Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/532

 

 

 

 

 

 

   2021         10           13                                       2021/ШЦТ/532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Одонтуяа,  

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Д-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 211001467 0783 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, “...” ХХК-д замчин ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гаввьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих шийтгэгдэж, уг ялыг шүүхээс 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон, Б овогт Д-ийн Г /РД:/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Г нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “...” хорооллын барилга дээр 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Бтай ажлаас болж маргалдан гар, хөлөөрөө цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211001467 0783 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

2. Хохирогч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “...” хорооллын барилга дээр ажиллаж байхдаа Д.Г ажлын талаар маргалдсан. 13 цаг 30 минутын үед хоолонд ороод гарч ирээд Д.Гтой уулзаж эвлэрэх санаатай очсон чинь Д.Гийн дүү М шууд заамдаад маргалдаж байхад Г хажуу талаас шанаанд гараараа цохиод авахаар нь нүүрээ хамгаалах санаатай доошоо тонгойсон чинь зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний нүд хавдаад юм 2-3 болж харагдаад эхэлсэн. Тэрнээс өөр зүйл болсон зүйл байхгүй. Бид хоёр бол ямар нэг хувийн байдлаас биш ажлын байдлаас болж маргалдсан. Тэрнээс дүү Мтэй нь маргалдсан муудалцсан зүйл байхгүй. Одоо миний биед зовиур байхгүй. Тухайн үед эмчилгээний зардал гээд хувиараа тохироод мөнгөө авсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Д.Г тухайн үед хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулж байсан. Өөр хүн намайг зодож байсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

            3. Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Би Бтай маргалдаж байхад Г Бы мөр рүү гараараа 2 удаа цохисон. ...Би Быг цохиж зодсон асуудал байхгүй. Би Бтай заамдалцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7402 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- “...Э.Бы биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

5. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “...” хорооллын баригдаж байгаа барилгын гадна талбайн ажлыг хийж байхад хоолны цагийн өмнө Бд хандаж “хэдэн гадас чинь далий мурий байна, өчигдөр хийсэн гадсыг чинь тэгшилж янзалсан шүү” гэж хэлсэн. Тэгсэн Б “өчигдөр надад юу ч хэлээгүй, худлаа шаагаад бай, би өөрөө мэдэж байна, чи надад битгий заагаад бай” гээд бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би газар унахад миний өмсөж байсан хувцсаар намайг дараад, зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод намайг чирсэн. Тэгэхээр нь босоод хажууд байсан арматурын төмрөөр айлгах гээд далайхад миний хамгаалалтын малгайг аваад толгой руу нэг удаа цохисон. Манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд Б надаас жоохон холдохоор нь чамайг араас чинь шаана гэж хэлсэн чинь Б юу гэнээ гээд буцаж ирээд намайг түлхэхэд би газар унасан чинь баруун хөлийн тавхайг өчөөд яваад өгсөн. Тэгээд би хоолонд орж байхдаа өөрийн дүү Мд Б намайг цохиод, зодоод байна гэж хэлсэн. Бид нар хоолноос гараад машин руу явж байхад дүү Бд хандаж чи яахаараа хүн дээрэлхэж байдаг юм гэж хэлээд тэр хоёр бие биенийгээ заамдаад зууралдаж ноцолдож байгаад Б доошоо тонгойхоор нь би баруун хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хажууд ажилчид байсан болохоор бид гурвыг салгахад Б явлаа гээд явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд аваад явсан. ...Бы биед учирсан гэмтлүүдийг би хөлөөрөө 1 удаа нүүрэнд цохиж учруулсан. Надаас өөр Э.Бд гар хүрч зодсон хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

6. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Д.Гийн гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 44, 48-49/,

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Г нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “...” хорооллын барилга дээр 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр барилгын ажил хийх явцдаа хамт ажил үүрэг гүйцэтгэж байсан Э.Бтай ажлаас болж маргалдан  түүнийг нүүрэнд нь гараараа цохих, мөн хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Хохирогч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Гарден сити-2” хорооллын барилга дээр ажиллаж байхдаа Д.Гтой ажлын талаар маргалдсан. 13 цаг 30 минутын үед хоолонд ороод гарч ирээд Гтой уулзаж эвлэрэх санаатай очсон чинь Гийн дүү М шууд заамдаад маргалдаж байхад Д.Г хажуу талаас шанаанд гараараа цохиод авахаар нь нүүрээ хамгаалах санаатай доошоо тонгойсон чинь зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний нүд хавдаад юм 2-3 болж харагдаад эхэлсэн. ...Одоо биед  зовиур байхгүй. Тухайн үед эмчилгээний зардал гээд хувиараа тохироод мөнгө төгрөгөө авсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Д.Г тухайн үед хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулж байсан, өөр хүн намайг зодож байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

            -Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бтай маргалдаж байхад Г Бы мөр рүү гараараа хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7402 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

5. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...би хоолонд орж байхдаа өөрийн дүү Мд Б намайг цохиод, зодоод байна гэж хэлсэн. Бид нар хоолноос гараад машин руу явж байхад дүү Бд хандаж “чи яахаараа хүн дээрэлхэж байдаг юм” гэж хэлээд тэр хоёр бие биенийгээ заамдаад зууралдаж ноцолдож байгаад Б доошоо тонгойхоор нь би баруун хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. ...Бы биед учирсан гэмтлүүдийг би хөлөөрөө 1 удаа нүүрэнд нь цохиж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.Бтай маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв. 

Харин хохирогч Э.Б нь эхэлж шүүгдэгч Д.Гийн эрүүл мэндэд халдсан зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байгаа хэдий боловч нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргаан дууссан байхад түүний дараа үдийн цайнд ороод гарч ирээд шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.Бы эрүүл мэндэд халдсан үйл баримт байгаа тул шүүгдэгч Д.Гийг “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх нөхцөл болохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт /хх-ийн 47/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Гт ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 1 удаа ял шийтгүүлж байсан байх боловч нэмж нэгтгэх ялгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, прокурорын саналыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Гийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Бд төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН