Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/976

 

 

 

 

 

 

     2021          9             23                                         2021/ШЦТ/976

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч П.Ганбаатар (томилолтоор)

шүүгдэгч Г.Б.............нэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Г............гийн Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0000 01255 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Г............г Б.............нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “................., ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ............................ амьдардаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Б.............нэ нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 01 дүгээр гудамжны 13 тоотод 2021 оны 08 дугаар 07-ний өдөр 01 цагийн орчим эхнэр Г.М............яаг архи уулаа, гэрийн цонх хагалсан гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б.............нэ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Г.М............яа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Б.............нэ бид хоёр манай нагац ах А............яагийн гэрт ...очсон. Тэр үед нөхөр бид хоёр мөн А............яа ах эхнэрийн хамт байсан. Ахын эхнэр О..............гс бид хоёр 1 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи хувааж уусан юм. Тэр үед манай нөхөр архинаас уугаагүй, дараагийн шил архинаас нь бага зэрэг л уусан. Тэр үедээ толгой өвдөөд байна гэж хэлсэн. Манай ах эгч 2 муудалцаад байсан, би дундуур нь ортол манай нөхөр хажуугаас “чи дуугүй бай” гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгтэл нөхөр харилаа гээд намайг үлдээгээд яваад өгсөн. Манай ах эгч хоёр муудалцаад салахгүй болохоор нь би эгчийгээ хоёулаа гарья пабад сууя гэж хэлсэн. Би гэрийн хувцастай байсан болохоор хоёулаа манайд очиж хувцсаа сольё гэж хэлээд таксигаар өөрийнхөө амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-13 тоотод 08 дугаар сарын 07-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгтэл манай нөхөр хаалга дотроос нь түгжчихээд хаалга тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “нөхрөө ингэж унтана гэж байхгүй дотроо хүнтэй байгаа юм шиг байна” гэж бодоод гал тогооны өрөөний жижиг цонхийг гараараа цохиж хагалаад дотогшоо орсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа унтаж байсан. Би ороод “чи яахаараа хаалгаа тайлж өгдөггүй юм бэ” гэж орилсон. Манай нөхөр босож ирээд ханын шүүгээ цохиод мөн зурагт цохиод байхаар нь би түүнд хандаж “чи болиоч” гэж хэлтэл намайг үсдээд нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би эгчийгээ дуудаад цагдаа дуудаарай гэж хэлтэл манай нөхөр гэрээс гараад зугтаачихсан. Би цонхоо хагалахдаа гараа зүсэж баруун гарын сарвуугаа гэмтээсэн, мөн орох гэж байгаад хөлөө шилэнд зүссэн, харин зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн нь манай нөхөр цохиж тийм болгосон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),

2. Гэрч Д.О..............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай... гэрт хадам дүү М............яа, нөхөр Б............нийн хамт орой 22 цагийн орчим ирсэн. Манайд ирээд... бид нар хоёр шил “Экс” нэртэй 0.75 литрийн архи уусан. Б.............нэ тэр архинаас бараг уугаагүй, явлаа гээд явчихсан. М............яа бид хоёр паб орж жоохон сууя гэж ярилцаад түүнийг хувцсаа солино гэж хэлэхээр нь шөнө 02 цагийн орчим 8 дугаар сарын 07-ны шилжих шөнө тэднийд таксигаар очиход Б.............нэ байшингийнхаа хаалгыг тайлахгүй байсан. Тэр үед М............яа зөндөө их хаалга цохиж зогссон. Тэгтэл М............яа намайг “хаалга дээр зогсож бай. Би цонх онгойлгож орно. Наадах чинь хүүхэнтэй байгаа. Гарч ирэхээр нь бариад аваарай” гэж хэлсэн. Тэгтэл тас гээд юм дуугарах шиг болохоор нь байшингийнх нь баруун талд яваад очтол М............яа цонхоо хагалаад дотогшоо орчихсон байсан. ...Б.............нэ тэр үед ганцаараа байсан ба түүнийг босгоод хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгтэл Б.............нэ М............яагийн нүүрэн тус газар 1 удаа алгадаж, 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7242 дугаар дүгнэлтэд 

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун сарвууны ар хэсэгт мэс заслын оёдол тавигдсан ариун боолт хийсэн шархтай. Баруун шилбэний урд хэсэгт мэс заслын 4 оёдол бүхий шархтай. Зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ

1. Г.М............яагийн биед баруун сарвуу, баруун шилбэнд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН ЗЭРЭГТ хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18),

 

4. Шүүгдэгч Г.Б............нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэрийн ахынх нь эгч болох О..............гсийн гэмтлийн ард байх гэрт нь эхнэр М............яа бид хоёр очсон юм. Тэр үед О..............гсийнд манай эхнэр бид 2, мөн түүний нөхөр Амараа бид нар байсан. Манай эхнэр О..............гс эгч 2 ер нь ихэнх архийг нь уусан, тэр архинаас би 1-2 удаа л татсан юм. Тэр 3 хоорондоо гэр бүлийн маргаан яриад байхаар нь би гараад гэр лүүгээ явчихсан юм. Би хөдөөгөөс ирээд удаагүй байсан болохоор гэртээ очоод унтаж байтал, манай эхнэр 2021 оны 08 дугаар сарын 07-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гал тогооны өрөөний жижиг цонхыг хагалаад ороод ирсэн. Орж ирээд намайг цохиод үснээс татаад байхаар нь би зурагтаа аваад газар шидчихсэн. Тэгтэл дахиад намайг цохиод байхаар нь би түүний нүүрэн тус газар нь гараараа савтал нүдийг нь цохичихсон. Дахиад дайраад цагдаа дуудна гэж хэлэхээр нь би дахиад нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Манай эхнэр тэр үед нэлээн согтчихсон байсан, би архи уугаагүй байсан болохоор эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 34, 35) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б.............нэ холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б.............нэ нь 2021 оны 08 дугаар 07-ний өдөр 01 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 01 дүгээр гудамжны 13 тоот гэртээ унтаж амарч байсан байна. Энэ үед түүний хамтран амьдрагч Г.М............яа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Г.Б............нийг байшингийн хаалга тайлж өгсөнгүй, хүүхэнтэй байгаа” гэж хардан байшингийн цонхоо хагалж ороод Г.Б............нийн үснээс зулгааж цохиход тэрээр Г.М............яагийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Г.М............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Б.............нэ бид хоёр манай нагац ах А............яагийн гэрт ...очиж ...Ахын эхнэр О..............гс бид хоёр 1 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи хувааж уусан юм. Тэр үед манай нөхөр архинаас уугаагүй, дараагийн шил архинаас нь бага зэрэг л уусан. Тэр үедээ толгой өвдөөд байна гэж хэлээд ...намайг үлдээгээд яваад өгсөн. Манай ах эгч хоёр муудалцаад салахгүй болохоор нь би эгчийгээ хоёулаа гарья пабад сууя гэж хэлээд ...таксигаар өөрийнхөө амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-13 тоотод 08 дугаар сарын 07-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгтэл манай нөхөр хаалга дотроос нь түгжчихээд хаалга тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “нөхрөө ингэж унтана гэж байхгүй дотроо хүнтэй байгаа юм шиг байна” гэж бодоод гал тогооны өрөөний жижиг цонхийг гараараа цохиж хагалаад дотогшоо орсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа унтаж байсан. Би ороод “чи яахаараа хаалгаа тайлж өгдөггүй юм бэ” гэж орилсон. Манай нөхөр босож ирээд ханын шүүгээ цохиод мөн зурагт цохиод байхаар нь би түүнд хандаж “чи болиоч” гэж хэлтэл намайг үсдээд нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),

- Гэрч Д.О..............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайд... бид нар хоёр шил “Экс” нэртэй 0.75 литрийн архи уусан. Б.............нэ тэр архинаас бараг уугаагүй, явлаа гээд явчихсан. М............яа бид хоёр паб орж жоохон сууя гэж ярилцаад түүнийг хувцсаа солино гэж хэлэхээр нь шөнө 02 цагийн орчим 8 дугаар сарын 07-ны шилжих шөнө тэднийд таксигаар очиход Б.............нэ байшингийнхаа хаалгыг тайлахгүй байсан. ..Тэгтэл М............яа намайг “хаалга дээр зогсож бай. Би цонх онгойлгож орно. Наадах чинь хүүхэнтэй байгаа. Гарч ирэхээр нь бариад аваарай” гэж хэлсэн. ...Б.............нэ М............яагийн нүүрэн тус газар 1 удаа алгадаж, 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7242 дугаар дүгнэлтэд “...1. Г.М............яагийн биед баруун сарвуу, баруун шилбэнд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН ЗЭРЭГТ хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18),

- Шүүгдэгч Г.Б............нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хөдөөгөөс ирээд удаагүй байсан болохоор гэртээ очоод унтаж байтал, манай эхнэр 2021 оны 08 дугаар сарын 07-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гал тогооны өрөөний жижиг цонхыг хагалаад ороод ирсэн. Орж ирээд намайг цохиод үснээс татаад байхаар нь би зурагтаа аваад газар шидчихсэн. Тэгтэл дахиад намайг цохиод байхаар нь би түүний нүүрэн тус газар нь гараараа савтал нүдийг нь цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Б.............нэ нь хууль зүйн хувьд, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан, шууд санаатай үйлдлээр, хохирогч Г.М............яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б.............нэ нь хохирогч Г.М............яагийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Г.Б............нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М............яа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Б............нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б.............нэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Б.............нэ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Б.............нэд шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2108 0000 01255 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Г............гийн Б............нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............нийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.............нэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.............нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ