Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/330

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ...Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Т-д холбогдох эрүүгийн 2121000000371 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Тунга майниз” ХХК-ны далд уурхайд туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эх, хүргэн, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын ...суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, ... овогт ...Т. /РД: .../

 

Шүүгдэгч ...Т нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ...гар утсаар бусадтай маргалдаж байх үед нь өөрийн төрсөн ээж болох ...Б-ын “хүнтэй утсаар ямар муухай ярьдаг юм бэ” гэсэн үгэнд дургүйцэж, гар утсаа шидэж насанд хүрээгүй хохирогч болох 6 настай ...У-ийн толгойн тус газарт онож, эрүүл мэндэд мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ...Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Гар утсаа шидэхэд санаандгүй дүү оногдсон.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа зөвшөөрч байна... гэв.

 

Бага насны хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад аав, ээж хоёр 00 орохоор гарчихсан. Би эмээ, дүү ...Н, ...Т-аа ахтай цуг байж байхад ...Т-аа ах утсаар яриад хүнтэй маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн чинь эмээ “хүнтэй утсаар ямар муухай ярьдаг юм бэ” гэсэн чинь ...Т-аа ах ширээний хажууд зогсож байгаад уурлаад гартаа барьж байсан утсаа эмээ рүү шидсэн чинь утас нь миний толгойг оночихсон...” гэжээ. /хх-ийн 10 тал/

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ах ...Т 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр /20 цаг гэж санаж байна/ гаднаас манай нөхөр Сэргэлэнгийн хамт гэртээ орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ ...Т ах, Сэргэлэн хоёр архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Ингээд гэртээ дахин 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед ээж Б манай ах ...Т-ыг “архи уулаа” гэж загнасан. Тэгсэн ах ...Т архи уугаад согтсондоо ч юм уу, уурлаад яг тухайн үед утсаар ярьж байсан болохоор ээж рүү утсаа шидчихсэн. Тэгсэн манай У замд нь таараад толгойдоо оногдоод толгой нь хагарсан...” гэжээ /хх-ийн 12 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 528 дугаартай дүгнэлтэд:

1. у-ИЙН  биед хуйханд духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 16-17 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- ...Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ...Т нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ...гар утсаар бусадтай маргалдаж байх үед нь өөрийн төрсөн ээж болох ...Б-ын“хүнтэй утсаар ямар муухай ярьдаг юм бэ” гэсэн үгэнд дургүйцэж, гар утсаа шидсэний улмаас бага насны хохирогч 6 настай ...У-ийнтолгойн тус газарт онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, бага насны хохирогч У, түүний хууль ёсны төлөөлөгч Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 528 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ...Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ...Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ...Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ...Т-ын хууль бус үйлдлийн улмаас бага насны хохирогч У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ...Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ...Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Т-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ...Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зууун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Т-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Т-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ