Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 192

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр төрсөн, *******, *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн,, , *******, тоотод оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би  нөхөр Я.тэй 2011 онд танилцсан. Бид 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийсэн. Бидний дундаас -ны өдөр хүү М. төрсөн.

Нөхөр Я. намайг жирэмсэн болсон цагаас хойш архи ууж, гадуур хонож, янз бүрийн хүүхэнтэй нэр холбогдох болсон. Би түүний энэ байдалд ууралхаар агсам тавьж, гар хүрэн, хүүхдээ айлгах болсон. Бид гэр бүл болсоноос хойш байнга хэрүүл маргаантай байсан учир хамт амьдарсан хугацаа бага байсан. 

Би дүгээр сард тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гэрлэлтээ цуцлуулахаар өргөдлөө өгөхөд нөхөр Я. “...хүүгээ өнчрүүлмээргүй байна ганц удаа боломж өгөөч, би шинэ хүн болж амьдралаа шинээр сайхан эхэлмээр байна” гэж удаа дараа гуйсан тул эвлэрсэн.

Энэ хугацаанд Я. огт өөрчлөгдөөгүй. Харин архи ууж, хамт ажилладаг багш хүүхэнтэй эр, эмийн холбоотой болсон байсан. Тэр хүүхэн нь намайг янз бүрээр доромжилж мессэж бичдэг. Мөн намайг байхгүй үед тэр хүүхнийг гэртэй дагуулж ирсэн байсан. Энэ бүхэнд нь ууралхаар надад гар хүрдэг болсон. Сүүлд намайг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байгаад прокуророос хэрэгсэхгүй болгосон. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү М.ийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Харин бид эд хөрөнгийн талаар жичдээ шаардлага гаргах болно гэв.

Хариуцагч Я. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би  эхнэр Ц.*******тай 2011 онд танилцаж, 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийсэн. Бидний дундаас -ны өдөр хүү М. төрсөн.

Эхнэр Ц.******* хайр халамж муутай. Ажлаа тараад гэртээ ирэхэд хоол ундгүй, уурлаж хардсан байдалтай байдаг. Хааяа нэг архи уудаг байсан. Үүнээс болоод байнга хэрүүл үүсээд байхаар нь гэртэй ирэхгүй явчихдаг болсон. Сүүлийн жилүүдэд хардалт нь хэтэрч ажил хийхэд хэцүү болж, тэмцээн уралдаанд орох боломжоо алдах болсон. Би энэ бүхэнд бухимдаад түүнд гар хүрч, гэр бүлээс гадуур харилцаанд орж байсан нь үнэн. Надад түүнийг гэх сэтгэл одоо ч байгаа боловч бидний зан харьцаа таарч тохирохгүй байна. Иймд бие биеэ зовоохгүйгээр тус тусдаа амьдрах нь зүйтэй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхэд бага байгаа учир эхийнх нь асрамжид үлдээнэ. Харин хүүхдийн тэтгэлэгийн хувьд би цалингийн зээлтэй, мөн гэрээсээ юу ч аваагүй гарсан учир төлөх боломжгүй байна гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Я.ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Зохигчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгч Ц.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэдэг.

Гэрлэгчид 18 нас хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч Ц.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хариуцагч Я.ийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Я. нар 2011 онд танилцан, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү М. төрсөн, одоо хүү эхийн асрамжинд эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь хүүхдийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь Эрдэнэ” ӨЭМТ-ийн тодорхойлолт, *******ны засаг даргын дүгээр сарын 12-ны өдрийн 2396 дугаар тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6,17-18/

Нэхэмжлэгч Ц.******* гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...Бид зан харьцааны хувьд таарч тохирдоггүй, тэрээр архи ууж, гар хүрдэг, гэр бүлийн хувьд тогтворгүй” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Я. “...гэр бүлийн халуун дулаан харьцаа, хайр халамж байдаггүй. Банга хардалт хэрүүл маргаантай байдаг” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч зохигчид тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал нь эвлэрэх боломжгүй болохыг нотолж байна.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглосон үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Я. нарыг хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Ц.Уянгын асрамжид хүү М. өнөөдрийг хүртэл эрүүл бойжиж байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх талуудын эвлэрлийг үндэслэн -ны өдөр  төрсөн хүү М.ийг эх Ц.Уянгын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Я. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэх, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь  Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү М.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Харин хариуцагч Я. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч Ц.******* хүү М.т зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Я. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй. 

Хариуцагч Я. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулийн дагуу хүлээх болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.633 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.ээс 171.633 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэхмжлэгч ******* овогт *******ын *******, хариуцагч овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү М.ыг эх Ц.Уянгын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү М.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү М.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Я. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Я. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдсугай.

7. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.ээс 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэгчдийн гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг дурдсугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

             

                                     ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС