Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1111

 

      2021          10            25                                          2021/ШЦТ/1111

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч М.Түмэннаст, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

иргэдийн төлөөлөгч А.Г,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Н.Л , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Л т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1628 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Л  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-13 тоотод иргэн Б.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Б.Б-ийн баруун өвдөг болон баруун далан тус газарт хутгалж, цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-13 тоотод иргэн Н.Л тай үл ялих зүйлээс болж маргалдан Н.Л ын толгой, зүүн бугалга, тохой, цээж, зүүн гуян тус газарт хутгалж, зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Л  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Маргааныг би эхлүүлсэн. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашид ажлаа хийгээд явна гэсэн бодолтой байна. Б.Б-т эм тариагаар нь тусалсан. Хохирогчийн хувьд Б.Б өөс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувиар би өмнө хэрэгт холбогдож байгаагүй болохоор прокурор, цагдаа, шүүхээр явахаар баримтыг нь цуглуулдаг гэдгийг мэдээгүй, цуглуулж аваагүй. Энэ талаар бид 2 тохиролцчихсон. 700.000 төгрөгийг Н.Л  дараа нь боломжтой үедээ өгье гэсэн. 2 удаа хагалгаанд орсон. ЭХО-д харуулахад одоогоор зүгээр байна гэж хэлсэн. Тийм учраас би хөдөө гэр рүүгээ явах гээд байгаа. Өнөөдрийг хүртэл гарсан зардлыг манай ээж болон Н.Л  хоёр төлсөн. Надад гомдол, санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Б.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “Би   овогтой Н.Л  гэх хүнтэй 2020 оны 9 дүгээр сард Заамарт уурхайд тогооч хийдэг байхад нь танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш найзлан өнөөдрийг хүртэл нийтийн байр түрээслэн амьдардаг байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр хороололд байдаг нийтийн байранд 2021 оны 6 дугаар сарын эхээр орсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүнтэй утсаар ярьж маргааш нь хадаа Заамар луу уурхайд ковш барихаар тохироод Н.Л ыг гэрт ирэхээр нь хөдөө 20 хоног яваад 10 хоног амрах ажилд явлаа гэж хэлэхэд уурлаад ганцааранг минь орхиод ирэхгүй гээд уурлаад байхаар нь би мөн уурлаад бид хоёр маргалдаад би гадаа гараад буцаад гэрт орж ирэхэд Н.Л  зөрж гарч дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч орж ирээд надад хийж өгөхөөр нь би маргааш ажилтай уухгүй гэж хэлээд байж байхад дахиад уучих гээд гарт архи бариулаад би архийг уугаад надад бариулсан байсан 2 зүсэм талхийг найз нь талх идэхгүй гээд хажууд ширээн дээр тавихад Н.Л  миний тавьсан талхийг угаалтуур луу авч шидсэн... уурлаад зөрүүлээд тавганд байсан талхыг бүгдийг нь угаалтуур луу шидээд би гадаа гарч суугаад орж ирэхэд надад архи нэг хийж өгөөд Н.Л  нэг татаад ... архиа талд нь ортол уугаад ... үлдсэн тал архийг нь би дуустал нь уугаад намайг ... хорон үгээр ийм болохоороо чи эхнэр хүүхдэдээ хаягдсан гэж хэлэхээр нь ална шүү гэж хэлэхэд чаддаг юм бол алчих гэхээр нь би талх зүссэн хар өнгийн иштэй хутгаар зүүн гар луу нь 3 удаа хатгахад дахиад арчаагүй гээд өдөөд байхаар нь хутгаараа толгойн оройн дээд хэсэгт хутгаар нэг удаа зүссэн чинь Н.Л  гараас хутга барьж аваад миний баруун хөлийн өвдөгний тойг хэсгийг ташуу том өргөн зүссэн. Би боль гэж хэлээд хойш ухарч алхаад гишгэхэд хөл бие даахгүй газар унахад миний баруун талын далны доод хэсэгт хутгаар 1 удаа хатгасан.. их хэмжээний цус гараад шоконд орсон. Нэг мэдсэн өглөө болсон байсан. Өглөө босоод амьсгалах гэхэд бие сонин болоод миний нуруунаас цус олгойдож байсан тул Н.Л  бид хоёр эмнэлэг дуудаагүй. Өөрсдөө нуруугаа даавуугаар боосон. Тэгээд өнөөдрийг хүртэл эмнэлэгт үзүүлээгүй. Гэрээр шархаа боож цэвэрлэж байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрийн урд шинэ өөр нийтийн байр түрээслээд 7 хонож байгаа бөгөөд байрны эзэн эрэгтэй хүн намайг гэмтэл шархтай байгааг хараад эмнэлэгт үзүүл гэж хэлээд түргэн, цагдаа, дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 хуудас),

           

            Н.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр оройн 20-21 цагийн орчимд Б бид хоёр нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи ууж байхдаа Б.Б хөдөө машин барих ажил хийхээр явна гэж хэлсэн. Би байрны түрээс болон дараа сарын түрээсийн төлбөрөө яах юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Б уурлаад гэрээс гараад явсан бөгөөд буцаж орж ирээд шилтэй архийг шилээр нь уугаад ширээн дээр байсан хутга барьж ирээд миний зулай толгой дээр зүссэн. Гар луу мөн 3 удаа хатгаж зүссэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

 

            Гэрч  О.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 2-56 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд байшингаа түрээслэхээр болоод 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ... Н.Л  гэх хүн ирж уулзаж бие муутай найз байдаг тэрэнтэйгээ хамт амьдарна гэж хэлээд сарын 100.000 төгрөгөөр түрээслэхээр болоод маргааш нь найз Б гэх залуугийн хамт ирээд байшинд амьдарч байгаад 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байшинд ороход Б гэртээ ганцаараа хэвтрийн байдалтай байхаар нь би яасан юм бэ гэж асуухад Н.Л тай муудалцаад намайг хутгалсан гэж хэлсэн. Би эмнэлэгт үзүүлсэн юм уу гэж асуухад үзүүлээгүй гэж хэлсэн. Би Н.Л т тэр өдрөө нүүгээд эмнэлэгт найзыгаа үзүүлээрэй гэж хэлэхэд маргааш нь Н.Л  нь гэртээ ирээгүй тул би эмнэлэг цагдаад дуудсан... намайг харахад Б баруун хөлөө боосон байсан бөгөөд мөн цээж хэсэг нь боолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6765 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зулайн хуйханд хөндлөн байрлалтай 10х0.3см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1.3х0.3см, зүүн тохойн үеийн гадна хэсэгт 1х0.3см, цээжний зүүн доод хэсэгт 1х0.2см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 1.3х0.3см зах ирмэг тэгш, арьсны түвшингээс бага зэрэг хонхойсон, тав нь унаж эдгэж буй шархны тод ягаан өнгийн сорвиудтай. ДҮГНЭЛТ 1.2. Н.Л ын биед зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6631 дүгээр: “... Хэсэг газрын үзлэг: Цээжний баруун ар хэсэг буюу баруун доод хэсэгт 2см урттай мэс заслын оёдол бүхий шархтай, цээжний баруун хэсэгт ариун наалттай, цээжний баруун доод хэсэгт гуурстай, баруун өвдөгний дээд хэсэгт 15см урттай мэс заслын оёдол бүхий шархтай ариун боолттой.

ГССҮТ эмнэлгийн 6309 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2021.7.02. Хэвтэх үеийн онош: Цээжний ил шарх. Хэвтэх үеийн зовиур: Цээжээр өвдөнө. Асуумжаас: 2021 оны 7 дугаар сарын 02-нд 20 цаг орчим найздаа хутгалуулсан гэнэ. Гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, арьс салст хэвийн, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, амьсгал 1 мин 12 удаа, зүрхний авиа тод, хэм жигд, пульс 1 мин 80 удаа. Клиникийн урьдчилсан онош: Цээжний ил шарх. Зовиураас: Цээжээр өвдөнө ... 2021.7.22-ны эмчийн тэмдэглэлд: SL: цээжний баруун хойд хэсэгт 1-2 см шархтай … Биеийн ерөнхий байдал: хүндэвтэр ... Зовиур: Цээжээр өвдөнө ... 2021.7.23-ны Эмчийн тэмдэглэлд: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр ... Зовиур: цээжээр өвдөнө ... Мэс заслын бичлэгт: ... Цээжний баруун талд 5-6 хавирганы түвшинд 10 см зүслэг хийж цус тогтоолтын дор зөөлөн эдийг үечлэн нээж цээжний гялтанг нээхэд 1000 мл орчим хар хүрэн бохир тундастай шингэн байсныг соруулан авч шалгахад цээжний баруун ар хана орчим том хэмжээний цусан бүлэнтэй баруун уушги нилэнхүйдээ бүлэнд дарагдан шалчийсан наалдац ихтэй байв... ДҮГНЭЛТ 1. Б.Б-н биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч Н.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Б.Б-ийн хамт Саппород байр түрээслээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1000 оюутны байрнаас хойш гэр хороололд дахин хамт байр түрээслээд ... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20-21 цагийн орчимд Б бид хоёр 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи ууж байхдаа Б хөдөө машин барих ажил хийхээр явна гэж хэлсэн. Би байрны түрээс болон дараа сарын түрээсийн төлбөрөө яах юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Б уурлаад гэрээс гараад явсан бөгөөд буцаж орж ирээд шилтэй архийг шилээр нь уугаад ширээн дээр байсан хутга барьж ирээд миний зулай толгой дээр хутгаар зүссэн. Гар луу мөн 3 удаа хатгаж зүссэн. Би хутгыг нь булааж аваад ар нуруу хэсэгт нь нэг удаа хутгаар хутгалсан. Тэрний дараа баруун хөлийн өвдөг рүү нь би хутгаар хутгалсан бөгөөд даавуугаар шархыг би ороож өгсөн... Би Баттөрд эмнэлэгт хэвтэж байхад нь ойр зуурын эм тариа авч өгсөн. Мөн шинжилгээний мөнгө төгрөг өгсөн. Барагцаагаар 200.000-300.000 төгрөг болсон байх.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар),

 

            Шүүгдэгч Б.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ... Н.Л  0.75 литрийн Эдэн нэртэй архитай орж ирсэн. Надтай архи ууя гэхээр нь би маргааш хөдөө ковешийн операторын ажлаар явна гэж хэлэхэд Н.Л  ... надад аягалж өгөхөөр нь уухгүй байсан чинь пизда гэж хараагаад миний янзыг үзээд байхаар нь архинаас нь нэг уугаад би гадаа гараад уураа гаргаж алхаж байгаад буцаж орж ирээд байж байсан чинь янз үзээд байхаар нь архиа хувааж уусан. Ууж байхад Н.Л  ... чаддаг юм бол алчих гээд надад хутга өгсөн. Би хутгыг аваад уур хүрээд гар луу нь 3 удаа хатгасан... мөн хутга булаацалдаж байхад Н.Л ын толгойн дээд хэсгийг зүссэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),

           

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай: “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Моносын 2-13 тоот гэх ямар нэгэн хаяг дугааргүй төмөр ногоон хуучин өнгийн ертөнцийн зүгээр баруун зүгт харсан модон хашаа байх ба хашааны хаалгаар дотогш ороход хашааны ертөнцийн зүгээр хойд хэсэгт 2 давхар улаан тоосгон ертөнцийн зүгээр урд зүгт харсан улаан хүрэн өнгийн хаалгатай байшин байх ба тухайн байшингийн ертөнцийн зүгээр баруун талд 2 давхар улаан тоосгон нийтийн байрны зориулалтай байшин байв... Б.Б , Н.Л  нарын түрээсэлж байсан гэх байрны эзэн Жамц овогтой Түвшинжаргалаас гэрч Н.Л , Б.Б нарын амьдарч байсан гэх өрөөг заалгуулахад 1 давхрын урдаасаа 3 дахь бор өнгийн хаалгыг түлхүүрээр онгойлгож өгөхөд өрөө байх ... тухайн өрөөний үүдний хэсгийн урд хананд төмөр ор байв. Орны дээд хэсэгт шар өнгийн нүүртэй цагаан өнгийн угаалтуур байв. Өрөөний зүүн хойд булан хэсэгт жижиг модон ширээ, цагаан өнгийн 2 хаалгатай хөргөгч хананд цагаан өнгийн гал тогооны шүүгээг хананд тогтоож байрлуулсан байв. Криминалистикийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч З.Мөнх-Эрдэнэ хохирогч Б.Б-г хутгалсан үйл явдал болсон гэх газрыг заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хэргийн газрын нөхөн үзлэгт хохирогчийг хутгалсан гэх хутгыг хөдөлгөөнт эргүүлийн офицер Баатарсүрэн, дэд ахлагч Төгөлдөр нар гэрч Н.Л ыг хутгалсан гэх хутгыг одоо амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 2-56а тоотоос хураан авч мөрдөгч дэслэгч Түвдэндоржид хүлээлгэн өгсөн байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас),

           

            2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн: “... 1 ширхэг хутга нь хар өнгийн иштэй ажлын хэсэг 14.5 см урттай, ажлын хэсгийн өргөн 2.2 см, бариул хэсэг 12 см урттай, 2 см өргөнтэй, хар өнгийн бариултай хутга байх ба хутганы ажлын хэсэг болон бариул хэсэгт ил харагдах цус мэт зүйлээр бохирлогдсон ул мөр байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 хуудас),

            Б.Б.Б-ийн нэр дээрх ХААН банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69, 70 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82, 85 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ө.Мөнхнавч “Шүүгдэгч Н.Л  нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-13 тоотод иргэн Б.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Б.Б-ийн баруун өвдөг болон баруун далан тус газарт хутгалж, цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-13 тоотод иргэн Н.Л тай үл ялих зүйлээс болж маргалдан Н.Л ын толгой, зүүн бугалга, тохой, цээж, зүүн гуян тус газарт хутгалж, зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч Н.Л , Б.Б нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч хохирогч Б.Б.Б-ийн эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

1. Шүүгдэгч Н.Л  нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-13 тоотод иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж нуруу, хөл хэсэгт хатгах, зүсэх үйлдлээр түүний эрүүл мэндэд цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:

Б.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “Би   овогтой Н.Л  гэх хүнтэй 2020 оны 9 дүгээр сард Заамарт уурхайд тогооч хийдэг байхад нь танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш найзлан өнөөдрийг хүртэл нийтийн байр түрээслэн амьдардаг байсан... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүнтэй утсаар ярьж маргааш нь хадаа Заамар луу уурхайд ковш барихаар тохироод Н.Л ыг гэрт ирэхээр нь хөдөө 20 хоног яваад 10 хоног амрах ажилд явлаа гэж хэлэхэд уурлаад ганцааранг минь орхиод ирэхгүй гээд уурлаад байхаар нь би мөн уурлаад бид хоёр маргалдаад би гадаа гараад буцаад гэрт орж ирэхэд Н.Л  зөрж гарч дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч орж ирээд надад хийж өгөхөөр нь би маргааш ажилтай уухгүй гэж хэлээд байж байхад дахиад уучих гээд гарт архи бариулаад би архийг уугаад надад бариулсан байсан 2 зүсэм талхийг найз нь талх идэхгүй гээд хажууд ширээн дээр тавихад Н.Л  миний тавьсан талхийг угаартуул руу авч шидсэн... Н.Л  нэг татаад ... архиа талд нь ортол уугаад ... үлдсэн тал архийг нь би дуустал нь уугаад намайг ... хорон үгээр ийм болохоороо чи эхнэр хүүхдэдээ хаягдсан гэж хэлэхээр нь ална шүү гэж хэлэхэд чаддаг юм бол алчих гэхээр нь би талх зүссэн хар өнгийн иштэй хутгаар зүүн гар луу нь 3 удаа хатгахад дахиад арчаагүй гээд өдөөд байхаар нь хутгаараа толгойн оройн дээд хэсэгт хутгаар нэг удаа зүссэн чинь Н.Л  гараас хутга барьж аваад миний баруун хөлийн өвдөгний тойг хэсгийг ташуу том өргөн зүссэн. Би боль гэж хэлээд хойш ухарч алхаад гишгэхэд хөл бие даахгүй газар унахад миний баруун талын далны доод хэсэгт хутгаар 1 удаа хатгасан.. их хэмжээний цус гараад шоконд орсон. Нэг мэдсэн өглөө боссон байсан. Өглөө босоод амьсгалах гэхэд бие сонин болоод миний нуруунаас цус олгойдож байсан тул Н.Л  бид хоёр эмнэлэг дуудаагүй. Өөрсдөө нуруугаа даавуугаар боосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 хуудас),

            Гэрч  О.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байшинд ороход Б гэртээ ганцаараа хэвтрийн байдалтай байхаар нь би яасан юм бэ гэж асуухад Н.Л тай муудалцаад намайг хутгалсан гэж хэлсэн. Би эмнэлэгт үзүүлсэн юм уу гэж асуухад үзүүлээгүй гэж хэлсэн. Би Н.Л т тэр өдрөө нүүгээд эмнэлэгт найзыгаа үзүүлээрэй гэж хэлэхэд маргааш нь Н.Л  нь гэртээ ирээгүй тул би эмнэлэг цагдаад дуудсан... намайг харахад Б баруун хөлөө боосон байсан бөгөөд мөн цээж хэсэг нь боолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6631 дүгээр: “... 1. Б.Б-н биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

            Шүүгдэгч Н.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20-21 цагийн орчимд Б бид хоёр 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи ууж байхдаа Б хөдөө машин барих ажил хийхээр явна гэж хэлсэн. Би байрны түрээс болон дараа сарын түрээсийн төлбөрөө яах юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Б уурлаад гэрээс гараад явсан бөгөөд буцаж орж ирээд шилтэй архийг шилээр нь уугаад ширээн дээр байсан хутга барьж ирээд миний зулай толгой дээр хутгаар зүссэн. Гар луу мөн 3 удаа хатгаж зүссэн. Би хутгыг нь булааж аваад ар нуруу хэсэгт нь нэг удаа хутгаар хутгалсан. Тэрний дараа баруун хөлийн өвдөг рүү нь би хутгаар хутгалсан бөгөөд даавуугаар шархыг би ороож өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар),     

            2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн: “... 1 ширхэг хутга нь хар өнгийн иштэй ажлын хэсэг 14.5 см урттай, ажлын хэсгийн өргөн 2.2 см, бариул хэсэг 12 см урттай, 2 см өргөнтэй, хар өнгийн бариултай хутга байх ба хутганы ажлын хэсэг болон бариул хэсэгт ил харагдах цус мэт зүйлээр бохирлогдсон ул мөр байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 хуудас) зэрэг бичмэл нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-13 тоотод иргэн Н.Л тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар түүний толгой, гарыг хатгах, зүсэх зэргээр эрүүл мэндэд толгой, зүүн бугалга, тохой, цээж, зүүн гуян тус газарт хутгалж, зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:

Н.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр оройн 20-21 цагийн орчимд Б бид хоёр нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи ууж байхдаа Б.Б хөдөө машин барих ажил хийхээр явна гэж хэлсэн. Би байрны түрээс болон дараа сарын түрээсийн төлбөрөө яах юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Б уурлаад гэрээс гараад явсан бөгөөд буцаж орж ирээд шилтэй архийг шилээр нь уугаад ширээн дээр байсан хутга барьж ирээд миний зулай толгой дээр зүссэн. Гар луу мөн 3 удаа хатгаж зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6765 дугаар: “... 1.2. Н.Л ын биед зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

            Шүүгдэгч Б.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ... Н.Л  0.75 литрийн Эдэн нэртэй архитай орж ирсэн. Надтай архи ууя гэхээр нь би маргааш хөдөө ковшийн операторын ажлаар явна гэж хэлэхэд Н.Л  ... надад аягалж өгөхөөр нь уухгүй байсан чинь пизда гэж хараагаад миний янзыг үзээд байхаар нь архинаас нь нэг уугаад би гадаа гараад уураа гаргаж алхаж байгаад буцаж орж ирээд байж байсан чинь янз үзээд байхаар нь архиа хувааж уусан. Ууж байхад Н.Л  ... чаддаг юм бол алчих гээд надад хутга өгсөн. Би хутгыг аваад уур хүрээд гар луу нь 3 удаа хатгасан... мөн хутга булаацалдаж байхад Н.Л ын толгойн дээд хэсгийг зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),

            2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн: “... 1 ширхэг хутга нь хар өнгийн иштэй ажлын хэсэг 14.5 см урттай, ажлын хэсгийн өргөн 2.2 см, бариул хэсэг 12 см урттай, 2 см өргөнтэй, хар өнгийн бариултай хутга байх ба хутганы ажлын хэсэг болон бариул хэсэгт ил харагдах цус мэт зүйлээр бохирлогдсон ул мөр байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 хуудас) зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Б.Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилжээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Н.Л  нь хохирогчийн нуруу, хөл хэсэгт, мөн шүүгдэгч Б.Б нь хохирогчийн толгой, гар зэрэгт нь хатгаж, зүссэн үйлдлүүд нь харилцан бие биеийнхээ хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Б-т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6631 дүгээр дүгнэлтээр “цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, шингэн хуралдалт, баруун өвдөгт шарх” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул эрүүл мэндэд нь хүнд хохирол,

мөн хохирогч Н.Л т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6765 дугаар дүгнэлтээр “зулайн хуйх, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн гуянд шарх” гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Н.Л  нь хохирогч Б.Б-т зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Л , Б.Б нар нь харилцан бие биеийнхээ нуруу, толгой, гарыг хутгалсан гэмт үйлдлийн улмаас Б.Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Л ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл болон учирсан хүнд, хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч А.Г нь “Шүүгдэгч Н.Л , Б.Б нарыг гэм буруутай гэж бодож байна” гэсэн санал гаргасан болохыг дурьдав.  

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Л , Б.Б нар хохирогчийн хувиар хохирлоо баримтаар нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Б.Б-ийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан, цаашид гарах зардлыг төлөхөөр тохиролцсон гэж байх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь цаашид гарах хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

                       

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Л , Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Н.Л , Б.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч Ө.Мөнхнавч “Шүүгдэгч Н.Л т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулах,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б-т эрүүл мэндийн шалтгаан болон орлого олох эх үүсвэр зэргийг тодорхойлсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н.Л , Б.Б нарын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

           

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаартохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнгэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Н.Л  нь хохирогч Б.Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч Б.Б нь эхэлж хутгаар гар толгой зэрэг газарт хатгаж зүссэн, хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал төлбөрийг төлж барагдуулсан, мөн түүнийг асарч сувилж байсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хутгаар гар толгой зэрэг газарт хатгаж зүсэж гэмтэл учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Л т хөнгөн хохирол учирсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн хохирогчийн байр суурь, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Н.Л т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Л ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, харин шүүгдэгч Б.Б.Б-ийн цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, оногдуулсан 2 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар 26 хоногоор тогтоов.

                       

            Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 14.5 см, өргөн 2.2 см, бариул хэсэг 12 см, өргөн 2 см хар өнгийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь тус тус 4 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Н.Л т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт  ын Н.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Л т 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Л ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б.Б-ийн цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар 26 хоногоор тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

6. Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 14.5 см, өргөн 2.2 см, бариул хэсэг 12 см, өргөн 2 см хар өнгийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б , Н.Л  нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

9. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Л т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Л т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОДОНТУУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                   М.ТҮМЭННАСТ

 

                                                                                                          Х.САНЖИДМАА