Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

С.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч С.Д

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж  нарыг оролцуулан хийж,           

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Дд холбогдох эрүүгийн 201712000072 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1990.12.08-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Баттур ХХК-ний хашаанд оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:ВЮ90120810/ Боржигон овгийн С.Д

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 6-1 тоот хашаанд байрлах иргэн  М.Я-ийн гражаас 67 кг ноолуур хулгайлж 4.355.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 

              Шүүгдэгч Боржигон овгийн С.Д-ыг агуулах саванд нэвтэрч   бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлж,

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-с 4.355.000 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Я-д олгож,

2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  тээврийн  хэрэгслийн үнэ 700.000 төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулж, 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт С.Доржням нь 1 удаагийн үйлдлээр орон  байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлан авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн  хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн  зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгож гэмшиж байна. 2. Хохирогч М.Я-ийн хохирлыг бүрэн  барагдуулсан хохирогч М.Я нь хохирол төлбөрөө барагдуулсан талаарх бичиг  баримт,  мөнгө тушаасан баримтыг хавсаргав. Иймд С.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж,  тэнсэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        С.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 6-1  тоот хашаанд байрлах иргэн М.Я-ийн гражаас 67 кг ноолуур хулгайлж, 4 355 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч М.Яийн  “ .. Айрагийн 6-1 тоот хашаанд байх гражаасаа  67 кг ноолуур хулгайд алдсан. Граж цоожтой байсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч М.Түвшинтөгсийн “...2017- 4-11-ний өглөө ажилдаа ирэхэд гражийн цоожийг эвдлээд дотроос нь 67 кг ноолуур хулгайлсан байсан...”  гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Мэндээгийн “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлынхаа  хашаанд мах ачиж байгаад 23 цаг 30 минут гээд ажлаасаа бууж гэртээ харьсан. Өглөө ирэхэд хашаанд байх  гражид хулгай орж 67 кг ноолуур хулгайлсан байсан... ” гэсэн мэдүүлэг, гэрч  Д. Ариунаагийн “...Би хүргэн ах М.Яийн Айрагийн 6-1 тоотод байх хашааг харж байдаг. Би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө гэртээ ганцаар байсан учир аавындаа очиж хоноод маргааш нь ирэхэд гражид хулгай орсон байсан. Намайг гэрээс гарахад агуулах сав цоожтой байсан...”  гэсэн мэдүүлэг, гэрч   Д.Даваасүрэнгийн “...2017 оны хавар ноолуур өндөр үнэтэй байх үед Доржням өглөө үүрээр 06 цагийн үед Төв аймгийн хажууд явна. Өлзийт хорооллын постноос нааш гарч ирээд машин бариад өг. Жолооны үнэмлэхгүй  гэж утсаар ярьсан.Такси бариад очиход Доржням ойролцоо насны бололтой нэг залуутай байсан. Тэгээд саарал өнгийн креста машиныг нь бариад Эмээлт зах орж машинд байсан 2 том ногоон шуудайтай ноолуурыг замын урд талд байх ноолуур авдаг газар 3-уул орж өгсөн. Хэдэн кг ноолуур байсныг санахгүй байна. Ямар ч байсан 4 сая төгрөг болж байсан.Надад таксины 20 000 төгрөг өгсөн”  гэсэн мэдүүлэг,Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын эд зүйлд үнэлгээ хийх тухай акт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцжээ.

 

          Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянасан болно.

 

        Шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Д-ын биеийн байцаалтын хэсэгт “..урьд 1 удаагийн ял шийтгэлтэй “ гэж бичсэн бөгөөд хэдэн онд хаанахын шүүхээр Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр, ямар ял шийтгэгдэж байсан  талаар  шийтгэх тогтоолын  удиртгал хэсэгт тусгаагүй,  тодорхойлох хэсэгт ч энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. С.Д нь  Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байна.

 

         Анхан шатны шүүх С.Д-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шинээр хорих ял шийтгүүлсэн хоригдлыг  ял эдлүүлэх  хорих анги болон хорих ангийн зэрэглэлийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 205 дугаар зүйлд зааснаар  шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэд ажиллах зөвлөл  тогтооно  гэсэн байхад С.Д-ын ял эдлэх хорих байгууллагын  зэрэглэлийг  анхан шатны шүүх  тогтоосон нь буруу байна.

 

         Ийнхүү  шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар  хорих байгууллагын зэрэглэлийг тогтоож  хэрэглэх ёсгүй  хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан   байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж үзэв. 

 

Анхан шатны шүүхээс С.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн нь зөв бөгөөд шүүгдэгч нь   гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, өөрийн   эзэмшлийн   1997 онд үйлдвэрлэсэн, “Тоёото Криста” маркийн 94-70 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг задалж бусдад зарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж, тээврийн хэрэгслийн үнэ болох 700 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй  байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

           Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч М.Я-д учруулсан гэм хорын хохирлоо арилгаагүй байсан ба давж заалдах гомдол гаргахдаа хохирогчид 3.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд  бэлнээр 1.355.000 төгрөг төлсөн гэсэн хохирогч М.Я-ийн бичиж өгсөн гэх гар бичмэл нь хохирогч Я-нх гэсэн баталгаагүй байх тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.      

 

Шүүхээс шүүгдэгч С.Д-д оногдуулсан ял хуулийн хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн  байдал болон гэм бурууд тохирсон байх тул   анхан шатны шүүхээс оногдуулсан хорих  ялыг тэнсэж өгнө үү  гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

             Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлалгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалтыг журамласан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

             Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удиртгал болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт болох 36.2 дугаар зүйлийн 4 дэх заалтыг баримтлалгүй 36.2 гэсэн ерөнхий зохицуулалтыг удирдлага болгож  байгааг цаашид  анхаарах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний  өдрийн 28 дугаар  шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1.1.Шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад “ Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан”  гэж оруулсугай.

1.2  Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг    “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

1.3.  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.Д нь  нь 2018 оны  3 дугаар сарын 29-ний  өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болтол    49  хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

1.4 С.Д нь хохирогч М.Я-ийн  хохиролд 3 000 000 төгрөг /гурван сая/  төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

 1.5 Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 1.6 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл  гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Т.БЯМБАЖАВ

             ШҮҮГЧИД                                 Н.НАСАНЖАРГАЛ

                                                      О.ОДНЯМАА