Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0174/3 |
Дугаар | 221/МА2023/0500 |
Огноо | 2023-08-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0500
2023 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2023/0500 | Улаанбаатар хот |
“Г*** з*** ж*** ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002217 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0397 дугаар шийдвэр,
Гомдол гаргагч: “Г*** з*** ж*** ББСБ” ХХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч нар,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Хэргийн индекс: 128/2023/0174/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Г*** з*** ж*** ББСБ” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002217 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0397 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э***гийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002217 тоот Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож, мөн тус газрын улсын ахлах байцаагч М.Д***, Х.О***, улсын байцаагч Б.М***, Б.Э***, Э.Л*** нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 3.3.2-т заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага нь үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох, үндэслэлгүй тогтоосон үйлчилгээний шимтгэлийг хэрэглэгчээр төлүүлэх замаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг хүлээсэн.
3.2. “Г*** з*** ж*** ББСБ” ХХК нь зээлийн төрөл бүрийн онцлог, нөхцөл зэргийг үл харгалзан зээл олгосны шимтгэлийг зээлийн дүнгийн 1% гэж тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэл мөн гэдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.
3.3. “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002217 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагчаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны “Банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт, шалгалт хийх тухай” 01/21 дүгээр хяналт шалгалтын удирдамжаар “Банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангуулах” зорилгоор нэр бүхий улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан.
3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 01/1477 дугаар албан бичгээр Банк бус санхүүгийн байгууллагуудад хандан “... зээлийн үйл ажиллагааны шимтгэл, хураамжийн хэмжээ, шимтгэл хураамжийг тогтоосон аргачлал, үндэслэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /зээлийн төрөл тус бүрээр/...” ирүүлэхийг мэдэгдсэн дагуу гомдол гаргагч “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Зээлийн бүтээгдэхүүний төрөл, ерөнхий нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг тогтоосон аргачлал, үндэслэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг хариуцагчид хүргүүлсэн.
3.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтнаас “...“Г*** з*** ж*** ББСБ” ХХК... нь иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй зөрчилд цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2202000326 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002217 дугаар шийтгэлийн хуудсаар “Зээл олгосны шимтгэлээ үндэслэлгүй тогтоож, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-нд хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу хорин сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,
тус газрын улсын ахлах байцаагч М. Д***, Х.О***, улсын байцаагч Б.М***, Б.Э***, Э.Л*** нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “...Иймд танай банк бус санхүүгийн байгууллага өөрсдийн зээлийн бүтээгдэхүүнүүдэд зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгах”-ыг холбогдогчид даалгаж шийдвэрлэсэн.
3.4. Гомдол гаргагчаас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д зааснаар "банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээл олгох, зээлийн шимтгэлтэй холбоотой холбоотой асуудалд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих" чиг үүрэгтэй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар өөрт нь эрх олгоогүй асуудлаар шийтгэл оногдуулж, даалгавар гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болон хууль бус захиргааны акт гэсэн агуулгаар,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар тус газар нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Зээлийн шимтгэлийн хувь хэмжээг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэйгээр тогтоогоогүй нь зээлдэгч буюу хэрэглэгчийг хохироож буй нэг хэлбэр тул зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар торгууль оногдуулж, даалгавар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгаар тус тус маргасан.
4. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох...” гэж,
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 3.3-т “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөл болон дараах зүйлийг тусгасан баримт бичгийг баталж, мөрдөнө” гэж, 3.3.2-т “зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулсан хүү, шимтгэл, хураамж, хугацааны нөхцөл” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох...” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно” гэж, 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил” гэж, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 1.10-д “хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах” 1.11-д “зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх” гэж тус тус заасан.
5. Дээрх хууль болон захиргааны хэм хэмжээний актын зохицуулалтын дагуу банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, зээл олгосон үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг гарч буй зардалтай уялдуулан тогтоох үүрэгтэй. Энэ үүргийн хэрэгжилтэд Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос гадна хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” хэрэглэж буй эсэх чиглэлээр хяналт тавьж, тухайн үйл баримт тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан шийтгэлийг ногдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11-т заасан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авах бүрэн эрхтэй.
6. Тухайн тохиолдолд, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэн “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох нотлох баримт ирүүлэхийг мэдэгдсэн.
Гомдол гаргагчаас “... зээлд тогтоож байгаа хүү, шимтгэл, торгууль, алданги зэргийг бусад банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын ерөнхий жишгийн дагуу харьцуулан тухайн цаг тухай бүрт өрсөлдөхүйц байхаар саналыг боловсруулан тогтоож байгаа” гэх тайлбарыг хүргүүлсэн ч түүнийгээ нотолсон баримт болох зээлийн үйл ажиллагааны шимтгэл, хураамжийг тогтоосон тушаал, шийдвэр, дүрэм, журмыг ирүүлээгүй. Үүнтэй холбогдуулан, хариуцагчаас зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-иас холбогдох нотлох баримтыг шаардсан ч гаргаж өгөөгүй. Зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уядалдсан байдлаар бус, бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудын ерөнхий жишгийн дагуу нийтлэг байдлаар тогтоосон гэх нөхцөл байдлыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил хэмээн үзэж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.
Улмаар, зөрчлийн үр дагаврыг арилгах хүрээнд “... зээл олголтын шимтгэлийг гарч буй зээлийн зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах”-ыг даалгасан албан даалгавар бичсэн нь хуульд нийцсэн.
Анхан шатны шүүх, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” гэж, 10.7 дугаар зүйлийн 4.7-д “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах, “эсхүл” хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж үйлдэл тус бүрийг зөрчилд хамааруулан заасан хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...гомдол гаргагчийн зээл олгосны шимтгэл авсан үйлдэлд бусад аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан шинж байхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг тус тус үндэслэн гомдол гаргагч “Г*** з*** ж*** ББСБ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002217 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА