Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0226

 

Ц.Доржийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ц.Дорж нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Доржийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 657-р тушаалаар цэргийн тэтгэвэрт гарсан. Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 207-р тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрээр 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргасан үндсэн цалинг индексжүүлсэн 5 жилийн дүнгийн 2006 оны 08 сараас 27320 төгрөг дутуу тэтгэвэр бодох дундаж цалинг гаргасан.

Илүү ажилласан 2.6 жилээс 6 сарыг орхигдуулсан. Тогтоосон тэтгэвэр тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор баталсан тэтгэвэрийн доод хэмжээ 108000 төгрөгт хүрэхгүй байхад тэтгэвэр тогтоолгогч иргэнтэй харьцаж, цалинтай адилтгах орлого байгаа эсэхийг судлаж тодруулаагүй. Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2-т зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэрээр тэтгэвэрийн сангийн нөөцөөс 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчдын тэтгэвэр 30 хувь нэмэгдсэнд хамруулалгүй орхисон. Тус хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаж тамга дарагдаагүй, хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэвэр олгосоор байгаа нь хууль бус байна. Эдгээр зөрчлийг арилгах талаар 2008 оноос хойш 13-с дээш удаа өргөдөл хүсэлт өгч тус хэлтэст хандсан боловч хууль зөрчсөн хариу өгсөөр байгаа юм. Иймд Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2007 оны 02 дугаар сарын 28, 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн тэтгэвэр тогтоолтын хуудсуудыг хүчингүй болгож, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалган, 2006 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд дутуу олгож байсан тэтгэвэр 26.657.639 төгрөг, алданги 14.238.652 төгрөг, бичиг хэргийн зардал 162.180 төгрөг бүгд 41.058.471 төгрөгийг тус хэлтсээс гаргуулан надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тус хэлтэст 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ тогтоолгохыг хүссэн өргөдөл бичиж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр авагч нь хүссэн үедээ даатгагчид өргөдөл гаргаж тэтгэврээ тогтоолгох заалттай байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 657 тоот тушаал, холбогдох баримтыг үндэслэн 27жил 6 сараар цэргийн алба хааснаар тэтгэвэр тогтоосон. 2001 оны 01 сараас 2006 оны 10 сар дуустал хугацааны 5 жилийн дундаж цалинг итгэлцүүрээр өсгөж 172650 төгрөгөөс 60 хувиар бодож /172650*60%/ 103590 төгрөг, илүү ажилласан жилийн /172650*2%/ 3453 төгрөг нийт 107043 төгрөгийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ээс олгож эхэлсэн.

Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэмэгдэл хийхдээ 2007 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө тогтоогдсон тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан тул уг тогтоолын нэмэгдэлд хамрагдахгүй.

ЗГ-ын 2007 оны 05 дугаар сарын 02-ны 109 дүгээр тогтоолоор дундаж цалинг 181240 төгрөгөөр өөрчлөн тогтоож 112368 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн олгосон. ЗГ-ын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор 7500 төгрөг нэмж /112368+7500/ 119868 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоолоор үндсэн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж /119868*20%/ 23973 төгрөг нийт 119868+23973=143841 төгрөгийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ээс, 2008 оны 05 дугаар сарын 08-ны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу хоол, түлээ нүүрсний хөнгөлөлтийг оруулан тооцож дундаж цалинг 199860 төгрөг болгон өөрчилж 2008 оны 10 дугаар сарын 01-ээс 143841 төгрөгийн тэтгэвэр олгосон.

ЗГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор үндсэн тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлж /143841*30%/ 43152 төгрөг нийт 186993 төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ээс, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж гарснаар иргэний тэтгэврийн дундаж цалин хөлсний 80 хувиар, хугацаанаас илүү алба хаасан нэг жил тутамд 1,5 хувиар тооцож бодож 270476 төгрөгийн тэтгэвэр, Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор тэтгэврийг 35000 төгрөгөөр нэмэгдүүлж 305476 төгрөгийг 2012 оны 02 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолоор дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн 461862 төгрөг болгож 383344 төгрөгийн тэтгэврийг 2012 оны 05 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 22000 төгрөгөөр нэмэгдүүлж 405344 төгрөгийн тэтгэврийг 2014 оны 02 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр тогтоох итгэлцүүрээр дундаж цалинг 514971 төгрөгөөр тогтоож 431287 төгрөгийн тэтгэвэр, Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор 22000 төгрөгөөр нэмэгдүүлж 453287 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ээс олгож байна. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж тамга дарсан баталгаажсан олголтын хуудсаар тэтгэвэр тогтоогдсон нь хүчин төгөлдөр бөгөөд уг тогтоолтын хуудсыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын байцаагч 2008 оны 03 дугаар сарын 26-нд хянан шалгаж зөв гэдгийг нотолж баталгаажуулсан байгаа нь дахин нотолж байна.

Тогтоолтын хуудсанд байцаагч гарын үсэг зураагүй нь техникийн алдаа гэж үзэж байна. Тэтгэврийн тогтоолтын хуудсыг эцэслэн баталдаг байгууллагын дарга өөрөө хянаж баталгаажуулсан тогтоолтын хуудас нь хүчин төгөлдөр бөгөөд удирдах дээд байгууллага нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналтын байцаагч баталгаажуулсан нь дээрх үйлдлийг нотолж байна гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Доржийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 807.464 /найман зуун долоон мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Доржид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 40.251.007 төгрөг гаргуулах тухай болон 2007 оны 02 дугаар сарын 28, 2008 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсуудыг хүчингүй болгуулах, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, тэтгэврийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...үндсэн цалингийн 2004, 2005, 2006 оны ээлжийн амралтын цалин ажилласан сарын цалинтай хамт гарсан байгааг амарсан сард салган тавьж индексжүүлээгүй. 57 сараар индексжүүлж, 60 сард хувааж дундаж цалин гаргасан. 2006 оны 8 дугаар сарын амралтын цалин хамт гарснаар 27320 төгрөг хассан. Тэтгэвэр тогтоолгогч цэргийн албан хаагчаас цалинтай адилтгах орлого байгаа эсэхийг асууж тодруулаагүй.

Тэтгэвэр тогтоолтын хуудсыг эрх бүхий комиссын хурлаар оруулж, хэлэлцүүлэн баталгаажуулаагүй. Тасгийн дарга ерөнхий нягтлан бодогч байгууллагын даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулж, хуулийн хүчинтэй болгоогүй тэтгэвэр тогтоолтын хуудсаар өнөөг хүртэл тэтгэвэр олгосоор байна. Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баримтлан зөв болгуулж, иргэн хүний тэтгэвэр авах эрхээ эдлэх, олгоогүй тэтгэвэр, түүний алдангийг хуулийн дагуу гаргуулан авах Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан итгэлцүүрээр тэтгэвэрээ шинэчлэн тогтоолгож, хуулийн хүчинтэй тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэвэр авдаг болохыг зорьж хандсаар байна. Миний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гээд өөрийн тооцооллыг хийж өгчээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Доржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

1. Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг даалгажээ.

Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын /тухайн үеийн нэрээр/ даргын 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар тушаалаар баталсан аргачлалын 2-т “...Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд .... 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өндөр насны ... тэтгэвэр тогтоолгон авч байсан нийт тэтгэвэр авагчид хамрагдана” гэж Засгийн газрын 2007 оны 15 дугаар тогтоолын үйлчлэх хүрээг явцууруулж Засгийн газрын агенлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Засгийн газрын бодлогыг тухайн салбарт хэрэгжүүлэх чиг үүргээ зөрчсөн байна.

Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх хууль бус аргачлалаар нэхэмжлэгч Ц.Доржийн өндөр насны тэтгэврийг 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоож олгохдоо Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу 15 хувиар нэмж тооцоогүйг хууль бус гэж үзэж, түүний 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тэтгэврийн зөрүүг олгохыг даалгаж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Шүүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “... илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно” гэсний “жил тутам” гэснийг 12 сарын хугацаа хамаарна гэж ойлгон хэрэглэсэн нь зөв байх тул “6 сарын нэмэгдэл тооцоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгчид 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш сар бүр хугацаанд нь тэтгэвэр тогтоож олгож байсан болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан гэж үзэхгүй тул тэтгэврийг дутуу тооцсоны зөрүүг нөхөн олгоход алданги тооцохооргүй байна. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газраас тогтоосон цалингийн итгэлцүүр буюу индекс өөрчлөгдөхөд цалингийн хэмжээ, ажилласан хугацаа нь өөр өөр байдагтай холбоотой бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ нэгэн зэрэг өөрчлөгдөх боломжгүй. Засгийн газрын тогтоосон индекс хэрэглэсэн боловч нэмэгдээгүй бол тэтгэврийг бууруулахгүй байх зарчмыг баримтлахаар тухайн итгэлцүүр тогтоосон Засгийн газрын тогтоол бүрт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Доржийн тэтгэвэр тогтоосон цалинг тухай бүр индексжүүлэн өсгөн тооцоход нэмэгдээгүй үед нь тэтгэврийг бууруулахгүйгээр хариуцагчаас олгож байсан нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Ц.Доржийн тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт байсан бүх баримтыг шүүх үзлэг хийж тулгаж авсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгасан, хувийн хэрэгт нь түүний тэтгэвэр өөрчлөгдөх тухай бүрт гаргасан тэтгэвэр тогтоолтын хуудас байхгүй, үзлэгийн үед “тэтгэвэр тогтоолтын хуудас нь програмаас хэвлэсэн үеийн огноогоор гардаг” гэх нөхцөл байдал илэрсэн зэргээс үзвэл хэвлэгдсэн тэтгэвэр тогтоолтын хуудас бүрийг захиргааны акт гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 657 дугаар тушаалаар[1] ажлаас чөлөөлөхдөө 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон, нэхэмжлэгч нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолгохоор анх удаа өргөдөл[2] гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж заасны дагуу өргөдөл гаргасан 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах гомдолд “... Засгийн газрын 2007 оны 15 дугаар тогтоолын дагуу 15 хувийг олгохоор шийдсэн атлаа 2011 оноос хойш тэтгэвэр аваагүй мэтээр тооцсон ...” гэж дурдсан боловч шүүхийн шийдвэрт Ц.Доржийг “2011 оноос хойш тэтгэвэр аваагүй” гэж үзээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр “... 2011 оны 10 дугаар сараас эхлэн 270476 төгрөг болсон нь шинжээчийн тооцоолсноос илүү ...” гэж үзээд 15 хувийн нэмэгдэл олгоогүй зөрүүг 2011 оны 10 сараас хойш тооцоогүй нь буруу байна. Учир нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу цэргийн албан хаагчийн тэтгэвэр бодох журамд өөрчлөлт орсны дагуу өөрчлөгдсөн тэтгэврийг Ц.Доржийн тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойш 2011 оны 10 дугаар сар хүртэл гарсан Засгийн газрын тогтоолуудын дагуу тэтгэврийг нэмэгдүүлсэн хувь, хэмжээгээр тус тус нэмэгдүүлж тооцохоор байна.

Хариуцагч нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээр тооцоолсон 2011 оны 10 дугаар сараас хойш уг 15 хувийн нэмэгдлийг олгоогүйгээс зөрүү үүсэх бол зөрүүг, мөн одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнд энэ нь нөлөөлөхөөр бол Ц.Доржийн тэтгэврийг цаашид зөв тогтоож олгох үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Ц.Дорж нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 68 дахь тал

[2] Хавтаст хэргийн 61 дэх тал