| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00303/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 303
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 оны 01 сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. Би 1975 онд Төв аймгийн Баянчандмань суманд ТМС төгсөөд, 1977 онд Завхан аймгийн ******* суманд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан алба хааж улирч ахлагч цолтойгоор 1983 онд халагдсан. Улмаар 1983 оноос ******* сумын нэгдэлд автомашины жолоочоор 1991 он хүртэл ажиллаад 1991 оноос 1994 он хүртэл компанид жолоочоор ажилласан. Тэгээд 2004 он хүртэл хөдөө мал маллаж байгаа 2013 оноос Улаанбаатар хотод хувиараа ажил хийж байсан юм. Одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна.
Иймд намайг Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд 1977 оны 01-р сарын 01-нээс 1979 оны 07-р сарын 17-н хүртэл тракторын жолоочоор, 1983 оны 05-р сарын 15-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл тус нэгдэлд автомашины жолоочоор, 1989 оны 04-р сарын 01-нээс 1991 оны 11-р сарын 04-н хүртэл мөн нэгдэлд малчнаар, мөн 1991 оны 11-р сарын 04-нөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.******* 1977 оны 07-р сарын 01-нээс 1979 оны 07-р сарын 17-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд тракторын жолоочоор, 1983 оны 01-р сарын 06-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл тус нэгдэлд 66 автомашины жолоочоор, 1989 оны 04-р сарын 01-нээс 1991 оны 11-р сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчин, 1991 оны 11-р сарын 04-нөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д УАЗ-469 автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1971 оны 05-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн, мөн 1989 оны 04-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд болон 1992 оны 02-р сарын 21-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.*******, Б.*******, Т.******* нарын мэдүүлгүүдээр Б.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Завхан аймгийн ******* сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэл нь 1991-1996 онд ******* сумын Шинэ-Цэцэрлэг хувьцаат компани нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн ******* тоот лавлагаагаар тогтоогджээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 1977 оны 07-р сарын 01-нээс 1979 оны 07-р сарын 17-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд тракторын жолоочоор, 1983 оны 01-р сарын 06-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл мөн Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд 66 автомашины жолоочоор, 1989 оны 04-р сарын 01-нээс 1991 оны 11-р сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчин, 1991 оны 11-р сарын 04-нөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д УАЗ-469 автомашины жолоочоор тус тус ажиллаж болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ