| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0203/И |
| Дугаар | 225 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 225
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу, 3-9 тоотод байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой 4-23 тоотод оршин суух Галзад овогт Наранхүүгийн Алгаа /РД:ОИ87110311/-д холбогдох
NР10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Н.Алгаа 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240.000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай худалдаж авахдаа урьдчилгаанд 20.000 төгрөг төлсөн.
Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө 12 сарын хугацаанд төлөх ба сар бүрийн 17-ны өдөр 20.000 төгрөг төлж байх ёстой байсан.
Гэтэл Н.Алгаа үлдэгдэл төлбөр 100.000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтгүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 50.000 төгрөг болж байна. Иймд Н.Алгаагаас нийт 150.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Шүүхийн шатанд хариуцагч Н.Алгаа 100.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулсан тул алданги 50.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК хариуцагч Н.Алгаагаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөг болгон багасгаж, 50.000 төгрөгийн алдангиас татгалзсан.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК хариуцагч Н.Алгаагаас NP10 төхөөрөмжийн үнэ 150.000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Н.Алгаагийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК хариуцагч Н.Алгааг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 100.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хариуцагч Н.Алгаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 төгрөгөөс 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Галзад овогт Наранхүүгийн Алгаа NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 төгрөгөөс 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч Н.Алгаа улсын тэмдэгтийн хураамж 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС