Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 12

 

В.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж

Шүүгдэгч В.Б

            Нарийн бичгийн дарга  А.Мягмардорж нарыг оролцуулан хийж          

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн иргэний нэхэмжлэгч А.Н,  өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын давж заалдах гомдлоор В.Бөд холбогдох эрүүгийн 1722001120009 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио холбооны техникч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо, Жаргалантын 8 дугаар гудамжны 193 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх Д овогт В.Б /регистрийн дугаар ФБ84031210/

Шүүгдэгч В.Б  2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 20 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт  хатуу хучилттай асфальтан зам дээр 2999 УНУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож машин дотор явсан иргэн Д.Дэвшихжаргал, А.Н, П.Болдбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн, Э.Д, Б.Эрхэмбаяр нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн бусдад нийт 38.808.363 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 

 

Шүүгдэгч Д овгийн В.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Б-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлаж,

         Шүүгдэгч В.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүйг тус тус дурдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч В.Б-ийн “BCE” ангиллын 367287 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шүүгдэгч В.Б-т эргүүлэн олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжилсэн 35.470.000 төгрөг, мөн хохирогч Э.Д-гийн сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хохирогч Д.Дэвшихжаргал, А.Н нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 6.463.000 төгрөгтэй холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1.200.000 төгрөг, хохирогч Э.Д байрны түрээсийн төлбөртэй холбогдох хэсгээ нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

            Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч  А.Н болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нар  давж заалдах гомдолдоо: 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Володъя овогтой Баттөгсөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтанд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дүгээр зүйл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжилсэн 35.470.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Ялтан В.Б нь иргэний нэхэмжлэгч А.Н-ийн эзэмшлийн 29-99 УНУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, уг автомашиныг онхолдуулан эвдэж дахин сэргээх боломжгүй болгож түүний эд хөрөнгөд 35.470.000 төгрөгийн гэм хор учруулсан  юм.

А.Нийн гаргасан нэхэмжлэлийг шүүх  шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг удирдлага болгон шийдвэрлэх ёстой байтал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд заасныг  удирлага болгон хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдийн заалт нь гэм буруутай этгээд нь бусдын  эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан бол гэм хорыг нь тээврийн хэрэгслийн өмчлөгч  хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан  байгаа. 

Харин А.Н-ийн  нэхэмжилж байгаа 35.470.000 төгрөг бол бусдад учирсан хохирол биш автомашины өмчлөгч А.Н-ийн өөрийнх нь эд хөрөнгөд учирсан хохирол юм.

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг  хариуцан арилгана” гэж тодорхой зааж өгсөн билээ.

Ингэж иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн  байх тул Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтанд А.Н-ийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч А.Н болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, яллагдагчийг  шүүхэд шилжүүлэх, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

 

            В.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд 29-99 дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 –д заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлж явснаас замын хажуу руу онхолдож, зорчигч Д.Дэвшихжаргал, А.Н, П.Болдбаяр нарын биед хөнгөн, Э.Д, Б.Эрхэмбаяр нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан  бөгөөд  анхан шатны шүүхээс В.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцжээ.

 

          Иргэний нэхэмжлэгч А.Н, түүний өмгөөлөгч нар  нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ”... В.Б нь А.Нийн машиныг түүний зөвшөөрлийн дагуу  жолоодож яваад онхолдуулж, дахин сэргээх боломжгүй болгосон бөгөөд машины үнэ болох  35.470.000 төгрөгтэй холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд  гомдолтой”  гэв.

            Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь А.Н бөгөөд тээврийн хэрэгслээ В.Б-т бариулахаар өөрийн санаачлагаар шилжүүлсэн”  гэсэн үндэслэлээр  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг баримтлан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 35.470.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

           Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч А.Н нь өөрийн Ланд крузер 200 маркийн авто машинаа   В.Б-р бариулж явсан талаар А.Н, В.Б нар маргадаггүй бөгөөд В.Б нь  хохирогч Э.Дгийн эрүүл мэндийн хохиролд 1.135.000 төгрөг, Д.Эрхэмбаярт 150.000 төгрөг төлсөн талаар шүүх шийтгэх тогоолдоо дурдаж, В.Бөөс хохирогч Д.Дэвшихжаргал, А.Н нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 6.463.000 төгрөгтэй холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1.200.000 төгрөг, хохирогч Э.Д-д байрны түрээсийн төлбөртэй холбогдох хэсгээ нотлох баримт бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар В.Б-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

           А.Н нь тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн хувьд гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд бусдад учирсан эрүүл мэндийн хохиролд 1.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогджээ.

           Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн өмчлөгч, иргэний нэхэмжлэгч А.Н-ийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу машины эвдрэлд  35.470.000 төгрөгийг В.Б-өөс нэхэмжилсэн  нэхэмжлэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

А.Н нь В.Б-д тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ өөрийн санаачлагаар шилжүүлсэн боловч В.Б нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хурд хэтрүүлснээс тээврийн хэрэгслийг онхолдуулж, эвдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-108/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Н нь өөрт учирсан хохирлоо машиныг жолоодож явсан В.Б-с нэхэмжлэх эрхтэй болно.

            Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул   анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч А.Н-ийн машины хохиролд 35.470.000 төгрөг, хохиролд бусдад төлсөн гэх 1.200.000 төгрөгийг Б-с гаргуулах  тухай нэхэмжлэлийг хангаж, шийтгэх тогтоолын 6 болон 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

            Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  нарийвчилсан зохицуулалт буюу 36.2 дугаар зүйлийн 4 дэх заалтыг удирдлага болгох ёстой байтал  ерөнхий зохицуулалт болох 36.2-ыг удирдлага болгосон нь буруу болохыг цаашид анхаарах нь зүйтэй. 

     

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1.1 Шийтгэх тогтоолын 6 дугаар  заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Б-с  36 670 000 /гучин зургаан сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-т олгож, хохирогч Э.Д-гийн сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй.

1.2 Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтаас “ иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад төлсөн гэх 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг “ гэснийг хассугай.

1.3 Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл  гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                     Т.БЯМБАЖАВ

                                                 ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                          О.ОДНЯМАА