Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/510

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Одбаяр,

улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/,

шүүгдэгч: Г.Т-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005026240138 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Т- нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 118 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Г.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...6117 УБК улсын дугаартай Приус-30 хар өнгийн автомашинд үзлэгийг хийв. ...машины баруун хойд талын хаалгыг нээхэд суудлын шалавч дээр бор өнгийн хуванцар савтай, 85 грамм ногоон өнгийн хатаасан байдалтай өвс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авав. ...машины зүүн хойд талын хаалгыг нээж үзэхэд машины шалавч дээр цагаан шар өнгийн тортой ногоон өнгийн хатаасан байдалтай өвс мэт зүйл 95 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-24/,

Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ асуудал үүсээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа сууж байхад Т- ээжтэйгээ утсаар ярихдаа “’гэрийн хашаанд нохойны үүрэнд хайрцагтай өвс байгаа, тэрийг гаргаад хаяарай” гэж хэлж байхыг нь би сонссон. Т-ын гэрт тийм өвс байсан талаар Анхтөр мэдэж байсан. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил тарах үед Т- ажлынхаа машинд байсан мансууруулах өвсөө аваад өөрийнхөө хувийн машинд хийсэн. Тэгээд Т-, Анхтөр бид 3 хамт Т-ын машинд суусан. ...энэ хураагдсан мансууруулах өвс гэх зүйл бүгд Т-ын өвс, Т- нь уг мансууруулах өвсийг үргэлж өөртөө авч явдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Гэрч Ц.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант сум руу яваагүй. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хаана, юу хийж байснаа тодорхой санахгүй байна. Би Т-, О-, Д- нартай хамт хотоос гарч байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед машинаас хураагдсан өвс нь Т-ын мансууруулах өвс. Т-, Д- нарыг мансууруулах өвс түүхээр хамт явсан талаар мэдэхгүй. Т- надад мансууруулах өвсөө үзүүлэхдээ “Д-тэй хамт явж түүсэн” гэж хэлсэн. ...Цагдаа нарт баригддаг өдөр Т- ээж рүүгээ утсаар яриад “нохойны амбаарт хайрцагтай өвс байгаа, гаргаад хаячих” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хамгийн сүүлд 2020 оны 8 сарын эхээр байх орой байсан юм. Д- надаас архи, пиво асуусан. Тэр үед би үеэл О-ээс "Д- архи, пиво асуугаад байна байгаа юм уу, хүргэлтээр” гэж асуусан. Тэгээд намайг Улаанхуаранд байх үед О- надад архи, пиво хүргэж ирсэн. Би О-ээс архи, пивыг нь аваад О-ийн дансны дугаарыг Т-ад хэлж өгсөн. Тэгээд О-ийн авч ирсэн архи, пивийг би “Газарчин” сургуулийн орчимд Т-ад аваачиж өгсөн. Тэр үед Т- эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гараад ирлээ гээд сэтгэл санаагаар уначихсан байдалтай байсан. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д-, О-, Т- нартай хамт Төв аймгийн Жаргалант сум руу болон хамт хаашаа ч явж байгаагүй. Би 2020 онд өөр найзуудтайгаа хамт Тэрэлж рүү л ганц удаа явсан. Тэрнээс өөр хаашаа ч, хэнтэй ч хамт яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 63/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д-, Т-, Дугар гэх хүмүүстэй Төв аймгийн Жаргалант сум руу хамт яваагүй. Би Т- гэх хүнийг огт танихгүй. ...миний үеэл Д- энэ өдөр намайг Улаанхуаранд дуудаж 1 шил 0.7 граммтай “Эдэн” архи, 1 ширхэг бидний ундаа, 2 том пиво авсан. Би эдгээрийг хүргэж өгөөд явсан. Тухайн үед Д- надтай ганцаараа уулзсан. Д- утсаар цаашаагаа хүнд миний дансны дугаарыг өгсөн. Тэгээд миний данс руу 85.000 төгрөг шилжсэн. Би 50.000 төгрөгөөр өөрийнхөө машинд бензин хийсэн. 6000 төгрөгөөр хоол идсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Шинжээчийн 4649 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “2020.08.15 БГД ЦХ-1” гэж хаягласан шар тагтай хүрэн өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 79-82/,

Шинжээчийн 4648 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “О.Т- НА00232915 2020.08.15”, “С.О- УИ98123034” гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн Б.А- 2020.08.15 гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 84-85/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1010 тоот дүгнэлтэд: “...Г.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...мансууруулах  сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэж шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 93-94/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 124-127, 140, 153-161/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Т- нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 118 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...6117 УБК улсын дугаартай Приус-30 хар өнгийн автомашинд үзлэгийг хийв. ...машины баруун хойд талын хаалгыг нээхэд суудлын шалавч дээр бор өнгийн хуванцар савтай, 85 грамм ногоон өнгийн хатаасан байдалтай өвс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авав. ...машины зүүн хойд талын хаалгыг нээж үзэхэд машины шалавч дээр цагаан шар өнгийн тортой ногоон өнгийн хатаасан байдалтай өвс мэт зүйл 95 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-24/, гэрч С.О-ын: “...Энэ асуудал үүсээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа сууж байхад Т- ээжтэйгээ утсаар ярихдаа “’гэрийн хашаанд нохойны үүрэнд хайрцагтай өвс байгаа, тэрийг гаргаад хаяарай” гэж хэлж байхыг нь би сонссон. Т-ын гэрт тийм өвс байсан талаар Анхтөр мэдэж байсан. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил тарах үед Т- ажлынхаа машинд байсан мансууруулах өвсөө аваад өөрийнхөө хувийн машинд хийсэн. Тэгээд Т-, Анхтөр бид 3 хамт Т-ын машинд суусан. ...энэ хураагдсан мансууруулах өвс гэх зүйл бүгд Т-ын өвс, Т- нь уг мансууруулах өвсийг үргэлж өөртөө авч явдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/, гэрч Ц.Д-ий: “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант сум руу яваагүй. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хаана, юу хийж байснаа тодорхой санахгүй байна. Би Т-, О-, Д- нартай хамт хотоос гарч байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 56/, гэрч Б.А-ийн: “...тухайн үед машинаас хураагдсан өвс нь Т-ын мансууруулах өвс. Т-, Д- нарыг мансууруулах өвс түүхээр хамт явсан талаар мэдэхгүй. Т- надад мансууруулах өвсөө үзүүлэхдээ “Д-тэй хамт явж түүсэн” гэж хэлсэн. ...Цагдаа нарт баригддаг өдөр Т- ээж рүүгээ утсаар яриад “нохойны амбаарт хайрцагтай өвс байгаа, гаргаад хаячих” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 61/, гэрч Д.Д-ын: “...хамгийн сүүлд 2020 оны 8 сарын эхээр байх орой байсан юм. Д- надаас архи, пиво асуусан. Тэр үед би үеэл О-ээс "Д- архи, пиво асуугаад байна байгаа юм уу, хүргэлтээр” гэж асуусан. Тэгээд намайг Улаанхуаранд байх үед О- надад архи, пиво хүргэж ирсэн. Би О-ээс архи, пивыг нь аваад О-ийн дансны дугаарыг Т-ад хэлж өгсөн. Тэгээд О-ийн авч ирсэн архи, пивийг би “Газарчин” сургуулийн орчимд Т-ад аваачиж өгсөн. Тэр үед Т- эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гараад ирлээ гээд сэтгэл санаагаар уначихсан байдалтай байсан. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д-, О- Т- нартай хамт Төв аймгийн Жаргалант сум руу болон хамт хаашаа ч явж байгаагүй. Би 2020 онд өөр найзуудтайгаа хамт Тэрэлж рүү л ганц удаа явсан. Тэрнээс өөр хаашаа ч, хэнтэй ч хамт яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 63/, гэрч Н.О-ийн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д-, Т-, Дугар гэх хүмүүстэй Төв аймгийн жаргалант сум руу хамт яваагүй. Би Т- гэх хүнийг огт танихгүй. ...миний үеэл Д- энэ өдөр намайг Улаанхуаранд дуудаж 1 шил 0.7 граммтай “Эдэн” архи, 1 ширхэг бидний ундаа, 2 том пиво авсан. Би эдгээрийг хүргэж өгөөд явсан. Тухайн үед Д- надтай ганцаараа уулзсан. Д- утсаар цаашаагаа хүнд миний дансны дугаарыг өгсөн. Тэгээд миний данс руу 85.000 төгрөг шилжсэн. Би 50.000 төгрөгөөр өөрийнхөө машинд бензин хийсэн. 6000 төгрөгөөр хоол идсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 65/, шинжээчийн 4649, 4648 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 1010 тоот дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Г.Т-ыг гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Т-ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх” зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд хэрэглэж болохыг хуульчилсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Т-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар уутны хамт 90.8 грамм жинтэй ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар савтай гялгар уут, хуванцар савны хамт 84.2 грамм жинтэй ургамал сэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР