Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1125

 

2021          10           26                                           2021/ШЦТ/1125

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгал овогт Мягмаржаргалын М.Б холбогдох эрүүгийн 2006 03274 0371 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.А-ын Huawei Ү-6 загварын гар утасны интернэт банкаар мөнгө шилжүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг авч 292.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө миний ажилладаг буудал болох Сондор нэртэй газар үл таних М.Б гэх нэртэй эрэгтэй хүн 2 хоносон бөгөөд ... 7 дугаар сарын 18-ны өдрийн өглөө тухайн эрэгтэй хүн сум руугаа явчхаад ирлээ гээд манай буудалд орж ирээд хүн хүлээж байна гээд миний утсыг гуйж аваад цонхон дээр яриад суугаад байсан бөгөөд буудлаас орж гараад дэлгүүр ороод байгаад байсан... 22 цагийн орчим өрөө аваад унтчихъя мөнгийг нь аав шилжүүлнэ. Аав хөдөө сүлжээгүй газар байгаа. Одоо сум руугаа орж байна гэж байна. Тэгээд мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлээд орсон юм. Тэгээд би 00 цаг болон 01 цагийн үед мөнгө чинь орж ирэхгүй байна. Гар гэж хэлэхэд одоо шилжүүлчихье гэж хэлээд байгаад байсан. 04 цагийн үед би мөнгөө шилжүүл эсхүл чи одоо гар гэж хэлэхэд тэр залуу гараад явсан бөгөөд буцаад 5 орчим минутын дараа ирээд аав мөнгө миний данс руу шилжүүлсэн байна. Би таны утсыг аваад интернэт банкаар мөнгийг шилжүүлчихье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн бөгөөд миний гар утсыг аваад өрөө рүүгээ ороод удалгүй буцаж гарч ирээд зугтаагаад гараад гүйгээд явчихсан юм. Миний гар утас нь Huawei Ү-6 загварын гар утас байсан... 2019 оны 9 дүгээр сард лизингээр 1.100.000 төгрөгөөр авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

 

            Хохирогч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад  хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөх талаар хэлсэн. Миний хохирлыг төлж барагдуулчихвал ямар нэгэн гомдол, санал гэхээр зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч М.М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Алтанзулын утсаар аавтайгаа ярьж байхад цаана Алтанзул нөхөртэйгөө хэрэлдэж байхаар нь би түүний Huawei Ү-6 маркийн гар утсыг тэр чигт нь аваад Тэди  худалдааны төв дээр очиж 130.000 төгрөгөөр үл таних хүнд зараад Булган аймаг руу явсан... Би хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “Шүүгдэгч М.Б нь 2020 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.А-ын Huawei Ү-6 загварын гар утасны интернэт банкаар мөнгө шилжүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг авч 292.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.А-ын Huawei Ү-6 загварын гар утасны интернэт банкаар мөнгө шилжүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг авч 292.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө миний ажилладаг буудал болох Сондор нэртэй газар үл таних М.Б гэх нэртэй эрэгтэй хүн 2 хоносон бөгөөд ... 7 дугаар сарын 18-ны өдрийн өглөө тухайн эрэгтэй хүн сум руугаа явчхаад ирлээ гээд манай буудалд орж ирээд хүн хүлээж байна гээд миний утсыг гуйж аваад цонхон дээр яриад суугаад байсан бөгөөд буудлаас орж гараад дэлгүүр ороод байгаад байсан... 22 цагийн орчим өрөө аваад унтчихъя мөнгийг нь аав шилжүүлнэ. Аав хөдөө сүлжээгүй газар байгаа. Одоо сум руугаа орж байна гэж байна. Тэгээд мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлээд орсон юм. Тэгээд би 00 цаг болон 01 цагийн үед мөнгө чинь орж ирэхгүй байна. Гар гэж хэлэхэд одоо шилжүүлчихье гэж хэлээд байгаад байсан. 04 цагийн үед би мөнгөө шилжүүл эсхүл чи одоо гар гэж хэлэхэд тэр залуу гараад явсан бөгөөд буцаад 5 орчим минутын дараа ирээд аав мөнгө миний данс руу шилжүүлсэн байна. Би таны утсыг аваад интернэт банкаар мөнгийг шилжүүлчихье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн бөгөөд миний гар утсыг аваад өрөө рүүгээ ороод удалгүй буцаж гарч ирээд зугтаагаад гараад гүйгээд явчихсан юм. Миний гар утас нь Huawei Ү-6 загварын гар утас байсан... 2019 оны 9 дүгээр сард лизингээр 1.100.000 төгрөгөөр авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

            Хохирогч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад  хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөх талаар хэлсэн. Миний хохирлыг төлж барагдуулчихвал ямар нэгэн гомдол, санал гэхээр зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

            Шүүгдэгч М.М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Алтанзулын утсаар аавтайгаа ярьж байхад цаана Алтанзул нөхөртэйгөө хэрэлдэж байхаар нь би түүний Huawei Ү-6 маркийн гар утсыг тэр чигт нь аваад Тэди  худалдааны төв дээр очиж 130.000 төгрөгөөр үл таних хүнд зараад Булган аймаг руу явсан... Би хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “... хуурч ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.А-ын Huawei Ү-6 загварын гар утасны интернэт банкаар мөнгө шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг авч 292.700 төгрөгийн хохирол учруулж залилан авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.М.Б үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... хуурч ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирогч Э.А-ын эзэмшлийн Huawei Y-6 маркийн гар утасны үнэлгээ бүхий 292.700 төгрөгийг шүүгдэгч М.Б-ээс гаргуулан хохирогч Э.А-д  олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчид хохирол, төлбөр төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь уг хугацаанд хохирогчид хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч М.М.Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч М.М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М.Б гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байдал, түүний хувийн байдал, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Б “хуурч ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М.Б 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-ээс 292.700 төгрөгийг гаргуулан хохирогч Э.А-д  олгосугай.

 

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.М.Б урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                                              ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ