Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0501

 

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0501

Улаанбаатар хот

 

 

                            “С***-У***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Л.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С***-У***” ХХК,

Хариуцагч П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг,

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,

Гуравдагч этгээд “Ч*** т***” ХХК

Гуравдагч этгээд “М*** ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэсэн заалтыг, тушаалын 2-д “Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Н***т даалгасугай” гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаар бичигдсэн “(1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем” гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн “Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад Улсын гуравдугаар төв эмнэлэгт татгалзах зүйлгүй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай “Ч*** т***” ХХК-тай байгуулсан, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай “М***” ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0367 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б***, хариуцагч Улсын Гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч Л.Н***, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц***, А.О***, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***, гуравдагч этгээд “Ч*** т***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, гуравдагч этгээд “М***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 128/2021/0706/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “С***-У***” ХХК-иас Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус холбогдууланУлсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэсэн заалтыг, тушаалын 2-д “Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Н***т даалгасугай” гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаар бичигдсэн “(1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем” гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн “Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад Улсын гуравдугаар төв эмнэлэгт татгалзах зүйлгүй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай “Ч*** т***” ХХК-тай байгуулсан, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай “М***” ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох”-оор маргасан.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0367 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23, 5.1.27, 8 дугаар зүйлийн 8.11, 8.12, 8.13, 45 дугаар зүйлийн 45.1, 45.4, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3.7, 53.7, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7, 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С***-У***” ХХК-аас Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан,

“Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэсэн заалтыг, тушаалын 2-д “Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Н***т даалгасугай” гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаар бичигдсэн “(1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем” гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн “Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад Улсын гуравдугаар төв эмнэлэгт татгалзах зүйлгүй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох,

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, 

2 дахь заалтаар:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С***-У***” ХХК-аас Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан “Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай, “Ч*** т***” ХХК-тай байгуулсан, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай “М***” ХХК-тай байгуулсан Ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Шүүгч шийдвэр гаргахдаа бодит байдлаас гажсан, үндэслэлгүй, хуульд нийцэхгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, бусдын хараат байдалд орсон байх өндөр магадлалтай шийдвэр гаргасан.

Хариуцагч улсын Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд нь гэнэтийн шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/50 тоот тушаалаар худалдан авах шийдвэрийг гаргасан байна.

Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “Босго үнийн дээд хязгаар”-ыг зөрчин, хуулийн 8.2-д зааснаар “... нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ыг хэрэглэх байтал зөрчин, хуулийн 8.11-д заасан “Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах” аргыг ашиглан бараа худалдан авсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д “Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно” гэж заасныг “тендер зарлаж” гэдэг “үйл ажиллагааг” орхисон. “Тендер зарласан зар мэдээ, баримт, мэдэгдэл, урилгаа гаргаад ир” гэхэд хаана ч байхгүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх” гэсэн зарчим зөрчигдөж “С***-У***” ХХК болон бусад этгээдүүдийн Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн худалдан авалтын тендерт оролцох эрх шууд зөрчигдсөн.

        3.2. Хэрэв Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, маргаан бүхий 9 нэрийн эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээгээр худалдан авахаар тендер зарлана гэж шийдвэрлэсэн бол Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг дагаж мөрдөх учиртай.

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 9.1.1-д заасныг зөрчсөн.

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн 9 нэр төрлийн барааг ерөнхий гэрээгээр худалдан авах “захиалга”-ыг улсын төсөв батлагдсанаас хойш 10 хоногийн дотор Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх байтал хүргүүлээгүй.

2021 оны 9 нэр төрлийн барааг “Засгийн газрын баталсан Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх ерөнхий гэрээ байгуулах журмаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт”-д оруулж батлуулаагүй. Энэ нь Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.1.4-д заасныг зөрчсөн.

Төв эмнэлэг дээр дурдсан хууль журмыг зөрчиж байхад 2021 оны 02 сарын 17-ны өдөр А/250 дугаартай тушаал гаргасан нь хууль журамд нийцэхгүй.

3.3.  Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 8.1.2-д “Ерөнхий гэрээнд хамааруулах бараа, үйлчилгээний судалгааг энэхүү журмын маягтад заасны дагуу жил бүрийн гуравдугаар улиралд багтаан хийх” гэдэг заалтыг зөрчсөн.

9 нэр төрлийн барааг худалдан авах зорилгоор Ерөнхий гэрээ байгуулах тендер зарлаагүй, тендерийн урилга ч тараагаагүй. Ийнхүү Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалтуудыг зөрчсөн ба “Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг мэргэжлийн байгууллага цахим, хэлбэрээр, нээлттэйгээр Ерөнхий гэрээний жишиг баримт бичгийн дагуу зохион байгуулна” гэдгийг зөрчсөн.

3.4. Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь техник, технологийн хувьд хоцрогдсон, иж бүрдэл биш, “өнчин” эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа “С***-У***” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжлүүлэн сунгасан нээлттэй тендерийн НТГ202004 дугаартай хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба гэрээнд заасан үнэ ханшнаас өндөр үнээр хууль журмаа зөрчин “Ч*** т***” ХХК ба “М***” ХХК-иас 9 нэрийн барааг худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ... үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн.

3.5. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг маргаанд ямар ч хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолгүй Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтуудыг шийдвэрийн үндэслэлдээ ихээр бичсэн.

3.6.  Шүүгч хөндлөнгийн “хараат бус” байдлаа алдаж, бусдын нөлөөнд автаж эмнэлгийн талд илт илэрхий үйлчилж, зөвийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны дур зоргоос иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах, шударга ёсны хэмжүүр байх, гагцхүү хуульд захирагдах, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байх, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх, хэргийг шударгаар хянан шийдвэрлэх, хууль дээдлэх үүрэг, тангаргаа зөрчиж, олон нийтийн итгэл найдварыг хадгалж чадсангүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

3.1. Нэхэмжлэгч “С***-У***” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах”  НТГ202004 дугаар гэрээг байгуулж, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  гэрээний биелэлтийг 71,3% биелэлттэй хэмээн дүгнэж, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д “нийлүүлэгч нь 5 дугаар багцын судсанд дотуурх оношилгоо, эмчилгээний тэлэгч баллон, 6 дугаар багцын судсанд дотуурх оношилгооны катетер, дамжуулагч гуурс, 8 дугаар багцын оношилгоо, эмчилгээний туслах хэрэгсэл зэрэг барааг 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс дараагийн худалдан авах үйл ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл хугацаанд нийлүүлнэ” гэсэн агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг оруулан хэрэгжүүлэн ажиллаж байсан гэх үйл баримттай талууд маргаагүй.

3.2. Улсын Гуравдугаар төв эмнэлгээс 2019 оны 01/1193 дүгээр албан бичгээр Эрүүл мэндийн сайдад хандан хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн яамны 2020 оны 2/446 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан “... цаашид өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийг худалдан авах үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө зохион байгуулахгүйгээр нэгдсэн тендерийн зохион байгуулалтад оруулах, Ерөнхий гэрээгээр худалдан авах боломж нөхцөлийг судлах”-ыг мэдэгдсэн.

Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны А-1/456 дугаар албан бичгээр Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудад “...худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой чиглэл, заавар, зөвлөмжийг Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас авах ...Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн саналын дагуу өндөр өртөгтэй мэс заслын зарим хэрэгслийг ханган нийлүүлэгчидтэй “Ерөнхий гэрээ” байгуулан цахим дэлгүүрээс худалдах авалт хийх...” чиглэлийг хүргүүлсэн бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2020 оны 1/532 дугаар албан бичгээр “... тус эмнэлэгт хэрэглэгдэж буй өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт болон 2021 онд хэрэглэгдэх тоо хэмжээг” хүргүүлсэн.

Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны А-1/99 дүгээр албан бичгээр “...дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг “Цахим дэлгүүрийн систем”-ээс 2 дах шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авах”-ыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2021 оны 1/147 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан “... тус эмнэлгийн 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг уг цахим дэлгүүрт байршсан, шаардлагад нийцсэн эмнэлгийн хэрэгсэл, протезыг худалдан авах боломжтой тул уг цахим дэлгүүрээс худалдан авахад холбогдох санхүүжилтийг олгох эсэх”-ийг тодруулсны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 01/190 дүгээр албан бичгээр “...танай эмнэлэг нь тусламж, үйлчилгээндээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цахим дэлгүүрээс худалдан авахдаа шаардлагад нийцсэн, чанартай, эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмыг баримтална уу” гэсэн хариуг өгсөн.

3.3. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны А/50 дугаар тушаалаар цахим дэлгүүрийн системээс худалдан авах 2021 оны эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зарим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг баталж, уг жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслийг цахим дэлгүүрийн системээс худалдан авах ажиллагааг зохион байгуулж,  УГТЭ/202101018 дугаар тендер шалгаруулалтыг зарласан. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр оролцогч байгууллагуудын үнийн саналыг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулахаар цахим системд оруулж, гэрээ байгуулсан.

3.4. Нэхэмжлэгч “С***-У***” ХХК-иас дээрх үйл баримттай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан  гомдол гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 01/844 дүгээр албан бичгээр “... Төрийн худалдан авах ажиллагааны газраас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээг байгуулан цахим дэлгүүрийн системд байршуулан ажилласан... гомдолд дурдсан Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа нь ... аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн ... гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

3.5. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс анх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 онд өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн барааг Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авна гэсэн шийдвэрийг, Ерөнхий гэрээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч Б барааг цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад Улсын гуравдугаар төв эмнэлэгт татгалзах зүйлгүй гэсэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг, 2021 онд өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн барааг ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар Ч*** т*** ХХК, М*** ХХК-тай байгуулсан захиалагчийн гэрээг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаар шийдвэрийг, ерөнхий гэрээгээр цахим дэлгүүрээс өндөр өртөгт 11 нэр төрлийн барааг худалдан авах захиалагч, зохион байгуулагчийн шийдвэр, байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан: эмнэлгийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэсэн заалтыг, тушаалын 2-д “Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Н***т даалгасугай” гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаар бичигдсэн “(1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем” гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсэг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай “Ч*** т***” ХХК-тай байгуулсан, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай “М***” ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-1/99 албан бичгийн “Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад Улсын гуравдугаар төв эмнэлэгт татгалзах зүйлгүй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан: тус газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний “Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн агуулга бүхий 01/844 дугаартай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

          4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-т “Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно”, 8.12-т “Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 8.13-т “Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно” гэж,

          Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” 26 дугаар зүйлийн 26.2-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж,

          Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 9.2-т “Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх”, 9.3-т “Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхдээ энэ журмын 2.2.2 дахь заалтад заасан хоёрдугаар шатны шалгаруулалтын үр дүнд үндэслэн худалдан авах гэрээ байгуулна” гэж тус тус заасан.

          5. Тухайн тохиолдолд, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал өөрийн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нь Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас холбогдох лавлагаа, тодруулга, зөвшөөрлийг авсны үндсэн дээр Эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалаар ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг баталсан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Улсын гуравдугаар төв эмнэлгээс гаргасан хүсэлтэй холбогдуулан нэр бүхий өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт зөвшөөрсөн нь тус тус нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

          Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний 01/844 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тухайн албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн “онцгой ашиг сонирхол” тогтоогдохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна байх тул хариуцагч нарыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой,... хариуцлагатай байх” хуулийн зарчмыг зөрчсөн гэх болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

6. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай “Ч*** т***” ХХК-тай байгуулсан, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай “М***” ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд “захиргааны акт” гэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг ойлгох бөгөөд “захиргааны гэрээ”-тэй холбогдуулан шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар “хүчингүй болгуулах” эсхүл “илт хууль бус болохыг тогтоолгох” хүрээнд гаргах боломжтой, шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул дээрх гэрээнүүдийг “хууль бус байсан болох”-ыг шүүх тогтоож шийдвэрлэх хуулийн боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                         ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА