Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 115/ШШ2020/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Иргэн Г-ын М,

               Хариуцагч: ДГА-ийн МХГ-т холбогдох,

               Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, зорилтот төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай” 11-06-016/47 дугаар актын өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч ДГА-ийн МХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.М би аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 02 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 21,000,000 төгрөгийн зээлийг авснаас хойш орон нутгийн хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтмол явуулж, орлогыг дээшлүүлэхийн тулд төслийн санхүүжилтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд зориулалтын дагуу зарцуулсан ба түүнчлэн малын өвс, тэжээл, хивэг, ногооны хальс, бий болгох, малын эм тариа худалдаж авах, тээвэрлэх зэрэгт санхүүжилт хүрээгүй тул өөрийн гэр бүлээсээ нэмэлт хөрөнгө зарцуулан 20 үнээний эрчимжүүлсэн фермийн “Үнээний эрчимжүүлсэн” төсөл хэрэгжүүлж түр болон байнгын ажлын байрыг бий болгох, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх үүргээ биелүүлж байгаа.

            Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11-06-016/47 тоот актыг гаргахдаа хавсралтынхаа 3 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгосон Г.М нь 21,000,000 төгрөгийн санхүүжилтийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан нөхөн төлүүлж Хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүрэг болгосныг надад Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дотоод хяналтын 04/2019 тоот мэдэгдлээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн ба би энэхүү актыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан боловч дарга М.М нь 11-06-016/47 тоот актыг үндэслэлтэй байна гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өглөө.

            Би анх 40 сая төгрөгийн санхүүжилт хүссэн боловч надад 21 сая төгрөгийн санхүүжилтийг олгосныг дээрх үйл ажиллагаандаа бүрэн зарцуулж дуусгаад, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан дутсан мөнгийг нь өөрийн цалингаасаа мөн гэр бүлийн гишүүдийн орлогоос авч байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлээд дөнгөж 1 дэх жилдээ үйл ажиллагаа нь хэвийн боломжийн хүрээнд явагдаж байхад 21,000,000 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд заагдсан хугацаанаас өмнө зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр миний үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас доголдуулах, улсын байцаагчийн акт гарсан гэдэг үндэслэлээр таслан зогсоох, хэвийн үйл ажиллагаанд саад болох, санхүүжилтийг хугацаанаас өмнө нөхөн төлүүлэхийг шаардсан улсын байцаагчийн акт гаргасныг хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байх тул улсын байцаагчийн 11-06-016/47 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах, мах бэлтгэх худалдаалах чиглэлээр 20 үнээний эрчимжүүлсэн фермийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл бичсэн. Төслөө хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байсан учраас өөрийнхөө хүсэж байсан фермийг бий болгох зорилготойгоор нэмж шаардагдаад байсан 41,160,000 төгрөгийн төслийг зохих газар нь хүргүүлсэн. Хариуцагчаас борлуулалтын цэг бий болгоогүй, төсөл хэрэгжүүлэхдээ иргэнийг тогтвортой ажлын байраар хангах ёстой байсан гэж ярьж байгаа юм. Төсөл дээр бол өөрийнхөө хөрөнгө дээр 20 үхэр авна, сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулах, боловсруулах, мах бэлтгэнэ гэсэн төсөл бичсэн байдаг. Төслийг шалгаруулаад 41 сая төгрөг биш,  21 сая төгрөг өгсөн юм байна. Гэхдээ төсөл бол 3 жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Гэтэл дөнгөж 1 жил болоогүй цаг хугацаанд үүнийг цуцлах асуудал ярьж байгаа нь хууль бус юм. Тухайн үед Г.Мт өөрийнх нь эргэлтийн хөрөнгө юу байсан бэ гэхээр 12 үхэр зогсоож тэжээх байр, өвс тэжээл зөөх портер машин, малын хашаа барих, аж ахуйн хүнд даацын блок хийх төхөөрөмж зэрэг байсан байна. Мөн 2017 онд худалдан авсан сүү, мах зэрэг хосолмол ашиг шимт Алатау үүлдрийн үнээ 5 ширхэг, сүүгээ зөөх суудлын машин, өвс агуулах байр зэрэг нь байсан байгаа юм. Тэгэхээр 41,160,000 төгрөгийг хүсэж яах гэж байсан юм бэ гэхээр саалийн үнээний барилгыг орчин үеийн технологид нийцүүлж барина гээд 11,600,000 төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ бол хэрэгжихэд бэлэн байгаа. 15 сүүний чиглэлийн үнээ авна гэж 22,500,000 төгрөгийг төсөвлөсөн байсан. Үүнээс 11 сая төгрөгөнд 4 үнээ, 4 тугал, 2 бяруу, 1 бух гээд нийт 11 тооны толгой малыг авсан байсан. Улирал харгалзахгүйгээр иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах гэж бичсэн байна. Энэ нь хариуцагч талын нотлох баримтаас хасуулъя гээд байгаа айл, өрхүүдийн  гаргаж өгсөн тодорхойлолтуудаар нотлогдож байна. Мөн сүүгээ байгууллагад өгч байсан. Энэ нь хүн, амын орлогын албан татвар төлж байсан цэнхэр дэвтрээр тодорхойлогдож байгаа.

          Мөн 2,5 сая төгрөгөнд нь жижиг саравч барьсан байна. Том хашаа барихад үндсэн 1,4 сая төгрөгийн материал нь бэлэн байж байгаа юм. Эргэлтийн хөрөнгө 8,840,000 төгрөгөөс гэр, мотоцикл, тэжээл, сав суулга, хөлдөөгч зэрэг 6,200,000 төгрөгийн зүйлсийг тухайн үедээ авчихсан байсан.

         15 толгой үхрийг 22,5 сая төгрөгөөр авна гэсэн боловч 8 үхрийг 11 сая төгрөгөөр авчихсан. Тоног төхөөрөмжөө 7,060,000 төгрөгөөр төсөвлөсөн боловч хэрэгжээгүй.

          4 ажлын байр бий болгоно гэсэн. Г.М нь төслийг удирдах мөртлөө давхар ажил хийдэг. Саальчин, малчин зэрэг ажлын байр байсан. 21 сая төгрөгийн зарцуулалтын баримтуудыг шүүхэд өгсөн байгаа. 11 сая төгрөгөөр 11 толгой малыг худалдан авсан талаарх баримтыг бүгдийг задалж, нарийвчилж оруулсан. Том хашаа саравч барих зориулалттай 1,4 сая төгрөгийн үнэ бүхий төгрөгийн шпол нь байж байна. Эргэлтийн хөрөнгө 6 сая төгрөг. Би түрүүнд хэлсэн 3 жил хэрэгжүүлэх төсөл. 1 жил болоогүй байхад хяналт шалгалт орсон байгаа юм. Хяналт шалгалт акт гарсан. Гэрээний явцад ганц Г.М биш энэ гэрээг байгуулсан 2 тал хоёулаа ялангуяа төрийн байгууллага үүргээ биелүүлээгүй.

         Хяналт тавих, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тайлан, тэнцэл гаргаж чадахгүй бол хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөөгүй ба хяналт шалгалт явагдана гэдэг талаар огт мэдээлээгүй. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар удирдамж гаргаад шалгалтыг хийсэн байгаа юм. Үүнийг мэдэгдэх ёстой байсан. Дээрх хуульд зааснаар шалгалт явуулах шалгалтын аргууд, мэдэгдэх журам байдаг. Өмнө нь огт очиж үзээгүй. Шалгалтаар бог малыг тоолоод үхэр байхгүй байна гэсэн. Тэнд 21 тооны 11 үхэр байна.  Тэгэхээр энэ шалгалт бодитой явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй. 41 сая төгрөгөөс 21 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон учраас санхүүжилт дутуу байна. Гэр бүлийнхэн нь цалингийн, тэтгэврийн зээл аваад энэ үйл ажиллагааг явуулж зээлээ дарж байна. Энэ дээр хяналт, шалгалт хийж байгаа ажлын хэсгийнхэн анхаараагүй байна гэж үзэж байна. Гол акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар ойлгомжтой тодорхой байна гэж байдаг. Гэтэл хариуцагч актдаа дараах үндэслэлийг заасан.

         Үүнд: Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, тогтвортой ажлын байрыг бий болгоогүй, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, төслийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлийг заан нэр бүхий 6 иргэнд олгосон 105 сая төгрөгийн санхүүжилтийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна. Үүнээс 4 дэх үндэслэл буюу төслийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралтай. Энэ үндэслэлээр Г.Мтай байгуулсан гэрээг цуцалж байгаа юм.

          Бид актаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар актыг хүчингүй болгохоор гаргасан. Актыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1-т хяналт шалгалтын арга, хэлбэр гэж заасныг зөрчсөн. Мөн хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан зарчим алдагдсан байна. Дээрх хуулийн 5.1.6-т зааснаар шалгалт явагдсаны дараа Г.Мийг дуудсан тэмдэглэл 2 байгаа. Он, сар нь засвартай. Хариуцагчаас юу гэж тайлбарлахыг би мэдэхгүй байна. 2 тэмдэглэлд нэг гарын үсэг зуруулчихаад өөрсдөө бол хяналт шалгалтын өмнө танилцуулсан юм шиг он сараа засварласан байгаа. Тэгэхээр шалгуулагч этгээдэд шалгалт эхлэхээс өмнө 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн байдаг боловч мэдэгдээгүй. Яагаад бүрэн гүйцэд зарцуулаагүй юм. Зөрчил байсан бол үүнийг арилгуулахаар арга хэмжээ авдаг заалт хуульд байж байгаа. Бид нар мэдэж байгаа. Нийгэм даяараа жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэж ярьж байна. Үнэхээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан тэрбум, тэрбумаар нь аваад идчихсэн нийгмийн нэг хэсэг иргэд байна. Тэгэхэд сүүгээ саагаад, хэдэн айлд өгөөд, борлуулаад ашгаа гаргаад өөрсдийн хэрэгцээг хангаад орон нутагтаа тус дэм болоод явж байгаа. Тийм учраас гомдол гаргасан.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зориулалтын бусаар зарцуулсан гэдгээ хууль зүйн үүднээс тайлбарлаж чадахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт болох улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11-06-016/47 дугаартай актын хавсралтын Г.Мт холбогдох 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

        Хариуцагч ДГА-ийн МХГ-ын дарга Б.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд”-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/221 дугаартай удирдамжийн хүрээнд 2018 оны 7-12 сар, 2019 оны 1-6 сарын хугацаанд ажлын байрыг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн баримт материалыг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Нийгмийн хамгааллын улсын байцаагч Г.Б 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

        Тус шалгалтаар иргэн Г.М нь “20 үнээний эрчимжүүлсэн ферм” төслийг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-г байгуулж төсөлд хамрагдсан ч төслийн зорилго, зорилтын дагуу зарцуулсан хөрөнгө, эдийн засгийн тооцоолол, төслийн үйл явцын талаарх тайлан баримтыг ХХҮГ-тай хамтран ажиллах гэрээний 3.7 дахь заалтын дагуу гаргаж холбогдох байгууллагад ирүүлээгүй, төслийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2019  оны 06 дугаар сараас 09 сар хүртэлх хугацаанд төлөөгүй гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байсан.

         Шалгалт хийх хугацаанд иргэн Г.М-тай уулзан тоног төхөөрөмж, бараа материал худалдан авсан, тогтвортой ажлын байр бий болгоход олгосон цалин хөлсний зарцуулалт, сүү сүүн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр тасралтгүй нийлүүлэх талаар хүнсний дэлгүүрүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан зэрэг холбогдох баримт бичиг, тайланг ирүүлэхийг шаардаж мөн утсаар удаа дараа ярьсан боловч гаргаж ирүүлээгүй шалгалтын хугацаа дууссан. Иймд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд оролцогч иргэн нь үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг зөрчсөн тул шалгалт хийсэн тухай тэмдэглэл хөтлөн төслийн үр дүн муу, гэрээний үүргээ биелүүлээгүй тул санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэн ХЭДсанд төслийн санхүүжилтийг буцаан төлүүлэх талаар мэдэгдэж тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан болно.

         Төсөл хэрэгжүүлэгч иргэн Г.М-тай шалгалтын хугацаанд удаа дараа утсаар ярьж олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан талаар үр дүнгийн болон санхүүгийн тайланг ирүүлэхийг шаардахад би Төмөр замын байгууллагад машинч ажилтай тул замд ажилд явж байна гэсэн тайлбарыг өгч санхүүгийн баримт тайланг шалгалтын хугацаанд ирүүлээгүй дууссан нь хяналт шалгалтын явцад саад учруулахгүй гэсэн ХХҮГ-тай хамтран ажиллах гэрээний 2.9 дэх заалтын үүргээ биелүүлж ажиллаагүй болно.

         Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр батлан зорилго, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн болон бусад дэмжлэг арга хэмжээнд хамруулж ажлын байр бий болгоно” гэж тодорхойлж заасан тул зорилтод төслийг ажилтай орлоготой иргэнд олгосон нь төслийг зорилтод иргэнд хүргэж олгоогүй гэж үзэж байгаа болно гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 6 иргэнд 105 сая төгрөгийг олгосон байсан. Үүнийг хянаж Г.М-тай холбоотой асуудлыг шалгаад 9 сараас хойш нэг сарын хугацаанд утсаар холбогдож дуудаад хамтран ажиллах гэрээний 3.7-д заасны дагуу тайлан мэдээгээ өгөхийг шаардсан. 2018 оны 11 дүгээр сард төсөлд хамрагдчихаад эхний 6 сард төлөлт хийхгүй байж байгаад 7 дугаар сараас хойш төлөлт хийхээр байгаа. Анхнаасаа төслийн хэрэгжих үндэслэлийг бодитой гаргаагүй. Төсөл олгосон нь буруу, энэ талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт албан шаардлагыг өгсөн.

        Г.М-ийн хувьд шалгалтын хугацаанд төслийн холбогдох тайланг ирүүлээгүй, эргэн төлөх хуваарийн дагуу нэг ч төлбөр хийгээгүй байсан. 7 сараас хойш төлөлтийг хийх ёстой байсан ч нэг төлөлт хийгээгүй байсан. Төслийн хэрэгжилтийн үйл явц буюу ийм тоног төхөөрөмж, ийм бараа, материалд хэдэн төгрөг зарцуулсан, урсгал зардалд хэдэн төгрөг зарцуулна гэсэн төсвийн тооцоо, мэдээ, баримтыг цаг хугацаанд нь ирүүлээгүй байсан. Шалгалт хийх хугацаанд Г.М-тай уулзаад тоног төхөөрөмж худалдан авсан, тогтвортой ажлын байр бий болгосон, цалин хөлсний зарцуулалт, сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн хямд үнээр нийлүүлж хүнсний дэлгүүрүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримт бичиг, тайланг шаардаж байсан ч шалгалтын хугацаанд ирүүлээгүй. Жил бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрийг баталдаг, санхүүгийн дэмжлэгийг авсан иргэдийг хянаж шалгах хөтөлбөрийн бүрэн бүрэлдэхүүнийг тодорхой заагаад өгсөн байдаг. Энд заавал 3 жилийн хугацаанд гүйцэтгэлийн үр дүнг дүгнэх ёстой гэсэн үг байхгүй. Эхлээд төсөл хэрэгжихдээ төслөө аваад ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлэх гэж байгаа, тоног төхөөрөмж, бараа материал юу авч байгаа юм бэлтгэл ажлаа яаж хийсэн юм, эхний 6 сарын хугацаанд бараа материалыг авсан тайланг гаргаад орлого, ашигаа нэмэгдүүлэх тухай тооцоо, тайлангаа гаргаад явж байх ёстой.

         Энэ нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээнд тодорхой заасан байдаг. Би Г.М-ийг гэрээгээ уншиж гарын үсэг зурсан байх гэж бодож байна. Гэхдээ Г.М гэрээний зарим хэсгийг нь уншаагүй гэж тайлбарлаж байсан. Шалгалт 10 дугаар сарын 5-ны өдөр дууссан, өмнө нь  2, 3 удаа  дуудаад өөрөө ажилтай энд тэнд явж байна гээд ирдэггүй. Энэ хугацаанд би 2, 3 удаа шаардсан. Нотлох баримтаа авчирч үзүүл, чи төсөлд хамрагдсан юм байна гэхдээ 4, 5 сарын эргэн төлөлтөө яагаад хийгээгүй юм, холбогдох мэдээ тайлангаа өг гэж удаа дараа шаардаж нэхсэн.

          2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Г.М-тай уулзаж шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг үйлдсэн. 9 тооны мал бий гэж хэлж байсан. Өмнө нь байсан үхэр малыг төслийн зарцуулалтад оруулахгүй. Тэмдэглэл хөтлөөд Г.М-тай ярилцаж түүнд тодорхой хэлсэн. Авсан санхүүжилтээ бүрэн гүйцэд зарцуулаагүй байна, гол нь байнгын ажлын байр бий болгож орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулна гэж байгаа. Санхүүгийн нотлох баримт байхгүй, төслийн зээлийн эргэн төлөлтийн дагуу цаг хугацаанд нь хийгээгүй. Гаргаж буй бүтээгдэхүүн тодорхой бус. Сүү, сүүн бүтээгдэхүүн гаргаж иргэдэд нийлүүлж байгаа бол тухайн бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулаад тухайн газартай гэрээ байгуулах ёстой. Хэдэн газартай гэрээ байгуулсан бэ, иргэд аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан уу, сүүгээ зардаг гэдгээ нотлох баримт гаргаж өг гэхэд нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Би 10 дугаар сарын 7-ны өдөр Г.М-т танилцуулаад шалгалтын хугацаа дуусаж байгаа. Чи нэг ч зүйл мэдүүлээгүй гэж тэмдэглэл хөтлөөд өөрийнх нь гарын үсэгтэй тайлбар бичүүлж аваад, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж зээлийг эргэн төлүүлэхээр акт тавьж байгаа гэдгийг хэлсэн. Нэг хувийг өөрт нь өгсөн. Ингэхдээ удирдамжаа танилцуулсан. Актыг “зээлийг зориулалт бусаар зарцуулсан” зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр тогтоосон. Г.М-ийг утсаар дуудсанаа баримтжуулж, тэмдэглэл үйлдээгүй, нэг баримт байгаагаа авчраагүй. Тайланд хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгасан гэж бичсэн. 10 дугаар сарын 07-ны өдөр Г.М-аас тайлбар авч, шалгалт хийсэн тэмдэглэл үйлдсэн нь үнэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

             1. Хэргийн үйл баримтын талаар:

          Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэгч Г.Мийн 40,000,000 төгрөгийн санхүүжилт хүссэн “Эрчимжүүлсэн үнээний ферм” /20 үнээний эрчимжүүлсэн үнээний ферм/ төслийг[1] шалгаруулж, нэхэмжлэгчид 21,000,000 төгрөгийн зээл олгон “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-г[2] 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан байх ба гэрээгээр төслийг 03 жилийн хугацааанд хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийг гэрээ байгуулсанаас хойш 07 дахь сараас эргэн төлөх нөхцөлийг тус тус тусгажээ.

          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт” явуулах 01/221 дүгээр удирдамжийн[3] дагуу Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 2018 оны 07-12 дугаар сар, 2019 оны 01-06 дугаар сарын хугацаанд санхүүжилт олгосон ажлын байрыг дэмжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд явуулсан нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай” 01/221 дүгээр[4] хяналт шалгалтын танилцуулгаар тогтоогдож байна.

         Дээрх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б хийж гүйцэтгэсэн байх ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, зорилтот төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай” 11-06-016/47 дугаар актаар[5] “эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, тогтвортой ажлын байрыг бий болгоогүй, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, төслийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан” нэр бүхий 6 иргэнд олгосон нийт 105,000,000 /нэг зуун таван сая/ төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, санхүүгийн дэмжлэгт олгосон 105,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан аймгийн төрийн сан банкинд төвлөрүүлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хариуцуулсан байна.

           Уг актын хавсралтын “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн д/д 3-д[6] Г. Мөнгөнхуяг гэж, зөрчлийн шалтгаан гэх хэсэгт “зориулалт бусаар зарцуулсан” гэж заасан байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актын өөрт холбогдох хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төслийн зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байхад зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэн зээлийг эргэн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төслийн хэрэгжилтийн талаар тайлан гаргах талаар зөвлөөгүй, сургалт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийж амжаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх агуулгаар тайлбарлаж байх ба, харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь төслөөр олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалт бусаар зарцуулсан тул зээлийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон нь хуульд нийцсэн” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

          2. “Санхүүгийн дэмжлэг буюу төслийн зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэх актын үндэслэлийн талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын талаар:

         Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, нэхэмжлэгч Г.М нарын харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-нд зааснаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь “...21,000,000 төгрөгийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх”,[7] нэхэмжлэгч Г.М нь “...20 үнээний эрчимжүүлсэн фермийн төсөл хэрэгжүүлэх..”, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулах...”[8] үүрэгтэй байна.

          Нэхэмжлэгч Г.М-ийн бичсэн “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд зээлийн хөрөнгийг “...үхрийн фермийн байр барих, сүүний чиглэлийн үхэр худалдан авах, фермийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах...” зэрэгт зарцуулахаар төсөвлөсөн байх ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өндөр довын 6-06 тоот хаягт байрлах үхрийн байр /өвөлжөө, саравч, хашаа/-нд хийсэн үзлэгээр[9] тус хашаанд нийт 19 толгой үхэр байгаа нь, түүнчлэн фермийн үйл ажиллагаа явуулахад зориулан зээлийн хөрөнгөөр худалдан авсан гэх сүүний бетон, хуванцар савнууд, хөлдөөгч, бусад сав тоног төхөөрөмж, малын тэжээл, таван ханатай иж бүрэн гэр, мотоцикль, үхрийн байр барих зориулалтаар авсан төмөр замын дэр мод /шпол/ 70 ширхэг байгаа нь тус тус тогтоогдсон болно.

          Нэхэмжлэгч нь төслийн зээлийн хөрөнгөнөөс 11 толгой үхрийг /алатау үүлдрийн үнээ тугал, гунж, бух/ Төв аймгийн Батсүмбэр сумын малчин Х.Батцэнгэлээс худалдан авсан болох нь малчин Х.Батцэнгэлд 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, Хас банкны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн баримтууд,[10] малчин Х.Батцэнгэлийн гаргасан “Тодорхойлолт”,[11] №00048137 “Мал, амьтны эрүүл мэнд гарал үүслийн гэрчилгээ”,[12] Дорноговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори”-ийн шинжилгээний дүнгийн хуудас,[13] Төв аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас[14] зэрэг нотлох баримтуудаар,

         мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн ажлын албанаас ирүүлсэн Г.Мийн малын А дансны бүртгэлд[15] 2018 онд 9 толгой үхэр, 2019 онд нийт 21 толгой үхэр бүртэгдсэн буюу тоологдсон байгаагаар;

          мөн 1,000,000 төгрөгийн үнэтэй мотоцикль, 5 ханатай иж бүрэн гэр, төмөр замын акталсан шпол /дэр мод/ зэргийг тус бүр 2,000,000 төгрөгөөр, үнэ бүхий бетон, 300,000 төгрөгийн сүүний хувин, никель сав зэргийг зээлийн хөрөнгөөр худалдан авсан болох нь иргэн М.Батдорж, Н.Солонго, У.Батболд нарын гаргасан үнэн зөв болохыг нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор[16] зарлагын падаан[17] зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна

    Нэхэмжлэгч нь “Эрчимжүүлсэн үнээний ферм”-ийн төсөлдөө төслийн санхүүжилтээр сүүний чиглэлийн үхэр, сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулан тоног төхөөрөмж, бараа материал худалдан авахаар тусгасаны дагуу 11 толгой үхэр, бусад тоног төхөөрөмж, материал худалдан авсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул зээлийн хөрөнгийг “зориулалт бусаар зарцуулсан” зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, учир нь “зориулалт бусаар зарцуулсан” гэдгийг нэхэмжлэгчээс гэрээнд заасан нөхцөл, төслийн зориулалтыг зөрчсөн буюу зээлийн хөрөнгөөр үнээ, үхэр худалдан аваагүй, фермийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, бараа материал зэргийг худалдан аваагүй, үнээний фермийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлээгүй байхыг ойлгоно.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчмыг хуульчилсан ба захиргааны байгууллага, албан тушаалтан нь уг зарчмыг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлах учиртай.

          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт” явуулах 01/221 дүгээр удирдамжийн “Нэг”-д уг хяналт шалгалтын зорилгыг “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” заажээ.

         Гэтэл хариуцагчаас “...төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагаатай танилцах...”[18] хяналт шалгалтын удирдамжид заасан захиргааны шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, тодруулбал нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй үнээний фермийн төслийн үйл ажиллагаа, зээлийн хөрөнгөөр худалдан авсан үхэр, тоног төхөөрөмж, эд зүйл, бараа, материалыг газар дээр нь очиж үзэн бодит нөхцөл байдалтай танилцаагүй атлаа зээлийн хөрөнгийг “зориулалт бусаар зарцуулсан” зөрчил гаргасан гэж үзэн, 21,000,000 төгрөгийн зээлийг төсөвт буцаан төвлөрүүлэхээр акт тогтоож, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зээлийг зориулалт бусаар зарцуулсан” гэх маргаан бүхий актын үндэслэлээ “...зээлийн хөрөнгийн зарцуулалтын талаар баримтаа авчирч өгөхийг нэхэмжлэгчид удаа дараа утасдаж хэлэхэд авчирч өгөөгүй” гэснээс өөрөөр нотлон мэтгэлцээгүй бөгөөд, шүүх хуралдаанд гаргасан энэхүү тайлбараа нотлох өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.М-тай утсаар ярьсан талаар тэмдэглэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар “шүүхийг буруутгах” үндэслэл болохгүйг;

        түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зарим нотлох баримтууд тухайлбал иргэн А.Баттуяагийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, “Эмнэлгийн магадлагаа”, сүү сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг гэх иргэдийн тодорхойлолтууд, 00/000156 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэн, малын тэжээл худалдан авсан тамга тэмдэггүй зарлагын падаан гэх мэт зарим баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй үзэн тус тус үнэлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

         Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэн үзээд хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2019 оны 11-06-016/47 дугаар актын Г.М-т холбогдох хэсэг нь шийдвэр гаргах ажиллагааны алдаатай, өөрөөр хэлбэл актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь хууль бус бөгөөд, нэхэмжлэгчийн гэрээнд заасан 03 жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, зорилтот төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай” 11-06-016/47 дугаар актын хавсралтын Г.М-т холбогдох 3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, зорилтот төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай” 11-06-016/47 дугаар актын Г.М-т холбогдох хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч гаргуулан, нэхэмжлэгч Г.М-т буцаан олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.ОТГОНТУЯА

                                   

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 163-171-р хуудас

[2] Хавтаст хэргийн 8-10-р хуудас

[3] Хавтаст хэргийн 26-31-р хуудас

[4] Хавтаст хэргийн 32-41-р хуудас

[5] Хавтаст хэргийн 44-45-р хуудас

[6] Хавтаст хэргийн 46-р хуудас

[7] Хавтаст хэргийн 9-р хуудас, гэрээний 4.1, 4.2 дахь заалтууд

[8] Хавтаст хэргийн 8-р хуудасны арын нүүр, гэрээний 3.2 дахь заалт, 9-р хуудас гэрээний 3.8 дахь заалт

[9] Хавтаст хэргийн 64-70-р хуудас

[10] Хавтаст хэргийн 87-р хуудас, 91-р хуудас, 92-р хуудас, 93-р хуудас

[11] Хавтаст хэргийн 88-р хуудас

[12] Хавтаст хэргийн 94-р хуудас

[13] Хавтаст хэргийн 90-р хуудас

[14] Хавтаст хэргийн 89-р хуудас

[15] Хавтаст хэргийн 175-р хуудас

[16] Хавтаст хэргийн 138-140-р хуудас

[17] Хавтаст хэргийн 148-р хуудас

[18] Хавтаст хэргийн 26-31-р хуудас