Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/024

 

А.Гд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч А.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 орны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор А.Гд холбогдох эрүүгийн 201605000236 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өлзийт түрүү овогт А.Г, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

А.Г нь 2016 оны 8 дугаар сарын 09-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг, 12 дугаар гудамжинд Ч.Сийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан улмаар Ч.С нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өлзийтүрүү овогт А.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар найман жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.712.207 төгрөг нэхэмжилснээс 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Гаас 1.812.207 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, А.Гын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч А.Гд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар А.Гын цагдан хоригдсон 97 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: А.Г нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 12 дугаар гудамжинд Ч.Сийг зодож биед нь хүнд гэмтэл учруулан улмаар Ч.С нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэж яллах дүгнэлтэд дурдсаныг эс зөвшөөрч байна.

Учир нь 1. Хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч *******, ******* нар Ч.С нь архи уусан, бидэнтэй уулзахад нүүр нь хавдсан байсан гэж мэдүүлснийг бүрэн шалгаж тогтоолгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 71 тоот дүгнэлтийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1344, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №102 тоот дүгнэлтүүдээр бодит үнэн тогтоогдож улмаар хохирогч тал гомдол гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №701 тоот дүгнэлт дахин гарч гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цөсний хүүдийн үхжлийн улмаас үүссэн цөсний шалтгаант хэвлийн түгээмэл үрэвсэл, хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан байх боломжтой байна гэсээр байхад прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялласныг хууль буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээ төлөөлөн гомдол гаргаж байна. Иймд хэргийг хянан зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Г нь хохирогчид гэмтэл учруулсан гэдэг нь үнэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №701 тоот дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан дөрвөн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан тул эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч анх ирэхдээ согтуу нүүр нь хавдсан байдалтай байсан. Миний хувьд өшиглөж, цохьсондоо гэмшиж байгаа бөгөөд харин миний үйлдлийн улмаас нас барсан гэдэгт итгэхгүй байна гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч А.Гд зодуулсанаас хойш эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Өмнө нь ямар нэгэн зовиур байгаагүй, гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдээр А.Гд зодуулснаас биедээ хүнд гэмтэл авч нас барсан гэдэг нь тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан асуудал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдсан бөгөөд А.Г нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл А.Г нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 12 дугаар гудамжинд иргэн Ч.Сийн хэвлий болон нүүр хэсэгт нь өшиглөсний улмаас хохирогчийн биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал хэвлийн баруун урд хананд зөөлөн эдийн няцрал /хүнд гэмтэл/, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хөх, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтэл учруулсаны улмаас хохирогч Ч.С нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 8 дугаар сарын 16-ны 04 цагт нас барсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн үйл баримтын талаар тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч *******, гэрч ******* /хх-ийн 1-р хавтас 44-47-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 48-50-р тал/, ******* /хх-ийн 1-р хавтас 193-195-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №71 /хх-ийн 1-р хавтас 57-62-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №701 тоот шинжээчийн дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 108-166-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогчийн нас барсан шалтгаан шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн гүйцэд эргэлзээгүй байдлаар тогтоосон байхад прокуророос А.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөлгүйгээр прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан хэдий ч хэрэгт яллах дүгнэлт үйлдэх, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, уг хуулинд “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэг шинээр хуульчлагдсан байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” хэмээн заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасан эрх хэмжээний хүрээнд А.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” болгон хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцон хуулийн уг зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр хавтаст хэрэгт хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа хэдий ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1344 /хх-ийн 1-р хавтас 217-223-р тал/, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн №102 /хх-ийн 2-р хавтас 57-65-р тал/ тоот шинжээчийн дүгнэлтүүд нь анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 1-7 дугаар талд авагдсан гэрч буюу хохирогч Ч.Сд анх хагалгаа хийсэн эмч нар болох Н.Баттогтох, Э.Эрчулуун нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул уг хоёр дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаар захирамжаар А.Гд холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд тус шүүхийн шүүгч Н.Баасанбатыг томилсон байхад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч Б.Баасанбат, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгч Д.Баасанбат гэж, хохирогчийн өмгөөлөгчийн овгийг “Д” гэж, мөн шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсэгт шүүгдэгчийн ургийн овгийг буруу бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,

39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

11 дүгээр заалт болгон “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Өлзийтүрүү овогт А.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Өлзийт түрүү овогт А.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Гыг найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Гыг долоон жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 124 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                        Д.ЭРДЭНЭБИЛЭГ