| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2018/0029/э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 08
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Батнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Халиунаа нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлоор А-д холбогдох эрүүгийн 1816000120020 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой Говь-Алтай аймгийн Цогт сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед тус сургуулийн тогоочоор ажилладаг Э-г зодож, биед нь тархи доргилт, зүүн дээд зовхи, хамар, зүүн хацар, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд нь цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Э-ийн нэхэмжилсэн 3450000 төгрөгийн нэхэмжлэлээс 453000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч А-с гаргуулан хохирогч Э-д олгож, үлдсэн 2997000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрднэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл тайлбартаа: “Анхан шатны шүүх А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн заримыг хангаж, заримыг нь хэлэлцэхгүй орхих үндэслэлээ тайлбарлаагүй, мөн хохирол, нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, хөнгөн гэмтэл хэдий хугацаанд бүрэн эдгэрэх тал дээр огт дүгнэлт хийлгүйгээр хохирогч Э-ийн хохирол, иргэний нэхэмжлэлд 3450000 төгрөг нэхэмжилснээс баримттай 453000 төгрөгийг хангаж үлдсэн 2997000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, ийнхүү шийдвэрлэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Хохирогч нь 453000 төгрөгийн баримт гаргаж өгсөн хэдий боловч холбогдох баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй, нэргүй, хохирогч хэрэглэсэн болох нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримт нь хуульд зааснаар хавтаст хэрэгт бэхжигдээгүй байхад уг нотлох баримтыг үнэлж байгааг дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох зааварт зааснаар хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дооү буюу түр хугацаагаар сарниулна гэсэн байхад цаашид гарах эмчилгээний зардал болон баримтгүй, үндэслэлгүй нэхэмжилж байгаа 2997000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хохирол иргэний нэхэмжлэлийг бодитой хуульд заасан үндэслэлээр үнэлж дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогч Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хохирлыг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Миний тархи толгой өвдөж, хэл ам бадайрч, даралт тогтворгүй байгаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай. 3450000 төгрөг нэхэмжилсэн нь үнэн үүнээс 453000 төгрөг баримтаар гарсан үндэслэлтэй зардал юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
А нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын 12 жилийн сургуулийн заланд Э-тэй маргалдаж түүний зүүн нүдний орчимд гараараа цохиж, мөр орчимын хувцаснаас нь зуурч түлхээд сургуулиас гарч мотоциклоор явах гэхэд нь хохирогч араас нь гарч мотоциклынх нь түлхүүрийг аваад “Чи миний нүд рүү цохиод ийм болгочихлоо цагдаа дээр очъё” гэхэд нь баруун хөлрүү нь 3 удаа өшиглөж хохирогчид тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, хамар, зүүн хацар дамнасан цус хүралт, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд нь цус хуралт гэмтэл учруулжээ.
Эдгээр үйл баримт нь:
ХохирогчЭ-ийн: “А надад хоол унд хийх нь чиний үүрэг. Удирдлагууд хийлгэж байгаа юм чинь чи хийхгүй яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийх ёстой хоолоо би хийсэн. Би чиний барлаг юм уу гэхэд босч ирээд зүүн нүдний хэсгт гараараа нэг удаа цохиж миний мөрний орчмын хувцаснаас зуурч аваад намайг түлхэж байсан. Тэгээд гараад явахаар нь араас нь гартал Алтангэлэл мотоциклоо асаагаад явах гэж байхаар нь түлхүүрийг нь аваад “Чи миний нүдрүү цохиод ийм болгочихлоо” гэхэд мотоциклоосоо бууж ирээд миний баруун хөл рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дээр очино гэхэд очсон ч яадаг юм бэ гээд 23 цагийн үед цагдаад очиж мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/
Гэрч О-н: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн нийллэг дээр Э, А нар нь муудалцаад, зууралдаад зогсож байхаар нь болиоч та хоёр гэж хэлэхэд А түрүүлж гарахад Э араас нь гарсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гудамжинд таарахад Э-н зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай Алтангэрэл намайг зодсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
Гэрч М-ийн: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн заланд А нь гараараа Элбэгзаяагийн нүүрэн тус газар нэг удаа цохиход Э нь чи эмэгтэй хүн зоддог хэн юм бэ гэж хэлээд зууралдаад сургуулиас гарсан. Э-ийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/
Гэрч М-н: “Манай эхнэр Э 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед сургууль дээр жижүүртэй гэж яваад 02 цагийн орчимд А намайг зодчихлоо гэж ирсэн. Элбэгзаяагийн зүүн талын нүд, шанаа нь хөхөрч хавдсан, зүүн нүд нь тагларч хаагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
Гэрч Г: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Цогт сумын цагдаагийн хэсэгт байж байтал Элбэгзаяа нь Анамайг зодчихлоо гээд тэр хоёр маргалдсаар орж ирсэн.” гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 41 дугаар хуудас/
Гэрч М, Д нарын: “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед дуудлагын дагуу очиж Э-ийн биед үзлэг хийхэд зүүн нүдэнд цус хуралттай, битүү хавдартай, зүүн нүдний доод зовхи хөхөрсөн, баруун өвдөгний доод хэсэгт няцарч хөхөрсөн тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. А намайг зодсон гэж байсан” гэсэн мэдүүлгүүд, /Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/
Шинжээчийн Т.Алтайбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: “Э-ийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, хамар, зүүн хацар дамнасан цус хүралт, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн” 25 дугаар дүгнэлт, мэдүүлэг, /Хавтаст хэргийн 46, 51 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг санаатай, гэм буруутай үйлдлээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгч А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч А тухайн гэмт хэрэгт гэм буруутай байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч А-д эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг үндэслэл бүхий тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хохирогч Э нь “Би Цогт сумын их эмч Дашдондог, эмчлэгч эмч Одгэрэл, Говь-Алтай аймгийн нүдний эмч Цэвээн, эрүү, нүүрний эмч Батболд нарт үзүүлж эрүүл мэндийн картан дээр бичсэн эмчилгээний дагуу Цогт сумын аптекаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 123250 төгрөгийн, аймгийн аптекаас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 117000 төгрөгийн эм тариа авч гэрээрээ эмчлүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цогт сумаас аймгийн төвд ирж эмчид үзүүлэхэд зарцуулсан шатахууны төлбөрт 68800 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Цогт сумаас аймгийн төвд ирж эмчид үзүүлэхэд зарцуулсан шатахууны төлбөрт 144000 төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн байна. /Хавтаст хэргийн 25, 28 дугаар хуудас/
Мөн эргэлтийн эмийн сангийн зарлагын баримтад Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн төвийн тамга дарж баталгаажуулсан, цаг хугацааны хувьд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээ хийлгэсэн хугацаатай нь тохирч байна. Мөн “Амин дэм Алтай” эмийн сангаасЭ нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 117000 төгрөгийн эм тариа авсан тухай зарлагын баримт, Өрнүүнзаяа ХХК-аас оны Э нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр 68800 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 144000 төгрөгийн А80 автобензин авсан тухай зарлагын баримтууд нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд эдгээр баримт, мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эдгээр мэдүүлэг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нотлож байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор зохицуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг тусгасан байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрх нь хохирогчийн үндэсэн хууль болон бусад хуульд заасан үндэсэн эрх бөгөөд уг нэхэмжлэл нь үндэслэлтэй бол хангагдах боломжтой юм.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байхаар тус тус заасан байна.
Тиймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Д.Ариун-Эрдэний анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж. шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвзрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ч.ЭНХТӨР