хэлсэн. Тэр эгч “за” гээд өмднийхөө халаасыг ухаж байгаад арынхаа өрөө рүү орохоор явсан. Өсөхбат дагаж арын өрөө хэсэг рүү орсон. Камерыг Өсөхбат салгасан байж магадгүй. Дотор талд нь Өсөхбат, Хатанбаатар хоёр орсон байсан. Батерей, сим карт, арын таг байхгүй нүүр хэсэгтээ Sky гэсэн бичигтэй жижиг хар өнгийн утас байсан. Би үүдний өрөөний ширээн дээр байсан гар утсыг авч халаасандаа хийсэн. Тэгтэл Өсөхбат арын өрөөнөөс гарч ирээд намайг “тэр эгч дээр очоод мөнгийг нь аваад ир” гэсэн. Би арын өрөөнд нь очиход тэр эгч өрөөний хойд буланд байсан сейфийг халааснаасаа түлхүүр авч онгойлгоод дотроос нь надад мөнгө авч өгсөн. Хэдэн төгрөг байсныг нь би хараагүй. Тэр мөнгийг нь би аваад шууд гарч гүйсэн. Өсөхбат “болчихсон уу" гэхээр нь би “болчихсон” гэж хэлээд гүйсэн.

Араас Хатанбаатар, Өсөхбат, Мөнхдэлгэр нар гүйсэн. Мөнхдэлгэр тухайн үед шатахуун түгээх станцын байрны ард зогсож байсан. Мөнхдэлгэр бол шатахуун түгээх станцын байр руу ороогүй. Хатанбаатар, Өсөхбат бид гурав орсон. Тэгээд бид 4 ертөнцийн зүгээр зүүн урагш Шувууруу гүйж байгаад буцаад засмал зам дагаад Мод үржүүлгийн тийшээ гүйгээд шууд Очирбатын гэрт орцгоосон. Бид нар орж аяга цай уучихаад гэр гэртээ харихаар гараад явж байх үедээ шатахуун түгээх станцаас авсан мөнгөө хэдэн төгрөг байна гэж харсан. Тэгтэл нийт 194.000 төгрөг байсан. 20.000, 10.000, 5.000, 1.000, 500-тын дэвсгэртүүд байсан. Тэр мөнгийг Хатанбаатар, Өсөхбат,  Мөнхдэлгэр, бид дөрөв хувааж авсан. Нэг хүний 45.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь Очирбатад өгчихье гэж хэлээд Мөнхдэлгэр аваад салцгаасан. Намайг гэртээ орох үед цаг 00 цаг 30 минут болж байсан. Өвөө, эмээ хоёр унтаж байсан. Өглөө 11 цаг өнгөрөөгөөд босох үед манай гэрт Очирбат ирсэн байсан. Тэгээд бид хоёр дэлгүүр орохоор явж байтал Өсөхбатын ээж болон цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн.

Шатахуун түгээх станц руу орох тодорхой шалтгаан байгаагүй. Өсөхбат “колонк руу орж мөнгө авъя” гээд байсан. Өсөхбат тэр эгчийг араас нь шилэн хүзүүнээс нь доош нь дарсан. Тэр эгч эсэргүүцээд, Өсөхбатын малгайг нь доош нь дарахад нь би хажуугаас нь очиж гарнаас нь татсан. Тэгэхэд тэр эгч “эгчийгээ битгий зодооч, юу хэрэгтэй юм бэ” гэхэд Өсөхбат “орлогынхоо мөнгийг өг” гэсэн. Өөр хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Тэр өдөр Өсөхбат том монгол гуталтай байсан, тэгээд Очирбатын гутлыг хөнгөн гутал гээд сольж өмссөн байсан.

Тухайн өдөр дээрэм хийхэд Мөнхдэлгэр толгойлж явсан. Өсөхбат тухайн үед дээрэм хийх санааг гаргасан. Тухайн өдрийн орой 21 цагт Мөнхдэлгэрийн гэрт нь цугларсан. Бүх үйл явдлыг Мөнхдэлгэр удирдан зохион байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 153-157х, 159-160х, хэргийн 2-р хавтас 35-36х/,

 

21. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Мөнхдэлгэрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 04-нд Бэрхдаваа, Өсөхбат, Хатанбаатар бид 4 хөзөр тоглосон. Тэгээд 20, 21 цагийн үед харьцгаах уу гээд гадаа гарсан. Орой 21:00 цаг дөнгөж өнгөрч байсан. Гадаа юм яриад сууцгааж байсан. Урагш зам руу явж байхад нэг мэдсэн чинь “яах уу, ийх үү, колонк руу очих уу” гэсэн яриа гарсан. Колонкийн гэрэлтэй газар руу чулуу шидэх үү гэж ярилцаж байсан. Тэгж байгаад дөхөж очоод яриа сунжраад “орлогыг нь авчих уу” гэж яриа гарсан. Санамсаргүй наанаас нь очоод хаалгыг нь харсан чинь онгорхой, хаалганаас завсар гарсан байсан. Би хаалгыг татаж онгойлгосон. Онгойлгосон чинь урдаас хүн гараад ирсэн. Тэгээд хойшоо гүйсэн.

Колонкийн хойд талын контейнерын тэнд зогсож байгаад дахиад хаалгыг татаж үзсэн чинь онгорхой байсан. Дотор ноцолдох шиг болсон. Би гадаа үүдэнд, хаалганы наад талд зогсож байсан. Дотор Хатанбаатар, Өсөхбат, Бэрхдаваа гурав орсон байсан. Үүдэнд зогсож байсан чинь манай найз нар бүгд гарч ирээд хойшоо гүйсэн. Би ч цуг гүйгээд явсан. Зүүн урагш гүйгээд Өлзийт хороолол руу явах зам дээр очсон. Тэгээд буцаад гэр, гэр рүүгээ явсан. Замдаа явж байхдаа мөнгө төгрөгөө хувааж авсан. Би мөнгийг хуваасан. Нийтдээ нэг зуун ерэн хэдэн мянган төгрөг байсан. Хэдэн ширхэг хорин мянгатын дэвсгэрт, арван мянгат бас байсан, таван мянгатаас хоёр ширхэг, тэгээд мянгатын дэвсгэрт, таван зуутын дэвсгэрт байсан. Би тэр гуравт тус бүр 45,000 төгрөг өгсөн. Үлдсэнийг би өөрөө авсан. Би ойролцоогоор 57.000 төгрөг авсан.

“Скай” гэсэн бичигтэй гар утсыг Бэрхдаваа гаргаж ирсэн. Энэ утсыг нь би авсан. Энэ колонк дээр урьд нь Өсөхбат хамгаалагчаар ажиллаж байгаад гарсан. Дээрмийн гэмт хэргийг үйлдэх талаар анх хэлсэнийг би санахгүй байна. Колонк дээр ямар хүн ажиллаж байгааг мэдээгүй. Очиход эмэгтэй хүн байсан. Бид эхлээд “хүн байна уу” гэдгийг мэдэх гээд колонкийн урьд талын талбай руу пилта шиг юмыг шидсэн. Тэгсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд орсон.

Эхлээд “айлгаж, цочоох уу” гэж ярилцаж байгаад тэгээд тэнд очсон чинь “мөнгө төгрөгийг нь авах уу” гэж яриа гарсан. Бүгдээрээ тэгье гэж ярьж тохирсон. Эхлээд хүнийг нь гаргаж ирээд 00 руу явах үед хаалгаар орж мөнгийг авах гэж ярьсан. Хүлээгээд гарч ирэхгүй болохоор урдуур нь очоод хаалгаар шагайсан чинь хаалга онгорхой байсан. Тэгэнгүүтээ хүн гарч ирэхэд буцаад гүйсэн. Хаалганы дээд бариулны дээд талын жижиг төмөр байдаг. Би тэр төмрийг хойшоо замгаар нь хуруугаар түлхсэн чинь онгойчихсон.  

Маргааш нь би өглөө хадмындаа оччихоод гэртээ 16 цагийн үед ирэхэд гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд баригдаад өөртөө үлдсэн 57.900 төгрөг, гар утсыг нь Цагдаагийн хэлтэст ирээд хураалгасан. Анх бид нар ярилцаж байхад Очирбат хамт байсан. Мөнгө авна гэдгийг мэдэж байсан. Түүнийг колонк руу явахад нь Өсөхбат гутлыг нь сольж өмсөөд түүнийг гэртээ хариад байж бай гээд явуулсан. Тухайн үед би колонк руу ормооргүй санагдаад ороогүй. Энэ гэмт хэргийг удирдан зохион байгуулсан хүн байхгүй. Би энэ дээрмийн гэмт хэргийг удирдаагүй, харин шатахуун түгээх станц дээр очоод мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 162-163х, 165-167х, хэргийн 2-р хавтас 39-40х/,

 

22. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч  П.Хатанбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 03 сарын 04-ний өдөр 11 цагийн үед би гэртээ байж байгаад уйдаад найз Мөнхдэлгэрийн гэр рүү нь очиж уулзахаар явсан юм. Мөнхдэлгэрийнх манай гэрээс баруун хойд талд 3 гудамжны зайтай байдаг. Тэгээд тэднийх рүү алхаад явж байх замдаа автобусны буудлын ойролцоо найз Өсөхбаттай тааралдаад хамт явсан. Тэгээд явж байхдаа Мөнхдэлгэрийн зүүн талын гудамжинд байдаг Бэрхдаваатай тааралдсан. Тэр үед Бэрхдаваа хашааныхаа үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгээд Бэрхдаваа, Өсөхбат, бид гурав хамт Мөнхдэлгэрийнд ороод тэднийд хашааных нь цасыг арилгаж өгөөд хоорондоо ярилцсан. Тэгэхэд Өсөхбат “орой, урд байдаг шатахуун түгээх газарт очиж мөнгө авах уу” гэж хэлсэн.

Тэр үед бид 4 дөрвүүлээ мөнгөтэй болох талаар ярьж байгаад, шатахуун түгээх газар руу очиж ямар нэгэн аргаар мөнгө авахаар тохиролцоод, яаж орох талаараа орой дахин уулзаж байгаад ярилцахаар болсон. Тэгээд Мөнхдэлгэрийнхээс 13 цагийн үед гараад Мөнхдэлгэр, Өсөхбат, Бэрхдаваа, бид дөрөв манай гэрийн зүүн талын хамар хашаанд байдаг Очирбат гэдэг найзындаа очоод бүгдээрээ хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхдаа Очирбатад “орой шатахуун түгээх газарт орж мөнгө авах тухай” хэлсэн. Тэгээд орой Очирбаттай 5-уулаа дээрэм хийхээр болсон юм. Тэгээд Очирбатынд хөзөр тоглож байгаад 16 цагийн үед гараад Мөнхдэлгэрийнд очиж тоглож байгаад 19 цагийн үед бид нар гэр гэр рүүгээ харьцгаагаад 21 цагийн үед Мөнхдэлгэрийнд уулзаад “шатахуун түгээх газар руу яаж орохоо ярилцъя” гэж тохиролцоод тарсан. Тэгээд би гэртээ хариад байж байгаад 21 цаг 30 минутын үед Мөнхдэлгэрийнд Очирбаттай хамт очсон.

Тэгээд Мөнхдэлгэрийнхээс Очирбат, Бэрхдаваа, Өсөхбат, бид 5-уулаа гараад доошоо уруудаж алхаад “Синчи-Ойл” шатахуун түгээх газрын зүүн талд байдаг гүүрэн дор очоод, яаж орох талаараа дахиад ярилцсан. Тэгээд “хэдүүлээ орох, камер нь хаана байдгийг ажиглая” гэж ярьж байгаад “олуулаа явах дэмий юм байна” гээд Очирбатыг гэр рүү нь явуулчихсан.

Очирбатыг явуулчихаад Мөнхдэлгэр, Өсөхбат, Бэрхдаваа бид 4 “Синчи-Ойл” шатахуун түгээх газрын зүүн талд байдаг чингэлэгүүдийг дагаж яваад, шатахуун түгээх газрын сүүдэртэй хэсгээр нь ар талд нь очсон. Тэгээд шатахуун түгээх газрын зүүн, баруун талаар нь хоёр, хоёроороо хуваагдаад ажиглалт хийе гэж тохиролцоод, би Бэрхдаваатай баруун талаар нь урагшаа эргэтэл баруун тийшээ харсан бүргэд хаалга байсан ба дээд талд нь баруун тийш харсан камер байсан.

Шатахуун түгээх станцын хаалгыг Мөнхдэлгэр онгойлгосон, яаж хаалга онгойлгосон гэдгийг хараагүй, би хамгийн ард нь явж байсан. Миний урд Бэрхдаваа, түүний урд Өсөхбат, Мөнхдэлгэр хоёр явж байсан. Тэгээд хаалга онгойлгонгуут Өсөхбат түрүүлж ороод, араас нь Бэрхдаваа, бид хоёр орсон. Мөнхдэлгэр “гадаа үүдэн дээр хүн харах” гээд үлдсэн.

Тэгээд дотогшоо ороход урд талын өрөөнөөс нэг эмэгтэй хүн “хэн бэ” гээд гарч ирэхээр нь Өсөхбат, Бэрхдаваа, бид гурав үүдний өөдөөс харсан 00 өрөө рүү нь гүйгээд орсон. Тэгтэл түгээгч эгч урд өрөөнөөсөө гарч ирээд, үүд рүүгээ очиход нь Өсөхбат, Бэрхдаваа хоёр хойноос нь очоод тэр эгчийг бариад авсан. Өсөхбат тэр эгчийг араас нь тэврээд, Бэрхдаваа урд талаас нь очоод гарыг нь барьж байсан. Тухайн үед өрөөний гэрэл унтраалттай, хаалга нь онгорхой байсан учраас гадна талын гэрэл дотогшоо тусч байсан юм. Тэгээд Бэрхдаваа, Өсөхбаяр хоёрын нэг нь тэр эгчээс “орлогынхоо мөнгийг өг” гэж хэлсэн. Хэн нь хэлснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгэхэд нь тэр эгч “за би өгье, эгчийгээ битгий алаач” гэж байсан. Тэгэхэд нь Бэрхдаваа, Өсөхбаяр хоёр тэр эгчийг тавьчихсан. Тэгээд тэр эгч өөрийнхөө гарч ирсэн урд талын өрөө рүүгээ ороход Бэрхдаваа, Өсөхбат хоёр хойноос нь дагаж ороод удаагүй ойролцоогоор 1 минут хэртэй болоод тэр хоёр гараад ирсэн. Би тэр үед нь 00 өрөөний урд коридорт зогсож байгаад тэр хоёрыг урд өрөөнөөс нь гараад ирэхээр нь хамт гараад явцгаасан.

Бид нарыг дотроос гарахад Мөнхдэлгэр гарах хаалганы урд хүн хараад зогсож байсан юм. Тэгээд бид нар тэндээс гараад зүүн урагшаа салж гүйцгээгээд, автомашины зам хөндлөн гараад уулзацгаасан. Тэгээд хамт Мод үржүүлгийн газар руу яваад, гэрийнхээ ойролцоо зогсоод Мөнхдэлгэр өмднийхөө халааснаас мөнгө гаргаж ирсэн. Тэгээд мөнгөө тоолж үзэхэд 195.000 орчим төгрөг байсан. Тэгээд гэр гэр рүүгээ харихаар болоод, манай хашааны зүүн талд Мөнхдэлгэр 45.000 төгрөг тоолж өгсөн. 20.000-тын дэвсгэрт 2 ширхэг, 5.000-тын дэвсгэрт 1 ширхэг байсан. Тэгээд би мөнгийг нь аваад гэр рүүгээ орсон. Гэрт ороход 01 цаг болж байсан.  

Өглөө 08 цагийн үед босоод гэр орныхоо ажлыг  хийчихээд 12 цагийн үед гэрээсээ гараад Биод байдаг ах Хүрэлбаатарынд оччихоод буцах замдаа Өсөхбаттай тааралдаад Бэрхдаваагийнх руу очиход тэднийд цагдаагийн хүмүүс ирчихсэн Бэрхдаваа, Очирбат хоёртой уулзаад байж байсан юм. Тэгээд л цагдаад баригдчихсан.

Урьд нь би дээрх шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байсан юм. Тэгэхэд хаалга нь гадна талдаа ямар ч бариул байхгүй, түгээгч нь дотор талаасаа хаалгаа шууд түлхээд гарч ирж байсан. Тэгэхэд би хаалгыг нь анзаарч харж байсан. Бид нар дээрэм хийхдээ хаалгаар нь орох боломжтой гэж ярилцаад хаалгыг  гаднаас нь Мөнхдэлгэр онгойлгосон. Мөнгөнөөс өөр юу авсныг нь би мэдэхгүй. Түгээгч эгчийн орсон өрөөнд араас нь Өсөхбат, Бэрхдаваа хоёр дагаж орсон учир мөнгийг нь хаанаас авсныг нь би хараагүй. Сүүлд манай хашааны гадаа мөнгө хувааж байхад Бэрхдаваа цэнэглэж байсан утсыг нь авчихсан гээд Мөнхдэлгэрт өгч байсан. Тэр утас нь бараан өнгийн корпустай точтой, хойд талын таг, батерей нь байхгүй Sky маркийн гар утас байсан. Тэгээд би мөнгөө аваад тэд нараас салаад гэр рүүгээ орсон. 

Би тэр үед урт түрийтэй, хүрэн өнгийн, түрүү болон урд хэсгээрээ хээтэй, буриад гуталтай байсан. Ул нь мөлийсөн байсан. Өсөхбат хар, саарал өнгийн урдуураа үдээстэй, хагас түрийтэй гуталтай, Мөнхдэлгэр миний байцаагчид хураалгасан шар өнгийн богино түрийтэй “timberland” гуталтай байсан. Бэрхдаваа хар өнгийн урт түрийтэй бакал шиг гуталтай байсан. Мөнхдэлгэр эхлээд хаалгыг нь онгойлгоод тэгээд бид нарыг “дотогшоо ор” гэж хэлсэн. Харин өөрөө гадаа үлдсэн. Ерөнхийдөө Мөнхдэлгэр уг дээрмийн хэргийг удирдсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас168-169х, 171-172х, хэргийн 2-р хавтас 37-38х/,

 

23. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Очирбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед би Мөнхдэлгэрийнд очсон. Тэгэхэд тэднийд Бэрхдаваа, Хатанбаатар, Өсөхбат нар байсан. Тэгээд бид нар нийлээд хөзөр тоглож байгаад шөнө 24 цаг өнгөрч байхад тоглоомоо дуусгаад харьцгаахаар болсон. Бэрхдаваа, Хатанбаатар, Өсөхбат, Мөнхдэлгэр нар түрүүлээд гарсан, би хөзрөө хураагаад хойноос нь гарахад тэд нар хашааны гадаа юм яриад зогсож байсан. Тэгэхэд Өсөхбат “шатахуун түгээх станц дээрэмдвэл яах бол” гэж ярихад нь би “тоглож байгаа юм байх” гэж бодоод “Солонгосын колонк дээрэмддэг инээдмийн кино байдаг, тэр кино шиг уу” гээд хоорондоо кино яриад өнгөрсөн.

Маргааш нь намайг гэртээ байж байхад 14 цагийн үед шиг санаж байна, Хатанбаатар, Мөнхдэлгэр, Өсөхбат, Бэрхдаваа нар манайд ирээд хөзөр тоглож байгаад 16 цаг өнгөрч байхад манай эгч гэртээ ирэхээр нь бүгдээрээ манайхаас гараад Мөнхдэлгэрийнд очиж тоглосон. Тэгээд тэднийд тоглож байхад Өсөхбат “өнөө орой урд колонк руу очих уу” гэж ярихад тэд нар” орой уулзаж байгаад болъё” гээд байсан.

Тэгээд 19 цагийн үед шиг санаж байна, тэднийхээс гараад гэр гэртээ харьцгаагаад 21 цагийн үед Мөнхдэлгэрийн гадаа уулзахаар болсон. Тэгэхэд нь би ”орой явж чадахгүй байхаа,  ээж уурлаад гаргахгүй” гэхэд Өсөхбат “яаж ийж байгаад хүрээд ирэхийг бодоорой” гэсэн. Тэгээд би гэртээ байж байгаад 21 цагийн үед Мөнхдэлгэрийнд Хатанбаатарын хамт очсон, тэгэхэд Бэрхдаваа, Мөнхдэлгэр хоёр ирчихсэн байсан, тэндээсээ Өсөхбатын гэрийн гадаа очиход Өсөхбат гэрээсээ гараад ирсэн. Тэгээд бид тавуулаа,  өдөр нь ярьж байснаараа манай урд байдаг “Синчи-Ойл” шатахуун түгээх газар руу явцгаасан.

Тэгээд Түргэний голын гүүрэн доор очоод би “явахгүй, гэртээ харьлаа” гэхэд Өсөхбат “чи тэгвэл харь, харь хоёулаа гутлаа солиод өмсчихье, энэ гутал тийшээ явахад эвгүй юм байна, хөнгөн гутлаа өгчих” гээд миний өмсөж байсан хөх эрээн өнгийн хагас түрийтэй цагаан ултай гутлыг өөрийнхөө өмсөж байсан монгол гутлаараа сольж өмссөн. Тэгээд би тэд нараас салаад гэр лүүгээ хариад байж байтал 23 цаг өнгөрөөгөөд манайд Өсөхбат, Мөнхдэлгэр, Хатанбаатар, Бэрхдаваа нар ирсэн. Тэгээд Өсөхбат гутлаа буцааж сольж өмсчихөөд гарцгаасан. Би тэд нартай хамт гарахад “Синчи-Ойл” шатахуун түгээх газар очоод түгээгчээс нь мөнгө авсан, хаалгыг нь онгойлгож ороод түгээгчтэй нь ганц хоёр гар зөрүүлсэн чинь түгээгч нь “та нарт юу хэрэгтэй юм бэ” гэхээр нь Өсөхбат “байгаа орлогоо өг” гэсэн чинь мөнгөө гаргаад өгчихсөн гээд яриад байсан.

Тэгээд Мөнхдэлгэр мөнгө гаргаж ирээд тоолоод Хатанбаатарт мөнгө өгч байсан, хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй, тэгээд л тэд нар нэг их удалгүй харьцгаахаар явцгаасан юм. Тухайн үед Мөнхдэлгэр мөнгө тоолоод байсан, 190.000 орчим төгрөг байна гэж байсан байх.

Бид нар найзууд учраас би тэд нарыг цагдаад хэлж чадаагүй юм. Намайг тэд нарын зүгээс айлгаж дарамталсан асуудал байхгүй. Тухайн үед нь би тэд нарын хийх гэж байгаа үйлдлийг нь эсэргүүцээгүй нь миний буруу, би гэмт хэрэг үйлдэх гэж байна гэдгийг мэдээд айгаад тэд нартай хамт явахаас татгалзсан. Надад тэр мөнгөнөөсөө ямар ч мөнгө өгөөгүй.” гэсэн  мэдүүлэг /1 хх-ийн 173-175х/ зэрэг нотлох баримтуудын тус тус шинжлэн судлав.  

 

Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч П.Рагчаа, Д.Жавхлантөгс, Т.Адъяасүрэн, О.Шоовдор, П.Баярмаа нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-93х, 94х, 95х, 96х, 97х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 176х, 181х, 195х, 213х, 223х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1-р хавтас 177х, 196х, 214х, 182х, 222х/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 1-р хавтас 194х, 216х/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 178х, 183х, 197х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р 179х, 184х, 199х, 217х/, жолооны үнэмлэхний хуулбар /хэргийн 1-р хавтас 180х, 200х/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хэргийн 1-р хавтас 187х, 201х/, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хэргийн 1-р хавтас 185-186х, 198х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 1-р хавтас 188-193х, 202-212х, 218-221х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 224х/  баримтуудыг судалсан болно.  

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул шүүх хэрэгт цугларсан, шүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Нэг. Шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд хөрөнгийг нь авах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Синчи ойл” шатахуун түгээх станцын түгээгч М.Даваажамцын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, тус шатахуун түгээх станцын орлогын мөнгө болох 199.700 төгрөг, Sky загварын гар утас зэргийг дээрэмдэн авч, “Синчи ойл” ХХК-д 199.700 төгрөгийн, хохирогч М.Даваажамцад 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- хохирогч М.Даваажамцын: “ ... 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ....орой 18.00 цагийн үед станцаа хаагаад тооцоогоо хийсэн. Тооцоо хийгээд мөнгөө тоолоход 199.700 төгрөг байсан. Мөнгөө хойд талын мөнгө хадгалдаг арын өрөөний сейфэндээ хийгээд цоожилсон. ...хоол унд хийж идчихээд, түгээгчийн урд талын өрөөндөө паарны дор гудас дэвсээд ор засаад хэвтэж амарсан юм. ...шөнө 23 цагийн үед салхинд гадна талын хаалга чихараад дуугарахаар нь би босоод түгээгчийн өрөөнөөс гартал гадна хаалга онгорхой байхаар нь би “яагаад хаалга онгойчихсон юм бол, би чинь хаалгаа хаасан шүү дээ” гээд өөртэйгөө яриад хаалганы хажууд очоод хаалгаа дотроос нь хаагаад, түлхээд үзтэл хаалга цоожлогдчихсон байхаар нь буцаад урд талын өрөөндөө ороод хэвтэж байтал коридорт хүн ороод ирэх шиг хөлийн чимээ гарахаар нь би босоод “хэн бэ” гээд өрөөнөөсөө гартал гадна талын хаалга онгойчихсон, хоёр хүн үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би “юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ” гэтэл нэг хүн нь гадна хаалганы өөдөөс харсан 00 өрөө рүү гүйгээд орчих шиг болсон, хоёр хүн хаалганы хажууд зэрэгцээд зогсчихсон байсан. Тэгээд би “яах гэж байгаа хүмүүс вэ” гэтэл 00 өрөөнөөс нэг эрэгтэй хүн гарч ирээд миний араас тэврээд авсан. Тэгэхэд нь би барьцыг нь тавиулах гээд биеэ займчихад, тэр хүн миний нүдийг дараад, шилэн хүзүүн дээрээс гараараа барьж аваад доош нь дарсан. Тэгэхэд нь би “та нарт юу хэрэгтэй юм бэ, амь авраач, юу авах юм бэ” гэтэл миний араас тэвэрч авсан залуу нь “орлогынхоо мөнгийг гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгөө өгье, намайг тавьчих, би сейфнээс аваад өгье” гэтэл тэр залуу намайг тавьчихсан. Тэгээд би өмднийхөө халааснаас түлхүүрээ гаргаад хойд талын мөнгө хадгалдаг өрөөндөө ороод сейфнээсээ орлогынхоо мөнгийг авч өгсөн.

Намайг орлогын мөнгө авч байхад намайг араас барьж авсан залуу дагаж орж ирээд, тэр өрөөнд байсан камерын залгуурыг салгачихсан. Тэр үед нь би мөнгөө авчихсан байсан учир мөнгөө түүнд өгсөн. Тэр залуу мөнгө аваад гарахдаа миний амарч байсан өрөөнд ороод ширээн дээр байсан гар утсыг аваад зугтаачихсан юм. Түүнийг утас аваад гарахад нь коридорт хоёр эрэгтэй хүн байсан. Тэгээд хаалгаар 3 хүн гарч байгаа нь харагдсан юм. Тэр залуучууд хаалгаар гарахдаа хаалга гадна талаас нь хаагаад явчихсан. Би хойноос нь гарах гэтэл хаалга цоожлогдчихсон байсан..., ...станц дээрээ ирээд зүүн талын хашаанд байдаг айл руу очсон. Тэгээд тэр айлын хүнд нь үнэн учраа хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн юм. 

Тухайн үед гэрэл унтраасан байсан учраас ямар хувцастай хэд орчим насны, ямар царай зүстэй хүмүүс байсныг нь харж чадаагүй. Миний анзаарсанаар 20 гаран насны, бүгдээрээ бараан  хувцастай залуучууд байсан ба намайг араас тэвэрч аваад “орлогын мөнгөө өг” гээд шилэн хүзүүнээс дарж, мөнгөтэй өрөө лүү дагаж орсон залуу нь нөгөө хоёр залуугаа бодвол арай том биетэй махлагдуу залуу байсан. Хоёр залуу нь коридорт зүгээр зогсож байсан юм., ..надыг зодож цохисон асуудал байхгүй. Миний нүдийг гараараа дарахдаа гартаа бээлийтэй юм шиг их ширүүн зүйлээр дарсан. Тэгэхэд миний зүүн талын нүдний зовхин дор хоёр хэсэг газар шалбараад бага зэрэг хөхөрчихсөн байсан. Энэ нь барьцыг нь тавиулах гээд ноцолдох үед л үүссэн байх. Нүд дараад авах үед нь би гарыг нь тавиулах гээд ноцолдож үзсэн, тэгээд дийлдэхгүй болохоор нь би “өөрөө мөнгөө гаргаж өгье” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57-58х/,

- Иргэний нэхэмжлэгч “Синчи ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбатын: “...2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Синчи-Ойл” ХХК-ийн Шатахуун түгээх станц-4-ийн түгээгч М.Даваажамцыг үүрэгт ажлаа гүйцэтгээд ажлын байранд байж байхад нь үл таних хүмүүс орж ирж орлогын мөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг гарсныг 2016 оны 03 дугаар сарын 22-ноос тус Шатахуун түгээх станц-4 салбарын эрхлэгчээр томилогдон ажиллахдаа мэдсэн юм.  2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих өдрийн хооронд манай түгээгч М.Даваажамцын шатахуун борлуулалтын тооцооны дэвтрээс шүүж, тооцоог гаргаж үзэхэд нийт 268.680 төгрөгийн орлого хийсэн байсан. Тухайн халдлага болсон өдөр 71.680 төгрөг нь түгээгчид өөрт нь байсныг орлогод тушаасан байсан. Ингээд нийт 268.680 төгрөгөөс орлогод тушаасан 71.680 төгрөгийг хасаад 197.000 төгрөг дутсан байсан. Иймд манай байгууллагаас 197.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 65х/,

- Гэрч Д.Рагчаагийн: “...2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад шөнө “00” цаг өнгөрч байсан байх, гэнэт манай гэрт манай гэрийн хойд талд байрлах “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгч эгч Даваажамц гэдэг хүн нилээн айсан шинжтэй ороод ирсэн. “Юу болсон бэ” гэж асуухад “эгч нь сая ажил дээрээ гурван үл таних эрэгтэй хүнд орлогын мөнгө, гар утсаа дээрэмдүүлчихлээ. Утсаа өгөөч цагдаа дуудах гэсэн юм” гэхээр нь би өөрийн 94141265 дугаарын утсаа өгөхөд цагдаа руу Даваажамц эгч өөрөө залгаад дуудлага өгч байсан. Тэгээд “цагдаа иртэл хамт байгаач” гэхээр нь би Даваажамц эгчтэй шатахуун түгээх станц руу нь явсан. Шатахуун түгээх станц дээр дөнгөж очингуут цагдаа нар ирээд шатахуун түгээх станц руу ороод үзлэг хийсэн.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-93х/,

- “...М.Даваажамц-н биед хамрын нурууны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 3 сарын 05-ны өдрийн 3238 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 68х/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг камерын бичлэгийг хуулбарлан авсан CD нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 3-12х, 55х/, Синчи Ойл ХХК-ийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 28х/, Гэрч Д.Рагчаагийн гар утсанд /Нокиа маркийн 94144265 дугаартай/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 32-35х/, хохирогч М.Даваажамцын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 36-39х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47х/, хохирлын төлбөр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 54х, 66х/, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 59х,60х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 61х/, “Синчи Ойл” ХХК-ийн харьяа ШТС-4-ийн 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 03 сарын 05-нд ээлжинд гарсан түгээгч М.Даваажамцын шатахуун борлуулалтын тооцоо /1 хх-ийн 63х/, болон шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Мөнхдэлгэр нь шатахуун түгээх станцын хаалгыг онгойлгож өгөөд станцын байрны гадна үлдэхэд Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, П.Хатанбаатар нар дотогш нэвтрэн орж, Б.Өсөхбат нь хохирогч М.Даваажамцын биед халдан араас тэвэрч, шилэн хүзүүнээс нь барин доош дарж “орлогын мөнгөө өг” гэж шаардсан, тухайн үед хохирогч “амь авар, би мөнгөө гаргаж өгье” гэхэд барьсан барьцаа тавьж, мөнгөтэй өрөөнд нь даган орж хяналтын камерын залгуурыг салгасан, М.Бэрхдаваа нь хохирогчийн сейфнээс гаргаж өгсөн мөнгө, өрөөний ширээн дээрх гар утас зэргийг авахад П.Хатанбаатар нь хамт байсан, дээрэмдэн авсан мөнгө эд зүйлээ ярилцан тохирч хувааж авсан, уг гэмт хэргийг үйлдэх талаар урьд өдөр нь хэлэлцэн тохирч, хэрэг үйлдэхээс өмнө тухайн ШТС-ын орчимд очиж тодорхой хугацаанд ажиглалт хийх зэргээр гэмт хэрэгт үйлдэл болон сэтгэл санаагаар нэгдмэл байдлаар оролцсон нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар тогтоогдсоноос гадна тэдгээрийн өгсөн мэдүүлгүүд нь нэг нь нөгөөгийнхээ үйлдлийг хөндлөнгөөс нотолж байх тул Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарыг  урьдчилан үгсэн тохирцож бүлэглэн, шууд санаатай, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Уранчимэг, М.Цэндсүрэн нарын “Прокуророос шүүгдэгч М.Бэрхдаваа, Б.Өсөхбат, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохироогүй, шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэх үндэслэлтэй” хэмээн санал гаргаж мэтгэлцсэн.

 

Дээрмийн гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл байдаг бөгөөд довтолгоон эхэлснээр дээрмийн гэмт хэрэг төгссөнд тооцогдох бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүдүүлэх гэмт хэрэг нь өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг устгахаар заналхийлж эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан идэвхитэй үйлдэл байдаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт цугларсан баримуудаас Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүдүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, тухайлбал: өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг устгахаар заналхийлж, эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан, өөрөөр хэлбэл сэтгэл зүйн халдлагаар хууль бус шаардлага тавьж, хохирогчийг сэтгэхүйн хувьд дарамталсан үйлдлийг тодорхой хугацаанд хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй байна.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Уранчимэг, М.Цэндсүрэн нарын гаргасан “шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгааг анхаарч хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял шийтгэж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.  

 

Хоёр.  Шүүгдэгч С.Очирбат нь дээрх гэмт хэргийг Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч С.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед би Мөнхдэлгэрийнд очсон. Тэгэхэд тэднийд Бэрхдаваа, Хатанбаатар, Өсөхбат нар байсан ба бид нар хөзөр тоглож байгаад шөнө 24 цаг өнгөрч байхад тоглоомоо дуусгаад харьцгаахаар болсон. ...Тэд нар хашааны гадаа юм яриад зогсож байсан, тэгэхэд Өсөхбат “шатахуун түгээх станц дээрэмдвэл яах бол” гэж ярихад нь би “тоглож байгаа юм байх” гэж бодоод “Солонгосын колонк дээрэмддэг инээдмийн кино байдаг, тэр кино шиг уу” гээд хоорондоо кино яриад өнгөрсөн. ...Маргааш нь намайг гэртээ байж байхад 14 цагийн үед шиг санаж байна, Хатанбаатар, Мөнхдэлгэр, Өсөхбат, Бэрхдаваа нар ирээд хөзөр тоглож байгаад, 16 цаг өнгөрч байхад манай эгч гэртээ ирэхээр нь бүгдээрээ манайхаас гараад Мөнхдэлгэрийнд очиж тоглосон. Тэгээд тэднийд тоглож байхад Өсөхбат “өнөө орой урд колонк руу очих уу” гэж ярихад тэд нар ”орой уулзаж байгаад болъё” гээд байсан.

Тэгээд 19 цагийн үед шиг санаж байна, тэднийхээс гараад гэр гэртээ харьцгаагаад 21 цагийн үед Мөнхдэлгэрийн гадаа уулзахаар болсон. Тэгэхэд нь би” орой явж чадахгүй байхаа,  ээж уурлаад гаргахгүй” гэхэд Өсөхбат “яаж ийж байгаад хүрээд ирэхийг бодоорой” гэсэн. Тэгээд би гэртээ байж байгаад 21 цагийн үед Мөнхдэлгэрийнд Хатанбаатарын хамт очсон, тэгэхэд Бэрхдаваа, Мөнхдэлгэр хоёр ирчихсэн байсан, тэндээсээ Өсөхбатын гэрийн гадаа очиход Өсөхбат гэрээсээ гараад ирсэн. Тэгээд бид 5 тавуулаа өдөр нь ярьж байснаараа манай урд байдаг “Синчи-Ойл” шатахуун түгээх газар руу явцгаасан. ...Түргэний голын гүүрэн доор очоод би “явахгүй, гэртээ харьлаа” гэхэд Өсөхбат “чи тэгвэл харь, харь хоёулаа гутлаа солиод өмсчихье, энэ гутал тийшээ явахад эвгүй юм байна, хөнгөн гутлаа өгчих” гээд миний өмсөж байсан хөх эрээн өнгийн хагас түрийтэй цагаан ултай гутлыг өөрийнхөө өмсөж байсан монгол гутлаараа сольж өмссөн. ...Би тэд нараас салаад гэр рүүгээ хариад байж байтал 23 цаг өнгөрөөгөөд манайд Өсөхбат, Мөнхдэлгэр, Хатанбаатар, Бэрхдаваа нар ирсэн. Тэгээд Өсөхбат гутлаа буцааж сольж өмсчихөөд гарцгаасан. Би тэд нартай хамт гарахад “Синчи-Ойл” шатахуун түгээх газар очоод түгээгчээс нь мөнгө авсан, хаалгыг нь онгойлгож ороод түгээгчтэй нь ганц хоёр гар зөрүүлсэн чинь түгээгч нь “та нарт юу хэрэгтэй юм бэ” гэхээр нь Өсөхбат байгаа “орлогоо өг” гэсэн чинь мөнгөө гаргаад өгчихсөн гээд яриад байсан. Тэгээд Мөнхдэлгэр мөнгө гаргаж ирээд тоолоод Хатанбаатарт мөнгө өгч байсан, хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй, тэгээд л тэд нар нэг их удалгүй харьцгаахаар явцгаасан юм. Тухайн үед Мөнхдэлгэр мөнгө тоолоод байсан, 190.000 орчим төгрөг байна гэж байсан байх. Бид нар найзууд учраас би тэд нарыг цагдаад хэлж чадаагүй юм. Надыг тэд нарын зүгээс айлгаж дарамталсан асуудал байхгүй. Тухайн үед нь би тэд нарын хийх гэж байгаа үйлдлийг нь эсэргүүцээгүй нь миний буруу, би гэмт хэрэг үйлдэх гэж байна гэдгийг мэдээд айгаад тэд нартай хамт явахаас татгалзсан. Надад тэр мөнгөнөөсөө ямар ч мөнгө өгөөгүй.” гэсэн  мэдүүлэг,

- П.Хатанбаатарын: “...2016 оны 3 сарын 04-ний өдрийн орой 21 цагийн үед Мөнхдэлгэрийн гэрийн гадаа нь Бэрхдаваа, Очирбат, Өсөхбат, Мөнхдэлгэр бид 5 уулзаад бензин колонк руу явцгаасан. Замдаа Очирбат гэр рүүгээ харьлаа гээд явчихсан” гэсэн мэдүүлэг, .

- М.Мөнхдэлгэрийн: “...Анх бид нар ярилцаж байхад Очирбат хамт байсан. Мөнгө авна гэдгийг мэдэж байсан. Түүнийг колонк руу явахад нь Өсөхбат гутлыг нь сольж өмсөөд түүнийг гэртээ хариад байж бай гээд явуулсан.” гэсэн мэдүүлэг,

- М.Бэрхдаваагийн: “...Тэгээд бид 4 ертөнцийн зүгээр зүүн урагш Шувууруу гүйж байгаад буцаад засмал зам дагаад Мод үржүүлгийн тийшээ гүйгээд шууд Очирбатын гэрт орцгоосон. Бид нар орж аяга цай уучихаад гэр гэртээ харихаар гараад явж байх үедээ шатахуун түгээх станцаас авсан мөнгөө хэдэн төгрөг байна гэж харсан. Тэгтэл нийт 194.000 төгрөг байсан. 20.000, 10.000, 5.000, 1.000, 500-тын дэвсгэртүүд байсан. Тэр мөнгийг Хатанбаатар, Өсөхбат,  Мөнхдэлгэр, бид дөрөв хувааж авсан. Нэг хүний 45.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь Очирбатад өгчихье гэж хэлээд Мөнхдэлгэр аваад салцгаасан.” гэсэн мэдүүлэг,

- Б.Өсөхбатын: “...Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 сарын 04-ний өдөр  12 цагийн орчимд бид нар дахин цугласан. Тэгээд нөгөө “Синчи Ойл” ШТС-руу очиж түгээгч эгчийн айлгая гэж ярилцаад тэр хавиар бие биенийхээрээ орж гарч, хөзөр тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад “Синчи Ойл” ШТС-руу очихоор Мод үржүүлэг гэх газраас Мөнхдэлгэр, Бэрхдаваа, Хатанбаатар, Очирбат бид 5 алхсан. Тэгтэл Очирбат замаасаа буцаад гэр лүүгээ явчихсан. 

            ...Бид нар Мод үржүүлгийн тийшээ шууд гүйгээд, Очирбатын гэрт очсон, очоод цаг харахад 00 цаг 30 минут болж байсан. Бид нар аяга цай уучихаад гэр гэртээ харихаар гараад явж байх үедээ Шатахуун түгээх станцаас авсан мөнгөө хэдэн төгрөг байна гэж харсан. Тэгтэл нийт 194.400 төгрөг байсан. 20.000, 10.000, 5.000, 1.000, 500-тын дэвсгэртүүд байсан. Тэр мөнгийг Хатанбаатар, Бэрхдаваа, Мөнхдэлгэр бид дөрөв хувааж авсан. Нэг хүний 45.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь Очирбатад өгчихье гэж хэлээд Мөнхдэлгэр аваад салцгаасан...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Очирбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Очирбатыг, Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдэлийг тус тус харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч М.Даваажамцад 120.000 төгрөгийн /Эд зүйлийн үнэлгээ баримтаар, хэргийн 1-р хавтас 59х/, иргэний нэхэмжлэгч “Синчи ойл” ХХК-д тус компанийн харьяа ШТС-4 төвийн 2016 оны 03 сарын 04-ны өдрөөс 03 сарын 05-ны өдрийн ээлжинд гарсан түгээгч М.Даваажамцын шатахуун борлуулалтын тооцоо баримтаар /хэргийн 1-р хавтас 63х/ 197.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь:

- Иргэний нэхэмжлэгч П.Очирпүрэвийн “...Манай компани нь гомдолгүй болсон. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 2-р хавтас 22х/,

- Хохирогч М.Даваажамцын “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байна...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 2-р хавтас 83х/ болон Хохирлын төлбөр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 54х, 67х/, “Sky” маркийн, хар өнгийн корпустай гар утсыг батерейны хамт хохирогч М.Даваажамцад хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 61х/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар, С.Очирбат нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 176х, 181х, 195х, 213х, 223х/ тогтоогдсон байна.

 

Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  тэдгээр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар,нар нь хорих ял шийтгүүлж болох хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нэр бүхий шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэржг нөхцөл байдлыг харгалзан  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Очирбат нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тус бүр сэжигтэн, яллагдагчаар тус тус цагдан хоригдсон 60 хоногийг  /хэргийн 98х, 101-102х, 105х, 109х, 112х, 115х, 119х, 122-124х, 127х, 131х, 134х, 137-138х/  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэр бүхий шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйл заасныг тус тус удирдлага болгон                                                

                                                            

                                                             ТОГТООХ нь:

 

1. Галзууд овогт Батхуягийн Өсөхбат, Бэсүд овогт Мөнхбатын Бэрхдаваа, Боржигин овогт Мархүүгийн Мөнхдэлгэр, Шар овогт Пунцагийн Хатанбаатар нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Галзад овогт Сайнбуянгийн Очирбатыг Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр нарыг тус бүр 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, П.Хатанбаатарыг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар С.Очирбатыг  01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр нарт тус бүр оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, П.Хатанбаатарт оногдуулсан 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар  С.Очирбатад оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар нарын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэр бүхий шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар, С.Очирбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Даваажамц, “Синчи ойл” ХХК нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар, С.Очирбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт мөн хугацаанд гомдол гаргах эрхтэйг  тус тус тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Өсөхбат, М.Бэрхдаваа, М.Мөнхдэлгэр, П.Хатанбаатар, С.Очирбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

        

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАЗАРХАНД

                         

                                ШҮҮГЧИД                                   Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                        

                                                                                    Х.ОДБАЯР