Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/937

 

 

 

 

      2021           09           14                                            2021/ШЦТ/937

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Ж.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Даваахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах здүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108016020926 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн агро техникч мэргэжилтэй, “Хан Наран” Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян туруун 30 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайжууд овогт Жамбалдоржийн Даваахүү /РД:НЩ67072865/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.Даваахүү нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгансайхан үйлчилгээний төвд байршуулсан ХААН банкны 1290 дугаартай АТМ-ээр урд нь үйлчлүүлсэн Г.Бэхбаярын зарлага гарахгүй удсанаас бэлэн мөнгөө авалгүй гарч явсны дараа түүний ашигласан данснаас бэлнээр гарч ирсэн гээгдэл эд хөрөнгө болох бэлэн мөнгийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Даваахүү “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч С.Гончигсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 69 дүгээр хуудас/, гэрч Г.Бэхбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

- Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 50/6982 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 23, 24 дүгээр хуудас/,

- Хаан банкны 5166224970 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар тал/, түүний Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 55-65 дугаар тал/, “Хан Наран” Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Даваахүүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Даваахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар” гаргасан дүгнэлтийг шүүгдэгч “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч Ж.Даваахүү нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгансайхан үйлчилгээний төвд байршуулсан Хаан банкны 1290 дугаартай АТМ-нд урд нь үйлчлүүлсэн Г.Бэхбаярын “зарлага гарахгүй удсанаас” бэлэн мөнгөө авалгүй гарч явсны дараа АТМ-ээс бэлнээр гарч ирсэн гээгдэл эд хөрөнгө болох бэлэн мөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- камерын бичлэгт үзлэг хийсэн “...2 цаг 47 минутад Г.Бэхбаяр нь Гончигсүрэнгийн картаар АТМ-ээр үйлчлүүлэхээр зогсож байна. 4 минут 07 секундэд Ж.Даваахүү хаалгаар орж ирж байгааг харуулав. 5 минут 12 секундэд Г.Бэхбаяр мөнгөө авалгүй хаалгаар гарч байгааг харуулав. 5 минут 20 секундэд Ж.Даваахүү Бэхбаярын араас үйлчлүүлэхээр АТМ дээр очив. 5 минут 28 секундэд Ж.Даваахүү нь Г.Бэхбаярын АТМ-с авалгүй үлдээсэн мөнгийг авахаар эргэж байн, байн харан хүлээж байгааг харуулав. 5 минут 31 секундэд Ж.Даваахүү АТМ дээр үлдээсэн мөнгийг авч баруун халаасандаа хийж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх28-30),

- хохирогч С.Гончигсүрэнгийн “... 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Бэхбаяр гэдэг дүүгээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс мөнгө аваад ир гээд явуулсан. Бэхбаяр надаа “Тахилтын эцсийн АТМ-с 350.000 төгрөгийг авах гэсэн боловч АТМ нь удаан уншаад мөнгө нь гарч ирэхгүй болохоор картаа аваад ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаараа өөрийн 5166224970 гэсэн дансаа шалгатал  данснаас 350.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Хаан банкны 18001917 дугаар луу залгаж болсон явдлын талаар хэлэхэд тухайн банкны ажилтан АТМ-с таны дараа үйлчлүүлж байсан иргэн зарлага хийсэн. 350.000 төгрөгийг авсан тухай хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх13,69),

- гэрч Г.Бэхбаярын “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Гончигсүрэн ах намайг Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авахаар явуулсан. Би АТМ дээр очиж мөнгө авах гээд зааврын дагуу дарсан боловч 350.000 төгрөг гарч ирэхгүй байхаар нь АТМ дээр алдаа гарсан юм байх гэж бодоод картаа аваад яваад өгсөн. Эргэж очоод Гончигоо ахад болсон явдлын талаар хэлэхэд утсаа оролдоод миний данснаас 350.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэгээд банкны ажилтантай холбогдсон” гэсэн мэдүүлэг (хх-17),

            - Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 50/6982 дугаартай албан бичиг /хх-23,24/

            - Хаан банкны 5166224970 дугаартай дансны хуулга /хх-4/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Бусдын санамсар, болгоомжгүй байдлын улмаас “хаяж, гээсэн эд зүйл”-ийг олж авсан этгээд тухайн гээгдэл эд зүйлийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж эхэлснээр төгсдөг. 

Тухайн хэргийн хувьд Ж.Даваахүү нь “ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгансайхан үйлчилгээний төвд байршуулсан Хаан банкны 1290 дугаартай АТМ-ээр урд нь үйлчлүүлсэн Г.Бэхбаярын бэлэн мөнгөө авалгүй гарч явсны дараа түүний ашигласан данснаас бэлнээр гарч ирсэн гээгдэл эд хөрөнгө болох бэлэн мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогч С.Гончигсүрэнд хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Даваахүүд холбогдуулан Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Даваахүү нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй...ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” заасны дагуу Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан болохыг тус тус тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Гончигсүрэнд “350.000 төгрөг”-ийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирол барагдуулж авсан, гомдолгүй” гэсэн хүсэлт /хх-70/-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Даваахүүг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.Даваахүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ж.Даваахүү нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-67/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Даваахүү нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-80) гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаартай тогтоол (хх81-82)-оор хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Даваахүүг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар бусдын гээгдэл эд зүйлийг завших сэдэл төрж, захиран зарцуулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /учруулсан хохирлыг бүрэн төлсөн, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваахүүд 600 нэгж[1]тэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108016020926 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээх, Ж.Даваахүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Тайжууд овогт Жамбалдоржийн Даваахүүг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваахүүд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Даваахүүд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 2108016020926 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Даваахүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтууд шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Даваахүүд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР

 

[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”