Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 179

 

                            Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Капитрон банк” ХХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөршандын 20-007 тоотод байрлах “Хүйс гол хан хөхий” ХХК /РД:5421306/-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт 74.308.012 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан хүсэлтдээ: Манай банк хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3011-2014/44 тоот зээлийн гэрээ байгуулж, 120.000.000.00 төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр, 46 сарын хугацаатай, жилийн 7.0 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК нь зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002754 дугаартай, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөршандын 20-р гудамжны 4 тоотод байрлах, 573 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18668297393297 дугаартай, Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-7 тоотод орших 3277 м.кв талбайтай эзэмшил газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000889 дутаартай, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Цайз захын урд байрлах 552 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтгай барилга, нэгж талбарын 010500059 дугаартай, 2250 м.кв талбайтай эзэмшил газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000944 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 42 дугаар байрны 5 тоотод орших 44 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц зэргийг барьцаалсан.

Хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан. Иймд банк зээлийн үүргээ хугацаандаа биелүүлэхийг 2353, 16/56 тоот албан бичгээр мэдэгдэж байсан.

Иймд Иргэний хуулийн 225, 227, 284, 451 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үндсэн зээл 69.691.568 төгрөг, зээлийн хүү 4.023.478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 592.971 төгрөг, нийт 74.308.012 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилсэн.

Харин шүүхийн шатанд хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК-тай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:

Хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн биелэлт 74.308.012 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлнө. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Харин хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК нь үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөөр тохиролцсон.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Хүйс гол хан хөхий" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Л.Түвшинбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би “Капитрон банк” ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3011-2014/44 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 120.000.000.00 төгрөгийн 46 сарын хугацаатай, жилийн 7.0 хувийн хүүтэй авсан. Тодорхой шалтгааны улмаас гэрээний хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Бид шүүхийн шатанд ярилцсан ба 74.308.012 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК хариуцагч “Хүйс гол хан хөхий” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт 74.308.012 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 3011-2014/44 тоот зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоо, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлдэгчийн зээл хүссэн өргөдөл, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудын хуулбар, Капитрон банкны 2353, 16/56 дугаар албан мэдэгдлийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн. /хх-4-32/

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 74.308.012 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу хариуцагч  “Хүйс гол хан хөхий” ХХК-иас шаардах эрхтэй.

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг. Гэрээний талууд

1.1. Нэг талаас: нэхэмжлэгч "Капитрон банк" /цаашид нэхэмжлэгч гэх/

1.2.Нөгөө талаас: зээлдэгч "Хүйс гол хан хөхий" ХХК /цаашид хариуцагч гэх/ бид дараах нөхцлийг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав.

Хоёр. Ерөнхий нөхцөл

2.1 Энэхүү гэрээний зорилго нь Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Капитрон банкны нэхэмжлэлтэй "Хүйс гол хан хөхий" ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3011-2014/44 тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд хуулиар олгогдсон эрхийн дагуу сайн дураар эвлэрэн хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоход оршино.

2.2. Зээлдэгчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүн буюу зээл хүүгийн төлбөрийн үнийн дүнг талууд 74,308,012 (Далан дөрвөн сая гурван зуун найман мянга арван хоёр) төгрөг байхаар тохиролцов.

2.3.Гэрээний 2.2 дахь хэсэгт заасан төлбөрийг энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны дотор төлнө.

2.4. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банкны зүгээс хүргүүлсэн шаардлага мэдэгдлийг биелүүлээгүй нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн тул нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно

2.5.Хэрэв хариуцагч энэ гэрээний 2.3-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

2.6.Энэхүү гэрээг үндэслэн дээр дурьдсан иргэний хэргийг хуулинд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж гаргах Шүүгчийн Захирамж нь талуудын үүргээ биелүүлэх, цаашид энэхүү иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэснийг нотлох эрх зүйн баримт бичиг болно.

2.7.Гэрээний хүчинтэй байх хугацаа нь байгуулсан өдрөөс эхлэн талууд үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлснээр дуусгавар болно.

Гурав. Талуудын эрх, уүрэг

3.1. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

3.1.1.Нэхэмжлэгч нь зээлдэгчээс энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхийг шаардах, эс   биелүүлсэн   тохиолдолд   шүүгчийн   Захирамжийг   үндэслэн   хуулинд   заасан   эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.

3.1.2.Нэхэмжлэгч нь энэ гэрээнд заасан төлбөр барагдуулах хугацаа дууссанаар зээлийн барьцаа хөрөнгийг Иргэний Хуулийн 175.1-д зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гарган хэрэгжүүлэх эрхтэй.

3.1.3.Хариуцагч тал нь зээл,зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусмагц зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, хүлээлгэн өгөх үүрэгтэй.

3.1.4.Нэхэмжлэгч тал нь энэ гэрээтэй холбогдон гарах шүүгчийн Захирамжийг шийдвэрийн нэгэн адил хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

3.2.Хариуцагчийн эрх, үүрэг

3.2.1.Хариуцагч тал нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч талаас чөлөөлүүлж авах эрхтэй.

3.2.2.Хариуцагч нь нэхэмжлэгч талд төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.

3.2.3.Хариуцагч нь энэ гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч талд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

3.2.4.Хариуцагч нь энэ гэрээгээр харилцан тохиролцож эвлэрч байгаа тул үүнтэй холбогдон гарах шүүгчийн Захирамжийг шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

Дөрөв. Бусад зүйл

4.1.Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

4.2.Гэрээг 3 хувь үйлдэх ба талууд нэг нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд өгнө. Гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай албан ёсны хүсэлтийг тамга дарж баталгаажуулани хавсаргасан байна.

4.3.Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрээнд заасан асуудлаар талууд дахин ямар нэгэн маргаан, гомдол, нэхэмжлэл гаргахгүй болно.

4.4.Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдэж Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид сайн дураар эвлэрсэн тул шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.490 төгрөгний 50 хувь болох 264.745 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч “Хүйс гол хан хөхий” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  “Хүйс гол хан хөхий” ХХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн биелэлт 74.308.012 / Далан дөрвөн сая гурван зуун найман мянга арван хоёр/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д төлж барагдуулах, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002754 дугаартай, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөршандын 20-р гудамжны 4 тоотод байрлах, 573 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18668297393297 дугаартай, Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-7 тоотод орших 3277 м.кв талбайтай эзэмшил газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000889 дутаартай, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Цайз захын урд байрлах 552 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтгай барилга, нэгж талбарын 010500059 дугаартай, 2250 м.кв талбайтай эзэмшил газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000944 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 42 дугаар байрны 5 тоотод орших 44 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.490 төгрөгний 50 хувь болох 264.745 /хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 264.745 /хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг хариуцагч “Хүйс гол хан хөхий” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “Хүйс гол хан хөхий” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                      ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС