| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/1101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1167 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1167
2021 11 02 2021/ШЦТ/1167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Г.Н ,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.С яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1882 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 15 дугаар байрны гадаа үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Г.Н гийн үснээс зулгааж биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт бүхийг гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гомдолтой байна. Хэрэг гарсан өдөр бид хоёр хоорондоо ярина гэж хэлэхэд шүүгдэгч өөрөө орсон. Элдэв янзаар доромжилсон. Намайг түлхсэн. Би чи жирэмсэн холд гэж хэлсэн. Тэгэхэд тэгээд яадаг юм бэ гэсэн. Гэмшиж байна гэсэн байсан. Хэрвээ гэмшсэн бол над руу залгана, мессеж ч бичээгүй. Намайг цагдаатай унтсан гэсэн. Би үнэхээр гомдолтой байна. Хүнийг ингэж доромжилж болохгүй. Миний ажлыг алдагдуулсан. 7 хоногийн акт авсан. Сэтгэл зүйн хямралтай байгаа. Гоо сайхан бие эрхтний хувьд хохиролтой байгаа. Халцархай харагдчих вий дээ гэж бодоод ажил дээрээ үсээ боож чадахгүй байгаа. Байнга толгой өвддөг. 300.000 төгрөгөөр сэнстэй шарлагын аппарат авсан. Түүгээр үлээлгэхээр өвчин намддаг. Маш их эм тариа хэрэглэж, дусал хийлгэсэн болохоор Лив 52 элэг хамгаалах зорилгоор уусан. Бензиний мөнгөний хувьд баримттайгаас их төлбөр гарсан. Ажил гэр хоёрын хооронд 50.000 билүү 60.000 төгрөгийн зардал гарсан. Яагаад хүнд хохирол учруулж, ажил алдуулчхаад хүний бензиний мөнгийг гаргахгүй гээд байна вэ, гаргах ёстой. Би ГССҮТ-ээс Мед трамбад үзүүл гэсний дагуу үзүүлсэн бусад нь харьяаллын дагуу улсын эмнэлгээр үзүүлж явсан баримтууд байгаа. Нийт гаргасан дүнгээ мэдэхгүй байна. Сэтгэл санааны хохирол, цалин мөн дээрээс нь үс ургуулдаг тос байдаг гэсэн ба интернэтээр хамгийн сайн гэсэн Kirkland-ийн 1 ширхэг нь 20 долларын үнэтэй, хайрцагтаа 6 ширхэгтэй ба төгрөгөөр 342.000 төгрөг болно гэх судалгаатай байна. Яагаад гэхээр цалин авч чадаагүй. Өөртөө зарцуулах мөнгө байхгүй. 9 дүгээр сарын 06-10-ны хооронд ажлын цагаар, 13-17-ны өдрийн хооронд ажлын 5 хоног, нийт ажлын 8 хоног дээр өнөөдөр бас чөлөө авсан. Нийт 9 хоног болж байна. Толгой байнга өвдөж байгаа. Үсээ боож чадахгүй байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Г.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ... би Б.Б-ийн төрсөн эгчийн гадаа 19 цагийн орчим очоод Б.Баатарсүрэн рүү залгахад утсаа авахгүй байж байгаад салгасан. Ингээд би Ууганбаяр ах руу нь хэлэхдээ та Б.Б-ийн эгч рүү тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйг хагална гэж хэлээд гаргаад ирээч гэж хэлэхэд удалгүй Б.Баатарсүрэн гараад ирсэн. Б.Баатарсүрэн чи надаар яах гэж байгаа юм. Би унтах гэж байна гэж хэлэхэд Б.Б-ийн эгч гэрээсээ гараад ирсэн... эгч нь гарч ирээд чи байгууллагын эд хөрөнгө яах гээд байгаа юм, чи ер нь манай дүүгээс салаач гэж хэлсэн... Б.Б-ийн эгч энэ ямар аав, ээжтэй юм бэ, золбин аав, ээжтэй болохоор золбироод байгаа юм биш үү гэж хэлээд намайг түлхсэн. Ингээд тэр эгч намайг үсдэж авахаар нь би мөн адил эгчийг нь үсдэж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8429 дүгээр: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн урд хэсэгт хуйханд 4,0х4,0 см хэмжээтэй талбайд үс унаж халцарсан, улайсан, эмзэглэлтэй. Зүүн шууны гадна хажуу дунд хэсэгт 1,0х1,0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Цээжний ар доод хэсэгт эмзэглэлттэй. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ 1. Г.Н гийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
Шинжээч эмч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үс халцралт нь нэг гэмтэл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн орой ... манай дүү гараад машиныхаа хажууд очиход Г.Н ирчихсэн манай дүүг цохиод байхаар нь ... манай дүүгийн машины урд шилийг түлхүүрээр цохиод байхаар нь би уурлаад түлхсэн чинь намайг үсдээд авахаар нь би бас Г.Н г үсэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Байнга оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
“Тэгш чанар” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Б.С-ийн хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсний хяналтын дэвтэрийн хуулбар (хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 46-50, 72-78 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 15 дугаар байрны гадаа үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Г.Н гийн үснээс зулгааж биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт бүхийг гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сүрэнхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн баримтаар нэхэмжилж буй үнийн дүнгээс бензиний мөнгө, наалт, үсний үлдээдэг сэнс зэргийг авсан гэх баримтуудыг хасаж, шүүгдэгч Б.С-оос 219.622 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Н д олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.С гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 15 дугаар байрны гадаа Г.Н той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, ноцолдох зэргээр Г.Н гийн эрүүл мэндэд биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Г.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ... би Б.Б-ийн төрсөн эгчийн гадаа 19 цагийн орчим очоод Б.Баатарсүрэн рүү залгахад утсаа авахгүй байж байгаад салгасан. Ингээд би Ууганбаяр ах руу нь хэлэхдээ та Б.Б-ийн эгч рүү тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйг хагална гэж хэлээд гаргаад ирээч гэж хэлэхэд удалгүй Б.Баатарсүрэн гараад ирсэн. Б.Баатарсүрэн чи надаар яах гэж байгаа юм. Би унтах гэж байна гэж хэлэхэд Б.Б-ийн эгч гэрээсээ гараад ирсэн... эгч нь гарч ирээд чи байгууллагын эд хөрөнгө яах гээд байгаа юм, чи ер нь манай дүүгээс салаач гэж хэлсэн... Б.Б-ийн эгч энэ ямар аав, ээжтэй юм бэ, золбин аав, ээжтэй болохоор золбироод байгаа юм биш үү гэж хэлээд намайг түлхсэн. Ингээд тэр эгч намайг үсдэж авахаар нь би мөн адил эгчийг нь үсдэж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8429 дүгээр: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн урд хэсэгт хуйханд 4,0х4,0 см хэмжээтэй талбайд үс унаж халцарсан, улайсан, эмзэглэлтэй. Зүүн шууны гадна хажуу дунд хэсэгт 1,0х1,0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Цээжний ар доод хэсэгт эмзэглэлттэй. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ 1. Г.Н гийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
Шинжээч эмч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үс халцралт нь нэг гэмтэл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн орой ... манай дүү гараад машиныхаа хажууд очиход Г.Н ирчихсэн манай дүүг цохиод байхаар нь ... манай дүүгийн машины урд шилийг түлхүүрээр цохиод байхаар нь би уурлаад түлхсэн чинь намайг үсдээд авахаар нь би бас Г.Н г үсэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Н гийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Г.Н д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8429 дүгээр дүгнэлтээр “биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Н гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан
Хохирогчийн зүгээс баримтаар 625.548 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан зардлын баримтуудаас нийт 366.848 төгрөгийн хавтаст хэргийн 76, 77, 78 дугаар хуудсанд авагдсан Наалт пингвин, Шунхлай трединг, ШТС Тээврийн товчоо \бензиний 2 баримт\, Гурван доктор шаунте ХХК-аас үлээгч аппарат гэх бичилттэй баримтуудаар нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож, бусад баримтаар нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой эм, тариа авсан, мөн бензиний зардал зэргийг нийт 258.700 төгрөгийг шүүгдэгч Б.С-оос гаргуулан хохирогч Г.Н д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.Н нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардал зэргийг шүүгдэгч Б.С-оос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгч “Би декритээ авах гэж байгаа болохоор дээрх ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлмөөр байна” гэх,
Хохирогч “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэр бүлийн ахуйн хүрээнд үл ойлголцлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал /үс халцралт/, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал, жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-оос 258.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Н д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Г.Н нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардал зэргийг шүүгдэгч Б.С-оос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ