Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1056

 

  2021           10           15                                              2021/ШЦТ/1056

                                                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Д.Хорлоо, 

шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б т холбогдох эрүүгийн 2006 04174 1566 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зочид буудал дээр иргэн Ш.Ц автобуснаас буух үед түүний гар утас, бэлэн 1.800.000 төгрөг болон түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, улмаар бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У. У.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Ш.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 20 минутын үед хорооллын Пародоксоос Шар гэмтэл гэсэн автобусанд суугаад Сэлбэ зочид буудлын автобусны буудал дээр автобуснаас буугаад цүнхээ харсан чинь цүнхний цахилгаан хагас онгойсон байхаар нь цүнх дотор эд зүйл шалгаад үзсэн чинь гар утас, түрүүвч хоёр байхгүй байсан. Тэгээд автобус хөдлөөгүй байхаар нь буцаж ороод жолоочид гар утас, түрүүчээ хулгай алдчихлаа гээд хэлээд дотор байсан хүмүүсийн гар утсыг гуйгаад өөрийн дугаар луугаа залгасан чинь холбогдохгүй байсан. Миний түрүүвч дотор хаан банкны карт байсан. Дансанд 1.800.000 төгрөг байсан болохоор залгаж хаалгах гэсэн чинь утас байхгүй болохоор нь гар утас олж байгаад Хаан банк руу залгаад хаалгах гээд гэсэн чинь дөнгөж саяхан Их засаг их сургуулийн Хаан банкны АТМ-аас таны картыг ашиглаж 1.800.000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Картыг чинь ашигласан хүн хар малгайтай, хар нүдний шилтэй, 20-25 насны эрэгтэй хүн байна гэж хэлсэн. Цагаан өнгийн Самсунг маркийн хуучин гар утас байсан... 60.000 төгрөгийн үнээр үнэлж байна... Цэнхэр өнгийн түрийвч байсан. 20.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            Хохирогч Ш.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 221 оны 1 дүгээр сард хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгөө бэлнээр авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),  

 

            Шүүгдэгч У.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянбүрдийн автобусны буудлаас автобусанд суусан... настайвтар эмэгтэй хүний цүнхнээс түрийвчийг нь авсан. Би тухайн автобуснаас буугаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн автобусны буудал дээр буусан... түрийвчийг нь үзэхэд Хаан банкны карт байсан бөгөөд банкнаас ирдэг кодтой цаасыг нь хамт хийсэн байсан... Их засаг их сургуулийн урд талын автобусны буудал дээр байрлах АТМ-рүү ороод картыг уншуулж кодыг нь хийхэд нэвтэрч байсан. Би тухайн картын үлдэгдлийг шалгахад 1.800.000 төгрөг байсан бөгөөд би бүх мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 

Шүүгдэгч У.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянбүрдийн автобусанд суугаад Их засаг их сургуулийн чиглэлтэй 17 цаг өнгөрч байхад сууж явсан.Тэгээд би автобусанд зогсоогоороо явж байхдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг ир сургуулийн автобусны буудалд буухдаа нэг настай эмэгтэй хүний цүнхний цахилгааныг нь өөрт нь мэдэгдэхгүй онгойлгоод цүнхэн дотор нь байсан түрүүвчийг аваад буусан.Тэгээд автобусны буудал дээр тухайн өөрийн хулгайлсан түрүүвчин доторхыг онгойлгож үзэхэд дотор нь хаан банкны карт болон тухайн Хаан банкны картыг анх захиалахад ирдэг нууцлалтай цаас нь кодтойгоо хамт байхаар нь тухайн картын нууц үгийг хийж үзэхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Их засаг их сургуулийн хойд талын автобусны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-рүү ороод нөгөө картаа хийгээд тухайн цаасан дээр байсан нууц үгийг хийтэл нэвтэрч болж байсан тул тухайн картын үлдэгдэл мөнгийг нь шалгаад үзтэл 1.800.000 төгрөгийг тухайн Хаан банкны АТМ-ээс уншуулан бэлнээр авсан.Ингээд тухайн үед би өөрийн зүс таних хүнд мөнгөний өртэй тухайн хүн нь надаас өдөр шөнөгүй мөнгөө нэхээд байсан тул өөрийн хулгайлан авсан мөнгөнөөсөө өгч өрөө дарсан.Тэгээд 2021оны 01 дүгээр сард намайг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа дуудахад нь би өөрийн гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Ш.Ц-ын “... 2.000.000 төгрөг хүлээж авч хохирол барагдсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй” гэх өргөдөл (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 50/6964 дугаар албан тоот (хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 11 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 54-102 дугаар хуудас),

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолууд (хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас),

У.Б ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас),

“Ромон рөүд” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                              

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зочид буудал дээр иргэн Ш.Ц автобуснаас буух үед түүний гар утас, бэлэн 1.800.000 төгрөг болон түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, улмаар бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.852.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зочид буудал дээр иргэн Ш.Ц автобуснаас буух үед түүний гар утас, бэлэн 1.800.000 төгрөг болон түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, улмаар бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.852.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ш.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 20 минутын үед хорооллын Пародоксоос Шар гэмтэл гэсэн автобусанд суугаад Сэлбэ зочид буудлын автобусны буудал дээр автобуснаас буугаад цүнхээ харсан чинь цүнхний цахилгаан хагас онгойсон байхаар нь цүнх дотор эд зүйл шалгаад үзсэн чинь гар утас, түрүүвч хоёр байхгүй байсан. Тэгээд автобус хөдлөөгүй байхаар нь буцаж ороод жолоочид гар утас, түрүүчээ хулгай алдчихлаа гээд хэлээд дотор байсан хүмүүсийн гар утсыг гуйгаад өөрийн дугаар луугаа залгасан чинь холбогдохгүй байсан. Миний түрүүвч дотор хаан банкны карт байсан. Дансанд 1.800.000 төгрөг байсан болохоор залгаж хаалгах гэсэн чинь утас байхгүй болохоор нь гар утас олж байгаад Хаан банк руу залгаад хаалгах гээд гэсэн чинь дөнгөж саяхан Их засаг их сургуулийн Хаан банкны АТМ-аас таны картыг ашиглаж 1.800.000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Картыг чинь ашигласан хүн хар малгайтай, хар нүдний шилтэй, 20-25 насны эрэгтэй хүн байна гэж хэлсэн. Цагаан өнгийн Самсунг маркийн хуучин гар утас байсан... 60.000 төгрөгийн үнээр үнэлж байна... Цэнхэр өнгийн түрийвч байсан. 20.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            Хохирогч Ш.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 221 оны 1 дүгээр сард хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгөө бэлнээр авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),  

Шүүгдэгч У.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянбүрдийн автобусанд суугаад Их засаг их сургуулийн чиглэлтэй 17 цаг өнгөрч байхад сууж явсан.Тэгээд би автобусанд зогсоогоороо явж байхдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг ир сургуулийн автобусны буудалд буухдаа нэг настай эмэгтэй хүний цүнхний цахилгааныг нь өөрт нь мэдэгдэхгүй онгойлгоод цүнхэн дотор нь байсан түрүүвчийг аваад буусан.Тэгээд автобусны буудал дээр тухайн өөрийн хулгайлсан түрүүвчин доторхыг онгойлгож үзэхэд дотор нь хаан банкны карт болон тухайн Хаан банкны картыг анх захиалахад ирдэг нууцлалтай цаас нь кодтойгоо хамт байхаар нь тухайн картын нууц үгийг хийж үзэхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Их засаг их сургуулийн хойд талын автобусны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-рүү ороод нөгөө картаа хийгээд тухайн цаасан дээр байсан нууц үгийг хийтэл нэвтэрч болж байсан тул тухайн картын үлдэгдэл мөнгийг нь шалгаад үзтэл 1.800.000 төгрөгийг тухайн Хаан банкны АТМ-аас уншуулан бэлнээр авсан.Ингээд тухайн үед би өөрийн зүс таних хүнд мөнгөний өртэй тухайн хүн нь надаас өдөр шөнөгүй мөнгөө нэхээд байсан тул өөрийн хулгайлан авсан мөнгөнөөсөө өгч өрөө дарсан.Тэгээд 2021оны 01 дүгээр сард намайг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа дуудахад нь би өөрийн гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Ш.Ц-ын “... 2.000.000 төгрөг хүлээж авч хохирол барагдсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй” гэх өргөдөл (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байх ба хохирогч Ш.Ц-ын гар утас, бэлэн 1.800.000 төгрөгийг авсныг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч У.Б  нь хохирогч Ш.Ц-ыг автобуснаас буух үед нь түүний гар утас, бэлэн 1.800.000 төгрөг болон түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.852.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч У.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ш.Ц-ын “...2.000.000 төгрөг хүлээж авч хохирол барагдсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй” гэх гар бичмэл байх тул шүүгдэгч У.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч У.Б т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч У.Б т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа “У.Б  нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан. Олон удаагийн ял шийтгэлтэй хэдий түүний ард хүүхдүүд болон ажил эрхэлдэггүй эхнэр нь байгаа. 900.000 төгрөгийн цалин аваад ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. Иймд улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

 

Шүүгдэгч У.Б ын хувийн байдлын хувьд өмнө нь 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх бөгөөд үүнээс 4 удаагийн эрүүгийн хариуцлага нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан байх ба шүүгдэгч нь дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь хувийн зан араншингийн хувьд нийгэмшээгүй, гэмт үйлдэл эрх зүйн зөрчил үйлдэхгүй байх талаар ухамсар, төлөвшил бүрэн гүйцэд суугаагүй байгааг илэрхийлж байна.

           

            Шүүгдэгч У.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх хэдий ч шүүхээс хувийн байдлыг нь харгалзаж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

                                                               

Харин шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 1.852.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч У.Б т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

                                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажилыг хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэх нь хэн төлсөн, төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байх тул зардалгүй гэж үзэж, хэрэв төлөгдөөгүй тохиолдолд холбогдох байгууллага нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч У.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч У.Б  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б т 720 цаг нийтэд тустай ажил хийлэгх ялаар шийтгэсүгэй.

                                                          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажлыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18000 төгрөгийг холбогдох байгууллага нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.Б т авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ