Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00833

 

З.О-, Б.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01301 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2019/0005 дугаар магадлалтай, 

З.О-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй

Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Бид Хас банкнаас 2016 оны 01 сарын 08-ны өдөр зээлийн 1300014827 тоот гэрээгээр 60.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 04-ний өдрийн 371 дүгээр шийдвэрээр хариуцагч З.О-, Б.Б- зээлийн гэрээний үүрэгт 78.796.905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж Б3 гудамж 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга 30.000.000 төгрөг, газрыг 600.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний Хан Үнэлэмж ХХК үнэлсэн. Бид тус газрыг 2015 онд Эрин төгөл ХХК-д барилгын гэрээний дагуу захиалгаар гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүн 150.000.000 төгрөг болсон. Мөн тус барилга нь Канад хаусын технологиор баригдсан, бичил системийн цэвэр бохир усны системтэй, гүний худагтай байгаль орчинд ээлтэй 380 вольт хүчдэлийн шалны халаалтаар халдаг, БНСУ-ын LG компаний нарын үүсгүүртэй Говь ХХК-ийн дээд зэргийн ноолууран хувцасны чимэглэлийн гэрээт үйлдвэр ажилладаг, орчин үеийн дэвшилтэт технологиор бүх халаалт, цахилгаан цэвэр бохирыг шийдсэн барилга юм. Ийм барилга газрыг зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн хохироож байна. Иймд Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж Б3 дугаар гудамж 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга, газрыг 30.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайханы шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нарт хөрөнгийн үнэлгээний тайланг З.О-ээр дамжуулан 2018 оны 4 сарын 10-ны өдөр танилцуулсан бөгөөд ийнхүү үнэлгээг танилцуулсны дагуу З.О-, Б.Б- нараас үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан нь дээрх нэхэмжлэлд дурдсанаар харагдаж байна. Иймд 2018 оны 9 сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар дахин гаргаж байгаа нэхэмжлэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих оролдлого гэж үзэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчин гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/001301 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох З.О-ийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдорж Б3 гудамж 3 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаарт бүртгэгдсэн барилгыг 30.000.000 төгрөгөөр, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1427003334 дугаарт бүртгэгдсэн 120 мкв талбайтай газрыг 600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай З.О-, Б.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн гаргуулан нэхэмжлэгч З.О-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2019/0005 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/001301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн... гэсний өмнө Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар дансанд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан  үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтэрсэн байхад анхан шатны шүүх уг хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэжээ. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 4 сарын 10-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тооттой танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан байдаг. Гэтэл тус шүүхийн  шүүгчийн 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 2883 дугаар захирамжаар буцаасан нь тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн З.О-, Б.Б- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

З.О-, Б.Б- нар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 371 дүгээр шийдвэрээр 78.796.905 төгрөг төлөх үүрэгтэй, төлбөрөө төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаанд байгаа газар, хувийн сууцыг битүүмжлэн, хурааж,  үнэлүүлэх ажиллагаа явуулжээ.

Талууд харилцан тохиролцож үнэлгээ тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Хан үнэлэмж ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2019/0005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ