Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

                           

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч С.Оюунжаргал /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

шүүгдэгч Т.Тэмүүлэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүртэн овогт Төмөрмээлэгийн Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 201626030461 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол 41-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гүртэн овогт Төмөрмээлэнгийн Тэмүүлэн /РД:ШЗ69081876/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Тэмүүлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Хохирогч Т.Тамирын найз Д.Бүүвэйжаргалыг мэргэжлийн хяналтын газар ажилладаг эсэх талаар удаа дараа асуулаа гэх шалтгаанаар маргалдан” улмаар Т.Тамирын нүүрэн тус газар нь гараараа цохиж,  “эрүү ясны их биеийн баруун хэсэгт 44 дүгээр шүдний ёзоор хэсгээс доош ташуу үргэлжилсэн, зөрүүгүй хугарал, эрүү ясны булангийн дээд хэсгээр хөндлөн зөрүү багатай хугарал бүхий” хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

           

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Т.Тэмүүлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Үүн дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тамирыг нэг удаа гараараа зүүн талын шанаа руу нь цохисон. Миний буруутай үйлдлээс түүний биед гэмтэл учирсан. Хохирогч Тамир болон түүний итгэмжлэгдсэн төлөлөөгчид нийт эмчилгээний зардал, гэм хорын хохиролд хохирогч Тамирт эхлээд эмчилгээний зардалд 1.180.000 төгрөг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 100.000 төгрөг, дансаар 2.900.000 төгрөг, бүгд 4.180.000 төгрөг төлсөн байгаа. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гээд бид эвлэрсэн. Бид садан төрлийн холбоотой, үеэлүүд юм” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030461дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Т.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 01 сарын 29-ний орой 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15-р хороо 36-р байрны 24 тоотод буюу өөрийн үеэл дүү Оргилын гэрт найз Бүүвэйжаргалын хамт очсон юм. Тэгсэн тэнд Тэмүүлэн байсан. Тухайн үед тэнд Тэмүүлэн архи уусан байсан. Бид 2 архи аваад очсон юм. Би Тэмүүлэн, Оргил хоёрыг хамт явж байсан найз Бүүвэйжаргалд танилцуулаад, бид 3 чинь үеэл, хамаатан улсууд байгаа юм гэж танилцуулсан.

Тэр үед Тэмүүлэн нь Бүүвэйжаргалаас Мэргэжлийн хяналтад ажилладаг хүмүүс асуугаад байсан чинь Бүүвэйжаргал нь танихгүй, мэдэхгүй байсан. Тэгэхэд нь би “Тэмүүлэнг чи болио, чиний асууж байгаа хүмүүсийг танихгүй байна” гэсэн. Тэгсэн Тэмүүлэн согтуу агсраад “чи юу юм бэ, хэн юм бэ” гээд над руу дайраад агсраад байхаар нь би тоохгүй, нөгөө найзтайгаа юм яриад сууж байхад гэнэт Тэмүүлэн босож ирээд нүүрэн тус газар гараараа цохиж унагаагаад, газарт унасан байхад миний дээрээс хөлөөрөө дэвсээд, намайг өшиглөөд байсан.

Тэмүүлэн намайг зодчихоод цагдаа дуудсан байна лээ, удалгүй цагдаа ирээд Тэмүүлэн, Оргил хоёрыг аваад явсан. Би Оргилын гэрт цусаа угаагаад үлдсэн. Маргааш нь манай найз Баярсайхан ирээд, намайг Оргилын хамт Гэмтлийн эмнэлэг авч яваад зураг авхуулсан чинь миний эрүү хоёр хугарсан байсан. Хоёр хоногийн дараа буюу 2016 оны 02 сарын 02-ны өдөр Тэмүүлэн манай гэрт ирэхээр нь би “эрүү хугарсан байна, одоо хагалгаанд орохгүй бол болохгүй, удааж болохгүй гэсэн, би ГССҮТ дээр очиж хагалгаанд оруулах хэрэгтэй байна” гэхэд Тэмүүлэн мөнгө тааруухан байна Цэргийн коспитал дээр эрүү, мэс заслын эмч Хүдэрчулуун дээр оръё гээд бид хоёр хамт явсан.

Тэнд очоод би гэрээсээ эмнэлгийн хувцсаа аваад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр очиж хэвтээд 02 сарын 03-ны өдөр эрүүний мэс заслын хагалгаанд орсон. Тухайн үед эрүүнд хоёр титанан хадаас хадуулаад, доод нэг шүдээ суглуулж авхуулсан. Ингээд тухайн эмнэлэгт эмчилгээ хийлгэж 7 хоног хэвтэж байгаад цагаан сар болох гэж байсан болохоор эм тариа бичүүлээд гэртээ гарсан юм. Хохирлын мөнгө 6.000.000 төгрөг Тэмүүлэнгээс нэхэмжилж байна. Цэргийн коспитал дээр хагалгаанд орсон зардал 200.000 төгрөгийг Тэмүүлэн төлсөн, сүүлд замын зардал гээд 18.000 төгрөг надад нэг удаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

2. Гэрч Д.Бүүвэйжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 01 сарын 29-ний орой 18 цагийн орчим миний багын найз Тамир над руу утсаар яриад “би нэг жил уурхайд ажилласан юм, гэтэл цалин өгөхгүй байна” гэж яриад надад “учрыг нь олж өгөөч” гэхээр нь “хүрч ирээд уулз, юу болсон юм” гэхэд Тамир манай гэрт ирсэн. Тэгээд бид юм ярьж байгаад гэрт тус бүр 2 пиво уугаад сууж байхад Тамир “манай дүүгийнд хамт очиж хоол хийлгэж идэж, сайхан юм ярьж сууя” гэхээр нь би дагаад хамт явж Зайсанд Оргил гэх залуугийнд очсон. Оргил гэж залуугийнд орохдоо бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад 1 шил архи аваад орсон. Ороход Тамирын үеэл нь гээд Тэмүүлэн гэх хүн, гэрийн эзэн Оргил нар хамт гэрт нь архи уусан байдалтай байж байсан. Тэгээд бид нар танилцаад юм яриад, хийдэг ажлын талаар яриад, уул уурхайн талаар ярьж эхэлж байтал Тэмүүлэн гэх нөхөр нь “чи НМХГ ажилладаггүй юм байна, би бүгдийг нь танина” гээд согтуу дайраад, үгнээс үг хайгаад янз бүр болоод байсан. Тэр үед Тамир “чи миний найзыг битгий оролдоод бай, зүгээр бай” гэж хэлээд байсан.

Тэгээд л сууж байтал Тамир, нөгөө Тэмүүлэн хоёр гэнэт л босож ирээд барьцалдаад авсан. Тэгээд давхралдаад, дээр доороо ороод ноцолдоод бие биенээ цохиод байсан. Тэгээд тэр хоёрыг салгахад Тэмүүлэн өөрөө Цагдаа дуудаад байхаар нь би “за за та нар ингэж идэж ууж чадахгүй бол болъё” гээд гараад явсан. Тэгээд л гэртээ ирээд унтаж байхад Тэмүүлэн араас утсаар ярьсан байна лээ. Би тэр үед унтсан байсан. Би тухайн үед өөрийн куртиктэй андуураад Тэмүүлэнгийнхийг өмсөөд явсан байсан.

Тэмүүлэн намайг “Мэргэжлийн хяналтанд ажилладаггүй, чи миний таних хүнийг танихгүй байна” гээд байсан. Би тийм ийм гээд батлахыг ч хүсээгүй, тоохгүй байгаад байсан чинь Тамир намайг өмөөрөөд “чи манай найзыг тайван зүгээр суулгаачээ” гэсэн чинь Тэмүүлэн нэг юм яриад л босож ирээд Тамиртай барьцалдаад авсан. Тэр хоёрын зодоон 20-30 секунт л болсон байх.

Тэмүүлэн Тамирын хаана, юугаар цохисныг хараагүй, ямар ч л байсан бие биенээ цохиод газар өнхрөөд байсан. Намайг харах үед л лав босоогоор зодолдоогүй. Маргааш нь Тамир руу ярихад “эрүү нь өвдөөд, ам онгойхгүй байна” гэхээр нь би гэрт нь очоод эмнэлэгт үзүүлээрэй гээд таксины мөнгө өгөөд явсан.  Дараа нь эмнэлэгт байхад нь Тамирт 50.000 төгрөг өгсөн. Зодоон болох үед Оргил, Тэмүүлэн, Тамир, бид дөрөв байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 4123 тоот актад:

1. Тамирын биед тухайн хэргийн хугацаанд эрүү ясны хугарал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

4. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 02 сарын 01-ний өдрийн эрүүний рентген зураг авч ирсэн. Уг зургийг ШШҮХ-н шинжилгээний хэлтсийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч С.Чулуунсүх эмчээр уншуулахад “эрүүний яс хугаралттай байна” гэж уншсан. Ингээд дээрх эрүү ясны хугарал тогтоогдсон, эрүү ясны хугарал гэмтэл, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан. Тамирын биед гадна үзлэгээр ил харагдах гэмтэл байхгүй, эрүүний зүүн дээд хэсэгт хагалгааны сорвитой байсан ба хэдэн ч удаагийн үйлдлээр гэмтэл учирч болно. Үүнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/,

 

5. Шүүгдэгч Т.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би 2016 оны 01 сарын 29-нд 16:00 цагийн орчим дүү Оргилын гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах 38-р байрны 24 тоотод хоол идээд, бид хоёр нэг шил архи хувааж уугаад, юм яриад сууж байхад Тамир, Оргил руу утсаар яриад “одоо танайд очлоо” гэсэн. Тэгээд байж байтал удалгүй ойролцоогоор 1 цагийн дараа Тамир, Бүүвэйжаргалын хамт хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад орж ирсэн. Ингээд бид дөрөв жаахан юм яриад сууж байхад Бүүвэйжаргал нь Мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэхээр нь би өмнө нь ажиллаж байсан болохоор таньдаг хүмүүсээ асуугаад яриад сууж байхад Бүүвэйжаргал “чи намайг шалгаад байгаа юм уу” гээд маргах талын юм ярьсан. Тэр үед мөөг идээд сууж байсан сэрээг Тамир барьж босож ирээд “чи яах гээд байгаа юм” гээд босоод ирсэн.

Тэр үед би түлхээд суулгасан. Ингээд би явъя гээд гарах гээд боссон чинь Тамир миний араас ирээд намайг цохисон. Тэр үед нь би зөрүүлээд эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед цохилт ороод Тамир хойшоо газар саваад унасан. Ингээд би хамар амнаас нь цус гарахаар нь 00-ын өрөөнд орж нүүр гарыг нь угаалгаад гараад ирсэн чинь Бүүвэйжаргал нь миний гадуур хувцсыг сольж өмсөөд гараад явсан байсан. Тэгээд л би Тамираас Бүүвэйжаргалын утсыг аваад, өөрийн гадуур хувцсаа сольж аваад л явсан. Ингээд нөгөөдөр нь “Тамирын эрүү хугарсан байна” гэдгийг дүү Оргилоос мэдсэн. Ингээд би Тамир руу утсаар яриад “яаж байна, юу болж байна” гэхэд “эрүү хугарсан байна” гээд 1 дэх өдөр нь Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн эмнэлэг дээр шинжилгээ өгөөд 3 дахь өдөр Цэргийн Коспиталд эрүү хадуулах мэс заслын хагалгаанд орсон. Тухайн үед хагалгааны зардал 1.180.000 төгрөг болсон түүнийг нь би төлсөн.

Тамир бид хоёр төрсөн ах, дүүгийн хүүхдүүд байгаа юм. Тамир бид хоёр согтуу, дээр нь жаахан хэл амаа ололцоогүйгээс болоод Бүүвэйжаргалтай хамт ажилладаг хүмүүсийг асууснаас болж маргалдсан. Би Тамирын эрүү тус газар нь 1 удаа цохисон өөр цохисон асуудалгүй.

Би гэм буруугаа хүлээж байгаа, энэ үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би Тамирын хагалгаанд орсон эмчилгээний бүх зардал болох 1.180.000 төгрөг өөрөөсөө төлсөн. Би гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлттэй танилцсан маргах зүйл байхгүй. Зодоон болох үед Т.Оргил, Бүүвэйжаргал, Тамир бид дөрөв байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х, 50х/, хохирогч Т.Тамирын өвчний түүх /хэргийн 22-29х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Т.Замбага /хэргийн 33х/, Б.Батжавын /хэргийн 30х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51х/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 52х/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 53х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 54х/, Эвлэрлийн гэрээ, хохирол төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Хаан банкны зарлагын баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, 4123 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлж дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б Т.Тэмүүлэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орой 20:00 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 36-р байрны 24 тоотод хохирогч Т.Тамиртай “түүний найз Д.Бүүвэйжаргалыг Мэргэжлийн хяналтын газар ажилладаг эсэх, мэргэжлийн хяналтад ажилладаг хүмүүсийг асуухад танихгүй, мэдэхгүй байна” гэсэн шалтгааны улмаас маргалдан, хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, биед нь “эрүү ясны хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Т.Тамирын: ”...2016 оны 01 сарын 29-ний орой 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15-р хороо 36-р байрны 24 тоотод буюу өөрийн үеэл дүү Оргилын гэрт найз Бүүвэйжаргалын хамт очсон юм. Тэгсэн тэнд Тэмүүлэн байсан бөгөөд архи уусан байсан. Бид 2 архи аваад очсон юм. Би Тэмүүлэн, Оргил хоёрыг хамт явж байсан найз Бүүвэйжаргалд танилцуулаад, бид 3 чинь үеэл, хамаатан улсууд байгаа юм гэж танилцуулсан.

Тэр үед Тэмүүлэн нь Бүүвэйжаргалаас Мэргэжлийн хяналтад ажилладаг хүмүүс асуугаад байсан чинь Бүүвэйжаргал нь танихгүй, мэдэхгүй байсан. Тэгэхэд нь би “Тэмүүлэнг чи болио, чиний асууж байгаа хүмүүсийг танихгүй байна” гэсэн. Тэгсэн Тэмүүлэн согтуу агсраад “чи юу юм бэ, хэн юм бэ” гээд над руу дайраад агсраад байхаар нь би тоохгүй, нөгөө найзтайгаа юм яриад сууж байхад гэнэт Тэмүүлэн босож ирээд нүүрэн тус газар гараараа цохиж унагаагаад, газарт унасан байхад миний дээрээс хөлөөрөө дэвсээд, намайг өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,  

- гэрч Д.Бүүвэйжаргалын “...Тамир “манай дүүгийнд хамт очиж хоол хийлгэж идэж, сайхан юм ярьж сууя” гэхээр нь би дагаад хамт явж Зайсанд Оргил гэх залуугийнд очсон. ...Ороход Тамирын үеэл нь гээд Тэмүүлэн гэх хүн, гэрийн эзэн Оргил нар хамт ...архи уусан байдалтай байж байсан. Тэгээд бид нар танилцаад юм яриад, хийдэг ажлын талаар яриад, уул уурхайн талаар ярьж эхэлж байтал Тэмүүлэн гэх нөхөр нь “чи НМХГ ажилладаггүй юм байна, би бүгдийг нь танина” гээд согтуу дайраад, үгнээс үг хайгаад янз бүр болоод байсан. Тэр үед Тамир “чи миний найзыг битгий оролдоод бай, зүгээр бай” гэж хэлээд байсан. Тэгээд л сууж байтал Тамир, нөгөө Тэмүүлэн хоёр гэнэт л босож ирээд барьцалдаад авсан. Тэгээд давхралдаад, дээр доороо ороод ноцолдоод бие биенээ цохиод байсан. ...Тэмүүлэн намайг “Мэргэжлийн хяналтанд ажилладаггүй, чи миний таних хүнийг танихгүй байна” гээд байсан. Би тийм, ийм гээд батлахыг ч хүсээгүй, тоохгүй байгаад байсан чинь Тамир намайг өмөөрөөд “чи манай найзыг тайван зүгээр суулгаачээ” гэсэн чинь Тэмүүлэн нэг юм яриад л босож ирээд Тамиртай барьцалдаад авсан. Тэр хоёрын зодоон 20-30 секунт л болсон байх. Тэмүүлэн Тамирын хаана, юугаар цохисныг хараагүй, ямар ч л байсан бие биенээ цохиод газар өнхрөөд байсан. Намайг харах үед л лав босоогоор зодолдоогүй. Маргааш нь Тамир руу ярихад “эрүү нь өвдөөд, ам онгойхгүй байна” гэхээр нь би гэрт нь очоод эмнэлэгт үзүүлээрэй гээд таксины мөнгө өгөөд явсан. Дараа нь эмнэлэгт байхад нь Тамирт 50.000 төгрөг өгсөн. Зодоон болох үед Оргил, Тэмүүлэн, Тамир, бид дөрөв байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

-  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №4123 дугаартай актын: “...Тамирын биед тухайн хэргийн хугацаанд эрүү ясны хугарал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

- шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан. Тамирын биед гадна үзлэгээр ил харагдах гэмтэл байхгүй эрүүний зүүн дээд хэсэгт хагалгааны сорвитой байсан ба хэдэн удаагийн ч үйлдлээр гэмтэл учирч болно. Үүнийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/ болон шүүгдэгч Т.Тэмүүлэнгээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тэмүүлэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Тэмүүлэн урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 54х/ тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх юм.

 

Хохирогч Т.Тамир нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон 6.0 сая төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилсэн ба шүүгдэгч нь гэм хорын хохиролд 4.180.000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаснаас гадна хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн “Эвлэрлийн гэрээ” баримт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүх, шүүгдэгч Т.Тэмүүлэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.   

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Т.Тэмүүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

  

Шүүх, шүүгдэгч Т.Тэмүүлэн нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Гүртэн овогт Төмөрмээлэгийн Тэмүүлэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Т.Тэмүүлэнг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Тэмүүлэнд оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Т.Тэмүүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Т.Тэмүүлэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Тэмүүлэнд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Т.Тэмүүлэнд урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД