Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0499

 

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0499

Улаанбаатар хот

 

 

 

                            “Т*** х*** ф***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК,

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0495 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, Д.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Хэргийн индекс: 128/2022/0571/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0495 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-аас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй, шүүх өмнө нь гаргасан процессын алдаагаа залруулалгүй шүүх хуралдаанаа үргэлжлүүлж, шийдвэр гаргасан. Учир нь анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШТ2023/0059 дугаартай тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчийн "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай" тодруулсан шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсугай” гэжээ.

Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, 02/563 дугаартай албан бичиг нь ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил"-ын тендер шалгаруулалттай холбоотой албан бичиг огт биш, энэ тухай хавтаст хэрэгт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гомдол хянан шийдвэрлэсэн баримт дунд байхгүй, бид мэдэхгүй. Шүүхээс энэхүү бичгийн талаар ажиллагаа явуулаагүй.

Эрх бүхий албан тушаалтан нь илэрхий алдаагүй захиргааны акт гаргах ёстой, мөн шүүх хууль илт зөрчиж, илэрхий алдаатай тогтоол гаргах ёсгүй гэж үзэж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/252 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох" гэж шаардлагаа тодруулж гаргасныг аваагүй, хариуцагчид гардуулалгүй тайлбар авалгүй шийдвэр гаргасан.

Албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, мөн шийдвэрийн бичилт нь техникийн шинжтэй гэж дүгнэжээ. Энэ талаар шүүхийн зүгээс дүгнэлт гараагүй, гаргах боломжгүй. Учир нь түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрөөр хэлбэл шүүх процессын зөрчлөө зассаны дараа энэ асуудлын талаар мэтгэлцэх ёстой. Манай зүгээс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичигт техникийн шинжтэй бус, харин захиргааны акт нь илэрхий алдаатай түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцсэн үйлдэл, хууль зүйн боломж гэж үзсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ Захиргааны хууль зөрчсөн.

А. Шүүхэд хариуцагч тайлбарлахдаа ".. ".... Гомдол гаргагч этгээдийн бүх асуудлыг багцлаад шийдвэр гаргасан гэсэн...”. Хэрэв бүх асуудлыг хянасан юм бол манайтай холбоотой татвар, санхүүтэй холбоотой гаргасан гомдлыг хянаагүй юм бол, гомдол хянаж гаргасан шийдвэртээ гаргагч этгээдэд хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсгийг яагаад хэрэгжүүлээгүй талаар дурдаагүй.

Б. Захиргааны ерөнхий хуульд гомдлыг хянан шийдвэрлэхдээ "хувийн хэрэг байх бөгөөд тухайн хувийн хэрэгт гомдолтой холбоотой нотлох баримтыг хавсаргаж, архивлана” гэсэн зохицуулалттай. Бид хувийн хэрэг байх, байхгүйд маргаагүй, хувийн хэрэгт гомдлыг хянан шийдвэрлэхдээ “олсон, байсан, ашигласан нотлох баримт байхгүй байна, мөн хэргийн материалд энэ талаар байхгүй” гэж маргадаг. Сангийн яамны гомдлыг шийдвэрлэсэн хувийн хэрэг болон шүүхийн хавтаст хэрэгт манайхыг буруутгасан, түүнийг нотолсон баримт байхгүй.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр “чингэлэгтэй, хөргүүртэй" гээд биччихсэн, мэргэжлийн хяналтынхан тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгооны шинэ журам гарсан, тухайн журмаар “танайх анхны зориулалтаа өөрчлөөгүй бол шаардлагагүй” гэдэг, манай машинууд өмнөх тендерт санал болгосон, зориулалтын тээврийн хэрэгсэл. Гэтэл Сангийн яамныхан “... ийм байгууллагаас, хуулийн этгээдээс ингэж шалгахад, лавлагаа авахад ийм баримт олдлоо, үүнийгээ гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгт хавсаргасан, энэ байна” гээд харуулах 1 ширхэг цаас байхгүй. Манай гэрчилгээг огт шалгаагүй ба үүнийг цахимаар авах боломжгүй, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолтоор гаргадаг.

ТШЗ болон тусгай шалгуурт “цахимаар авна” гэсэн шаардлагатай. Архивын баримт шүүхэд бий, түүнд гомдол гаргагчаас гаргасан гомдол, хавсаргасан баримт л бий. Сангийн яамнаас ганцхан 03/2521 дугаартай албан бичиг бий. Мөн гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан нь захиргааны акт үйлдэхдээ “...Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгохгүй хамаагүй, харин Сангийн сайдын баталсан тушаалыг дагана” гэж тайлбарладаг. Ажиллагааны дараалал, хууль хэрэглээ нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Сангийн сайдын баталсан тушаалын хавсралт, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгоно. 

Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар “...агуулга ойлгомжтой тодорхой байна, утга, агуулгын илэрхий алдаагүй байна, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй" гэсэн шаардлагатай. Гэтэл цахимаар авах техникийн боломж байхгүй, түүнийг нотолсон эрх байгууллагын лавлагаа байсаар байхад хууль бусаар шаардсан, түүнийгээ Захиргааны актын үндэслэх хэсэгт оруулсан. Жишээ нь хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнөө цахим лавлагаагаар нотлоогүй гэдэг. Хуулийн этгээдийн цахим лавлагаа авахад ганцхан цонх бий, тэр хуулийн этгээдийн регистрийн дугаар оруулна, тэгэхэд цонхонд хуулийн этгээдийн сүүлд эзэмшиж буй нэр гарч ирдэг. Иймд бусад мэдээллийг цаасан лавлагаа авч, тендерийн материалд хавсаргасан. Энэ нь бодит нөхцөлд биелэх боломжгүй ба техникийн боломжгүй зүйлүүд шаардсан гэсэн үг. Харин үүнийг Захиалагч мэддэг учраас биднээс хууль бус зүйл шаардаагүй.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий актын 5-р хэсгийн эхний догол хэсэгт ижил төстэй туршлагуудыг дурдсан. Дунд догол хэсэгт шүүхээс хүчингүй болсон гэрээний талаар дурдсан. Сүүлийн догол хэсэгт “... 2018, 2019, 2020, 2021 онуудад ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх ба энэхүү туршлагад тооцуулах гэрээний үнийн нийлбэр нь захиалагчийн батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна, нотлох гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ гэсэн шаардлагад нийцэхгүй” гэж дурдсан. Маргаан бүхий актын сүүлээсээ 2 дах догол буюу худал мэдээлэл бүхий тендер бэлтгэн тендерт оролцсон тул хуулийн 14 дүгэр зүйлийн 14.1.6 дах хэсэгт зааснаар "тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг ирүүлнэ үү" гэж дурддаг. Энэхүү актыг үйлдүүлэхийг хүссэн этгээдийн зорилго нь "эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт буюу хар жагсаалтад" тендерт шалгарсан, тэнцсэн манайхыг хар жагсаалтад оруулах. Энэ хэсэгт маргаан бүхий захиргааны актын хууль ёсны байх, нотлох баримттай байх, үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлага, шинжийн аль ч байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн "... агуулга ойлгомжтой тодорхой байна, утга, агуулгын илэрхий алдаагүй байна ..." гэсэн шаардлага алдагдаж байна. Шүүхийн шийдвэрийн 14-т “... тодруулбал, нэхэмжлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр санал болгосон автомашинууд нь хүнсний түүхий эд, бараа, материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх гэсэн шаардлагыг хэрхэн хангаж байгаа нь тодорхойгүй, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой баримтыг бүрэн гаргаж ирүүлээгүй, ижил төстэй гэрээний туршлагад шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэрээний туршлагыг санал болгосон, эмчилгээний хоолны цэс-д өөр хуулийн этгээдийн хоолны цэсийг санал болгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдож байх тул маргаан бүхий яамны албан бичиг үндэслэлтэй байна ..." гэж дүгнэжээ. "... бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр санал болгосон автомашинууд нь хүнсний түүхий эд, бараа, материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх гэсэн шаардлагыг хэрхэн хангаж байгаа нь тодорхойгүй ... ." гэсэн талаар... тендерийн материал болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтад бүх зүйл тодорхой бий. Нэгэнт тээврийн хэрэгслийн гэрчилгээдээ “хөргүүртэй тээврийн хэрэгсэл” гээд биччихсэн бол өөр юуг нэмж шаардах юм бол? Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын А/199 дугаартай, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо хийх журамд манайх хамаарах бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргах ёстой. Гэтэл дүгнэлт гаргах тээврийн хэрэгсэлд манайх хамаарахгүй. Стандарт хэмжил зүйн байгууллага стандарт гаргадаг, түүнийг мэргэжлийн хяналтын байгууллага, Автотээврийн үндэсний төв хангуулдаг, хянадаг. Сангийн яамны нөхдийнхөөр бол гэрчилгээ дээрээ чингэлэг бүхий хөргүүртэй байх, стандартын шаардлага хангасан гэж бичүүлэх ёстой байсан юм уу? Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ журмаар наадах чинь шаардлагагүй болсон гээд байдаг. "... Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой баримтыг бүрэн гаргаж ирүүлээгүй гэсэн талаар... техникийн боломжгүй зүйлийг бид яаж хийх ёстой вэ? Техникийн боломжтойг цахимаар, боломжгүй цаасаар гаргасан үүнээс өөр биднээс юу хүсээд байна.

".... Ижил төстэй гэрээний туршлагад шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэрээний туршлагыг санал болгосон ..." гэсэн тухайд манайх туршлагаа хууль болон тендерийн баримт бичигт зааснаар санал болгосон. Тендерийн баримт бичиг, хууль, Үнэлгээний хорооны дүгнэлт нэг талын, нэгдсэн ойлголттой байхад Сангийн яам өөрөөр тайлбарлаад манайхыг буруутгаад байдаг. Энэ хэсэгт маргаан бүхий захиргааны акт нь “... агуулга ойлгомжтой, тодорхой байна ..." гэсэн шаардлага хангаагүй нь шүүхийн шийдвэрт тодорхой харагдаж байна.

Шүүх бүрэлдэхүүн хүртэл утга, агуулгыг ойлгоход бэрх бичигдсэн акт байна. Хариуцагч актаа тайлбарлахдаа “танайх манай актыг буруу ойлгоод байна, танайхыг нотариатаар гэрчлүүлээгүй гэснийг буруу ойлгоод байна” гэдэг. Гэтэл шүүх болон манайх өөр ойлголттой байна.

“Эмчилгээний хоолны цэс”-д өөр хуулийн этгээдийн хоолны цэсийг санал болгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдож байх тул маргаан бүхий яамны албан бичиг үндэслэлтэй байна ..." гэж дүгнэсэн тухайд бид өөр хуулийн этгээдийн гаргасан хоолны цэс санал болгоогүй, бид захиалагчид өмнө нь одоо ч үзүүлдэг үйлчилгээгээ санал болгодог ба бэлэн цэсээ санал болгосон нь хуульд зааснаар "жижиг зөрүү", цаашилбал жинхэнэ техникийн алдаа болно. Энэ хэсгийг дүгнэхэд манайхыг буруутгасан нотлох баримт хавтаст хэрэгт, Сангийн яамны гомдлыг хянан шийдвэрлэсэн баримт, архивд байхгүй байхад шүүх байгаа мэтээр дүгнэсэн.

Мөн шийдвэрийн 15, 16, 17, 18, 19 дэх хэсэгт шүүх хэргийг буруу хянан шийдвэрлэсэн, ялангуяа 19 дэх хэсэг “тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр /1.7/, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрүүд нь нэхэмжлэлийн шаардлага өөр өөр байхад маргаан бүхий захиргааны актын дараа хийгдсэн ажиллагаануудыг үргэлжилсэн шинжтэй /шаталсан/ захиргааны акт гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэжээ. Манайх үргэлжилсэн шинжтэй захиргааны акт гэж маргаагүй, бие даасан захиргааны акт гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн гэрээ байгуулах эрх сэргэнэ, харьяа шүүхэд хэргээ хянан шийдвэрлүүлэх гэх мэт эрх сэргэнэ. Үүнийгээ ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдаануудад илэрхийлсэн ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүхийн шийдвэрийн 19 болон 21-р хэсэгт хоорондоо зөрчилтэй агуулгатай.

Шүүхээс “эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад оруулах санал”-ыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй. Дээрхээс дүгнэн үзвэл энэхүү шийдвэр нь процессын зөрчилтэй, нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Мөн гомдол гаргах хугацаа дуусах өдөр хүртэл "шүүх хуралдааны тэмдэглэл”-тэй танилцаагүй байна. Гомдлоо шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бичив” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                          

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1 “Э*** ү***” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2021081000 дугаар нээлттэй тендерийг зарласан. Нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК тус тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарч  “Э*** ү***” ТӨҮГ-аас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

3.2. Тендерт оролцсон “Д***” ХХК-ийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянаад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2521 дугаартай албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг хүчингүй болгож, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу хуульд нийцүүлэн үнэлгээг дахин хийх”-ийг захиалагчид мэдэгдсэн.

3.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-иас шүүхэд хандан “...санал болгосон тээврийн хэрэгслүүдийг тендерийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй”, “... хуулийн этгээдийн нэрээ “Т*** х*** ф***” ХХК гэж өөрчилсөн болохоос регистрийн дугаар өөрчлөгдөөгүй, үйл ажиллагаа хэвээрээ байгаа”, “2018, 2019 онд холбогдох ижил, төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага байхгүй нь тендерийн шаардлагад нийцэхгүй” гэсэн нь үндэслэлгүй, тендерийн шаардлагад ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх гэж заагаагүй”, “манай компани 2019 онд “Э*** ү***” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгээд явж байсан тул тухайн онд ажил гүйцэтгээгүй гэж үзэхгүй”, “эмчилгээний хоолны цэсийг “Т*** ф***” ХХК-ийн нэрээр ирүүлснийг жижиг хэмжээний зөрчил гэж үзэх боломжтой байсан” зэрэг үндэслэлээр “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун үйлчилгээ үзүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч,  “Гэрээ байгуулах эрх” олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож, “Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчилсөн.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д "Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ", 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-т “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж тус тус заасан.

5. Анхан шатны шүүх Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, “Э*** ү***” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2021081000 дугаар тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.6.3-т “Тендерт оролцогч нь гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай (Хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл байх) машин механизмуудыг дээрх хүснэгтийн дагуу санал болгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-иас санал болгосон 9242 УБИ, 4108 УНУ дугаартай тээврийн хэрэгсэл нь хүнсний түүхий эд, бараа материалыг (-3С)-(-18С) хэмийн горимд зөөвөрлөх хөргүүртэй автомашин гэж, 2795 УАО, 8672 УБИ дугаартай тээврийн хэрэгсэл нь савласан, хайрцагласан бараа бүтээгдэхүүн, хүргэлтийн хоолыг тээвэрлэх, зөөвөрлөхөөр тоноглогдсон, туулах чадвар сайн автомашин гэж тэмдэглэн зургийг ирүүлсэн ч тухайн автомашинуудын эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаар мэдээллийг ирүүлэх шаардлагыг хангаагүй.

ТШЗ 16.2.1-т “Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна” гэж заасан байхад “Т*** х*** ф***” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 003496680 дугаартай албан бичгийг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн.

ТШЗ 17.6-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: “2018, 2019, 2020, 2021 онуудад ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх ба энэхүү туршлагад тооцуулах гэрээний үнийн нийлбэр нь захиалагчийн батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна. Нотлох гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж заасан байхад нэхэмжлэгчээс 2019 оны “Э*** ү***” ТӨҮГ-ын ЗМЗ буюу тендерийн 2 багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” 5/130-19 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн актыг, 2020 оны “Катеринг үйлчилгээ үзүүлэх гэрээ”, гэрээ дүгнэсэн акт, 2021 оны “Кемп катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн” буюу тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй.

Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан “... “Э*** ү***” ТӨҮГ-ын “Т*** ф***” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж...” шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч “Т*** х*** ф***” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичигт “ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага”-д тооцуулахаар тухайн хүчингүй болсон 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаар гэрээг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул энэ үндэслэлээр захиалагчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

6. Түүнчлэн төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой тухайн харилцаанд захиалагч нь өөрийн хэрэгцээг өөрөө  тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулах бүрэн эрхтэй бөгөөд шүүхээс захиалагчийн энэхүү бүрэн эрхэд хөндлөнгөөс халдах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бодит нөхцөлд биелэх боломжгүй ба техникийн боломжгүй зүйлүүд шаардсан” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                         Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА