Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0477

 

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0477

     Улаанбаатар хот

 

 

                          Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

                          “У***”-ын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0424 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч У*** ХНН,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд “Э***” ХХК,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц***, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О***, өмгөөлөгч Л.Б*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 128/2021/0086/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч У*** ХНН-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Э***” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн Газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “У***” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0424 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, Газрын тухай хуулийн 27.1, 30.1, 31.1, 31.3, 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У***” ХНН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Э***” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, МУ-ын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн Газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “У***” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд: 

3.1 Шүүхийн шийдвэрт “... засварын газар, гараашийг иргэн Я.С*** нь худалдан авсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь “У***” ХНН актлагдсан гараашийг худалдсан болохоос газраа худалдсан баримт хэргийн материалд байхгүй,

3.2 Шүүхийн шийдвэрт маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй, эдэлбэр газраа бүртгээгүй байхад 1949 болон 1952 оны хэлэлцээрийн дагуу газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг дарга, Газрын албанд хандан удаа дараа хүсэлт гаргаж байсан, эдгээр баримтууд хэрэгт авагдсан,

3.3 Шийдвэрийн 2.9-д “...нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу иргэн Я.С*** нь газар, түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, улмаар тэдгээрийн хүсэлтээр байршлыг өөрчилсөн, маргаан бүхий газарт түрүүлж хүсэлт гаргаж, холбогдох баримтаа өгсөн байх тул газрын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцжээ гэж дүгнэсэн нь буруу, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зөвхөн гараашийг худалдах шийдвэрийг гаргасан болохоос газрыг нь худалдах шийдвэрийг гаргаагүй,

3.4 Түүнчлэн “У***” ХНН-ийн хүсэлтээр тухайн газрын байршлыг өөрчилсөн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд тухайн газарт олон улсын зорчигчийн төв вокзал барихаар төлөвлөсөн байсан. Шүүгч хэрэгт авагдаагүй, талуудын маргаагүй нотлох баримтыг үнэлж, нөхцөл байдлыг хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтайгаар гуйвуулан дүгнэсэн,

3.5 Шүүх хуулийг улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. 2 улсын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг шүүх анхаараагүй гэх зэрэг үндэслэлээр зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол

үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

3.1. Анх БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр *** “У***” нийгэмлэг байгуулагдсан.

Уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “б” болон “...нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх тухай хавсаргах протокол”-ын Хоёрдугаар зүйлийн 2.б-д  тус нийгэмлэгт Монголын талаас оруулах хувь хөрөнгөд “...төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ” хэмээн тусгаж,

БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “У***” гэдэг Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгт газар гарган өгөх тухай” 527 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “У***” ХНН-д “станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр” газар ашиглах эрхийг олгож, тогтоолын 1 дүгээр зүйлд  “Улаанбаатарт 25 га” хэмээн шийдвэрлэсэн  болох нь,

3.2. Иргэн Я.С*** /гуравдагч этгээд “Э***” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан/ нь У***ын Ажлын хэрэгцээг хангах албанд ашиглагдаж байгаад “У***” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар орж үндсэн хөрөнгөөс хасагдсан, засварын газар, гараашийн байрыг 1998 онд худалдан авч, нийслэлийн Газрын албанд хандан хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны “Б*** и***” ХХК-ийн баруун талд 0,03 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй болсон.

Улмаар гуравдагч этгээдэд олгосон дээрх газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар 3 жилээр сунгаж, баталгаажуулан, 2004 оны 185 дугаар захирамжаар хугацааг 5 жилээр сунгаж, 272 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших болгохыг тогтоож, 2010 оны 428 дугаар захирамжаар мөн газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрхийг Я.С***ын эзэмших эрх бүхий газартай давхцуулан олгосон гэх үйл баримттай холбогдуулан Я.С***оос 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Газрын албанд хандан “... хэргийг урьдчилан шийдвэрлэх явцад эвлэрүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгааг хүндэтгэн үзэж надад урьд эзэмшиж байсан газрын ойролцоо 1000 м.кв газар” эзэмшүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий 1 хуудас /хавсралтгүй/ хүсэлт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар Я.С***од маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1000 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай байршил шилжүүлэн эзэмшүүлсэн.

2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Я.С***оос нийслэлийн Газрын албанд хандан “...газар эзэмших эрхийн гэрчилгээний эзэмших эрхийг өөрийнхөө нэр дээр байгуулсан нэг гишүүнтэй “Э***” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх” хүсэлт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/445 дугаар захирамжаар тухайн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “Э***” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн эзэмшүүлж, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Э***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О***аас гаргасан “хугацаа сунгах” хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн болох нь,

3.3. Нэхэмжлэгч “У***” ХНН-ээс БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “б” болоон БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар тогтоолоор ашиглах эрх олгогдсон газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу баталгаажуулж, газар ашиглах гэрээ байгуулах асуудлаар 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалтын яам болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт удаа дараа хандаж байсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн У*** нийгэмлэгийн хэрэгцээнд ашиглаж байгаа, тус нийгэмлэгийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэр дэх 49 нэгж талбарын гэрчилгээг 2021 оны 10 дугаар сард багтаан олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг... Барилга, хот байгуулалтын сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх жагсаалтад “...Засгийн Газрын 2021 оны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын бүрэн хэрэгжилтийг хангах асуудлыг анхаарах шаардлагатай” гэсэн үүргийг нийслэлийн Засаг даргад өгч байсан болох нь,

3.4. Маргаан бүхий газар нь төмөр замын хойд захын шугамаас 45 – 90 метрийн зайд байрлаж байгаа бөгөөд тухайн газрын хойд хэсгээр У***ын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик кабель болон шилэн кабелийн сүлжээ, түүний хамгаалалтын зурвас оршиж байгаа болох нь 2007 оны “У***ын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик кабель болон шилэн кабелийн сүлжээ, түүний хамгаалалтын зурвас”-ын схем зураг, нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/963 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар  тус тус тогтоогджээ.

4. Монгол Улсын Үндсэн Хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно хэмээн,

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”,  31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”,  32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-г хүсэлтэд хавсаргана хэмээн,

Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 26 дугаар зүйлд “аливаа хүчин төгөлдөр гэрээг түүнд оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй”, 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно...”  хэмээн,

Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагатай хамтран биелүүлнэ” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, “... нэхэмжлэгч “У***” ХНН-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, түүний эдэлбэр газраар бүртгээгүй байхад Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн Газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

Тодруулбал, нэхэмжлэгч “У***” ХНН нь БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “б” болон БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 527 дугаар тогтоолоор ашиглах эрх олгогдсон газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу баталгаажуулах зорилгоор 2006 оноос хойш нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан.

Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 болон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлд зааснаар хариуцагч нийслэлийн Засаг дарга нь тухайн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй атал иргэн Я.С***оос гаргасан, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан шаардлагыг хангаагүй хүсэлтийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг эрх зүйн үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгчээс БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 527 дугаар тогтоолоор ашиглах эрх олгогдсон газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу баталгаажуулах зорилгоор 2006 оноос хойш нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан хийгээд Засгийн Газрын 2021 оны хуралдааны 55 дугаар тэмдэглэл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 162 дугаар захирамжаар нэхэмжлэгч “У***” ХНН-ийн газар эзэмшлийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байсан зэрэг үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн агуулгын хүрээнд маргаан бүхий нэгж талбарын 18640310608008 дугаар бүхий 1000 м.кв газрын ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 26 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Э***” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын 18640310608008 дугаар бүхий 1000 м.кв газрыг ашиглах эрхийг нэхэмжлэгч “У***” ХНН-т олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                         Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА