Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0502

 

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0502

Улаанбаатар хот

 

 

                                   “Э*** м*** о***” ХХК,

                      “П***” ХХК, “Г** м***” ХХК-иудын

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0530 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э*** м*** о***” ХХК,

                     “П***” ХХК,

                     “Г** м***” ХХК,

Хариуцагч Монгол Улсын Сангийн яам,

                  “Эрдэнэс тавантолгой” ТӨХК,

                  “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороо,  

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О***, хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***, хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц***, А.А***, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, Д.Н*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,

Хэргийн индекс: 128/2023/0433/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Сангийн яам, “Эрдэнэс тавантолгой” ТӨХК,  “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, түншлэлийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид даалгуулах, Сангийн яамны эхний болон 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11/2967 дугаар бүхий гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0530 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.7.4, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*** м*** о***” ХХК, “П***” ХХК, “Г** м***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2465 дугаар болон 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/2967 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 дугаар “Тендерээс татгалзах тухай мэдэгдэл”, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан гаргасан “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/202302001 дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалт”-ыг хүчингүй болгож, “Э*** м*** о***” ХХК болон “П***” ХХК, “Г** м***” ХХК-иудын түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, “Э*** м*** о***” ХХК болон “П***” ХХК, “Г** м***” ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулахыг захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК-д тус тус даалгажшийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд: 

3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3.1, 7.4.1 дэх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.3.3, 121.3.7 дахь заалтад тус тус нийцэхгүй,

3.2 Маргаан бүхий акт болох Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2465 дугаар албан бичгийн тухайд гомдол гаргасан этгээд гомдлоо цахим системд байршуулаагүй, өөрөөр хэлбэл оролцогчдод танилцах боломжоор хангаагүй тухай асуудалд шүүх огт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн,

3.3 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлээр дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зарчим хангагдаагүй үйл баримт тодорхой байхад Сангийн яамны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, агуулгын зөрчилтэй, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Сангийн яамны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар огт дурдаагүй,

3.4 Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11/2967 тоот албан бичгээр захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 тоот шийдвэр үндэслэлтэй болохыг тодорхойлсон бөгөөд уг шийдвэр нь тендерт оролцогчид эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгэх зохицуулалт агуулаагүй шийдвэр бөгөөд үүнийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тендерт огт ирүүлээгүй, дурдаагүй баримт бичгийг үндэслэсэн, цугларсан нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасантай нийцэхгүй,

3.5 Тендерт оролцогч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1, 17.6.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн 17.6.3 дахь хэсэгт тендерт оролцогчдод анхааруулга мэдээллийг тодорхой өгсөөр байхад үүнийг анхаараагүй оролцогчийн буруутай үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй,

3.6 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжилж судлалгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан, нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлээр дүгнэлт гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон агуулгад дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

4. Хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Анхан шатны шүүх “...Үнэлгээний хороо үнэлгээг хийхдээ тендерийн хууль зөрчөөгүй болохыг нэгэнт дүгнэсэн, ийнхүү хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нөхцөлд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан шийдвэрийг гаргахааргүй байхад “хуулийн 55.3.2, 27.1-д заасны дагуу шийдвэрлэхийг заасан нь хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3-т Сангийн яамны шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхой хуульчилж, тендерийн баримт бичигт хууль зөрчсөн үйлдэл байна гэж Сангийн яам үзэж, хуулиар олгосон шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд гаргасан байхад шүүх уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь үндэслэлгүй,

4.2 Шүүх “Э*** м*** о***” ХХК-ийн тендерийг тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс гадна шүүхэд нэмэлтээр ирүүлсэн баримтуудад тулгуурлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “шаардлага хангаж байна” гэж шууд тендерийн Үнэлгээний хорооны өмнөөс буюу Үнэлгээний хорооны эрх хэмжээнд халдаж дүгнэлт хийсэн нь бусад хэргийн оролцогч биш этгээдүүдийн эрх ашгийг хөндсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрсөн,

4.3 Нэхэмжлэгчээс шүүхэд нэмэлтээр ирүүлсэн баримтуудад үндэслэн шийдвэр гаргасан нь буруу буюу Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулагдаагүй баримтыг үнэлж, тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгахад байгаагүй баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгснийг үнэлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасантай нийцээгүй,

4.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д "Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана", 28 дугаар зүйлийн 28.2-т "Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ", 29 дүгээр зүйлийн 29.1-д "Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ", 29.2-т "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасан ба шүүхээс гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдсөн, хуульд заасан тендерт оролцогчийн өөрийн тендерт тодорхойлж ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тендер нээснээс хойш хуульд заасан гэрээ байгуулах эрх олгох боломжит хугацаа дууссан энэ тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн,

4.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 530 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

5. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

5.1 Шүүх тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д заасан шаардлагыг оролцогч хангаагүй байхад “...шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

5.2 Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т заасан шаардлагыг нэхэмжлэгч нар хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн,

5.3 Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулагдаагүй баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн, уг баримтуудыг шүүх үнэлж Үнэлгээний хорооны хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд халдсан шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй, худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журамтай нийцээгүй шийдвэрийг гаргасан  гэх зэрэг үндэслэлээр зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу бүхэлд нь хянав.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:

3.1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааны Төсвийг батлах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/58 дугаар тушаалаар “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өглөөний сонин болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр тус тус нийтэлсэн.

3.2 Тендерийг товлосон хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авч, 09:30 цагт нээхэд уг тендерийн 1 дүгээр багцад нийт 3 оролцогч материал ирүүлсэн. Үүнд: “К*** э*** м***” ХХК 595,140,328,075 /тендерийн үнийн санал/, 3,238,000,000.0 /тендерийн баталгааны дүн/, “Э*** м*** о***” ХХК болон “П***” ХХК, “Г** м***” ХХК-иудын түншлэл 585,137,125,505 /тендерийн үнийн санал/, 3,237,360,316.6 /тендерийн баталгааны дүн/, “Х*** а*** и***” ХХК-ийн түншлэл, 599,291,655,685 /тендерийн үнийн санал/, /тендерийн баталгааны дүн ирүүлээгүй/.

3.3 Үнэлгээний хороо 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдан тендерийн үнэлгээг хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2-д заасны дагуу тендер шалгаруулалтыг хянан үзээд нэхэмжлэгч “Э*** м*** о***” ХХК, “П***” ХХК, “Г** м***” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасныг үндэслэн шалгаруулан, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагчаас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай болон шалгараагүй бусад оролцогчдод мэдэгдлийг хүргүүлсний дагуу үр дүнг цахим системд нийтэлсэн.

3.4 Тендерт оролцогч “К*** Э*** м***” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2465 дугаартай “Гомдлыг хянасан тухай" албан бичгээр “...хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү...” гэж мэдэгдсэн.

3.5. Энэ дагуу Үнэлгээний хороо 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдан “...2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж” шийдвэрлэж, улмаар шалгараагүй мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлэн, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.7-д заасны дагуу үр дүнг цахим систем нийтэлсэн.

3.6. Үүнтэй холбогдуулан, “Э*** м*** о***” ХХК-иас Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яамнаас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11/2967 дугаар албан бичгээр “...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг гомдол гаргагчид хүргүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-т “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж тус тус хуульчилсан.

5. Тухайн тохиолдолд, “К*** Э*** м***” ХХК-аас гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагч Сангийн яам нь 2023 оны 11/2465 дугаартай албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон “К*** Э*** м***” ХХК, “Э*** м*** о***” ХХК, “П***” ХХК болон” Г** м***” ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж, шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлтэй байна.... Caterpiller-ийн .... асуудлыг холбогдох эх сурвалжаа нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу мэдэгдэж, ... мөн хуулийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх”-ийг Үнэлгээний хороонд мэдэгдсэн.

Улмаар, тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдаж, ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу дахин хянаад “...хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1, 17.6.2, 17.8, 17.9 дэх заалтад заасан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж дүгнэж, захиалагч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 дугаар мэдэгдлээр бүх тендерээс татгалзсан болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Сангийн яамны 2023 оны 1/2967 дугаар албан бичгээр “... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Мөн, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчээс ирүүлсэн “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын тендерийг дахин хянан үзэж,

- тоног төхөөрөмжийн жагсаалтад нийт 60 тн даацтай 3 усны машин шаардсанаас 32,700 кг даацтай 1 ширхэг усны машин санал болгосон нь шаардлага хангаагүй. Түншлэлийн гишүүн “П***” ХХК нь “П*** т***” ХХК-тай 2 ширхэг усны машин захиалгаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх үйл баримт нь түншлэлийг тухайн 2 машины хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэх хангалттай нотлох баримт болохгүй гэж,

- Мөн тоног төхөөрөмжийн жагсаалтад нийт 60 тн даацтай 23 автосамосвал шаардсанаас санал болгосон нь 60 тн даацтай 13, 59,840 кг даацтай 2, 90 тн даацтай 5, 94 тн даацтай 3 автосамосвал санал болгосон нь тендерийн баримт бичигт заасан захиалагчийн шаардлагаас зөрүүтэй буюу шаардлага хангахгүй хэмээн үзсэн нь үндэслэлтэй.

Харин маргаан бүхий захиргааны акт болох тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт болон Захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 албан бичигт дурдсан “ТШЗ-ны 12.1-т “Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ” гэж заасан байхад “Аюулгүй ажиллагааны ажилтнаар санал болгосон Ч.Б*** нь 2021 онд төгссөн OSHAcademy гэрчилгээ нь орчуулга ирүүлээгүй”, “Ээлжийн мастераар санал болгосон Ц.Б***ын сургууль төгссөн дипломын мэдээллийг “Төрийн мэдээлэл-солилцооны Хур систем”-ээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгахад 2002 он Дархан Өргөө коллеж Авто инженер төгссөн байгаа нь шаардлага хангахгүй”, “Туслан гүйцэтгэгч “М****” ХХК-ийн ажилтан Б.Б***ыг ерөнхий инженер, Ц.Б***ыг ээлжийн мастер, Ц.Б***ийг геотехникийн инженерээр тус тус санал болгосон нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.8-д “түншлэлийн гишүүн туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгааг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ”, ТШЗ-ны 17.6.2 “гэрээг хэрэгжүүлэх, удирдах, хяналт тавих, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилтан ажилчдын боловсрол мэргэжлийн ур чадвар туршлагын талаарх ТӨХ-д шаардсан V дугаар бүлгийн маягт 4-н дагуу бэлтгэсэн дагуу мэдээлэл” гэж тус тус заасны дагуу шаардлага хангаагүй”  гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлэн  “ТШЗ 12.1 заалт нь гадаад этгээдүүд тендерт оролцож байгаа нөхцөлд тавигдах шаардлага” хэмээн, “тендерийн баримт бичигт ... 4 ээлжийн мастертай байх шаардлага тавьсан, нэхэмжлэгч 5 ээлжийн мастер санал болгосон ... нэр бүхий 4 ээлжийн мастер нь 17.6.2-т заасан шаардлагыг хангасан” хэмээн, “ерөнхий инженер доод тал нь 2 байхаас 3-ыг буюу 1-ээр илүү ... санал болгосон нь шаардлагад нийцсэн” хэмээн дүгнэсэн нь хуульд нийцсэн байх боловч энэ үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э*** м*** о***” ХХК, “П***” ХХК болон “Г** м***” ХХК-ийн гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, түншлэлийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/628 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид даалгуулах, Сангийн яамны эхний болон 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11/2967 дугаар бүхий гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                         Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА