Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/929

 

 

   2021          09           09                                            2021/ШЦТ/929

 

-                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000001299 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1-31 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тугчин овогт Эрдэнээгийн Мөнхбаатар /РД:ДБ86072915/.

 

/Холбогдсон хэргийн талаар: яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Мөнхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хайрхан 1 дүгээр гудамжны 31 тоот нийтийн байрны 11 тоот өрөөнд “хаалга эвдэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар С.Аманболыг хутгалахаар дайрч зүүн гарын бугалга, баруун гарын алгыг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхбаатар “мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

- Цагдаагийн байгууллагад “гэмт хэргийн шинжтэй мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цаг 50 минутад хүлээн авсан лавлагаа /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, дуудлагыг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч С.Аманболын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8,10 дугаар хуудас/, гэрч Ч.Гулжазирагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, шинжээч  эмч Т.Сэлэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7417 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, түүний Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 47-56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Мөнхбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг шүүгдэгчээс “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч Э.Мөнхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хайрхан 1 дүгээр гудамжны 31 тоот нийтийн байрны 11 тоот өрөөнд “хаалга эвдэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар иргэн С.Аманболыг хутгалахаар дайрч зүүн гарын бугалга, баруун гарын алгыг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - хохирогч С.Аманболын “...би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Мөнхбаатар ахын гэрт очиж хаалгыг нь хамтдаа янзлаад нэг шил архи хувааж уусан. Орой 21 цагийн үед Тулга гаднаас орж ирж, дахиад нэг шил архи бид гурав хувааж уусан.  Мөнхбаатар ах уурлаад цамцаа тайлаад босож ирээд архитай аягаа над руу шидэхэд намайг оноогүй хана онож газарт унаж хагарсан. Тэгээд Мөнхбаатар ах хутга бариад босоод ирэхээр нь би хутгыг нь салгах гээд хоёр гараас нь барьж аваад булаацалдаж байхдаа Мөнхбаатар ах хутга салгаж авах гээд татах үедээ миний зүүн мөрийг зүссэн.Тэгээд Мөнхбаатар ах хутгаараа далайлгах үед нь би айгаад гараараа нүүрээ хаасан байхад миний баруун гарын алгыг зүсчихсэн тэгээд арагшаа ухарч байгаад хагарсан байсан аяган дээр гишгээд улаа зүсчихсэн. Тэгээд муудалцахгүй салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-7-8,10/,

            - гэрч Ч.Гулжазирагийн “...Аманбол, Мөнхбаатар ах нарын хамт гэрт нь архи ууж байхад Тулга гаднаас орж ирэхэд Мөнхбаатар ах Тулгыг хаагуур яваад байгаа юм гэж хэлээд нүүрийг нь мангасдсан. Тэгээд би гарч, ороод явж байгаад нэг орж ирэхэд Мөнхбаатар ах гартаа хутга барьчихсан Аманболтой маргалдаад байсан. Аманболын гар, хөлөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7417 дугаартай “С.Аманболын биед зүүн гарын бугалга, баруун гарын алга, баруун хөлийн уланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх23-24/,

            - Шинжээч Т.Сэлэнгийн “...7417 дугаартай дүгнэлтэд зүүн гарын бугалга, баруун гарын алга, баруун хөлийн уланд шарх гэмтлүүд нь тус, тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нийлээд ч хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хх-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.Мөнхбаатар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Аманболын биед халдан, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл Э.Мөнхбаатар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7417/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул прокуророос түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч Э.Мөнхбаатар нь сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул түүний хүсэлтийг Шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.Аманбол нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч тэрээр “300.000 төгрөгийг хохиролд авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-60/-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Э.Мөнхбаатар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-35/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мөнхбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-61) гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 225 дугаартай тогтоол (хх-62) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шалтгаангүйгээр бусдын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ болон болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт 500 нэгж[1]тэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

            Шүүгдэгч Э.Мөнхбаатарын хувьд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхэд чиглэсэн байж, энэхүү зорилго хангагдах учиртай.

Прокуророос ял, албадлагын арга хэмжээг тохиролцохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэн эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир гэмт этгээдийн хүсэл зоригт нийцсэн байх, амьдралын нөхцөл, боломжид таарсан байх албагүйгээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлж, шударга ёсны зарчимд тулгуурлаж байхыг  анхаарвал зохино.  

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000001299 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Тугчин овогт Эрдэнээгийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.  

 

4. Эрүүгийн 2108000001299 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхбаатарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БЯМБААБААТАР

 

[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”