Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/331

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ...Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Ш холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг ...оршин суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, ... овогт ...Ш /РД: .../

 

Шүүгдэгч ...Ш нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар ... тоотод гэртээ хохирогч ...Д-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн сарвууг нь хагархай шилээр зүсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ...Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

            Хохирогч ...Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “......Ш ах “хүргэн ах ...Т, төрсөн ах ...Д нарын утасны дугаарыг өг. Хүргэн ахыг чинь алнаа” гэхээр нь би өгөхгүй байсан чинь нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээс нь гарсан чинь араас хутга барьж гарч ирэхээр нь би ...Ш ахаас уучлалт гуйгаад “дэмий юмнаас болж маргалдсан байна” гэхэд ...Ш ах “за тэгвэл манайд орьё” гээд ахиж ороод байж байтал ахиад “хүргэн ах ...Т-ыг ална” гээд байхаар нь “та болио” гэж хэлэхэд шууд нүүр хэсэг рүү цохиод өшиглөсөн...” гэжээ /хх-ийн 9-10 тал/

            Гэрч ...Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “......Ш ах Д-ын нүүрэнд 2-3 удаа цохиод гэрлүүгээ ороод буцаж гарч ирэхдээ хутга ардаа нуугаад баруун гараараа ...Д-ыг 1 удаа цохиод, ардаа нуусан хүрэн өнгийн модон иштэй дунд зэргийн хутга гаргаж ирээд “чамайг яг одоо алчихъя, бүлчихье” гээд байхаар нь би Ц эгчийг “та хутгыг нь булаагаад аваач ээ, наадах чинь хүн алчихвал яах юм” гэсэн чинь Ц эгч харж зогсож байснаа хутгыг нь булааж аваад хүүдээ өгөөд гэрт оруулсан ... Тэгтэл ...Ш гал тогооны шүүгээн дотроос хүрэн иштэй хутгаа гаргаж ирээд ...Д-ын гаран дээр нь хутгалах шиг болсон...” гэжээ. /хх-ийн 22 тал/

            Гэрч ...А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз Б гэрт Х бид 3 архи ууж байхад Д надруу залгасан байхаар нь буцаагаад залгасан чинь “гэртээ байна” гэхээр нь “хүрээд ир” гэхэд удалгүй ...Д ирсэн. Ингээд бид 4 архи ууж байхад ...Д “...Шын гэр рүү явъя” гээд байхаар нь явахаар болоод Хосоо, ...Д бид 3 замдаа 1 шил архи аваад очсон. Тэгээд ороод ууж байхад ...Д ...Шад хандаж “эхнэр чинь таныг байхгүйд утсаар яриад гадуур яваад ууж идээд байсан” гэж хэлсэн. Тэгэхэд нь ...Ш эхнэр рүүгээ уурлаад маргаан болсон. Тэгээд удаагүй байхад би гараад зогсож байсан чинь ...Ш ахын гэрт шил хагарах чимээ сонсогдохоор нь буцаад орсон чинь бид нар дундаа тавиад цай ууж байсан гүцтэй цайны сав хагарсан байсан. Мөн ...Д-ын гараас цус гарсан байхаар нь аваад явъя гэсэн чинь гадаа гарч “...Ш аа чамайг алнаа” гээд орилоод байхаар нь би шууд гэрлүүгээ яваад унтаад өгсөн” гэжээ. /хх-ийн 26 тал/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “......Д гэнэт ...Ш ахад хандаж “танай эхнэр таныг байхгүй үед өөр хүнтэй уулзаад гадуур яваад байсан” гэж хэлэхэд ...Ш ах “та нар миний дүү нар байж хүнтэй уулзаж байгааг нь эрт хэлэхгүй яасан юм бэ” гэж жоохон уурлаад хэлсэн. Ингээд ...Д согтуурхаад “...Ш манай хүргэн ах Т, ах Б нарыг ална гээд байна” гэж утгагүй юм яриад эхлэхээр нь ...Ш ах цайны шилэн савыг аваад гар хэсэгт нь цохиход гараас нь цус гарахад бид нар бүгдээрээ гэрээс нь гараад тарж явсан...” гэжээ. /хх-ийн 30 тал/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 473 дугаартай дүгнэлтэд:

            1. Д....Д-ын биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун чамархайн зурагдсан зулгаралт, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хугацааг нарийн тогтоох боломжгүй.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 32-33 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- ...Ш-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 48-52 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт  ...Ш нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоот өөрийн гэртээ хохирогч ...Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн сарвууг нь хагархай шилээр зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д....Д, гэрч Д....Д, Н, ...А, ...Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 473 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч ...Ш-ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ...Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...Ш-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ...Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ...Ш-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ....Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ....Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, одоогоор шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй харин цаашид хийгдэх хагалгааны төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ...Ш-ыг энэ удаагийн шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ...Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээд болох ...Шаас жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч ...Ш нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Ш-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт...Ш-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Ш-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Ш-ад оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Ш-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Хохирогч ...Д нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Ш-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ