Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1068

 

 

 

 

        2021          10           27                                           2021/ШЦТ/1068

 

 

-                           

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолт/,

шүүгдэгч И.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос И.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108000001292 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатигин овогт Ичинхорлоогийн Мягмарсүрэн /РД:ЧН67041113/, Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 6 дугаар гудамжны 653 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч И.Мягмарсүрэн нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өнөр-24” нийтийн байрны 2 давхраас Б.Лувсансүрэнгийн “Тrinx” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Мягмарсүрэн “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогч нараас шинжлэн судалсан нотлох баримтууд:

            - Иргэн Б.Лувсансүрэнгийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 хуудас/,

            - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6  дугаар хуудас/,

            - Унадаг дугуйг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

            - Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр-24” байрны 2 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон диск 1 ширхэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

            - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Лувсансүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Д.Анарын мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/, гэрч М.Даваахүүгийн мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30/, И.Мягмарсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дугаар  тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч И.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг

шүүгдэгчээс “маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон болно.

 

   Шүүгдэгч И.Мягмарсүрэн нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр-24” нийтийн байрны 2 давхраас иргэн Б.Лувсансүрэнгийн “Тrinx” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - иргэн Б.Лувсансүрэнгийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-2/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-6/,

- унадаг дугуйг И.Мягмарсүрэнгээс хураан авч, хохирогч Б.Лувсансүрэнд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх7-8/,

- Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр-24” байрны хяналтын камерын бичлэгт “2021 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 02:15:01 цагт тухайн байр руу 60-65 орчим насны, толгой хэсгээрээ үс нь халцарсан, хар цагаан өнгийн ноосон цамц, жийнсэн өмд, түрийтэй гуталтай этгээд 2 давхрын булангийн өрөө руу 02:15:29 цагт орж, 02:16:20 цагт унадаг дугуйг гарган ирж, түрээд гарч байгаа” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/,

- хохирогч Б.Лувсансүрэнгийн “...2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр таньдаг хүнээс 450.000 төгрөгөөр “Тrinx” загварын унадаг дугуйг худалдан авсан. 2021 оны 08 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Өнөр-24” нийтийн байрны 2 давхраас унадаг дугуйгаа алдсан. Тухайн өрөө, дугуйнд ямар нэгэн цоож, бэхэлгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх17-18/,

- гэрч Д.Анарын “...тухайн дугуйг 2020 онд хувь хүнээс 450.000 төгрөгөөр аваад 2021 оны 04 дүгээр сард Б.Лувсансүрэнд 450.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх21-22/,

- гэрч М.Даваахүүгийн “...2018 оноос хойш нийтийн байр түрээслүүлэн ажиллуулж байна. Манай нийтийн байр байнгын харуул хамгаалалт байхгүй, 1, 2 давхарт камертай. Угаалгын өрөө нь нийтийн байр түрээслэн амьдарч байгаа иргэдийн нийтийн эзэмшил учраас цоож байдаггүй, онгорхой байдаг...” гэх мэдүүлэг /хх29-30/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Ц-623 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Тrinx” брэндийн унадаг дугуйг 450.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх32-34/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл И.Мягмарсүрэн нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр “Өнөр-24” нийтийн байрны 2 давхраас иргэн Б.Лувсансүрэнгийн эзэмшлийн “Тrinx” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч И.Мягмарсүрэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лувсансүрэнд 450.000 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр “дугуйгаа авсан учир гомдол, санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэх хүсэлт /хх-61/-ийг гаргажээ.

Иймд шүүгдэгч И.Мягмарсүрэнг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Мягмарсүрэнг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч И.Мягмарсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдлын тухайд И.Мягмарсүрэн нь 54 настай, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 6 дугаар гудамжны 653 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй /хх-52/, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтэй, хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хулгайлсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мягмарсүрэнд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотоос явахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан ”хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000001292 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, И.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хатигин овогт Ичинхорлоогийн Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мягмарсүрэнд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотоос явахыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Мягмарсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

5. Эрүүгийн 2108000001292 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч И.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Мягмарсүрэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЯМБААБААТАР