Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/712

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Хонгорзул,

Шүүгдэгч У.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт У.О-д холбогдох эрүүгийн 2105019001385 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Хувьсгалчдын ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод түр оршин суудаг /РД: /, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт У.О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.О-нь 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны баруун талд байрлах шатан дээр хохирогч Т.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шатны уруу түлхэн унагааж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч У.О-нь 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны баруун талд байрлах шатан дээр хохирогч Т.У-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шатны уруу түлхэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр У.О-ийн найз Б-н хүүхдийн үсний найр болоод бид хоёрыг урьсан. У.О-бид хоёр Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байранд Г.Б-н гэрт 19 цагийн орчим хамт очсон. Очоод найранд бэлдсэн хоол хүнсийг идэж, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хоёр бага зэрэг хардалтаас болж маргалдсан. Гэхдээ ноцтой асуудлаар маргаагүй. Гэнэт миний дургүй хүрээд асуудлаа илүү дэвэргэж маргахгүй гэж бодоод тухайн айлаас 3 цагийн үед чимээгүй гараад явсан. Тэгээд алхаж явтал У.О-раас чимээгүй алхаж байсан. ...Модны хоёр руу уруудах замын дагуу шатанд тулаад доош буух гэж байтал ардаас У.О-хэл үггүй түлчихсэн. Би эрчээрээ маш хурдан доош унасан. Хэсэг хугацаанд ухаан балартаад сэртэл унасан шатныхаа доор хэвтэж байсан бөгөөд миний дээрээс эрэгтэй эмэгтэй хүн харж байсан. Би Б, Н хоёр руу тухайн хүмүүсээр залгуулаад дуудуулсан. ...Намайг олсон хүмүүс намайг гэмтэл хүргэж өгсөн. Гэмтэл дээр очиход миний нүүр зулгараад улайчихсан, баруун хөл гар хоёр маань хавдаад хөхөрчихсөн байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд Б-н гэрт очиход 8 цаг болж байсан бөгөөд удалгүй У.О-ороод ирсэн. Би болон найзууд маань У.О-эд намайг гэмтээсэн талаар хэлэхэд би өшиглөчихсөн юм аа гэж хэлээд уйлаад байсан. ...О- шатнаас түлхэх үед би унаж шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 17-18 тал/,

 

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б-н  хүүхдийн үсний найр болоод намайг урьсан. У-, О- хоёр хоорондоо маргалдаад бие биерүүгээ үг хаяад байсан. Тэр хоёр байнгын л тиймэрхүү ам зөрөлдөөд бие биедээ үг хаяад байдаг. Би ууж сууж байгаад 00 цагийн орчим ядраад унтаад өгчихсөн. Тэр хооронд юу болж өнгөрсөнг сайн мэдэхгүй. ...09 цагийн үед буцаж ирсэн. Удалгүй гаднаас О- ч мөн адил орж ирээд У- О-эд хандаад намайг яагаад түлхэж байгаа юм бэ гээд уйлаад байсан. О- тэр үед юу ч хэлэхгүй гэмшингүй доошоо хараад суугаад байсан. Тэгээд тэр хоёр ярилцаж байгаад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б-н хүүхдийн үсний найр болоод намайг гэртээ урьсан. ...найранд бэлдсэн идэж уух зүйлээс ууж идэн ярилцаад байж байтал О-, У- нар маргалдаад байсан. Гэхдээ яг юуны талаар маргалдаад байсанг мэдэхгүй. Тэр хоёр хэрэлдэж байгаад гэнэтхэн У- гараад явчихсан. О- түүнийг гараад гарч явсаны дараа араас нь гараад явсан.  ...40 орчим минутын дараа над руу нэгэн үл таних дугаар залгаад Баянгол дүүрэг дэх К үйлчилгээний төвийн эсрэг талын шатнаас танай найзтай нэг хүн маргалдаж байгаад түлхээд унагаачихлаа, хүрээд ирэх боломж байна уу, энд их хэцүү байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд Б- бид хоёр очиход У- намайг О- шатнаас түлчихлээ гэсэн. Бид нар руу ярьсан хүний машинд суугаад гэмтэл явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай хүүгийн үсний найр болсон. Тухайн үсний найрандаа бэлдэж эхнэрийн хамт ширээ засаад өөрийн ойр дотны хүмүүс болон найзуудаа гэртээ урьсан. ...Би машинаасаа юм авах гээд 3 цагийн үед Н-тэй гарчихаад буцаад орох гэтэл нэг танихгүй дугаараас залгаад найз чинь босож явж чадахгүй байна ирэх боломж байна уу гэж хэлсэн. Байгаа газрын заалгаж очоод Уянгыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод У-ас хэн шатнаас түлхсэн болох, О- хаана байгаа талаар асуухад намайг О- шатнаас түлхсэн, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9128 дугаартай “...Т.У-н биед хамарт зулгаралт, баруун мөр, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 80, 79 тал/,

 

Шүүгдэгч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай Б-ийн хүүхдийн үсний найр болж манай найз охин Т.У- бид хоёрыг найранд урьсан. Бид хоёр тэдний гэрт 19 цагийн үед очиход Б-, Б- болон түүний эхнэр байсан. Бид нар юм ярилцаж, ууж идээд цагийг өнгөрөөсөн. Тухайн өдөр У- бид хоёр бага зэрэг маргаантай байсан. Хүмүүсийн хажууд маргалдахгүй гээд ер нь тэвчээл байсан. ...сүүлд цаг харахад шөнийн 1 цаг байсныг харснаас санаж байгаа ч өглөө нь босоод юу болсныг санахгүй байсан. Өглөө түцнээс гарч тамхи авчихаад Б-ийн гэрт ороход У- уйлчихсан намайг өөртэй нь муудалцаж байгаад шатнаас түлхсэн гэж хэлсэн. Би орой түүнтэй маргалдаж байснаа санаж байгаа ч өөр зүйлийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон. Би эмчилгээний зардалд хохирогч Т.У-д 900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О-ийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 30-31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 36 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 38 тал/, Хаан банкы депозит дансны хуулга /хх-ийн 39-63 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.О-ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 14 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч У.О-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.У-, гэрч Э.Б-, гэрч Г.Н, гэрч Г.Б- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9128 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч У.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.У-н биед хамарт зулгаралт, баруун мөр, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 9128 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

 

Шүүгдэгч У.О-нь хохирогч Т.У-г түлхэхэд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн шүүгдэгч У.О-, хохирогч Т.У- нар уг өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж, маргалдсаны улмаас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд шүүгдэгч У.О-нь 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны баруун талд байрлах шатан дээр хохирогч Т.У-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шатны уруу түлхэн унагааж улмаар түүний эрүүл мэндэд хамарт зулгаралт, баруун мөр, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч У.О-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9128 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 6 дахь талд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж,

79 дэх талд ...У.О-тэй холбоотойгоор ямар нэгэн гомдол санал байхгүй... гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт У.О-...би 900.000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн... гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч У.О-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч У.О-нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.О-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 80 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 82-83 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг У.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч У.О-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч У.О- нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч У.О-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт У-н О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-эд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.О-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.У-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА