Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1102

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Н.Улсболд,

шинжээч Б.Д (цахимаар),

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000000916 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол ... байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 16 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн  хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Г-ын Г (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... дүгээр давхарт Р.С-тай “Би амармаар байна. Хүүхдүүдээ битгий гүйлдүүлээд бай” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу ханын хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүү, цээж зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 15 цагийн үед ажил дээрээ эхнэртэйгээ цуг байж байгаад толгой өвдөөд гэртээ ирсэн. Манайх 2018 онд одоо амьдарч байгаа байранд нүүж ирэх үеэс л ийм асуудалтай байгаа. Өвөл карантинаар бас ийм асуудал болж намайг зодох гэж дайрч байсан. Хүүхдүүдийг нь чимээгүй болчих юм болов уу гэж хүлээсэн, зүгээр болохгүй болохоор нь паараа нүдсэн. Зөрүүлээд алх юм уу хүчтэй юмаар нүдээд байхаар нь би ороод хэлсэн. Хохирогч намайг түрүүлж цохисон гэж хэлээд байгаа. Уг нь би түрүүлж цохиогүй. Ороод шаардлага тавьсан чинь над руу уурлаад тэгээд зодооны асуудал болсон. Хохиролд 803,000 төгрөг төлсөн.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч эмч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хамар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Түр хугацаагаар сарниулах гэдэг нь 28 хоног дотор гэмтэл нь эдгэрэх боломжтой гэсэн үг юм. Хамрын хэлбэр алдагдсан гэдгийг хамар мурийх, цөмрөх гэх мэт байдлыг ойлгоно. Тухайн үед хохирогч ямар байсныг санахгүй байна. Хамар мурийх, цөмрөх гэмтэл авсан байх. Хүндэвтэр гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтыг удаан хугацаагаар сарниулна гэж ойлгогддог. Том яс буюу гар шуу бугалга зэрэг удаан бороолж эдгэрэх гэмтлийг хамруулж ойлгоно. Хамар ясны хугарал нь 28 хоногт эдгэх тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2х), 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-ийн 3х), 2021 оны 08 сарын дугаар сарын 23-ны өдөр камерын бичлэгт хийсэн тэмдэглэл (хх-ийн 4х), 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 5х), хохирогч Р.С-ын мэдүүлэг (хх-ийн 18-19х), гэрч Т.Д-ын мэдүүлэг (хх-ийн 27-28х), гэрч Д.У-ы мэдүүлэг (хх-ийн 32х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7669 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-37х), шүүгдэгч Г.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53х, 57х, 58-59х), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 70х), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хх-ийн 71х), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хх-ийн 72х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 73х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 74х), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 75-77х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... дүгээр давхарт иргэн Р.С-д “Би амармаар байна, хүүхдүүдээ битгий гүйлдүүлээд бай” гэсэн шаардлага тавьсан хэдий ч хоорондоо үл ойлголцон маргалдаж, улмаар Р.С-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2х),

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-ийн 3х),

Хохирогч Р.С-ын: “...Би тухайн өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоот гэртээ ам бүлээрээ байж байсан ба тухайн үед манай хамаатны айлын хоёр хүүхэд ирчихсэн байсан. 17 цаг өнгөрч байхад манай доод айл халаалтаа буюу паар нүдээд байсан ба манай эхнэр зөрүүлээд паараа хоёр гурав удаа цохисон байх. Тэгсэн удалгүй манай гэрийн хаалгыг хүчтэй балбаад эхэлсэн. Тэгтэл манай эхнэр Д хаалгаа тайлж өгөхөд манай доод айлын залуу Г.Г нь “Би амармаар байна, хүүхдүүдээ битгий гүйлдүүлээд бай” гээд чанга дуугаар хэлээд байсан. Тэгээд би эхнэрийн араас очоод тухайн залууд хандаж “ Чи амрах үедээ амар, хүүхдүүд тоглож л байна шүү дээ” гэж хэлээд хаалгаа хаах гээд цаашаа гээд зүүн гараараа хүзүү хэсэг рүү нь түлхчихсэн. Тэгтэл нөгөө залуу чи эхлээд намайг цохисон шүү гэж хэлээд миний шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би өөдөөс нь барьцалдаж аваад бид хоёр ганц хоёр савалцсан. Тухайн үйл явдал 20-30 секунд ч хүрээгүй ба тэгж бид хоёр салчхаад нөгөө залуу шууд явчихсан. Тэгээд эхнэр бид хоёр гэрт орж ирээд манай эхнэр цагдаад дуудлага өгөөд байж байтал 4-5 минутын дараа Г.Г буцаж ирээд гараад ир, хоёулаа сайхан алалцъя гэж хэлснээ шууд миний зүүн нүд хэсэг рүү цохисон. Тухайн үед аль гараараа цохиж байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд эхнэр араас гарч ирээд намайг барьж аваад орох гэтэл дахиад намайг 2-3 удаа цохисон байх. Тэгээд миний хамраас цус гоожоод эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи харилцан зодолдлоо шүү ,хохь нь гэчхээд явсан. Миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрчихсөн байна. Миний зүүн талын нүд бүрсгэр харж байна. Миний уруул язарчихсан цээж мөр хэсэгт зулгарсан байдалтай байна” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19х),

Гэрч Т.Д-ын: “...Би тухайн өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... дүгээр орц ... давхарт ... тоот гэртээ өөрийн ам бүлээрээ мөн дээрээс нь хамаатны хоёр хүүхэд ирчихсэн байж байсан. Тэгээд байж байтал манай доод айлын хүн 17 цаг өнгөрч байхад паар нүдээд байхаар нь зөрүүлээд өөрийн шаахайгаар паар цохисон. Тэгээд төд удалгүй манай хаалгыг хүчтэй балбаад байсан ба би хаалгыг тайлж өгөхөд “та нар яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ, би амармаар байна, битгий хүүхдүүдээ гүйлдүүлээд бай” гээд чанга дуугаар хэлээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, хүүхдүүд тоглож байна  шүү дээ гэж хэлсэн ба тухайн үед манай нөхөр миний араас хүрч ирээд нөгөө залууг түлхээд хаалгаа хаах гэтэл шууд цохисон. Тэгээд манай нөхөр тэр хоёр хоорондоо хэсэг хугацаанд савалцсан. Тухайн үйл явдал 20 хүрэхгүй секунд болсон. Тэгээд манай нөхөр бид хоёр хаалгаа хаагаад цагдаагийн байгууллагад хандсан. Түүний дараа 4-5 минутын дараа хаалга тогшсон чинь хаалгаа нээтэл манай нөхрийг манай доод айлын залуу Г.Г нь гараад ир алалцъя гээд татаад цохичихсон. Тэгээд би араас гарч нөхрөө салгах гээд нөхрөө тэврээд авах гэтэл дээрээс нь нэмээд хоёр гурван удаа дахиад цохисон. Тэгээд манай нөхрийн хамраас их хэмжээний цус гоожсон. Тэгээд нөгөө залуу хохь чинь гэж байгаад явчихсан” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28х),

Гэрч Д.У-ы: “...Тухайн өдөр нөхөр бид хоёр ажил болох ... тоот лангуун дээрээ ажлаа хийж байсан. Тухайн өдөр манай нөхөр толгой өвдөөд байна гэртээ очиж амраад байж байя гээд 15 цагийн орчимд явсан. Тэгээд манай нөхөр орой 19 цагийн орчимд намайг ажлаас ирж авсан. Тэр үед манай нөхрийн баруун нүд хэсэгт хавдчихсан байсан, хүзүү хэсэгт жижиг зулгаралттай байсан. Тэгээд би юу болсныг асуухад хэвтэж байсан чинь дээд айл түчигнэлдээд байхаар нь ороод амармаар байна гэх шалтгаанаар шаардлага тавьсан чинь нөхөртэй нь зодолдоод гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 32х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7669 дугаартай:

1. Р.С-н биед хамар ясны зүүн хажуу ханын хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүү, цээж зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37х)

Шүүгдэгч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогчийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан, Тухайн үед өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас харахад, хохирогч, шүүгдэгч нар нь нэг байрны дээд болон доод давхарт амьдардаг хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь “хүүхдүүд чинь шуугилдаж пижигнэлээ, амгалан тайван байдал алдагдууллаа” гэх асуудлыг дээд айлын хүн болох хохирогч Р.С-д, түүний гэр бүлийн хүн болох Т.Д нарт удаа дараа тавьж ирсэн байх бөгөөд хариуд нь хохирогч Р.С нь “хүүхдүүд гэртээ тоглохгүй хаана тоглох юм” гэсэн байдлаар хандаж ирсэн нь эцэстээ гэмт хэрэг гарахад хүргэсэн шинжтэй, зүй нь бол хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь уг асуудлыг харилцан ярьж ойлголцон эв зүйгээр шийдвэрлэж болох атал бие бие рүү үг хэл болон үйлдлээрээ бие биеэ доромжлон дайрч, харилцан хүч хэрэглэсэн, улмаар шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогч Р.С-ын биед “...хамар ясны хугарал...” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэлд хамаарсан буюу тодруулбал, хохирогчид учирсан гэмтэл нь 28 хоног дотор эдгэрэх боломжтой гэмтэлд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд гэмтэл учирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Г.Г-ыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Р.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 802,500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн (хх-ийн 10х), шүүгдэгч нь 803,000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн болох нь түүний харилцах дансны хуулгаар тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Р.С нь ажилгүй байсан үеийн цалин хөлс гэж 1,300,000 төгрөг нэхэмжилсэн боловч ажлын газрын тодорхойлолтоос өөр баримтгүй, улмаар хэд хоног ажилдаа яваагүй болох, эмнэлгийн магадалгаа, акт бичүүлж авсан эсэх, цалингийн зөрүү хэд болох зэрэг асуудал нь тодорхойгүй тул  түүний дутуу авсан цалин хөлсийг тооцож гаргах боломжгүй байна. Иймд энэхүү дутуу авсан цалин хөлс, орлогыг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч “...Би хохирогчийг гэмтээсэндээ гэмшиж байна. Хамгийн бага буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Г-ыг учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлж барагдуулсан байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээр нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Г.Г нь 803,000 (найман зуун гурван мянга) төгрөгийг хохирогч Р.Сд төлсөн болохыг дурдаж, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ