Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 116/2023/0022/З |
Дугаар | 221/МА2023/0580 |
Огноо | 2023-09-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0580
2023 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0430 | Улаанбаатар хот |
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Б.Б
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, гуравдагч этгээд Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Н
Хэргийн индекс: 116/2023/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай ...Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” -аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай ...Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. ...Газар цахим худалдаанд Монгол Улсын иргэн дэлхийн аль ч улс орноос дуудлага худалдааг зохион байгуулж буй системийн цагаар оролцох бүрэн болломжтой байдаг. Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын “Газрын биржийн цахим систем”-ийн цагаар 9 цаг 00 минутад эхэлж, энгийн горимоор 15 цаг 00 минут хүртэл явагдаж дуусаад 15 цаг 00 минутаас үнэ хэлэх 60 секундын горимд шилждэг. Дийлэнх дуудлага худалдаа 15 цаг 01 минутад дуусдаг бөгөөд цөөхөн хэдэн газрын дуудлага худалдаа цааш 60 секундын горимоор үргэлжилдэг. Иргэн н.Энхболдын бичлэг дээр тухайн иргэний өгсөн үнийн саналын дараа хугацаа дуусч дуудлага худалдаа зогссонг зарлаагүй байсан.
3.2. Харин нэхэмжлэгч Б.Б миний хамгийн сүүлд 15 цаг 04 минут 21 секундэд 6.160.000 төгрөг гэсэн үнийн санал өгснөөс хойш 60 секунд өнгөрөхөд үнэ өөрчлөгдөлгүй байсаар дуудлага худалдаа 15 цаг 05 минут 21 секундэд хугацаа дуусч дуудлага худалдаа хаагдсанг цахим системээр нийтэд мэдэгдсэн.
3.3. Дуудлага худалдаанд оролцогч бүх хүмүүст доорхи санамжийг танилцуулж, зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны оролцогч болж үнэ өгч оролцдог.
60 секундын хүлээлтийн горимд шилжсэн үед секунд тоологдож дуусахыг хүлээлгүй даруй үнийн саналаа илгээхийг зөвлөж байна.
Миний бие дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа тухай 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ГХБХБ-ийн газарт өргөдөл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт 10 хуудас бүхий өргөдөл, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасаар байхад 2023 оны 05 дугаар сарын 16-нд давтан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
3.4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, миний /#33143 кодтой оролцсон/ 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг Худалдаа үйлчилгээний зориулалттай 186 м.кв газрын цахим дуудлага худалдааны ялагчаар тооцож гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заажээ.
2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах тухай” А/176 дугаар захирамжийн дагуу “Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Чойбалсан 6 гудамжны 625 “а” тоотын 186 м2 газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар (анхны үнэ 1,860,000 төгрөг) эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
2.3. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан тус дуудлага худалдаанд 4 оролцогч оролцсон байх бөгөөд мөн өдөр тус дуудлага худалдааны оролцогч Г.Э-оос “...газрын цахим дуудлага худалдаанд оролцож үнэ илгээх явцад системийн ачаалал, гацалтаас болж дуудлага худалдааны ялагч болсон боловч, дахин хугацаа тоологдож, үнэ илгээсэн боловч хүлээж авахгүй хугацаа дуусав. Мөн тухайн байршилд манай эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд доорх газраа бусдад алдах эрсдэл үүсээд байна. Иймд дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү” гэх өргөдлийг Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/237 дугаар захирамжаар байгуулагдсан тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлсэн байна.
2.4. Мөн нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэгт хандан “...дуудлага худалдааг журмын дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна. ...иймд оролцогч миний эрхийг хангаж “Дуудлага худалдааны ялагч”-ын гэрээ байгуулна уу” гэх өргөдлийг хүргүүлж,
2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай ...Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
2.5. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/318 дугаар албан бичгээр дуудлага худалдааны оролцогч Г.Э-ын өргөдлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсний дагуу тус газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/968 дугаар албан бичгээр “...сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдэж, өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэн байна” гэх хариуг холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.
2.6. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Есдүгээр зүйлийн 9.9.12-т “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл програм хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна” гэж, мөн журмын Арван тавдугаар зүйлийн 15.1-д “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр давтан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль болон холбогдох журамд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...шүүхэд нэхэмжлэл гаргасаар байхад давтан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.7. Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай дуудлага худалдааны үр дүнг хүчингүйд тооцож, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр давтан дуудлага худалдаа зохион байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус давтан дуудлага худалдаанд оролцож, тус дуудлага худалдааны ялагчаар Г.Э шалгарсан талаарх үйл баримтыг үгүйсгээгүй, давтан дуудлага худалдаатай холбоотой аливаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “...миний нэхэмжлэлийн шаардлага эхний дуудлага худалдааны талаар байгаа. Тиймээс хоёр дахь дуудлага худалдааны асуудал өнөөдөр хамааралгүй...” гэх тайлбар гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
2.8. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ д.оЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН