Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 04

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Л

Хариуцагч: Архангай аймгийн Ө сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Архангай аймгийн Ө сумын Дойт багийн иргэн С.Л миний бие нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дойт багийн нутаг Мухар цагаан гэх газар давуу эрхээр 80 га газар авсан болно. Миний бие 2013 оноос хойш газраа тогтмол ашиглаж ирсэн мөн газрын төлбөрөө төлж байсан. Гэтэл Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар миний газрыг хүчингүй болгосон байна. Би уг газрын зарим хэсэгт малын тэжээл, төмс тарьж байсан, тухайн үед техникийн боломжгүй байсан учраас зориулалтын дагуу улаан буудай тариалж байгаагүй, А/40 дүгээр захирамжийг 2018 онд мэдсэн. 

Иймд Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг даргад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/95 дугаар захирамжаар үр тарианы зориулалтаар 80 га газрыг Дойт багийн иргэн С.Л-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Эзэмшүүлсэн хугацаанаас тухайн газрыг 2017 он хүртэл зориулалтын дагуу хагалж ашиглаагүйн улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.Тухайн үед газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тухай мэдэгдэх хуудсыг Дойт багийн Засаг дарга О.С-р хүргүүлж танилцуулсан боловч гарын үсэг зураагүй байна.

 2017 оны 7 дугаар сард 40 га газар хагалж, 2018 оны 5 дугаар сард тариалалт хийсэн. Энэ үеэр С.Л гуайг газар дээр нь дуудаж захирамжаар тухайн газрыг хүчингүй болсныг хэлсэн. Ахиж газар хагалуулахгүй газрынхаа асуудлыг шийдвэрлүүлж байж болно гэж хэлсэн. Газар хагалж тариалалт хийсэн хүн бол Л гуай өөрөө биш газраа Н гэгч хүнд зарсан байсан. Албан ёсоор гэрээ хийгээгүй гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн С.Л-с Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу анх Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамжийн хавсралтын 2 дугаарт иргэн С.Л-д Архангай аймгийн Ө сумын Дойт баг, Мухар цагаан толгой гэх газар үр тарианы зориулалттай 80 га газрыг 15 жилийн хугацаагаар олгожээ. /х.х-н 32/

Улмаар Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор С.Л-н эзэмших эрх бүхий 80 га газар багтсан байна. /х.х-н 33/

Нэхэмжлэгч С.Л миний үр тарианы зориулалтаар авсан 80 га газарт техникийн боломжгүй байсан учраас үр тариа тариагүй, А/40 дүгээр захирамжийг 2018 онд мэдсэн гэж, хариуцагчаас нэхэмжлэгч С.Л-н газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж  тус тус маргажээ.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад:  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байна. 

Нэхэмжлэгч С.Л-н тухайд, “ ... уг газрын зарим хэсэгт малын тэжээл, төмс тарьж байсан, техникийн боломжгүй байсан учраас зориулалтын дагуу улаан буудай тариалж байгаагүй ... А/40 дүгээр захирамжийг 2018 онд мэдсэн ...” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд өөрийн эзэмшиж байсан 80 га газрыг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу үр тарианы  зориулалтаар ашиглаагүй, газрын төлбөрийг 2013,  2014 онд төлөөгүй, 2015 оны 30880 төгрөг, 2016 оны 30880 төгрөг төлсөн, газрын гэрээгээ 2013, 2014 онд байгуулсан бөгөөд бусад онуудад гэрээгээ тухайн бүр байгуулж байгаагүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-н 34, 64, 74/

Түүнчлэн 2012 оноос 80 га газарт үр тариа тарих боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа техникийн боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь хүндэтгэн үзэх шалтгаан нь гэнэтийн давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, эзэмшигч өвчтэй байсан, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарахгүй шалтгааныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэг “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй”, 20.2.1.-т “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах”, 20.4. дэх хэсэгт “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.” гэж зааснаар тухайн газар эзэмшигч нь энэ тухайгаа эрх бүхий албан тушаалтан, захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй байжээ. 

Дээрх нөхцөл байдлыг  дүгнэн үзвэл, нэхэмжлэгч С.Л-н эзэмшиж байсан 80 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Л-н тухайд, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд холбогдуулан тайлбар гаргаагүй, тухайн газарт жил бүр гэрээнд заасан нөхцөл журмын дагуу тариалалт хийсэн эсэх талаар нотлох баримтаа шүүхэд гаргаагүй бөгөөд гагцхүү А/40 дүгээр захирамжийг надад мэдэгдээгүй гэж маргасан. 

Гэвч, гэрч О.С шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... 2017 оны 8 дугаар сард С.Л-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг би өөрийн биеэр хүргэж өгсөн. Тухайн үед С.Л ганцаараа байсан, гарын үсэг зураагүй ...” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... А/40 дүгээр захирамжийг 2018 онд мэдсэн, надад таны газрыг хүчингүй болгосон гэж сумын Засаг дарга хэлсэн ...” гэж тайлбарласан тул А/40 дүгээр захирамжийг С.Л-д мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Маргаан бүхий А/40 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан захиргааны актын шаардлагыг хангажээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үр тарианы зориулалтаар авсан 80 га газартаа үр тариа тарих, хашаа хатгах, уг газраа ашиглаагүй өнжөөх болон уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, үр тариа хураасан ургацын талаарх мэдээг тухайн бүр сумын Засаг даргад жил бүр гаргах өгөх, албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй  байна

Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмшиж эрхийг хүчингүй болгосон Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд, тус шүүх С.Л-с Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарласан бөгөөд хариуцагчаас шүүх хуралдааны товтой холбоотой санал хүсэлтгүй, өмгөөлөгч авахгүй талаар тайлбар гаргажээ. Улмаар шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

Товлосон шүүх хуралдаанд хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.4. дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л-с Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ОДОНТУЯА