Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/930

 

 

 

 

 

      2021          09           09                                         2021/ШЦТ/930

 

 

-                           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, 

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.Мөнгөншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2108000001302 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18-30 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цогтсүмбэр овогт Баасансүрэнгийн Мөнгөншагай /РД:АП96050617/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Мөнгөншагай нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр байрны ард талд байрлах “Ялалт” зочид буудалд хохирогч Б.Ням-Эрдэнэтэй “өрөөнөөс хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний ухархайн дотор ханын хугарал, духанд цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, доод уруул, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, дээд уруул, хүзүү, баруун тохой, баруун сарвуу, баруун гарын дунд хуруу, зүүн шуунд зулгаралт, зүүн хөлийн тавхайд зулгаралт, өсгийнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөншагай нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            - 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 2 дугаар хуудас/,

- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Ням-Эрдэнийн мэдүүлэг /хавтас хэргийн 4-7 дугаар хуудас/, гэрч А.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч П.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, Б.Мөнгөншагайн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7706 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг шүүгдэгчээс “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт” зочид буудалд хохирогч Б.Ням-Эрдэнэтэй “өрөөнөөс хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - Хохирогч Б.Ням-Эрдэнийн “...би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр байрны ард талын дэн буудалд 11 цагийн үед өрөө түрээсэлж орсон. 12 цагийн үед Мөнгөншагай болон түүний найзууд хажуу өрөөнд байсан. Би тэдний өрөө рүү орж тамхи асуусан. Тэгээд тэр хэд ярилцаж байгаад манай өрөө рүү орохоор болсон. Манай өрөөнд ороод Мөнгөншагай, Эрхэмбаяр, Бямбасүрэн бид хэд виски уусан. Тэгтэл намайг өрөөнөөс зайл, одоо болсон гээд миний хөлсөө төлж орсон өрөөнөөс хөөгөөд байсан. Тухайн үед би энэ өрөөг түрээсэлсэн та хэд харин зайл гээд муудалцаж эхэлсэн. Тэгснээ Бямбасүрэн гэх эмэгтэйн эд зүйлийг надаас нэхээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгтэл миний нүүр рүү цохиход ор луу унасан. Миний дээр гараад намайг зодсон...ямар нэгэн хүн оролцоогүй, буудлын эгч л боль салаач ээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-7/,

            - Гэрч А.Бямбасүрэнгийн “...Тухайн өдрийн 11 цагийн үед Ням-Эрдэнэ байсан гэх өрөө рүү Мөнгөншагай, Эрхэмбаяр нарын хамтаар орсон. Ням-Эрдэнэ нь өрөөндөө ганцаараа виски ууж байсан. Тэгээд уг вискинээс бид дөрөв ууж байгаад би тоглоод Ням-Эрдэнээс “өөрийн дотоожоо” асуутал “байхгүй” гээд байсан. Мөнгөншагай нь ойлгоогүй Ням-Эрдэнээс “хүний юм өгөөч” гээд муудалцаж эхэлсэн. Мөнгөншагай нь Ням-Эрдэнийг “өрөөнөөс зайл банди минь” гэхэд Ням-Эрдэнэ “энэ миний өрөө та хэд зайл” гээд ууж байсан ундаагаа Мөнгөншагай руу цацсан. Мөнгөншагай босоод иртэл Ням-Эрдэнэ нь хоолойг нь боогоод уг зодоон эхэлсэн...Мөнгөншагай нь Ням-Эрдэнийг цохиод ор луу унасан. Тэгээд дээр нь гарч байгаад нэлээн хэд удаа цохисон. Мөнгөншагай нь толгойн хэсэг болон нүүр рүү л цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-11/,

            - Гэрч П.Эрдэнэчимэгийн “...манай буудлын 2 давхрын 3 номерын өрөөнд уг залуучууд хоорондоо маргалдаад шуугилдаад байхаар нь өрөө рүү ортол зодолдож байсан...Тухайн өрөөнд өндөр шар залуу Мөнгөншагай нь намхан бор залуу Ням-Эрдэнийг орон дээр цохиж унагаагаад, зодолдсон. Ням-Эрдэнэ нь нүүрээ дараад үлдсэн...Мөнгөншагай нь илүү их зодож байгаа харагдсан. Би нөгөө эмэгтэйн хамтаар салгах гээд дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-15/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7706 дугаартай “...Б.Ням-Эрдэнийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний ухархайн дотор ханын хугарал, дуганд цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, доод уруул, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, дээд уруул, хүзүү, баруун тохой, баруун сарвуу, баруун гарын дунд хуруу, зүүн шуунд зулгаралт, зүүн хөлийн тавхайд зулгаралт, өсгийнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх17-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Мөнгөншагай нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Ням-Эрдэнийн биед халдан, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл Б.Мөнгөншагай нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7706/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул тул прокуророос түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч Б.Мөнгөншагай нь сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул түүний хүсэлтийг Шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ням-Эрдэнийн биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний ухархайн дотор ханын хугарал, дуганд цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, доод уруул, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, дээд уруул, хүзүү, баруун тохой, баруун сарвуу, баруун гарын дунд хуруу, зүүн шуунд зулгаралт, зүүн хөлийн тавхайд зулгаралт, өсгийнд цус хуралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвлийн хэт авиа оношилгоо, “Лазер мэд” эмнэлэгт компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн талаарх баримт/хх32-36/-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгсөн байна.

Уг баримтаар нийт 100.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан /3.500.000 төгрөг/ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогчоос “миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-62/-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Мөнгөншагайг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Б.Мөнгөншагайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Мөнгөншагай нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-61) гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 224 дугаартай тогтоол (хх63-64) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогчийн эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид олон тооны гэмтэл учруулж, хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд 600 нэгж[1]тэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ. 

Прокуророос ял, албадлагын арга хэмжээг тохиролцохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэн эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир гэмт этгээдийн хүсэл зоригт нийцсэн байх, амьдралын нөхцөл, боломжид таарсан байх албагүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ/дээр дурдсан/, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт нь тохирч байж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхэд чиглэсэн байж, энэхүү зорилго хангагдах учиртай.

Цаашид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон /ялын бодлогод нийцүүлэн/ эрүүгийн хариуцлага оногдуулахаар тохиролцож байхыг анхаарвал зохино. 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000001302 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Цогтсүмбэр овогт Баасансүрэнгийн Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.  

 

 4. Эрүүгийн 2108000001302 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтууд шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнгөншагайд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЯМБААБААТАР

 

[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”