Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0298/З |
Дугаар | 387 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 387
“Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК-ийн захирал Б.Нацагдорж, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранцэцэг, Ш.Нямдулам, Э.Оюунтунгалаг, гуравдагч этгээд “Хараацайн жигүүр” ХХК-ийн захирал Б.Одонбаяр, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0527 дугаар магадлалтай, “Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрээр Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дайчинсүх” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Зам, тээврийн Сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 дүгээр албан бичгийн “Дайчинсүх” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0527 дугаар магадлалаар Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Дайчин сүх” ХХК-ийн гаргасан “Зам тээврийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/1689 дүгээр албан бичгийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК болон түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ” гэж заасныг Авто тээврийн үндэсний төв, Аймгийн Тээвэр авто замын газар, “Дайчин сүх” ХХК гэсэн 3 тал оролцсон “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ”-г 2014.05.28-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад осол гарсны улмаас түр хугацаагаар манай зүйл ажиллагааг огсоосон боловч дахин сэргээсэн байдаг. Үүний дагуу тээврийн үйл ажиллагаагаа явуулахаар Сүхбаатар аймагт очиход аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “тухайн ослын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр гартал тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхийг хориглож байна” гэсэн чиг үүрэг өгч, үүнийг үндэслэн бид үйл ажиллагаа явуулаагүй юм. Тус ослыг шийдвэрлэсэн анхан шатны эрүүгийн шүүх хуралдаан 2015.01.12-ны өдөр болж, тус хэрэг жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан нь тогтоогдсон тул манай компани тээврийн үйл ажиллагаагаа үргэлжүүлэх явуулах хүсэлтийг 2015.01.29-нд гаргасан. Дээрх ослын асуудлыг эрх бүхий этгээдээс шийдвэрлэсээр байхад Зам тээврийн Сайд Ажлын хэсэг байгуулсан ба энэ ажлын хэсгийн дүгнэлт гартал дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон юм. Эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч өөрсдөө явж чадаагүй мэтээр” буруу дүгнэсэн. Маргаан бүхий 01/1689 дүгээр албан бичиг Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн гарчээ. Уг дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал нь баримтаар нотлогдоогүй. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “ашиглалт гэж техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг ойлгоно” гэжээ. Энэхүү заалтын дагуу “Дайчин сүх” ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахдаа даатгалын гэрээ, түлш бензин, шатах тослох материал хангах гэрээ, тээврийн хэрэгсэлд үзүүлэх техникийн түргэн тусламжийн гэрээ, сэлбэг болон бусад материалаар хангах гэрээ, тогтоогдсон чиглэлийн дундын цэг, хоол, дулаан байраар хангах гэрээ гэх мэт шаардлагатай бүхий л зүйлийг хийж өгсөн. Манай компани 2002-2006 онд үйлдвэрлэсэн 8 тээврийн хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулдаг, энэ нь холбогдох стандартад нийцсэн болно. Гэрээг цуцлах үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт өөрөө үндэслэлгүй, хуурамч аман дүгнэлтэнд үндэслэн гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тэгэхээр энэ хууль бус, үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн гарсан уг албан бичиг өөрөө хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүх Автотээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, Автотээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр Засгийн газрын эрх хэмжээг тодорхойлсноос бус Яамны бүрэн эрхийг зохицуулаагүй байхад давж заалдах шатны шүүх тухайн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Дайчинсүх” ХХК-тай байгуулсан “Хот хооронд зорчигч тээвэрлэх гэрээ”-ний хугацаа дуусаагүй, цуцлагдаагүй байхад тус компанид мэдэгдэлгүйгээр захиргааны акт гаргаснаар нэхэмжлэгчийн гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээвэрлэлт явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 зааснаар 2015.04.24-ний өдрийн 01/1689 дүгээр захиргааны акт хууль бус болох нь нотлогддог төдийгүй хариуцагч тус захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн. Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлахыг хориглосон” байдаг. Гэтэл манай компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцлаагүй байхад Сайдын албан бичгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, өөр хуулийн этгээдүүдэд хуваарийг өгсөн нь хууль бус байхад давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.
Авто тээврийн газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тушаалаар “Дайчин сүх” ХХК-д хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, улмаар 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ”-г тус бүр 3 жилийн хугацаатай байгуулсны дагуу нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот - Сүхбаатар аймаг хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байжээ.
Гэтэл Зам, тээврийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай" 01/1689 дүгээр албан бичгээр “Дайчин сүх” ХХК-ийн хариуцаж байсан Улаанбаатар хот-Сүхбаатар аймаг хооронд зорчигч тээвэрлэх цагийн давтамжийг 50:50 хувиар “Хараацайн жигүүр” ХХК, “Дарьганга өртөө” хоршоонд 3 сарын хугацаатай олгох чиглэлийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн байх бөгөөд үүнийг “Дайчин сүх” ХХК-иас илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Зам, тээврийн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тушаалаар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зохицуулалт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, тээвэрчдийн хоорондын асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, Ажлын хэсгийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд “...“Дайчин сүх” ХХК-ийг Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг хангаж ажиллаагүй” гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтийг үндэслэн Зам, тээврийн Сайд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай" 01/1689 дүгээр албан бичгээр “Дайчин сүх” ХХК-ийн хариуцаж байсан зорчигч тээвэрлэх чиглэл, цагийн давтамжийг “Хараацайн жигүүр” ХХК, “Дарьганга өртөө” хоршоонд олгохыг үүрэг болгосон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь, Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлд авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон ба мөн хуулийн 6.1.10-т зааснаар ...нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрх олгогджээ.
Харин Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хуулиар олгогдсон зарим чиг үүргээ Авто тээврийн үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд энэ нь түүнийг нийтийн тээвэр, автотээврийн хэрэгсэлд хяналтын хийх ажлыг зохион байгуулах, түүнд хяналт тавих эрх, үүргээс бүрэн чөлөөлөгдсөн гэж үзэхгүй юм.
Нөгөөтэйгүүр, “Дайчин сүх” ХХК-ийн СҮА-0522 улсын дугаартай том оврын автобус 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зам тээврийн осол гаргаж, хүний амь нас эрсдэсэн шалтгааныг тодруулах хүртэл тус компанийн зорчигч тээврийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг Автотээврийн үндэсний төвийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/795 дугаар албан бичгээр хүргүүлсэн тул нэхэмжлэгч энэ хугацаанд зорчигч тээврийн үйл ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Харин тус компаниас удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн үйл ажиллагааг түр сэргээсэн боловч “Дайчин сүх” ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай" 01/1689 дүгээр албан бичгээр “Хараацайн жигүүр” ХХК, “Дарьганга өртөө” хоршоонд Улаанбаатар хот–Сүхбаатар аймаг чиглэлийг 50:50 хувиар олгох үед нэхэмжлэгч тус чиглэлд үйл ажиллагаа явуулаагүй байсан атлаа “хот хоорондын зорчигч тээвэрлэх гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг дүгнээгүй байхад манай хариуцсан чиглэлийг өөр этгээдэд өгсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй дүгнэж чадаагүй, Авто тээврийн тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцжээ.
Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0527 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН