Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 14

 

Т.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А

Хохирогчийн  өмгөөлөгч Д.Даваа

Шүүгдэгч Т.Г

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүгдэгч Т.Г нарын давж заалдах гомдлоор Т.Г-т холбогдох эрүүгийн 201612000109 тоот 3 хавтас    хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг “Сангийн далай” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Бичээчийнхэн овгийн Т.Г /РД:ЗЛ90072011/

 

            Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 3-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг “Гашуун” гэх газарт “фекон” маркийн 4316 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хамт явсан Б.М-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдож,  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бичээчийнхэн овгийн Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Т.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор  “10 тооны эм хонь, 10 тооны эр ямаа, Т.Г-ийн өмчлөлийн 4316 ДУА улсын дугаартай фекон маркийн мотоцикль” битүүмжилсэн эд зүйлийг хохиролд тооцож, шүүгдэгч Т.Г-с 5723400  төгрөгтэй тэнцэх хэмжээний эд зүйл гаргуулан хохирогч Б.Ад олгож,

 

Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Т.Г-т прокуророос Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн  4.1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчлөн зүйлчилсэн. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийнхэн ах дүүс бид Т.Гийг  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд дурдсан “авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэхгүй,  харин  ч талийгч Б.М-ыг мотоциклоор дайрч түүний амь насыг  санаатай хохироосон  гэмт хэрэг гэж үздэг.

Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсанаар Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм бол яагаад хүнийг  /хохирогчийг/ мотоциклоороо дайраад цээжин дээгүүр нь гарч олон тооны гэмтэл шарх учруулаад байгаа юм бэ? 1-р хавтаст хэргийн 75-р талд авагдсан гэрч С.М-н анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өгсөн мэдүүлгээр ...шөнийн 22 цагийн үед тэр хоёр сум орно гээд явсан гэнэ.  Гэтэл шөнийн 22 цагаас үүрийн 03:30 минут хүртэл хугацаанд эрүүл,  согтуу 2 хүн хөдөө хээр юу хийж байсан  болох нь тодорхойгүй, Т.Г  нь талийгаачийг мотоциклоороо чирч, дайрч гэмтэл учруулж тоглож байсан  тоглолт уу, хэн ч бодсон  эргэлзэхээр асуудал байхад шүүх энэ асуудалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадсангүй.

Шүүх Т.Гийн үйлдсэн гэх хэрэгт дүгнэлт өгөхдөө уг хэрэгт 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан, хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заасан журмын дагуу явагдсан гээд...шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв гэжээ. Хэрэгт авагдсан шинжээчийн бүх дүгнэлт Б.М авто ослын улмаас нас барсан, тухайн орон зайд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон болохыг дүгнэсэн гэж бичжээ. Гэтэл дээрх дүгнэлтүүд зөвхөн нэг  талыг  барьж уг хэргийг  авто осол гэж дүгнэснээр бүгд нэгнийгээ бататгасан дүгнэлт болно. 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 1387 тоот дүгнэлтийн 3, 10-р заалтад задлан шинжилгээгээр тогтоогдсон талийгаачийн биед учирсан олон тооны гэмтлийг дурдаад элэгний урагдал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын  улмаас мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүссэн  байх боломжтой гэжээ. Дүгнэлт гаргаж буй шинжээч тухайн хүний биед учирсан гэмтлийн зэргийг  тогтоохоос бус авто ослоос уу эсвэл бусдад зодуулснаас үүссэн эсэхийг ялгаж тогтоох боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.  Хохирогчийн  хувьд шинжээчдийн олон  тооны гэмтлийг  хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо тухайн хэрэг  болох үед С.Мөнхбатынд туслах малчин  байсан  Өсөхгэрэл нь тэр өдөр ямар асуудал болсон талаар 10 сарын дараа тодорхой ярьж байсныг дурдаад Өсөхгэрэлийн сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. 

Бид дүүгийнхээ амь насыг бусдын буруутай үйлдлийн улмаас алдсанаа санамсаргүй хэрэг гэж огт бодохгүй, дүүгээ оршуулахад болон нааш, цааш олон  дахин  явсны зардлыг хагас дутуу тооцож баримтаар 5.723.400 төгрөг нэхэмжилсэн, гэтэл шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн  байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын  20-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Г-н эзэмшлийн мал, мотоцикль битүүмжилснийг хохиролд тооцож, Т.Г-с 5.723.400 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд зүйл гаргуулан хохирогчид олгохоор заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, би хохирлоо мөнгөөр төлүүлнэ. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчийн  эрх ашгийг хэтэрхий дорд үзэж басамжилсан байдлаар хандаж байгаад гомдолтой байна. 

Иймд давж заалдах шатны  шүүх дараах асуудалд анхаарлаа хандуулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье

- Т.Гийн  үйлдсэн  хэрэг авто осол уу, эсвэл хүний амины санаатай хэргийн аль нь болохыг судалж тогтоох,

- Шинжээч нарын гаргасан  хэрэгт болон шийтгэх тогтоолд дурдагдсан  олон  тооны дүгнэлт үндэслэлтэй эсэх,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол гаргуулах асуудлыг зөв шийдсэн эсэх,

- мөрдөн  байцаалтын  ажиллагаа хэт нэг талыг  барьж явагдсан  эсэх асуудлыг хууль зүйн  үүднээс тунгаана уу.

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн  хуулийг  буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ. 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: Т.Г би Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн  2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  Уг тогтоолоор тус шүүхэд Дундговь аймгийн  Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон  өөрчилж, гэм буруутайд тооцон,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 жилийн  хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хохирогч Б.А-д хэрэгт битүүмжилсэн 20 тооны бага мал, 1 мотоциклийн хохиролд тооцож 5.723.400 төгрөгийн эд зүйлийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн билээ. 

Би анхан шатны шүүхэд өөрийгөө гэм буруугүйд тооцуулах хүсэлт гаргасан  хэдий ч хүлээж аваагүй, намайг гэм буруутай гэж ийнхүү шийдвэрлэсэн тул миний бие хохирол төлбөрийг хохирогчид бүрэн төлж байрагдуулан миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн,  бага насны хүүхэдтэй зэрэг хувийн  байдлыг  харгалзан үзэж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

             Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт  болсон үйл баримтад  хууль зүйн  үнэлэлт өгөлгүйгээр  прокуророос яллах дүгнэлт бичсэн хэргийн зүйлчэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  шүүгдэгчийн эрхийг   зөрчсөн алдааг тус тус гаргажээ.

             Анхан шатны шүүх шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж  хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Шинжээчийн дүгнэлтээр Т.Г-ийн цусанд спиртийн агууламж илрээгүй гэж гарсан боловч хэрэг учрал болсон өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Г болон талийгаач нар нь архи, пиво уусан талаар мэдүүлсэн  гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчээс “Хохирогч бид 2 их согтолттой байсан” гэж мэдүүлж байгааг  шүүх хэрхэн үнэлсэн нь шийтгэх тогтоолд тодорхойгүй байна. Иймд шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ хохирлыг төлүүлж  шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах”  хүсэлт гаргасныг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан завсарлуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг даргалагч шүүгч хэргийн оролцогчдоос асууж санал авсны үндсэн дээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байгаа боловч энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлдөг болохыг  цаашид анхаарах хэрэгтэй.

            Анхан шатны шүүхээс Т.Г-т 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хугацаатай хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх тогтоох бөгөөд харин хорих ангийн  зэрэглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 205 дугаар зүйлд зааснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэд ажиллах зөвлөл”   тогтоохоор хуульчилсан учир шүүх хорих байгууллагын зэрэглэлийг тогтоох үндэслэлгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлыг барагдуулах талаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Т.Г-с 5.723.400.00 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийн зүйлчлэл тохироогүй гэсэн гомдол болон шүүгдэгч Т.Г-ийн хорих ялыг тэнсэх тухай давж заалдах гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа учир шүүгдэгч  Т.Г-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2.Т.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг тус шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл  гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                Т.БЯМБАЖАВ

ШҮҮГЧИД                           Х.ГЭРЭЛМАА

                                                О.ОДНЯМАА