Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 32

 

 

 

 

                                          

                          

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Г.Ганчимэг /томилолтоор/, нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү, шүүгдэгч Н.Агваандорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмч овогт Нохойжавын Агваандоржид холбогдох эрүүгийн 201626030381 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын угсрагч мэргэжилтэй, “Алтан тариа” ХХК-д барилгын хэлтэст угсрагчаар ажилдаг,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-р гудамжны 163 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 314 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Эмч овогт Нохойжавын Агваандорж /РД:ЧБ77010916/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Агваандорж нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-163 тоотод “зөвшөөрөлгүй хашаа давлаа, миний охиныг хэл амаар доромжиллоо” гэж иргэн Д.Батаатай маргалдаж, улмаар түүний хамар, нүүр тус газар нь гараараа цохиж биед нь “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.    

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг хянан хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Агваандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан 150.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч Батаа нь гомдол саналгүй гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030381 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-179 тоотод амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эмэгтэй бага дүү Д.Мөнх-Эрдэний машиныг засуулах гээд өглөө гэрээсээ гарч яваад Хаан банкны АТМ-ээс 150.000 төгрөг аваад Нисэхийн эцэст байдаг дугуй засварт очиж дугуй засуулж, бас аккумляторыг нь цэнэглүүлчихээд “Сутайн буянт” зах орж дугуйны олгой хаймар авч нөгөө засуулах гэж байсан дугуйндаа хийлгэсэн.

Тэгээд дугуй засвар дотор таньдаг хүнтэйгээ ганц хоёр шил архи ууж байгаад гэр рүүгээ явж байсан юм. ...Би Мөнх-Эрдэнтэй тааралдчихаад гэртээ очоод мөнгөө үзсэн чинь миний мөнгө байхгүй болохоор нь ... Мөнх-Эрдэнийг Агваандоржийнд орж байхыг харсан болохоор “миний мөнгө авчихлаа” гэж бодоод араас нь зээ Мөнхцэцэгийг дагуулаад очсон чинь Мөнх-Эрдэнэ хашаан дотор зогсчихоод хаалгыг нь онгойлгохгүй байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэд “чи миний мөнгийг авчихлаа” гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэтэй хамт тэр айлын хашаанд байж байсан охин намайг “чи манайхаас хулгай хийх гэж хашаа давж орж ирсэн гээд миний нүүр рүү цохисон”  гэсэн.

Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг барьж аваад “чи миний мөнгийг авсан” гээд бариад авсан чинь Мөнх-Эрдэний хажууд зогсож байсан залуу миний хамар луу цохисон. Миний хамарнаас цус гараад байж байсан чинь тэр айлаас Агваандорж гэх залуу, Даш гэх залуутай хамт гарч ирчихээд над руу дайраад байхаар нь би аав руу нь өшиглөх гэж байгаад тэр охиныг өшиглөчихсөн юм. Тэгээд тэд нар намайг нийлж зодсон.

Манай зээ охины хэлж байгаагаар намайг тэр айлаас гарч ирсэн залуу Даш барьчихаад мөргөөд байсан, ба тэр айлын аав нь /Агваандорж/ тохойгоороо цохиод байсан гэсэн. Мөнх-Эрдэнэ намайг ....зодож цохиогүй юм байна лээ. Мөнх-Эрдэнийг би хөөгөөд араас нь гүйхээр зугатаагаад байсан гэж зээ охин Мөнхцэцэг хэлсэн.

...Би тухайн үед согтчихсон байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би архи уусан байсан болохоор тэр айлын хүмүүсийг элдвээр хэлсэн юм шиг байна лээ. Би яг одоо хэнийг цохисныг сайн хэлж мэдэхгүй байна. Би цоожтой байсан айлын хашааг давж орж, тэр айлын хүмүүстэй маргалдсан нь миний буруу. Миний буруутай үйлдлээс болж ийм асуудал болсон. Надад гомдол санал байхгүй. ...Өөрийн нэхэмжилсэн мөнгөө барагдуулж авсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 94-95/,

 

2. Мөрдөн байцаалтын шатанд А.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-179 тоотод амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би өөрийнхөө гэрт байж байсан. Манай ах Батаа гаднаас 22 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирчихээд унтах гэж байгаад гэнэт гэрээс манай дүүг дагуулаад гараад явчихсан. Тэгэхээр би Батаа ах, дүү хоёрын араас явсан.

Тэгээд Батаа ахын очсон айлын гадаа очиход манай ах тэр хүмүүстэй зодолдоод зогсож байсан, ...салгах гэсэн чинь салахгүй зодолдоод байсан. Батаа ах нэг халзан бандитай зодолдож байсан, хажуунаас нь манай ахыг нэрээр нь дуудаад нэг залуу тойроод гүйгээд байсан. Зодолдохоо больсон чинь тэр айлын хашаанаас нэг өндөр эрэгтэй хүн гарч ирчихээд манай ахын хажууд байсан хоёр залууг хашаа руугаа аваад орсон. Тэгсэн чинь манай ах Батаа араас нь гүйгээд хашаа руу орох гэсэн чинь тэр айлын охин, бас аав нь гарч ирээд “Тэр айлын ах хэлэхдээ танай ах чинь манай охиныг эхэлж цохисон шүү” гэж хэлсэн. Манай ахыг барьж аваад доош дарж байгаад цохиод байсан, би яг хаашаа нь цохисныг хараагүй. Тэгээд хашаанд ороод тэр айлын аавтай /Агваандорж/ манай ах Батаа зодолдсон. Миний дэргэд манай ахын хэлж байгаа Мөнх-Эрдэнэ зодоогүй, бас тэр өндөр ах Батаа ахыг цохиогүй. Харин халзан толгойтой, тэр айлын аав нь охинтойгоо нийлж манай ахыг зодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

3. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч А.Ариунгэрэлийн өгсөн:

 

"...Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Бурхантын 14-163 тоот хашаанд амьдардаг. Энэ хашаанд манай ээжийн ахынх нь хүүхэд Р.Даш амьдардаг юм.

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед би хашаандаа ганцаараа утсаар яриад зогсож байтал манай хашааны жорлон байдаг талаар нь хүн хашаа давж орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод аавд хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ “Шумаа буюу Энхбаяр бид хоёр гараад зохицуулчихъя” гээд гарсан. Тэгсэн нөгөө хашаа давж орж ирсэн хүн орилоод манай гэр рүү орох гээд байхаар нь Даш ах гарсан чинь тэр хүн “голомтыг чинь самарна, галдан шатаана” гээд орилоод байсан. Тэгээд манай аав гараад очиход тэр хүн манай гэр рүү орох гээд, Мөнх-Эрдэнэ ахыг сайн таниад ахаа та больчих гэж хэлээд байсан.

Тэгээд би аавыг гэртээ ор гээд тэр ахаас салгасан чинь тэр хүн намайг “янхан гичий минь” гэсэн чинь манай аав тэр хүнийг баруун гараараа зүүн талын хацар руу нь 2 удаа цохисон. Тэгээд би аавыг салгах гэсэн чинь намайг хашаан дотор байхад миний давсаг руу 2 удаа өшиглөсөн. Би тэр үед өшиглүүлээд доошоо хөл дээрээ суучихсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Батаа гэж хүнийг би өмнө нь харж байгаагүй, ямар шалтгаанаар хашаа давж орж ирснийг мэдэхгүй. Миний сонсоноор Мөнх-Эрдэнэ, Энхбаяр хоёроос архи мөнгө нэхээд байсан. Батаа гэдэг ахтай явж байсан хүүхдүүд нь мөнгөтэй, архитай явж байхад нь тэрийг нь авчихсан юм шиг байна гэж байсан.  

Тухайн үед Мөнх-Эрдэнэ, Даш, Энхбаяр нар архи уучихсан, манай гэрт хөзөр тоглоод хожигдсон нь архи уугаад байсан. Батааг хэн хэн цохисныг сайн мэдэхгүй байна ямар ч байсан манай аав 2 цохисон. Манай аав руу дайраад байсан. Намайг гэр лүү ороход бусад нь цохисон эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,

 

4. Мөрдөн байцаалтын шатанд Э.Мөнх-Эрдэний гэрчээр өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Бурхантын 16-260 тоотод амьдардаг. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Бурхантын 19-р гудамжинд Энхбаяр /Шумаатай/ хамт явж байсан чинь Батаа гэдэг хүн таарсан юм. Надад “архи авч өгье” гэхээр нь би “яах юм бэ” гэсэн чинь Батаа ах “надад 3.000 төгрөг байна, чи энийг ав” гэсэн юм. Тэгэхээр нь би тэрийг нь авчихаад салаад явсан.  

Тэгээд би Агваандорж ахын гэрт ороод хөзөр тоглоод байж байтал ... “хашаан дотор танихгүй хүн ороод ирлээ” гээд Агваандорж ахын охин нь ороод ирсэн. Тэгэхээр нь би гараад тэр хүнийг хашаанаас гаргах гэтэл Батаа гэдэг хүн байсан. Тэгэхээр нь би хашаанаас нь гаргасан. “Танихгүй айлд юу хийж байгаа юм бэ” гэхэд “ална” гээд орилоод байсан. Надтай уулзсанаасаа илүү согтчихсон байсан. Тэгээд би Цагдаад дуудлага өгсөн.

Би Батааг хашаанаас гаргах гэж байхад гэрээс Агваандорж, Даш, Энхбаяр нар гарч ирсэн бөгөөд тэр хүн орилоод хүн болгонтой муудалцаад байхаар нь би зугатаад явсан болохоор тэнд зодоон болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

5. Мөрдөн байцаалтын шатанд Р.Дашийн гэрчээр өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Бурхантын 14-162 тоотод амьдардаг. 2016 оны 02 сарын 26-ны өдөр би Агваандорж ахын гэрт байж байсан чинь Шумаа буюу Энхбаяр, Мөнх-Эрдэнэ, тэдний гэрт болохоор Ариунгэрэл, Агваанаа ах, хүүхдүүд нь байсан. Тэгээд би Агваандорж, Мөнх-Эрдэнэ, Энхбаяр, бид нар хөзөр тоглож байхад Ариунгэрэл “хашааны гаднаас согтуу хүн хашаа даваад ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зодоон хийж болохгүй шүү цагдаа дуудаад өгөөрэй гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ эхлээд гарсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ орж ирэхгүй байхаар нь араас нь Энхбаяр, дараа нь Агваандорж ах гарсан.

Удалгүй Ариунгэрэл гэрт орж ирээд “ахаа, гадаа зодоон болоод байна” гэж хэлсэн. Тэгээд намайг гарсан чинь Батаа, Агваандорж ах хоёр барилцаад зогсож байсан. Тэгээд би очиж салгаад Мөнх-Эрдэнийг “цагдаа дуудсан юм уу” гэхэд “дуудсан” гэж хэлэхээр нь дахиад хурдан дууд гэж хэлсэн.

...Цагдаа дуудах хооронд Батаа хүн болгон руу агсраад, гэр рүү орох гээд “би олон жил шоронгоор явсан, голомтыг чинь самарна” энэ тэр гээд орилоод байсан. Би гэр лүү оруулаагүй. Тэгээд Агваандорж ахын охин “гэр лүү оруулахгүй” гэсэн чинь гэдэс рүү нь Батаа өшиглөж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

 

6. Мөрдөн байцаалтын шатанд Н.Энхбаярын гэрчээр өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаа 19-645 тоотод амьдардаг. 2016 оны 02 сарын 26-ны өдөр би Агваандорж гээд ахын гэрт Даш ах, Мөнх-Эрдэнэ, бид хэд хөзөр тоглож байгаад дэлгүүр орохоор Мөнх-Эрдэнэ бид хоёр явсан. Тэгээд замдаа явж байгаад Батаа гээд ахтай бид хоёр тааралдсан. Мөнх-Эрдэнэ, Батаа ахтай мэндэлсэн чинь Батаа ах Мөнх-Эрдэнэд “дүүдээ ганц шил юм авч өгнө” гээд дэлгүүр орсон.

Дэлгүүрээс буцаж гэрч ирснээ “ахынх нь мөнгө хүрдэггүй ээ” гээд “доод дэлгүүр орж жижиг шилтэй архи авч өгье” гээд явсан. Тэгээд би нөгөө хоёроос салаад дэлгүүр орж гар утсаа тавьж нэг шил архи авсан. Мөнх-Эрдэнэ надад 3.000 төгрөг өгсөн. Сая авсан юмнаасаа хасуулчихаарай гээд. Тэгээд өгчихөөд бид 3 дээшээ Агваандорж ахын гэр буюу Бурхантын 14-163 тоот хашааны гаднаас салаад явсан. Тэгээд бид хоёр Агваанаа ахын гэрт ороод хөзөр тоглож байсан чинь Ариунгэрэл “хашаанд танихгүй хүн ороод ирлээ, гаргаарай” гэсэн.

Тэгээд Мөнх-Эрдэнэ гарчихаад орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан чинь хашааны гадна Батаа ах, Мөнх-Эрдэнэ хоёр юм яриад зогсож байсан. “Яасан бэ, юу болсон бэ” гээд Батаа ах дээр очсон чинь миний эрүү рүү шууд цохисон. Тэгэхээр нь би “та яаж байгаа юм бэ” гээд хоёр гарыг нь бариад авсан чинь намайг шууд мөргөсөн. Тэгэхээр нь би “цагдаад өгье, мэдрэл муутай юм байна” гээд байж байтал Даш ах ардаас гарч ирсэн. Даш ах намайг “гэр рүү ор” гэж хэлээд оруулсан.

Ингээд байж байхад бас Агваандорж ах гэрээсээ гарч ирсэн. Тэгэхэд Ариунгэрэл “яая” гээд орилоод байсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр Агваандорж ахын гэрийн хойно нуугдаж байсан юм. Тэгсэн Агваандорж ах,  Батаа ахтай “чи яагаад миний охиныг цохиж байгаа юм бэ” гээд муудалцаад байсан. Тэгээд бүүр хашаан дотор нь нөгөө Батаа орж ирээд зодолдоод, тааралдсан хүн болгон руугаа хашгираад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн  2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2949 тоот актад:

1. Батаагийн биед тархи доргилт, баруун хацрын нум, хоншоор ясны өмнөд ханын хугарал, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, баруун чамархай, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 39х/,

 

8. Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Батаагийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаа цохиход үүсэх боломжтой. Яг хэдэн удаа цохисныг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/,

 

9. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Агваандоржийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-163 тоотод амьдардаг юм. 2016 оны 02 сарын 26-ны өдөр 22:00 цагийн үед гэртээ байж байхад манай том охин Ариунгэрэл “гадаа хашаа даваад хүн ороод ирлээ” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь манай дүү Даш гэрт байсан 2 залууг “наад хүнээ зүгээр гаргачихаа, битгий цохиорой, зүгээр гаргаад явуулчих” гээд хэлсэн. Тэгээд манай гэрээс Мөнх-Эрдэнэ, Энхбаяр хоёр гарч очсон чинь нөгөө хоёр чинь “тэр хүнтэй зууралдаад хашаанаас гарчихлаа” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгээд Даш ч гараад, би араас нь гарсан чинь миний араас манай охин Ариунгэрэл гарч ирсэн.

Тэгээд би гэрээс гараад “юу болсон бэ ах “ гэсэн чинь “миний мөнгийг авчихсан байна” гээд байсан. Тэгэхээр нь би “та харьж амар” гэж хэлсэн чинь над руу агсраад байсан. ...Мөнх-Эрдэнэ, Энхбаяр манай гэрийн хойно зогсож байгаад зугатаад яваад өгсөн. Тэгээд би явуулах гээд зөндөө оролдсон боловч тэр залуу /Батаа/ “манай гэрийг шатаана, голомтоор чинь самарна, энэ гэрт байгаа бүх хүмүүсийг” гэж хэлсэн. “Шөнө ч байсан, өдөр ч байсан хамаагүй шатаана” гэж дарамталсан. Тэгээд би “юу гээд байгаа юм бэ та яв” гэсэн чинь хамт явж байсан хоёр хүүхэд нь аваад цаашаа явж байхад нь манай охин бас “та хариа” гэж хэлсэн чинь “чи дуугүй бай, муу янхан, гичий минь” гэж хэлэхээр нь миний уур хүрээд хашааны хаалган дээр зогсож байгаад би баруун гараараа хамар луу нь хоёр удаа цохисон. Тэгсэн чинь тэр хүний хамарнаас цус гарсан байсан. Тэгээд би хашаагаа тойроод зугатаж байхад цагдаа нар ирээд бид 2-ыг аваад явсан. Би Батааг баруун гараараа зүүн талын хацар руу нь хоёр удаа л цохисон. Өөр бие рүү нь цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан. ... Даш ерөөсөө зодоонд оролцоогүй. Манай охиныг “янхан гичий” гэж хэлэхээр нь миний уур хүрсэн. Манай гэрийг голомтоор чинь самарна гэхэд нь би дуугай л байсан. Өөрөөр бие рүү нь цохиогүй. ...” гэсэн мэдүүлэг  /хэргийн 28-29х, 31-32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 50-51х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 55х/ баримтууд, хохирогчийн шинжилгээ өгсөн талаархи баримтууд /хэргийн 75-76х/, хохирогч Д.Батаад Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан тухай торгуулын хуудас баримт /хэргийн 76х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчөөгүй, шүүх эмнэлгийн үзлэг шинжээчийн 2949 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлж дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Агваандорж нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-163 тоот дахь өөрийн гэртээ иргэн Д.Батааг “хашаа давж орж ирэн хэрүүл маргаан үүсгэн, охин Ариунгэрэлийг “янхан, гичий” гэж хэл амаар доромжилсон” шалтгаанаар түүний нүүр тус газарт нь гараараа 2 удаа цохисноос хохирогчийн биед “тархи доргилт, баруун хацрын нум, хоншоор ясны өмнөд ханын хугарал, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, баруун чамархай, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хүндэвэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Агваандоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Батаагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч Д.Батаа нь согтуугаар айлын /шүүгдэгчийн/ хашаа давж орон хэрүүл маргаан үүсгэн “голомтыг чинь самарна, гэрийг чинь шатаана” гэж агсамнан бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, охин А.Ариунгэрэлийг нь “хашаанаас гар, харь” гэсэн шаардлага тавихад нь “янхан, гичий” гэж хэлэн хэл амаар доромжилж жижгээр танхайрсан зөрчил гаргасан зохих буруутай байдал нөлөөлсөн ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батаад Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлд заасан журмын дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Агваандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агваандорж нь хохирогчид эмчилгээний зардалд 150.000 төгрөгийг 2 хувааж төлсөн талаар мэдүүлсэн ба энэ хэргийн хохирогч Д.Батаа нь “нэхэмжилсэн мөнгөө барагдуулж авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гаргах гомдол санал байхгүй” тухайгаа хохирогчоор 3 дахь удаа байцаагдахдаа мэдүүлсэн /хэргийн 94-95х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Хэрэгт авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 44х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 50-51х/ баримтаар шүүгдэгч Н.Агваандорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2003 оны 02 сарын 07-нд ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүний хувьд ялтайд тооцогдох хугацаа дуусгавар болж, ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

 

Шүүх, шүүгдэгч Н.Агваандоржид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

 

Шүүгдэгч Н.Агваандорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

  

Шүүх, Н.Агваандорж нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Эмч овогт Нохойжавын Агваандоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Н.Агваандоржид 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агваандоржид оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Агваандорж нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Батаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Агваандоржид оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Агваандоржид урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.         

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД