Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.Т

            Хариуцагч: САУБХ-т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй, САУБХ-ээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ** гэрчилгээг П.О-т олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 159/НЭ2019/0006 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд С.О, гуравдагч этгээд П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь 1980 онд дээд сургууль төгсөөд **ийн Сангийн Аж Ахуйд зөвлөх инженерээр томилогдон 1982 онд түүнд өгсөн 64 айлын орон сууцны ** тоот 2 өрөө байранд одоог хүртэл 30 гаруй жил гэр бүл үр хүүхдүүдээрээ амьдарч байгаа юм. Гэтэл өмгөөлөгч Д.Д гэгч нь 2013 оны 4 сарын 25-нд байрыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн бусдад худалдсан бөгөөд энэ байрнаас нүүлгэн гаргуулахаар иргэн С.О шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015-12-17-ны 583 тоот магадлалаар шийдвэрлэн, Д.Д-д олгосон ** дугаартай, иргэн С.О-т олгосон ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Иргэн С.О, Д.Д нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015-12-17-ны өдрийн 583 тоот магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан боловч 2018-3-6-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221\ШТ2018\0151 тоот тогтоолоор хүсэлтийг хангаагүй байна.

Д.Д гэгч нь ** ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгч түүнийхээ хөлсөнд орон сууц авсан гэдэг бөгөөд энэ талаар 2004 оны 12 сарын 6-ны өдрийн 1048 тоот Сэлэнгэ аймгийн 1-р шүүхийн шүүгч Ч.А-ийн ... өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг мөнгөөр төлөх боломжгүйгээс 64 айлын орон сууцнаас ** тоот орон сууцыг өгсөн юм гэсэн нэхэмжлэлийг хариуцагч **ХХК-ийн захирал М.Г хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай захирамж гарсан байдаг.

Иргэн Г.Т-ын 12 тоот орон сууцыг Д.Д өмчлөх эрхтэй ямар ч шүүхийн шийдвэр байхгүй юм. **ХХК нь 2010 оны 6 сарын 30-нд татан буугдсан, уг орон сууцны хаалганы дугаарыг 11 биш, 12 болохыг тогтоолгох, байраа чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ** сумын 64 айлын орон сууцны **тоот орон сууцыг өмчлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд захиргааны шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй гэж заасан ч хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу шийдвэрлэгдэх учиртай.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /цаашид УБЕХ гэж товчилно/ 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх хэмээн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон.

УБЕХ-ийн 11-р зүйлд улсын бүртгэгчийн эрх үүргийг тодорхойлохдоо: 11.5.2-д: энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3-д: энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалт зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 11.5.11-д: улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, 11.5.12-т: өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах гэжээ. УБЕХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т: хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон... нотлох баримтыг хууль бусаар нэмэх...-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглоно гэж заажээ. Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа 13.5-д: тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана, 14-р зүйлийн 14.1.1-д: мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэжээ.

Гэтэл САУБ Д.О гэгч нь улсын бүртгэл хийж, иргэн С.О-т үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн, тодорхойгүй, бусдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл бөгөөд 2013 онд иргэн Д.Д-гийн бүрдүүлж өгсөн баримтан дээр дахин бүртгэл хийж өгсөн албан тушаалтнуудын хууль бус ажиллагаатай холбоотой гэж үзэн гомдолтой байгаа ба С.О нь цааш нь худалдаж өөр хүний нэр дээр уг үл хөдлөх хөрөнгө шилжсэн байгаа нь санаатай үйл ажиллагаа болоод байна.

Иргэн Г.Т-ын эрх ашиг зөрчигдөж буй нь 12 тоот байрыг дээрх иргэд өмчлөх эрхгүй, мөн Г.Т нь иргэний болон захиргааны хэргийн оролцогч болсоор ирсэн шүүхийн шийдвэр, захирамжууд, орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, мөнгө хүлээн авсан баримт, хүснэгт, хуучин паспорт хаягийн бүртгэл зэргээр нотлогдох бөгөөд иргэн хүний эрх ашиг хөндөгдөж байхад луйвар хийж буй хүмүүст ямар баримт үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгоод буй нь хууль бус байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэн Д.Д, С.О нарын гаргасан өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэх хүсэлт, 2018-01-25-ны өдрийн 142 тоот СУБХ-ийн даргын иргэн Д.Д, С.О нарт хаягласан албан бичиг, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-12-17-ны 55 тоот магадлал, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-18-ны өдрийн 299 тоот шийдвэр зэргийн хуулбарыг хавсарган хүргүүлж байгаа бөгөөд дээрх шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш бий болсон баримтууд юм. 2018 оны 11 сарын 12-ны өдрийн СУБХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-ийн 1542 тоот албан бичгээр иргэн Г.Т-ын өргөдлийн хариу өгч байсан болно.

Энэ талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын албанд хандсан бөгөөд 2019-1-9-ны өдрийн 3/236 тоот албан бичгээр ...бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн, улсын байцаагчийн 88 дугаартай дүгнэлт гарч, холбогдох арга хэмжээ авч байна гэх хариу аваад хуульд заасан дагуу шүүхэд хандаж байна. Иргэн С.О-т олгосон ** тоот гэрчилгээг болон гэрчилгээ олгосонтой холбогдох баримтуудыг САУБХ-ээс гаргуулна уу. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Э нь түдгэлзүүлсэн болон гарсан дүгнэлт, бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэсэн болно.

Харин САУБХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С гэгч нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст дээрх Захиргааны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүгч Бурмаагийн шийдвэр гарсан гэж мэдүүлсэн бөгөөд ийм шийдвэр гарсан эсэх талаар одоогоор тодорхой баримтгүй байгаа ба Б.С гэгч нь мэдүүлгийнхээ дагуу гаргаж өгөх болов уу. САУБХ-ийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг үүсгүүлэхээр Авлигатай тэмцэх газарт хандсан болно.

Иймд иргэн Д.Д нь энэ удаа өөрийн нэр дээр гэрчилгээ аваагүй, шууд С.О гэгч нь ** тоот гэрчилгээг **дугаарт 2018-10-16-ны өдөр улсын бүртгэгч бүртгэсэн байх тул ** тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно уу гэв.

        Нэхэмжлэгч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тодруулахдаа: ...САУБХ бусдын орон байрыг хуваарилж олгодог газар биш ба бусдын өмчийг бүртгэдэг л газар гэж би ойлгож байгаа. Гэтэл бүртгэлийн үйл ажиллагаа хууль бусаар явагдаж, миний амьдарч ирсэн орон байрыг удаа дараа бүртгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч ба нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжаас Д.Д нарт УББ-аас бүртгэсэн, олгосон дугаарын талаар мэдсэн болно. Миний 30 гаруй жил оршин сууж, амьдарч ирсэн орон байрыг хууль бусаар өмчилж, бүртгэж өгсөн САУБХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлийн **дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** дугаартай гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ** дугаартай гэрчилгээг П.О-т олгосныг тус тус хүчингүй болгоно уу гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч САУБХ-ийн УБ Д.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...1. Иргэн Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж өгсөн. Мэдүүлэг түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтыг шалгаж үзэхэд хуалдах, худалдан авах гэрээгээр авсан гэж тусгасан, эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэрээнд Д.Д-гийн өмгөөлөгчийн ажлын хөлсийг төлөх хэлбэрийг тодорхой тусгаагүй, үл хөдлөх хөрөнгийн хаяг тодорхой биш үндэслэлээр буцаах хүсэлтийг, улсын ахлах бүртгэгчид танилцуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт шаардлага хангахгүй үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан дүгнэлт гаргасан. Д.Д нь улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж гаргасан өргөдлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан дүгнэлтийн хуудсын хамт хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №794 дугаартай албан бичгээр Ерөнхий газарт хүргүүлсэн.

Иргэн Д.Д Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга С.Б-той 2018 оны 09 дүгээр сарын 25-нд уулзаад ирлээ, бидний нүдэн дээр та нартай яриад аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт та нарыг бүртгэлийг хий гэсэн чиглэл өгчлөө гэж хэлсэн. Та нар бүртгэлээ хэл амгүй хий гэж удаа дараа тус тасагт хандсан бөгөөд бидний зүгээс дээд газраас албан бичгээр хариу ирүүлээгүй гэх шалтгаанаар удаа дараа тухай бүрт татгалзаж байсан. Дээрх асуудлаас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас удаа дараа яагаад бүртгэхээс татгалзсан тухай болон бүртгэхэд харшилж байгаа шалтгааныг гэж удаа дараа тодруулж байсан бөгөөд бүртгэлийг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас иргэн Д.Д, С.О нарын өргөдлөөр Г.Т-ыг орон байраа чөлөөлөх үндэслэлээр удаа дараа хэлтсийн дарга бүртгэгч нарыг бүртгэлтэй холбоотойгоор шалгаж мэдүүлэг авсан бөгөөд танайх улсын бүртгэлд бүртгэвэл манай байгууллагаас иргэн Г.Т-ыг албадан гаргах гээд байгаа тухай мэдээллийг хэлтсийн дарга танилцуулж байсан.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор тус хэлтсийн даргын зөвлөл удаа дараа хуралдсан бөгөөд иргэн Г.Т нь тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь маргалдагч талуудын хэн алинд нь нээлттэй үлдсэн тухай шүүхийн шийдвэр, иргэн Д.Д-гийн хүсэлт зэргийг харгалзан хууль тогтоомжийн хүрээнд бүртгэл хийх чиглэлийг хэлтсийн даргаас өгсөн. Ингээд Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэж ** гэрчилгээ олгосон тул иргэн Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...

Иргэн Г.Т нь Сэлэнгэ аймгийн ** сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх талаар УББад хүсэлт, мэдүүлэг гаргаж байгаагүй атлаа тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна. Хүн орон сууцанд оршин сууж байсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийн нотолгоо биш бөгөөд Г.Т-ын хувьд бүртгэлийн байгууллагыг хууль бусаар бүртгэл хийсэн гэж нэхэмжлэлдээ удаа дараа үндэслэлгүй дурьдсаныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Д-гээс С.О-т, С.О-аас П.О-т шилжихдээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

         Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т, гуравдагч этгээдээр татагдсан Д.Д бид нарын хувьд бие биеэ сайн танихгүй, хоорондын өс хонзонгүй, хууль бусаар хөрөнгөжих гэсэн санаа зорилгоор олж аваагүй болохоор уг орон байрны маргаан хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж бодож байна. Ер нь иргэд хоорондын үл хөдлөх хөрөнгийн маргаан тул Иргэний шүүх шийдвэрлэх ёстой гэдгээр маргаж буй орон байр нь **ХХК-ийн үндсэн хөрөнгө байсан тул 2014 онд Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн 64 айлын ** тоот нь 12 тоот болохыг тогтоолгож байраа чөлөөлүүлсэн болно. Уг нэхэмжлэлийн дагуу Сум дундын 20 дугаар шүүхийн 75/754 тоот шийдвэр гарч гуравдагч этгээд Г.Т-ын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, олж авах эрх нээлттэй байгааг дурьдаж заасны дагуу аймгийн УБХ-т хандаж уг шийдвэрийг нотлох баримт болгон өгөх үед гэрчилгээг Г.Т-ын гомдлоор түдгэлзүүлж олгоогүй байсан юм. Ингээд энэ шийдвэрийг үнэлж нотлох баримтаар авч мөн 1048 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон 2013 оны 10 дугаар сарын 15-ны 178 шүүхийн тогтоол зэргийг гол нотлох баримт болголгүй орхигдуулж хүчингүй болгосон.

Шүүгчийн захирамжийг барьж шийдвэрлэснээс тухайн улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж надад 2013 оны олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон байсан.

II. Би Г.Т-ын өмчинд халдаагүй. Маргаан дагуулж буй үл хөдлөх хөрөнгө нь 1992 онд тус аймгийн Өмч хувьчлалын комиссын 27 дугаар тогтоолоор САА-д хувьчлагдаж 5 компани, 1 хоршоо болж задарч ирэхэд **компаний үндсэн хөрөнгөд тусгагдаж шилжсэн байдаг. Энэ үед Г.Т, хоршоог ахалж тодорхой өмчтэй хуулийн этгээдээр ажиллаж хувийн орон сууцанд амьдарч байсан тухайн үеийн удирдлагууд нь сайн мэдэх юм билээ. Энэ талаар ч, нэхэмжлэгч ** багийн ** тоотод оршин сууж амьдарч буйгаа бичин байцаалтандаа тодорхой мэдүүлсэн байна.

III. Ер нь энэ 64 айлын орон сууц нь тэр аяараа Банкны өр барагдуулах байгууллага гэж байхад банкны өрөнд тус байгууллага нь **ХХК-иас хураан авч цааш 1 иргэнд худалдагдаж ирсэн ч тус компани эс зөвшөөрч шүүхэд хандаж буцааж авсан байдаг.

IV. Өр барагдуулах байгууллагын ажиллагаа явагдаж байх энэ үед оршин суугчид тухайн байрнаас хөөгдөж гарах 1 нь гарч байсан улс одоо миний юм, бид 30 жил амьдарч ирсэн гэж маргаж буй нь ямар ухамсартай, шударга хүний үг юм болдоо. Энэ үедээ шүүхэд хандах байсан юм бишүү.

Харин компани түүний эрх бүхий удирдлага байсан захирал Г, Д нар өр барагдуулах байгууллагын удирдлагуудтай тохирч хүсэлт гаргасан сумын иргэдэд худалдах болж, энэ үед компаний орон сууцанд сууж байсан ажилчид хүртэл боломжтой нэг нь авсан. Энэ 64 айлын 4 дүгээр байр нь тэр аяараа бохир, цэвэр усны турбо нь хөлдсөнөөс хүн амьдардаггүй балгас болсон байр шүү дээ. Харин ч 30 жил эзэнгүй байгаа.

V. Туйлын үнэн мөнийг олох увдистай, шударга үнэний төлөө байж бодит дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна. Иргэн миний өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр нээгдэх тул иргэний шүүхэд өмчлөх эрх сэргээлгэх буюу өмчлөгч тогтоолгох ажиллагаа, өмчлөх эрх нээгдээгүй байхад шийдвэрлэх үндэслэл болохгүй тул аймгийн УБХ буюу улсын бүртгэгчид хандах болсон. Энэ нь удаа дараагийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой болсон байна гэж ойлгосноор хандсан. Энэ дагуу УБХ буюу улсын бүртгэгч миний гаргаж өгсөн нотлох баримт бүхий мэдүүлгийг хүлээж аваад өмчлөх эрх нээж, шийдвэрлэсэн ажиллагаа нь хуулийнхаа хүрээнд хийгдсэн гэж үзэж байна.

VI. Гуравдагч этгээд миний эрх олон жил хөндөгдөж ирлээ. Тэтгэвэрт гарсан, хөгшин хуульч нарт хураасан хөрөнгө байхгүйн адил надад хөрөнгө мөнгө байхгүй. Адилхан галалгаатай хувийн орон сууцанд сууж шударгаар ажиллаж ирсэн. Хуульч намайг хөрөнгөнд шунаж луйвар хийж байгаа мэт удаа дараа бичиж ирлээ. Хэний ч өмнө маргаантай асуудал гарч болно. Гагцхүү нэгийгээ гүтгэж доромжилж болохгүй болов уу. Би Г.Т-ыг танихгүй гэхдээ хүн чанартай хүн юм бол надтай уулзаж үнэн учраа хэлж гуйж авч болох байсан. Би энэ байрыг шуналтайдаа авах гээгүй, хөлс хөдөлмөрөө шингээж авсан тул зүгээр өгнө гэсэн ойлголт байхгүй хууль маань ч хангалттай нотлох баримт байхад нотлох баримт бүрийг үндэс болгон шийдвэрлэнэ гэж бодож явна. Хэрэв Г.Т-т худалдаж авсан гэх нотлох баримт байгаа бол зохих газарт нь хандан шийдвэрлүүлэхгүй өдий хүртэл явж ирэв... Эцэст нь хүсэхэд иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал бүрийг улсын бүртгэгч дахин авч үзэж шийдвэрлэсэн улсын бүртгэгчийн ажиллагааг хууль бус гэж үзэхгүй байна гэжээ.

        Гуравдагч этгээд С.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.О би 2015.03.20-ны өдөр ** дугаартай гэрчилгээтэй 2 өрөө байрыг иргэн Д.Д-гээс худалдаж авсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 1-д: эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна заалтыг зөрчиж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1. албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж өмчөө өмчлөх эрхэнд минь халдсан.

2. Өмч өмчлөх, өмчөө улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах асуудлыг Иргэний хуулиар зохицуулдаг хуультай. Энэ ч учраас Г.Т-ын гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн, иргэдийн Үндсэн хууль, Иргэний хуулиар олгогдсон эрхүүдэд бүлэглэн халдаж зөрчсөн гэмт үйлдэл.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д: нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол..., 54.3.2-т: хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй,

14.1-т: хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана,

14.1.1-т: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол,

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 3-т заасан: Улсын бүртгэлд бүртгэлтэй жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдсөн этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д:...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн..., 54.1.3-т: Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой хуулийн заалтуудыг зөрчин иргэд бидний Үндсэн хууль, Иргэний хуулиар олгогдсон эрхүүдийг минь ноцтой зөрчиж байна... гэв.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.О-аас **сумын 64 айлын орон сууцны **тоот орон сууцыг худалдаж авсан. Бэлэн мөнгөөр 18 саяд авсан. Би тухайн үед С.О гэдэг хүний нэр дээр байсан гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Г.Т, Д.Д гэдэг хүмүүсийг огт мэдэхгүй. Иймд өөрийн нэр дээрх байрныхаа гэрчилгээг хүчингүй болгохгүй, ямар нэгэн асуудал гарвал С.О-аас мөнгөө авч байж байрнаасаа гарна. Би өөрийн амьдарч байсан хашаа байшингаа зарж энэ байрыг авсан, бас банкнаас зээл авсан. Одоо энэ байр Г.Т-ынх биш миний нэр дээр байгаа учир С.О, Г.Т хоёрын асуудлыг шүүх шийдэж өгч, намайг хохиролгүй болгохыг хүсч байна гэжээ.

    Гуравдагч этгээд П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.О, Д.Д, С.О нар нь Үндсэн хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй хүмүүс. Үндсэн хууль зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй гэсэн заалт байдаг. Гэтэл яагаад энэ гурван хүнийг өмч өмчлөх эрхгүй гэж үзэж Захиргааны хэргийн шүүх энэ гурван хүний Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд нь удаа дараа халдаад байгаа юм бэ. Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд Захиргааны хэргийн шүүх удаа дараа халдаж байна. Энэ 3 хүн шударгаар олж аваагүй юм бол яаж авсан юм бэ?. Иргэний хуулийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байна. Өмчийн эзэн гээд үнэт цаасан дээр нэр нь бичигдсэн байхад өмчлөгч нь мөн байна гэж үзнэ биз дээ. Цаана нь юу байгааг бид яаж мэдэх юм. Мөн Иргэний хуулийн 469.4-д Үнэт цаасыг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол үнэт цаас гаргагч нь түүнд санаатайгаар хохирол учруулснаас бусад тохиолдолд өмнөх эзэмшигчид шууд тавьж болох шаардлагыг дараагийн эзэмшигчид тавих эрхгүй гэж заасан байна. 

УББ-ын алдаатай үйл ажиллагааг төр хариуцна гэж байгаа. Гэтэл алдаатай бүртгэл хийсэн бол иргэд бид нарыг 5 жил хэрэлдүүлж, муудалцуулах ямар шаардлага байгаа юм бэ. Үүнээс болж 5 жилийн амьдралыг маань үгүй хийж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хуралд бид нарыг оролцуулаагүй. Улсын бүртгэлд хандахаар Авилгатай тэмцэх газар ханд гэдэг. Ажилтан алдаа гаргасан байж болно. Өмнө нь ямар бүртгэл яаж хийснийг бид нар мэдэхгүй. Бид нар өөрсдөө бараг өмчлөлийн асуудлаа мэдэхгүй байхад Г.Т УББ-ын нууцын зэрэглэлтэй иргэний бүх бүртгэлийн асуудлыг яаж мэдээд байна вэ. Бид нарын хэдэн сарын хэдэнд бүртгэл хийлгэсэн, цааш нь хэнд хэдэн сард шилжүүлсэн гээд бүгдийг нь бид нараас илүү яаж мэдээд байна вэ? Энэ хүнд яагаад ийм их давуу эрх байгаад байна вэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл гаргана гэж заасан байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч нэхэмжлэлийг дараах тохиолдолд хүлээн авахаас татгалзана гээд хэд хэдэн заалт бичээстэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн эрх нь яаж зөрчигдсөн юм бэ?, ямар эрхийг нь зөрчсөн гэж Захиргааны хэрэг үүсгээд байгаа юм бэ? Яагаад нэг хүнд ийм олон давуу эрх олгоод байгаа юм бэ?. Бид нарын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань энэ хүн яагаад зөрчөөд байгаа юм бэ?. Яагаад Захиргааны хэргийн шүүхээр өмчлөх эрхийн маргаанаа шүүлгэхээр дахин, дахин хандаад байгаа юм гэж үзэж байгаа. Би өөрөө өмнөх Иргэний хэргийн маргаантай шүүх хуралд орсон.  

Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ хүн өөрөө дуртай шийдвэрээ гаргаж өгчихөөд дургүй шийдвэрээ гаргаж өгөхгүй байх шиг байна. Яагаад гэвэл 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаартай тогтоол байгаа. Энэ бол хүчин төгөлдөр тогтоол байгаа. Г.Т энэ тогтоол дээр гомдол гаргаагүй.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75/754 тоот шүүхийн шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэр Г.Т-ыг шударга бус эзэмшигч гэдгийг нь тогтоочихсон байгаа. Харин иргэн Д.Д, С.О нарын өмчлөх эрх нь нээлттэй байна гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад Г.Т гуай андуурлаа гэхэд Л.С өмгөөлөгч андуурмааргүй юм. Өмчлөх эрхээ зөрчигдөж байна гэж үзэж байвал иргэний хэргийн шүүхээр тогтоолгох ёстой байтал яагаад захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа юм бэ. Захиргааны хэргийн шүүх өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүдэг юм уу.

Захиргааны хэргийн шүүх Г.Т-ын эрх зөрчигдөж байна гээд бид нарын эрхэнд яагаад халдаад байгаа юм бэ. Иргэний хэргийн шүүхээр өмчлөлийнхөө маргааны шийдүүлчихсэн байтал Захиргааны хэргийн шүүх яагаад хэрэг үүсгээд байгаа юм бэ?. Төрийн байгууллагын алдааны улмаас иргэн хохирвол төр хариуцах ёстой байтал иргэд бид яагаад аймаг дамжиж шүүхийн хаалга сахиж амьдралаа алдаж байна вэ гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбарыг сонслоо. Энэ тайлбар дээр нь нэмж тайлбар хэлье. Нэгдүгээрт: УББ хууль зөрчсөн. Хуульд заасан заалтуудаа зөрчиж Д.Д гэдэг хүний УББ-д гаргасан нотлох баримтуудыг зөв үнэлээгүйгээс өмнө нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэрчилгээг хүчингүй болгоогүй байхдаа давхардуулж гэрчилгээ олгосон байна. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр тодорхой болсон. 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 88 дугаартай дүгнэлтээр Д.Д гэдэг хүн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр дахин бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг улсын бүртгэгч Ц.О материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тухай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 794 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Нотлох баримтуудыг харвал иргэн Д.Д-гийн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон нотлох баримт, шүүхийн шийдвэр байхгүй байна гэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн 4-рт бичсэн байна. Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн өмчлөх эрхийг нь хүчингүй болоогүй байхад нэмж давхардуулж бүртгэл хийсэн байна гэдгийг Улсын байцаагчийн дүгнэлтэндээ тодорхойлж өгсөн.

Шүүхийн шийдвэр гарах хүртэл бүртгэлийн ажиллагаануудыг түдгэлзүүлсэн байгаа. Албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Д.Д гэдэг хүний гаргасан өргөдөл байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа. Д.Д ийм, ийм баримтаар уг байрыг өөрийнхөө өмч юм гэдгийг нотолсон болохоор бүртгэл хийсэн гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа. Гэтэл Д.Д гэдэг хүн мэдүүлэгтээ 10 баримт жагсааж өгөөд бүртгэл хийлгэсэн гэж байгаа. Тэр 10 баримтанд ямар, ямар баримт байгаагүй вэ? гэдгийг судалсан. Тэр баримт дотор шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал байгаагүй. Г.Гантөмөр гэдэг хүний тодорхойлолтыг хавсаргасан байсан. Мөн ** САА-н даргын тушаал байгаагүй. Захирлын тушаал гэдэг нь ХХК байхад ХК-ийн тамга дарчихсан байсан баримт гэж үзэж байгаа. Үүнийг хавсаргасан байсан. Д.Д гэдэг хүний улсын бүртгэлд бүртгүүлэх гээд өгч байгаа баримтуудад ийм олон баримт байгаагүй. Хавсаргаж өгсөн гээд байгаа 10 баримтын жагсаалт дотроос маргаан бүхий орон сууц нь Д.Д-гийн өмч гэдгийг нотлох баримт байхгүй байгаа. Д.Д гэдэг хүн уг орон сууц нь энэ миний өмч юм гэдгийг нотолж чадахгүй байхад эхний бүртгэлийг хууль зөрчиж хийсэн байна. Эхний бүртгэл нь хүчингүй болсон бол дараа, дараагийн бүртгэл нь хууль бус бүртгэл болно гэдгийг хэлмээр байна. Д.Д гэдэг хүн эрх зүйн туслалцаа үзүүлж байсан гэрээ байдаг. Тэгэхээр өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ өмч хөрөнгийг өөрийн болгох, худалдан авах, эсвэл өөр этгээдүүдийн өмч хөрөнгийг олж авах, эзэмшихийг хориглоно гэж заасан Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн  эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.6-д иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх үүрэгтэй, мөн хуульд үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмшихийг хориглоно гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Ингэж мэргэжлийн эрх мэдлээ ашиглаж бусад аргаар олж авсан эд хөрөнгийг эзэмшихийг хуулиар хориглосон байгаа. Дараагаар нь Д.Д гэдэг хүн 11 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр байдаг. Харин маргаан бүхий 12 тоот орон сууцыг өмчилж авах эрхтэй юм байна гэсэн шүүхийн шийдвэр огт байдаггүй.

Үүнийг улсын байцаагч дүгнэлтэндээ тусгасан байдаг. ** ХХК өрөнд орж 64 айлын орон сууцыг барьцаанд тавьсан гэдэг. Иргэн Г.Т гэдэг хүн уг орон сууцыг 180000 төгрөг төлж авсан байгаа. Энэ баримт нь олдохгүй байгаа. Энэ баримтыг шүүх олж авах боломжтой. 64 айлын орон сууц ** ХХК-ний хувьчлагдсан өмч гэсэн баримт бол хэрэгт байдаггүй. Өмч хувьчлалын тухай баримт огт байхгүй байгаа. Архивын лавлагаагаар Сэлэнгэ аймгийн өр барагдуулах албаны баримтууд Сэлэнгэ аймгийн Архивын тасагт байхгүй байна гэсэн. Мөн өмч хувьчлал болон өр барагдуулах талаар баримт Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивт мөн байхгүй байна гэсэн тэмдэглэл хөтөлсөн байгаа. 2002 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 225 дугаартай шийдвэр байгаа гэж Д.Д гэдэг хүн бичээд байдаг. 225 тоот шийдвэрийг үзэхээр шийдвэр гүйцэтгэгчийн нэг компанид холбогдуулж өр төлбөр хураасан эд хөрөнгийн актыг хүчингүй болгосон шийдвэр байдаг. Мөн Сэлэнгэ аймгийн 1-р шүүхийн 178 тоот шийдвэр байгаа. Энэ бол шинээр илэрсэн нотлох баримтын үндсэн дээр шүүгчийн захирамжийг хянуулахаас гадна 1048 тоот захирамжийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр юм. Хүчингүй болгосон шийдвэр нь Д.Д-гийн гаргасан 12 тоот байр нь миний өмч юм гэдгийг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр байгаа. 

Ийм баримтууд байгаад байхад УББ яагаад бүртгэл хийж өгсөн юм бэ. Тиймээс нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Г.Т гэж хүний эрх зөрчигдсөн гэж үзэж энэ асуудал шударгаар шийдэгдээсэй гэж хүсч байгаа. Иргэн Г.Т нь 1980 онд ** ХХК ажиллаж байгаад энэ байрыг авсан. Баримтуудаас харахад иргэн Г.Т гэдэг хүний байр гэдэг нь харагдаж байгаа. Г.Т гэдэг хүний эрх ашиг нь зөрчигдсөн учраас Дархан-Уул аймгийн шүүх Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан магадлал нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Мөн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.О энэ байрын өмчлөгчөөр тогтоож, байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэсэн 299 дугаартай шүүхийн шийдвэр бас байгаа. Хуулийн заалтуудыг зөрчиж дахин дахин давхардуулж бүртгэл хийсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Д.Д гуайн анх мэдүүлэг гаргахдаа өгсөн тэр баримтууд дээр нэмээд ямар нэг нотлох баримт өгөөгүй байхгүй байхад дахин бүртгэл хийж, маш богино хугацаанд худалдан авах гэрээ байгуулж дахин дараагийн хүн дээр бүртгэл хийж хоёр хүний нэр дээр гэрчилгээ гаргасан байгаа. Үүнээс болж иргэн Г.Т-ын эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Т нь САУБХ-т холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй, САУБХ-ээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр **гэрчилгээг П.О-т олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцов.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлүүд байна гэж дүгнэлээ.

Маргаан бүхий улсын бүртгэлийн ажиллагааг хэрхэн бүртгэсэн тухайд:

1. Иргэн Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр САУБХ-т Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[1], 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл[2] тус тус гаргаж, Сэлэнгэ аймгийн ** сумын ** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр ханджээ.

2. Дээрх өргөдөл болон мэдүүлэгтээ Сэлэнгэ аймгийн ** сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт[3], Сэлэнгэ аймгийн ** сумын ** ХХК-ний ерөнхий захирлын 2003 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Өмгөөлөгч, хуулийн зөвлөгчийн хөлс олгох тухай №03 тоот тушаал[4], Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны №55 тоот магадлал[5], М.Г /** ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан/-ийн тодорхойлолт[6], Орон сууцны фото болон план зураг[7],**ХХК-ний барилга байгууламжийн хөрөнгийн жагсаалт[8] зэргийг тус тус хавсаргаж өгсөн байна.

3. САУБХ-т нь иргэн Д.Д-гийн дээрх өргөдөл болон мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэж, ** тоот гэрчилгээ[9] олгожээ.

4. Дээрх улсын бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ны өдөр батлагдаж2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 /Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ/, 13 дугаар зүйлийн 13.5.8 /энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл/, 15 дугаар зүйлийн 15.2 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна/, 18 дугаар зүйлийн 18.1 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/ дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй, улсын бүртгэл хуулийн хүрээнд явагдсан байна.

5. Мөн иргэн Д.Д, С.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[10] байгуулан, маргаан бүхий орон сууцыг С.О өөрийн өмчлөл болохоо бүртгүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр САУБХ-т хандан, улмаар ** тоот гэрчилгээг[11] авч, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

6. Уг улсын бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 /үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих/, 24 дүгээр зүйлийн 24.3 /Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй/, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно/, 243 дугаар зүйлийн 243.1 /Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ/ дэх хэсэгт зааснаар хийгдсэн, дээрх улсын бүртгэлийн ажиллагааг тус тус буруутгах үндэслэл байхгүй байна.

7. Түүнчлэн иргэн С.О, П.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[12] байгуулан, маргаан бүхий орон сууцыг П.О өөрийн өмчлөлд авч бүртгүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр САУБХ-т мэдүүлэг гарган, улмаар **тоот гэрчилгээг[13] авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 /Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу УББад гаргана/, 15 дугаар зүйлийн 15.1 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх маягтад дараах мэдээллийг тусгана/, 15.1.1 /гэрээний төрөл, эрх үүсгэсэн шийдвэр/, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 /эд хөрөнгө өмчлөх эрхийн/, 19 дүгээр зүйлийн 19.4.2 /энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах/ дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэхээр байна.

8. Харин иргэн Г.Т нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохоо нотолсон баримтаа шүүхэд гаргаагүй бөгөөд 2 дахь хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан Орлогын ордерийн тасалбар /** ХХК Г-өөс Сэлэнгэ аймаг банкны өр барагдуулах албанд 390000 төгрөг тушаасан 2002.01.07/, төлсөн акт /Г.Т 180000/, мөн 93 дугаар талд авагдсан Цалингийн урьдчилгаа тавьж олгох хүснэгтийн 17 дугаарт Т 180000 гэх баримтуудаар өөрийгөө маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм.

9. Дээрх баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан /Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө .../ нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт энэ талаарх баримт байхгүй, баримтын бүрдэл дутуу шилжин ирсэн тухай албан бичиг[14] шүүхэд ирүүлсэн байна.

10. Нөгөөтэйгүүр, хэрэв дээрх маргаан бүхий 2 өрөө орон сууцыг **ХХК-аас иргэн Г.Т 180,000.0 /Нэг зуун наян мянга/ төгрөг төлж худалдан авсан бол ямарваа нэгэн гэрээ, хэлцэл хийгдэх учиртай бөгөөд, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нэхэмжлэгч Г.Т-т нээлттэй байсан төдийгүй /2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш/ хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлэн, өөрийн эзэмшиж байсан гэх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй тухай албан бичиг[15] хавтаст хэрэгт авагдсан байна.

11.Түүнчлэн Сум дундын 20 дугаар шүүхийн Иргэний хэргийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75/754 тоот шийдвэрээр[16] Г.Т /гуравдагч этгээд/-ийн Шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

12.Дээрх шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт хариуцагч М.Г /**ХХК-ний захирал/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ...Гэтэл Т мөнгөө өгөөгүй. Тэгээд би очиж өөртэй нь уулзаад та энэ байраа авах уу гэж асуухад авахгүй ээ, энэ чинь миний өмч гэсэн хариу өгсөн. Чухам яагаад компаний өмч энэ хүний өмч болсныг би мэдэхгүй. Тухайн үед байраа компаний нэрээр өөртөө хувьчилж авах журам байсан, хэрвээ оршин суугч аваагүй бол дараагийн хүнд шилжүүлэх ёстой, Энэ журамд бүр хугацаа заачихсан байгаа. Заасан хугацаа өнгөрсөн, дээр нь Т авахгүй гэсэн болохоор би Д гуайд өмгөөллийн хөлсөнд олгох тухай тушаал гаргасан... Т нь 1996 онд хоршоо байгуулаад тусдаа гарчихсан байсан. Энэ байранд суугаагүй, аль 1982 онд Т энэ байранд сууж байсан нь үнэн. Тэрнээс хойш олон айл солигдож гарч байсан. Т урьд өмнө нь ч надтай байрны зарга хийж байгаагүй, 13 жил өнгөрсөн... мэдүүлсэн бөгөөд уг тайлбарыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй зааснаар уг тайлбарыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой гэж дүгнэсэн ба тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

13. Мөн нэхэмжлэгч Г.Т нь 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа гэх боловч САУБХ-ээс гаргаж ирүүлсэн архивын баримтаас үзэхэд:

-1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон хаягийн хуудас №7 маягтад **,

-1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон ХААТР-1 маягтад ОСГ-ны ** тоот хаалга, сууц эхэлсэн огноо 1987 он,

-1994 оны 03 дугаар сарын 01-нд Паспорт авах өргөдөл ХААТР-21 маягтад байнга оршин суух хаяг **,

-2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний үнэмлэх авах ХААТР-21 маягтад **, ** тоот, сууж эхэлсэн огноо 1980 он,

-2010 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Иргэний шинэчилсэн бүртгэлийн ИУБ-31 маягтад Сэлэнгэ, **, ** тоот[17] гэсэн хаягт тус тус шилжин амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

14. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Т нь 1982 оноос маргаан бүхий орон сууцанд одоог хүртэл 30 гаруй жил оршин сууж, амьдарч байгаа гэдэг нь үгүйсгэгдэх бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан Шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

15. Захиргааны хэргийн шүүх нь Улсын бүртгэлийн хууль бус ажиллагааны улмаас бүртгэгдсэн бүртгэлийн ажиллагаатай холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэх ба өмчлөх эрхийн маргаан нь ердийн харьяаллын шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тул дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд хэн болох талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй, САУБХ-ээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр **гэрчилгээг П.О-т олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Т-ын САУБХ-т холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй, САУБХ-ээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр **гэрчилгээг П.О-т олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ