Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1034

 

 

 

      2021          10           14                                        2021/ШЦТ/1034

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч А.Дамдиндорж нарыг оролцуулан “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000000706 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Булгансайхан овогт Аюушийн Дамдиндорж (РД:АЮ79112311), Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 15 дугаар гудамж 72 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 757 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг бүрэн биелүүлсэн /хх-68/.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлсэн.

           

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч А.Дамдиндорж нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20-21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд Зүүнбаян уулын 15 дугаар гудамж 72 тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ганбаатарын нүүр орчимд гараараа цохиж биед зүүн дээд 3 дугаар шүдэнд ганхал, завжинд няцарсан шарх гэмтэл үүсгэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дамдиндорж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан, өршөөлийн хуульд хамааруулж өгнө үү гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11 дүгээр хуудас), гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), гэрч Д.Чинзоригийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), А.Дамдиндоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3689 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 34, 65-72) зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Дамдиндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Дамдиндорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20-21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 15 дугаар гудамж 72 тоот гэртээ Д.Ганбаатарын нүүр орчимд гараараа цохиж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Д.Ганбаатарын “...2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20-21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байдаг Дамдиндоржийн гэрт Дамдиндорж, Нараа, Цэцэгээ, Чинзориг нарын хамтаар пиво уусан. Дамдиндоржид “та архи уухаараа надад томроод дайраад байдаг юм” гээд бид хоёр маргалдсан...Цэцэгээ, Нараа хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй би тэр хоёрыг салгах гэтэл Дамдиндорж намайг шанаадаад газар унагаагаад дээр гараад миний нүүр лүү гараараа цохисон. А.Дамдиндорж 90.000 төгрөгийг толгой бариул гэж өгч миний хохирлыг барагдуулсан. Надад А.Дамдиндоржоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8,11/,

- гэрч Б.Наранчимэгийн ”...Ганбаагийн гэрээс гараад алхаж явтал Цэцэгтэй би маргалдсан. Цэцэгээ намайг өшиглөхөөр нь би хэрүүл хийгээд зогсож байсан чинь Ганбаатар ах бид хоёрыг салгах гэхэд хажуугаас Дамдиндорж нь Ганбаатар ахын нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь манай нөхөр Чинзориг, Ганбаатар бид хоёрыг салгаад дээшээ гэр лүүгээ алхаж явсан. Ганбаатар ах шүд эвгүй болоод байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

- гэрч Д.Чинзоригийн “...Дамдиндорж нь Ганбаатар ахын нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь эхнэр болон Ганбаатар хоёрыг салгаж аваад гэр лүүгээ алхаж явахад Ганбаатар ах шүд жаахан эвгүй болсон байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-20/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3689 тоот  “Д.Ганбаатарын биед зүүн дээд 3 дугаар шүдэнд ганхал, завжинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт (хх-23) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Дамдиндорж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шалтаагүйгээр хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд халдаж (цохих), гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл А.Дамдиндорж нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Дамдиндорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлснийг Шүүх хүлээн авч хангасан, тэрээр гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд “хиймэл шүд хийлгэ гэж 90.000 төгрөг өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгчээ.

            Иймд шүүгдэгч А.Дамдиндоржийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас ”А.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 14 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн 1 жил 9 сар 24 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн,

шүүгдэгчийн зүгээс “...эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй маргахгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар А.Дамдиндорж нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн (хх-31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд (хх34,65-72) зэрэг хэрэгт авагджээ.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоол/хх69-72/-оор ялтан А.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 415 дугаар нээлттэй, хаалттай ангид ял эдэлж байгаад прокурорын зөвшөөрөл, шүүгчийн захирамжийн дагуу ялтан шилжүүлж, цагдан хорьсон байх бөгөөд тус ангийн ялын тооцооны тодорхойлолт (хх-80)-оор ялтан А.Дамдиндорж нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 01 жил 08 сар 14 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна. 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж хуульчилжээ.

Ялтны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан, тэрээр гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.  

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн...7.2,-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлагын хангасан байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаар ялтан А.Дамдиндорж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 15 дугаар гудамж 72 тоотод оршин суудаг талаарх тус хорооны тодорхойлолт (хх-26), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-39)-гаар нотлогдож байх тул дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан А.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 14 хоногийн хорих ялыг “зорчих эрхийг хязгаарлах ял”-аар дүйцүүлэн сольж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох үүргийг мөн хугацаагаар хүлээлгэх “зорчих эрхийг хязгаарлах ял”-аар шийтгэж, өршөөлд хамруулж шийдвэрлэв.

Ялтан А.Дамдиндорж нь дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.

- Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд шүүгдэгч А.Дамдиндорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Дамдиндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаагүйгээр бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн хохирол учруулсан, тэрээр эмчилгээний зардалд 90.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дамдиндоржийг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар...тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу түүний энэ хэрэгт цагдан хоригдсон /2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл/ 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /240цаг/ эдлэх ялаас хасах /320-240=80цаг/ нь зүйтэй юм. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан,...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалт, шаардлагыг шүүгдэгчийн хувьд хангасан буюу өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, хуулийн үйлчлэлд хамаарсан, бусдад төлөх төлбөргүй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дамдиндоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000000706 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Дамдиндоржийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булгансайхан овогт Аюушийн Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дамдиндоржид 320 (гурван зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Дамдиндоржийн цагдан хоригдсон 30 (гуч) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 240 (хоёр зуун дөчин) цагийг эдлэх ялаас хасаж, тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан А.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 (нэг) жил 08 (найм) сар 14 (арван дөрөв) хоногийн хорих ялыг “зорчих эрхийг хязгаарлах ял”-аар дүйцүүлэн сольж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох үүргийг мөн хугацаагаар хүлээлгэх “зорчих эрхийг хязгаарлах ял”-аар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Дамдиндорж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

   7. Шүүгдэгч А.Дамдиндоржид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.  Эрүүгийн 2108000000706 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Дамдиндорж нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дамдиндоржид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЯМБААБААТАР