Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 310

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж Л.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны ******* ******* гудамж ******* тоотод оршин суух иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1957 оны 7 сарын 01-нд төрсөн, одоо 60 настай. Би 1973 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө аж ахуйд гарч Цагаанхайрхан сумын бригадад эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. Ингээд 1975 оны 5 сарын 15-нд цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хаагаад 1978 оны 6 сарын 20-нд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд мөн эцэг эхийн хамт малаа үргэлжлүүлэн малласан. Аав маань 1978 онд бурхан болж би суурийн ахлагч болсон. Би тус сумын нэгдэлд 1983 оныг дуустал мал малласан. Тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийсэн эсэхийг мэдэхгүй, надад одоо энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэж байгаа учир нэгдэлд малчин байсан жилүүдээ тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд намайг 1973 оны 07 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл,1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын бригадад малчин байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг, өндөр настай учир Завхан аймаг руу очиж асуудлаа шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байгааг минь харгалзан намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1973 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл, 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын   бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Мөн Л.******* нь Улаанбаатар хотод оршин суудаг, өндөр настай учир Завхан аймагт очиж асуудлаа шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байгааг минь харгалзан үзэж байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 25-ны өдрийн А/631 тоот лавлагаанд 1973-1975, 1978-1983 онд Цагаанхайрхан сумын , Бод бригадад малчин, тууварчин байсан Л.*******, суурийн ахлагч А.*******а нарын цалингийн тодорхойлолтыг олгов. 1973 онд 2841,56 төг, 1-12 сар /А.*******а нэрээр/, 1974 онд 3184,62 төг, 1-12 сар, 1978 онд 860,75 төг, 2,5-7,10-12 сар, 1979 онд 2723 төг, 1-9,11,12-р сар/ ******* нэрээр/ 1980 онд 2864,55 төг, 1,3,4-9 сар, 1981 онд 3300 төг, /сар тодорхойгүй/, 1983 онд 9370,16 төг /тууврын хөлс/ Жич: Хүн өдөр тооцоогүй байна. 1975, 1982 оны 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь мал маллаж байсан бөгөөд малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаанд тасалдсан 1975,1982 онуудад түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.

Дээрх лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч Л.*******ыг 1973 оноос 1975 он хүртэл, 1978 оноос 1984 онуудад Завхан аймгийн Цагаанхайрхан сумын   бригадад мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Түүний ийнхүү мал маллаж байсан болох нь гэрч М.гийн Махбал нь сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч аав ээжтэйгээ Цагаанхайрхан сумын бригадад мал маллаж байсан юм. 1975-1978 онуудад цэргийн алба хаасан цэргээс ирээд мал маллаж байсан юм. 1980-1993 онуудад миний авга ах Дагважанцантай цуг мал туудаг байсан юм. Миний авга ахтай найз, тэр үед манай аав бригадын дарга байсан болохоор би *******ыг сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

Гэрч С.гийн ******* нь сумын сургуулийн 4-р ангийг төгсөөд аав ээжтэйгээ Цагаанхайрхан сумын бригадад мал маллаж байсан юм. 1975-1978 онуудад цэргийн алба хаасан цэргээс ирээд 1978 оноос бие дааж манай багт мал маллаж байсан юм. 1983 оныг дуусталх хугацаанд тус нэгдэлд мал маллаж туувар тууж байсныг нь сайн мэддэг юм. Би 1976 оноос бригадын даргаар 2000 он хүртэл хийсэн болохоор *******ыг сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.гийн ******* нь сумын сургуулийн 4-р ангийг 1973 онд төгсөөд аав ээж дээрээ мал дээр гарсан хүүхэд байгаа юм. Аав ээжтэйгээ Цагаанхайрхан сумын бригадад мал маллаж байгаад 1975-1978 онуудад цэргийн алба хаасан цэргээс ирээд 1983 оныг дуусталх хугацаанд тус нэгдэлд мал маллаж туувар тууж байсныг нь сайн мэддэг юм. Би Цагаанхайрханд мал маллаж байгаад 1966 онд цэргийн алба хаасан юм. Цэргээс ирээд аймгийн төвд ойн аж ахуйд ороод тэндээсээ тэтгэвэрт гарсан юм. *******тай нэг дорын юм болохоор бие биеэ сайн мэддэг юм гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1973 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл, 1978 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын   бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ