Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 304

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 07-р сарын 27-ны өдрөөс 1989 оны 04-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд ерөнхий агрономчоор ажиллаж байгаад аймгийн АДХГЗ-ын 1989 оны 03-р сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар тус хоршоолол татан буугдаж Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд шилжүүлсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн боловч тус байгууллагын тэмдгийг Татварын хэлтэс хураасан тул хөдөлмөрийн дэвтэр дээр тэмдэг дарж баталгаажуулаагүй болно. Иймээс Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэр гаргуулж баталагаажуулахыг шаардсан юм.

Иймд Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоолол татан буугдаж Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд шилжүүлсэн болох, мөн намайг Шар тал хоршоололд 1987 оны 07-р сарын 25-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.******* 1987 оны 07-р сарын 25-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд ерөнхий агрономчоор ажиллаж байсан болох нь Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршооллын даргын тодорхойлолт, 1978 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

БНМАУ-ын Завхан аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ******* дугаартай захирамжаар ...Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршооллыг 1989 оны 04-р сарын 01-ний өдөр татан буулгаж, үнээний ферм, газар тариалангийн Шар тал болон төвийн тасгийг ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд, Хүрэн тал тасгийг Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл болон хоршоон нэгдлүүдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх аймгийн комиссыг бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллахыг даалгасан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Б.*******... гэсэн баримтаар нотлогджээ.

Мөн хүсэлт гаргагч Б.*******ыг дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх гэрч Н.*******, Т.*******, Л.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 1987 оны 07 дугаар сарын 25-наас 1989 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд ерөнхий агрономчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ыулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ