| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0972/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1169 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1169
2021 11 02 2021/ШЦТ/1169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
хохирогч Б.Э ,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2106 00000 1582 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гүүр өнгөрөөд Дүнжингарав руу эргэдэг замд хохирогч Б.Э той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр бид хоёр хоёул 4-6 лаазтай пиво уусан байсан. Б.Э түрүүлж дуугарч, гар хүрсэн хүн. Намайг цонхны тэнд сууж байхад түрүүлж тавчиг авч шидсэн. Би хөөе Нэргүй гэхэд чи амаа татаарай. Чи Нэргүйд хов зөөх гээд байна. Чамайг амаа тат гэж байна, гичий минь гэж доромжилсон. Миний баруун хөхөрсөн. Машинаасаа буугаад зүүн гарын өвдөг рүү нилээд хэдэн удаа өшиглөсөн. Эхэлж хүрсэн хүн, элдэв бусаар доромжилсон хүн Б.Э гэдэг хүн. Би урд талд суусан учир өөрийгөө хамгаалахын тулд хойшоо харж Б.Э ыг түлхсэн. Тэгэхэд баруун гар луу цохисон. Зүүн гар ясны сийрэгжилттэй. Хэд хоног ажлаа хийж чадахгүй. Гэртээ хэд хоног хөдөлж чадахгүй байсан. Маргааш нь Б.Э эгчид би ч гэсэн гомдол гаргана гэж хэлж байсан. Б.Э эгч нээх юм хэлээгүй. Энхжин эгч та хоёр хэн аль нь уусан. Хоёул эмэгтэй хүмүүс. Цагдаагаар яваад яах вэ учраа олчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд за гэцгээсэн боловч шүүх, цагдаа болсон” гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ охинтойгоо байхад Н , Б хоёр орж ирсэн. Салхинд гарья гээд явсан. Дэлгүүрээс 10 пиво авсан. П.Б тай өөрийн дүү шиг харьцдаг байсан. 2 лааз пиво үлдсэн байхад П.Б та надад 5 уулгачхаад өөрөө 3 уулаа. Та худлаа уулаа гээд байсан. Орой нар жаргаж байхад явъя гээд Н ыг дуудсан. Ю гээд охин байдаг. Тэр залгаад маргааш ирэх үү, Н т битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд машинд явж байхад П.Б Ю Н т чамайг битгий ирээрэй гэж хэлж байна лээ гэхээр нь би чи битгий хүмүүсийн хооронд хов яриад бай гэж хэлсэн. Тэгэхэд би хүнээр дуугаа хориулдаггүй гээд гараараа нүүр лүү цохисон. Би эхэлж углааш авч шидээгүй, дараа нь шидсэн. Тэглээ ч цонхоор гарсан. Н зогссон. Би машины хаалгыг татаад суух гэж байхад намайг шууд татаад замын гол руу шидсэн. Цагдаагийн постод очоод цагдаа дуудаад өгөөч гэсэн. Би 20 гаруй хоног ажилдаа яваагүй. Би таксинд яваад 100.000 гаруй төгрөг олдог. Би оюутан охинтойгоо амьдардаг. Би гомдолтой байна. Би П.Б г хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Би П.Б гаас 120.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед миний 1.400.000 төгрөгийн гинж байсан ба байхгүй болсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал өдрийн 13 цаг 30 минутын орчимд Н , Б нар манай гэрт ирээд бид гурав Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр ирсэн. Тэгээд Н машинтайгаа ажилдаа явж Б бид хоёр 10 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво авсан... 2 ширхэгийг уугаагүй үлдсэн байхад Б надад хандан би 5 лаазтай пиво уусан, та 3 ширхэгийг уусан, худлаа уугаад байна гэсэн... би Б д хандан би адилхан ууж байгаа гэж хэлсэн. Манай хамт ажиллаж байсан Ю гэх хүнээс над руу утсаар залгаж арматурын ажил байна гэж хэлсэн. Би Юмжирт хандан Н хийх ажил байхгүй юм уу гэж хэлэхэд Ю ажил байхгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй Н ирээд бид гурав машинтай хот руу явж байтал Улиастайн гүүр орчимд Б Н т хандан Э эгч рүү Ю утсаар ярьж байсан. Таны хэрэг байхгүй гэж хэлж байсан гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн тул би Б д хандан чи битгий хэв яриад бай, дуугүй бай гэж хэлэхэд Б миний нүүр лүү 2 удаа гараараа алгадаж, дух хэсэгт гараараа 5-6 удаа цохисон. Тухайн үед Н бид хоёрыг салгасан. Тэгээд Н машинаа зогсоох үед Б машинаас бууж намайг татаж унагааж замын голд унагаасан. Өөр болсон зүйлгүй, Цагдаагийн албан хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ... Б Э хоёр зам дагуу алхаад явж байсан... машиндаа суулгаад явж байтал Б , Э хоёр хуучин ажиллаж байсан барилгын ажлын талаар ярьж маргалдаж байсан... бие биенийхээ гар болон хувцаснаас татаж бие биенээ цохиж байсан. Яг хэн нь хаана хаашаа цохисон гэдгийг нь би тухайн үед машин бариад явж байсан тул хараагүй... машинаа зогсооход Б урд талын хаалгаар бууж хойд талын хаалгыг онгойлгоод Э ыг татаж буулгасан. Тухайн үед Э засмал зам дээр биеийн хажуу хэсгээр унагаасан. Э босож ирээд цааш алхаж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6243 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд 18x11 см хэмжээтэй, шар ногоон туяатай, хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны гадна дээд хэсэгт 1,5x0,5 хэмжээтэй, тав нь хуурсан зулгаралт бүхий, 6x5,5 см хэмжээтэй, хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ 1. Б.Э ын биед духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Шүүгдэгч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Н , Э бид гурав уулзаж Туул голын орчимд очоод Н бид хоёрыг голын эрэг дээр үлдээгээд машинтайгаа явсан. Тэгээд Э бид хоёр 8 лааз Сэнгүр нэртэй пиво хувааж уусны дараа Н ыг дуудаж түүний машинтай явж байтал Э автомашины ар талын суудал дээр сууж байгаад над руу хандаж чи чимээгүй байгаарай, чи Н т юу ч битгий хэлээрэй гэж орилж байгаад миний баруун гар луу тавчигаа авч шидсэн .... гичий гэж хэл амаар доромжилж, Н бид хоёрын дунд яс хаяж маргаан үүсгэх гээд байгаа юм уу гэх зэргээр орилж миний баруун гарын булчин хэсэг рүү хөл болон гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд гарынхаа алга хэсгээр Э ын дух хэсэг рүү 3-4 удаа түлхсэн. Н ын хойноос орилж жолоочид саад учруулаад байсан тул би машинаа зогсоо гэж хэлээд машинаас бууж хойд талын хаалгыг нээх үед Э гичий минь хүн аллаа гэж орилоод байсан ... тухайн үед Э ыг татаж буулгах гэх үед миний хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Э ын гараас нь татаж машинаас буулгах үед Э газар унасан ... босож ирээд цааш нь гүйж явсан. Удалгүй Цагдаагийн алба хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),
Байнга оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гүүр өнгөрөөд Дүнжингарав руу эргэдэг замд хохирогч Б.Э той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Мөн шүүгдэгч П.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Э той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал өдрийн 13 цаг 30 минутын орчимд Н , Б нар манай гэрт ирээд бид гурав Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр ирсэн. Тэгээд Н машинтайгаа ажилдаа явж Б бид хоёр 10 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво авсан... 2 ширхгийг уугаагүй үлдсэн байхад Б надад хандан би 5 лаазтай пиво уусан, та 3 ширхгийг уусан, худлаа уугаад байна гэсэн... би Б д хандан би адилхан ууж байгаа гэж хэлсэн. Манай хамт ажиллаж байсан Ю гэх хүнээс над руу утсаар залгаж арматурын ажил байна гэж хэлсэн. Би Юмжирт хандан Н хийх ажил байхгүй юм уу гэж хэлэхэд Ю ажил байхгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй Н ирээд бид гурав машинтай хот руу явж байтал Улиастайн гүүр орчимд Б Н т хандан Э эгч рүү Ю утсаар ярьж байсан. Таны хэрэг байхгүй гэж хэлж байсан гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн тул би Б д хандан чи битгий хэв яриад бай, дуугүй бай гэж хэлэхэд Б миний нүүр лүү 2 удаа гараараа алгадаж, дух хэсэгт гараараа 5-6 удаа цохисон. Тухайн үед Н бид хоёрыг салгасан. Тэгээд Н машинаа зогсоох үед Б машинаас бууж намайг татаж унагааж замын голд унагаасан. Өөр болсон зүйлгүй, Цагдаагийн албан хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ... Б Э хоёр зам дагуу алхаад явж байсан... машиндаа суулгаад явж байтал Б , Э хоёр хуучин ажиллаж байсан барилгын ажлын талаар ярьж маргалдаж байсан... бие биеийнхээ гар болон хувцаснаас татаж бие биеэ цохиж байсан. Яг хэн нь хаана хаашаа цохисон гэдгийг нь би тухайн үед машин бариад явж байсан тул хараагүй... машинаа зогсооход Б урд талын хаалгаар бууж хойд талын хаалгыг онгойлгоод Э ыг татаж буулгасан. Тухайн үед Э засмал зам дээр биеийн хажуу хэсгээр унагаасан. Э босож ирээд цааш алхаж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6243 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд 18x11 см хэмжээтэй, шар ногоон туяатай, хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны гадна дээд хэсэгт 1,5x0,5 хэмжээтэй, тав нь хуурсан зулгаралт бүхий, 6x5,5 см хэмжээтэй, хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ 1. Б.Э ын биед духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Шүүгдэгч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Н , Э бид гурав уулзаж Туул голын орчимд очоод Н бид хоёрыг голын эрэг дээр үлдээгээд машинтайгаа явсан. Тэгээд Э бид хоёр 8 лааз Сэнгүр нэртэй пиво хувааж уусны дараа Н ыг дуудаж түүний машинтай явж байтал Э автомашины ар талын суудал дээр сууж байгаад над руу хандаж чи чимээгүй байгаарай, чи Н т юу ч битгий хэлээрэй гэж орилж байгаад миний баруун гар луу тавчигаа авч шидсэн .... гичий гэж хэл амаар доромжилж, Н бид хоёрын дунд яс хаяж маргаан үүсгэх гээд байгаа юм уу гэх зэргээр орилж миний баруун гарын булчин хэсэг рүү хөл болон гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд гарынхаа алга хэсгээр Э ын дух хэсэг рүү 3-4 удаа түлхсэн. Н ын хойноос орилж жолоочид саад учруулаад байсан тул би машинаа зогсоо гэж хэлээд машинаас бууж хойд талын хаалгыг нээх үед Э гичий минь хүн аллаа гэж орилоод байсан ... тухайн үед Э ыг татаж буулгах гэх үед миний хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Э ын гараас нь татаж машинаас буулгах үед Э газар унасан ... босож ирээд цааш нь гүйж явсан. Удалгүй Цагдаагийн алба хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Э ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Э од Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6243 дугаартай дүгнэлтээр “биед духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Э ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс хохирогч намайг цохиод байсан тул бие хамгаалах зорилгоор хохирогчийн биед халдсан гэж мэдүүлж байх боловч гэрч А.Н-ын “...машиндаа суулгаад явж байтал Б , Э хоёр хуучин ажиллаж байсан барилгын ажлын талаар ярьж маргалдаж байсан... бие биеийнхээ гар болон хувцаснаас татаж бие биеэ цохиж байсан...” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) шүүгдэгч нь хохирогчийн довтолгооны эсрэг хохирогчийн биед халдсан гэх буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийгээгүй байна.
Харин харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийн энэ талаарх тайлбар мэдүүлэг үндэслэлгүй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б гаас 120.000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн бөгөөд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч П.Б г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Э нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардал зэргийг шүүгдэгч П.Б гаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч “Би одоо ажилгүй байгаа. Миний эрхэлдэг ажил улирлын чанартай. Би өвөлдөө ажилгүй байдаг. Хугацааг нь уртаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б гийн цалин хөлс, бусад орлого болон ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нартайгаа амьдардаг зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Э нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардал зэргийг шүүгдэгч П.Б гаас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ