Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2016/0040/э |
Дугаар | 35 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэ,
хохирогчийн өмгөөлөгч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Сумъяабазар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
Гэрч Б.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Батбаатарын Сумъяабазарт холбогдох эрүүгийн 201626030092 дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дэлгэр интернейшнл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-р гудамжны 236 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Батбаатарын Сумъяабазар /РД:МП81120771/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Сумъяабазар нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 22:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Техас” бааранд иргэн Ш.Түмэн-Ерөөлттэй “хуурамч үнэртэй ус зарлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Сумъяабазараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Техас” бааранд ганцаараа архи ууж байхад 21 цагийн үед гаднаас хохирогч Түмэн-Ерөөлт “үнэртэй ус зарна” гэж орж ирсэн. Тэгээд бид хоёр гадаа тамхи татаж байгаад би “надтай хамт суугаач” гэхэд “тэгье” гэж хэлээд авсан байсан архиа хувааж уусан. Би өмнө нь хуурамч үнэртэй ус аваад хохирч байсан учир хохирогчид “наадах чинь хуурамч юм биш үү” гэхэд талийгаач “жинхэнэ нь” гэж байсан.
Тэгээд миний уур хүрээд хохирогчтой гадаа гарч хохирогчийг зодсон. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний гэм буруутай үйлдлээс биш ч гэсэн талийгаач нас барсанд харамсаж явдаг. Талийгаачийн эгч Алтан-Эрдэнэтэй талийгаачийг өнгөрөхөөс өмнө уулзаж, би боломжоороо эмчилгээний зардлын мөнгийг өгч байсан. Нийт 940.000 төгрөг төлсөн. Талийгаачийг гар сарвууны хагалгаанд орох гэж байхад эргэж очсон, түүнээс хойш уулзаагүй байсан юм. Тухайн үед архи ууснаас үүдэлтэй ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Хохирогч бид хоёр бие биенээ танихгүй, бидний хооронд хувийн өс хонзон, таарамжгүй харьцаа байгаагүй. Шинжээчийн дүгнэлт дурьдагдсан хохирогчид учирсан хөнгөн гэмтэл миний буруутай үйлдлээс учирсан гэдгийн хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болох үед би архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй, миний ухаан орж гараад согтолт нилээн их байсан. Хохирогч, түүний ар гэрээс уучлалт гуйж байна. хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Түмэн-Ерөөлт нь миний эгчийн хүүхэд байгаа юм. Хоёр хүүхэдтэй, эхнэр нь хэвтэрт байдаг. Зан байдлын хувьд даруухан, бага зэрэг архи уудаг. 3 жилийн өмнө элэгний С вирус авсан байсан. Энэ өвчнийхөө улмаас 2016 оны 3-р сард нас барсан. Эмчилгээгээ хийлгээд явдаг байсан. Гэхдээ хүндэрч ус авхуулж байгаагүй, улиралд нэг удаа эмнэлэгт хэвтэж группээ сунгуулдаг байсан. Хэрэг гардаг өдөр манай дүү “Техас” бааранд ороод Сумъяабазартай харьцаагүй байхад Сумъяабазар өөрөө яриа өдөж танилцсан. Тэгээд явах гэж байхад нь араас нь гарч ирж, өмсөж явсан цамцаар нь нүүрийг нь бүтээж байгаад газраар чирж, дээрээс нь дэвсж зодсон байсан. Тухайн үед дүү маань “ах нь бие муу, элэг муутай, ахыгаа битгий зодооч” гэж гуйхад нь болихгүй зодоод байсан гэж манай дүү маань ярьсан. Үүнд нь гомдоод байдаг. Юм. Магадгүй энэ хүнд зодуулснаас дүүгийн маань элэгний суурь өвчний явц түргэссэн байхыг үгүйсгэхгүй.
Шүүгдэгчийг манайд нэг удаа ирэхэд нь би хадам ээжээ асардаг болохоор “чи Түмэн-Ерөөлтийг дагуулж яваад үзүүлж харуулдаг газар нь үзүүлчих” гэхэд би “хаана яаж үзүүлдэгийг нь мэдэхгүй, надад мөнгө байхгүй” гээд яваад өгсөн. Хагалгаанд орсны дараа боолт зэрэг зарим зүйлсийг авч өгсөн. Орой нь “эргэлтээр орох гэсэн юм” гэхэд нь би “маргааш ир” гэж хэлсэн. Тэрнээс хойш Сумъяабазар нь сураггүй болсон. Надад 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр 400.000 төгрөг, 03 сарын 07-ны өдөр 400.000 төгрөг өгсөн. Тархины хаван хөөх эмчилгээнд, мөн давхар элэгний эмчилгээнд нь альбумин хэрэглэсэн. Ингээд нийт шүүгдэгчээс 940.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Хамрын хагалгаа хийлгэх болоход төлбөр мөнгийг нь өгчих гэхэд өгөөгүй. Хагалгаагаа хийлгэж чадаагүй. Үүний зардал 1.385.769 төгрөгийг нэхэмжилнэ.
Нийт шүүгдэгч Сумъяабазараас 2.762.400 төгрөг эмчилгээний зардал болон бусад зардалд нэхэмжилснээс 940.000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Над дээр ирээд уучлалт гуйгаад сэтгэл гаргаад явсан бол уучлах байсан. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшээгүй. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,
3. Гэрч Б.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажилладаг. Ш.Түмэн-Ерөөлт нь анх 3 дугаар сард манай эмнэлгийн дотрын тасгийн эрчимт эмчилгээний тасагт Энхжаргал гэж эмчийн хяналтанд хэвтэн эмчлүүлж байгаад байж байгаад дотрын энгийн дэгмэлтэй тасагт шилжин хэвтсэн. Миний хяналт тавьж эмчилж байсан өвчтөн юм. Ер нь бол элэгний хатуурал, эцсийн шатандаа орсон, элэгний усжилттай хүн байсан. Хэвтэж байхдаа элэгний дутагдлын эсрэг, элэгний эс задарлын эсрэг, элэгний хаван хөөх, уураг нөхөх, тархины эмэгшилийн эсрэг эмнүүдийг хэрэглэж байсан. Эдгээр эмнүүд нь энгийн жороор олгогдож болох эмнүүд.
Хэргийн 29 дүгээр хуудсанд байгаа Азатрил 0,25 мг-тай үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг хэрэглэдэг антибиотик байгаа юм. Кетонал гэж эм нь өвчин намдаадаг, мөн үрэвслийн эсэрэг үйлчилгээтэй, уян бинтийг гэмтлийн үед хэрэглэдэг. Хамгийн сүүлд нь бинт байхыг бодоход тухайн гэмтэлд хэрэглэж байсан эмнүүд юм шиг байна. Харин яаж хэрэглэж байсан гэдгийг нь би мэдэхгүй. Кавинтон, Brainact гээд тархины цусан хангамжийг сайжруулдаг эмнүүд байна. Глицин гэдгийг нь би мэдэхгүй юм байна. Эдгээр эмнүүдийг элэгний эмгэгшлийн эмчилгээнд хэрэглэдэггүй. СК плазмаг уураг нөхөх зорилгоор элэгэнд хэрэглэдэг. Мөн Нефа-метз, албумин, глицерон, хепимерз, Албумин 20%-н мл-тай, Лак тулаза эдгээр эмнүүдийг манайх элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Талийгаачийн гэдэс рүү хатгаж шингэн авч байсан учраас манайх гуурс хэрэглэсэн. 3 сард хэрэглэсэн эмнүүд бол бүгд элэгний эмчилгээнд хэрэглэгддэг эмнүүд байна.
Ципринол гэдэг эм бол антибиотик үүсгэгч үрэвслийн эсрэг гэсэн утгатай үг. Кетенол бол үрэвслийн эсрэг өвчин намдаадаг эм. Лидокайн бол хэсэг газрын өвчин намдаадаг тариагаар хийдэг. Бид нар хэвлийнээс шингэн авахдаа Лидокайн тарьж байгаад хэсэг газрын мэдээ алдуулж байгаад хатгадаг. Элэг нь өөрөө албумин уургийг нийлэгжүүлж байдаг. Элэгний хатууралтай холбоотой элэгний үйл ажиллагааны нэгж талбай хатуураад эхлэхээр элэгний үйл ажиллагаа дарангуйлагдаад, албуминий хэмжээ буурахаар хаван болон элэгний усжилт үүсээд явдаг. Цусанд онкодок гээд өөрөө өөрийгөө барьж байдаг даралт байдаг. Цусан дахь эзэлхүүнийг нөхөх гэж бид нар гаднаас нь уургийг нөхөж өгдөг. Тархины доргилт, хаванд уургийг нэг их хэрэглээд байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 201626030092 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2014 оны 05 сард “элэгний хатуурал” гэсэн оноштойгоор группт орсон. Ингээд зүгээр сууж байхаар ажил хийе гэж бодоод Бөмбөгөр худалдааны төвөөс хямд үнэтэй, эмэгтэй хүний сүрчиг бөөнөөр нь худалдан аваад дэлгүүр, баар, ресторанд орж хувь хүмүүст зарах ажил хийж эхэлсэн юм. 2015 оны 12 сарын 24-ний өдөр 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техас” паб руу ороод 28-29 орчим насны, бор царайтай, алаг нүдтэй, 165 орчим сантметр өндөртэй бармен охинд зарж байсан сүрчигнүүдээ үзүүлсэн.
Тэгтэл тэр охин миний зарж байсан сүрчигийг үзэж байснаа худалдаж авах гээд мөнгө хүрэхгүй юм байна гээд аваагүй. Тэгтэл уг пабаар үйлчлүүлээд байсан 30 гаран насны, 175 орчим сантметр өндөртэй, махлагдуу, шар залуу миний зарж байгаа сүрчигийг үзэж сонирхсон. Тэр залуу тамхи татаж байхдаа “би ганцаараа явж байна, та надад хань болоод жаахан суугаад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэр залуу өөрийгөө Сумъяабазар гэж байсан. Ингээд Сумъяабазартай жаахан сууж байгаад “ах нь оройтлоо, явъя” гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд гарах гэтэл тэрээр намайг “сууч байгаач” гээд гуйгаад байсан.
Ингээд би тус пабаас гараад ертөнцийн зүгээр баруун тийш явж байтал хойноос гэнэтхэн нэг хүнс өмсч явсан юүдэнтэй цамцны малгайнаас татаад намайг газар унагасан. Тэгснээ л миний хоолойг цамцны захаар боосноо, миний нүүр, зүүн нүд, хамар, толгой, зүүн хөлний гуя, шилбэ орчимд хөлөөрөө өшиглөөд, дэвсээд байсан. Тэгэхээр нь би “ах нь бие муутай хүн, намайг битгий зодооч” гэж гуйхдаа намайг зодож байгаа залууг харахад “Техас” пабд хамт сууж байсан Сумъяабазар нь шаргал өнгийн ноосон цамцтай явж байсан.
Ингээд миний хамарнаас цус гараад байхаар нь “Сумъяабазараа, ах нь бие муутай, элэг муутай шүү дээ” гэж хэлтэл тэрээр өмсч явсан цамцны захаар хоолой бооход би ухаан алдсан. Нэг сэрэхэд би гудамжинд, миний хажууд цагдаа нар ирсэн байсан. 2016 оны 01 сарын 06-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт хэвтээд, маргааш нь баруун гарын эрхий хурууны үеийг холбож хадах, холбоос эд залгаж оёх мэс засалд орсон. Энэ хугацаанд Сумъяабазар хоёр удаа ирж уулзаад мэс заслын мэдээ алдуулагч, зүү авч өгсөн. /хэргийн 8-9х/,
Хамрын хугарлын хагалгаанд ороход 1.385.769 төгрөг, тархины хаванг шимэгдүүлэх уураг авахад 198.700 төгрөг, өвчин намдаах эмнүүд 226.100 төгрөг болж байна. Ингээд одоогийн байдлаар 1.913.800 төгрөг болж байна. Одоо миний тархины хавангаас болоод хамар битүүрээд шөнө унтаж чадахгүй байна. Дээр нь би хуучин элэгний церрозтой, 70%-тай группд байдаг хүн. Бие их муу байна. /хэргийн 42х/,
Одоогийн байдлаар 940.000 төгрөг авсан байгаа. Эхний ээлжинд 2.762.400 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,
2. Хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Түмэн-Ерөөлт нь миний дүү байгаа юм. Дүү Түмэн-Ерөөлт нь 2014 онд С вирусээр өвчлөөд 2015 оны 6 сард элэгний өвчний улмаас элэгний цирроз өвчний улмаас 70%-ийн группэд орсон. Ингээд эмчилгээ хийлгээд хэвлийдээ бага зэрэг шингэнтэй зүгээр явж байсан. 2015 оны 12 сарын 24-ний өдөр шинэ жилээр үнэртэй ус зарж хоолны юмаа цуглуулж яваад бусдад зодуулсан байсан.
... 2016 оны 01 сарын 07-нд ГССҮТ-д гар сарвууны тасагт баруун гарны эрхий хурууны холбоос хугарсан учраас хагалгаанд орж эмчлүүлж байгаад 01 сарын 11-нд гарсан. Энэ хугацаанд элэгний өвчин нь улам ихсээд эхэлсэн. Түүнээс хойш 2016 оны 02 сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтээд 2016 оны 02 сарын 26-ны өдөр гарсан. Тэгээд нөгөө гарныхаа хадаасыг 2016 оны 03 сарын эхээр ГССҮТ-д дахин зүсэлт хийлгэж баруун гарны эрхий хурууны хадаасаа авхуулсан. Түүнээс хойш бие нь муудаж, элэгний ус нь улам ихсэж байгаад Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний тасагт 2016 оны 03 сарын 04-ний өдөр ирж хэвтсэн. Эмчилгээ хийлгэж байгаад эндээ 10 хоног хэвтээд, эмчилгээгүй болсон учир өөрсдийн хүсэлтээр 2016 оны 03 сарын 17-ны өдөр 17 цагт гэртээ гарсан. Тэр оройноо 21:03 цагт гэртээ нас барсан юм.
Түмэн-Ерөөлтийг амьд байх үед хийлгэж байсан эмчилгээний зардал 2.700.000 төгрөг гарсан байсан. Сүүлд эмчилгээ хийлгэж байсан 400.000 гаран төгрөг болж байна. Иймд ойролцоогоор 3.000.000 гаран төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байна. Буруутай этгээдээс нийт 940.000 төгрөгийг эмчилгээний мөнгө гэж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х, 169-170х/,
3. Мөрдөн байцаалтын шатанд А.Алтан-Эрдэний гэрчээр өгсөн:
“...Шагдарын Түмэн-Ерөөлт нь миний төрсөн дүү байгаа юм. 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 04 цагийн үед Түмэн-Ерөөлт над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, гэмтлийн эмнэлэг дээр байна, охин Халиун надтай хамт байна, тийм учраас ирээд хэрэггүй” гэсэн. Тэр өдөр 10 цагийн үед Түмэн-Ерөөлтийн гэрт очиход түүний зүүн нүд хөхөрч хаваад, юм харж болохгүй тагларчихсан, хүзүү нь энд тэндээ зулгарчихсан, баруун гарын дунд хурууны ар хэсэг улаан хүрэн өнгөтэй болоод, бага зэрэг хавдсан байсан. Мөн зүүн хөлний бүдүүн гуя, шилбэ нь хөхөрч хавдсан байсан. 2015 оны 12 сарын 28-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлээд толгойны томографикт харуулахад “хамарны таславч муруйж, яс нь хугарсан, тархинд хаван үссэн байна” гэсэн онош тавигдсан.
Тэр залуу Түмэн-Ерөөлтийг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь элэгний Альбумин нэртэй уургийг 50.000 төгрөгөөр, мэс заслын уян зүүг 40.000 төгрөгөөр, бинт, эм, боолт, гарны сойлт, гипс 50.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Сумъяабазарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х/,
4. Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Хан-Уул дүүрэгт байрлах “Техас” нэртэй пабд ажиллаж байхад 2015 оны 12 сарын 24-ний өдөр Дэлгэр Интернейшнл ХХК-д жолооч ажилтай Сумъяабазар гэх залуу орой 20 цагийн орчим манай пабд орж ирсэн. Надаас 1 шил Голд Чингис нэртэй 0.5 граммтай архи зээлээд авч ууж байхад гаднаас нэг ах үнэртэй ус зарах гээд бариад орж ирсэн. Тэгээд би тэр ахын үнэртэй усыг үзэж байхад Сумъяа босож ирээд тэр ахтай юм яриад л үлдсэн.
Би гал тогоо ороод хоол хийгээд байж байхад манайд шинээр орсон зөөгч охин “нөгөө 2 ах чинь муудалцаад байна” гэхээр нь би гал тогооноос гараад харсан чинь нөгөө ах Сумъяа хоёр хэрүүл хийгээд байж байхаар нь би нөгөө ахыг “гар” гэж хэлээд Сумъяаг бариад үлдсэн. Тэгээд би гал тогоо руу ороход Сумъяа араас нь гараад явсан байсан. Ингээд би тортой юмыг нь аваад араас нь гартал нөгөө ах манай үүдэнд өөдөө хараад уначихсан амнаас нь цус гарсан байдалтай, цагдаа нар ирсэн байсан. Ингээд би нөгөө тортой юмыг нь нөгөө хүний хажууд нь тавиад буцаад орсон.
Би яг зодож байхыг нь хараагүй намайг гарч ирэхэд л нөгөө үнэртэй ус зарах гээд явж байсан ах манай пабын үүдэнд өөдөө хараад унасан амнаас нь цус гарсан байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69х/,
5. Гэрч Н.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2015 оны 12 сарын 24-ний өдөр 22 цагийн үед цагдаа Өнөболд, а/а Бат-Өлзий д/ч Золбадрах нарын хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо “Атар өргөө” ХХК-ийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед замын урд байрлах “Техас” нэртэй пабын үүдэнд хар хувцастай өндөр биетэй, согтуу, бараан өнгийн хувцастай залуу нэг хүнийг чирээд явж байхаар нь бид нар очиж шалгахад нөгөө залуу газар унасан хүний нүүр нь цус болчихсон байдалтай газар хэвтэж байсан. Чирээд явж байсан залууг Арцат-112 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд өгч явуулаад нөгөө эрэгтэй хүнийг 103-т хүлээлгэж өгсөн. Би тухайн үед нөгөө хүмүүст ойртоогүй хол байсан. Тухайн үед орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Чирээд явж байсан өндөр залуу архи уусан байсан. Нөгөө залууг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-71х/,
6. Гэрч Х.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2015 оны 12 сарын 24-ний өдөр 22 цагийн үед цагдаа Өнөболд, Энхчимэг нарын хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо “Атар өргөө “ХХК-ийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед замын урд байрлах “Техас” нэртэй пабын үүдэнд хар хувцастай өндөр биетэй согтуу залуу нэг 45-50 орчим насны хар бараан өнгийн хувцастай өндөр согтуу эрэгтэй хүнийг хувцасны захнаас нь чирээд явж байхаар нь бид нар очиж шалгахад нөгөө газар унасан хүний нүүр нь цус болчихсон байдалтай газар хэвтэж байсан. Ингээд уг чирээд явж байсан өндөр залууг нь Арцат-112 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд өгч явуулж нөгөө согтуу эрэгтэй хүнийг 103-т хүлээлгэж өгсөн.
Би тухайн хоёр залууг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Өндөр залуу нь хөгшин эрэгтэйгийн хувцаснаас нь чирээд явж байх үед бид нар очсон юм. Хажууд нь өөр хэн нэгэн байгаагүй. Тухайн үед тэр хоёр хоёулаа согтуу байсан. Зодуулсан гэх хөгшин эрэгтэй нэг цагаан тортой зүйл барьсан байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73х/,
7. Гэрч Г.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2015 оны 12 сарын 24-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Золбадрах, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Бат-Өлзий, Н.Энхчимэг нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт барйлах “Атар Өргөө” ХХК-ийн орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад замын урд талд байрлах Техас пабын үүдэнд 178 орчим сантметр өндөртэй, 35-40 орчим насны, шар царайтай, махлагдуу согтуу залуу нь 45-50 орчим насны, туранхай, шар царайтай, хар бараан өнгийн хувцастай сготуу эрэгтэй хүнийг газар унагаагаад, нүүр орчимд нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэгснээ хөгшин эрэгтэйн өмсч явсан хувцасных нь захнаас чирээд Заводын автобусны буудал руу явж байсан. Тэгэхээр нь бид цагдаагийн байгууллагын ажилтны нийтлэг үүргийн дагуу тус хоёр хүн дээр очиход 45-50 орчим насны эрэгтэй хүний нүүрний хэсэг нэлэнхүйдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Харин 35-40 орчим насны залуу нь цагдаа нараас зугтаад “Техас” паб руу гүйж орсон. Тэгэхээр нь би өөрийн гар утаснаас яаралтай түргэн дусламжийн 103-т залган дуудлага өгсөн.
Тэр үед Бат-Өлзий, Золбадрах нар “Техас” паб руу орсон залууг гаргаж ирэхэд тэрээр өөрийн үйлдлээ хянаж чадахааргүй болтлоо согтуурсан байсан. ...Бид нар хөгшин эрэгтэйг яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн. Харин хөгшин эрэгтэйг өшиглөж байсан залууг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 74х/,
8. Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 03 сарын 07-ны өдөр Түмэн-Ерөөлт гэх хүнд эмчилгээ хийсэн. Түмэн-Ерөөлт нь элэгний хатуурал, ээнэгшил, алдагдсанаас үүдэн элэг даралт ихсэх хам шинж, улаан хоолойн судасны өрөгшил 3-р үед шат, хэвлийн усжилт, элэгний хорт хавдартай эмчилгээ хийлгээд 2016 оны 03 сарын 17-ны өдөр 17:00 цагт эмчилгээгүй болоод Түмэн-Ерөөлтийн өөрийн хүсэлт болон ар гэрийн хүсэлтээр эмчилгээг зогсоож, эмнэлгээс гаргасан. Намайг эмчилгээ хийж байхад эрхий хуруу, өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй, би анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75х/,
9. Гэрч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2015 оны 12 сарын 30-ны өдөр Түмэн-Ерөөлт гэх хүнд үзлэг хийсэн байна. Тухайн үед Түмэн-Ерөөлт гэх хүн “би хүнд зодуулаад гар эвгүй болчихоод өвдөөд байна” гэж байсан. Би үзээд баруун гарын эрхий хуруу хэсгээр гар нь хавдсан байхаар нь “рентгенд гарын сарвууны зураг авхуулаад ир” гэж явуулсан. Гэтэл зургаа авхуулаад ирэхээр нь харсан чинь Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны үений мултрал тодорхойлогдсон.
Мултралыг зассан чинь буцаж мултраад байсан учраас би дараагийн шатны эмчилгээ хийж шилжүүлсэн. Түмэн-Ерөөлтөд өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Баруун гарын эрхий хуруугаа л тухайн үед үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 171-172х/,
10. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Түмэн-Ерөөлт гэдэг хүнийг үзэж гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргасан. 2015 оны 12 сарын 31-ний өдөр 387 тоот актаар хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан. Хан-Уул дүүргийн ЦХ-ийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч А.Өмергүлийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирүүлсэн тогтоолыг хүлээн авч, хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийг өөрийн биеэр нь үзэж, мөн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэг, 2015 оны 12 сарын 28-ны өдрийн толгой КТГ-ын хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Ш.Түмэн-Ерөөлтийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар баруун зүүн хацар зулгаралттай байсан.
Тухайн үед баруун гарын эрхий хуруу өвдөх зовиургүй, хуруундаа ил гэмтэлгүй байсан байна. Харин сарвууны ард буюу алганы эсрэг талд цус хуралттай байсан. Баруун гарын эрхий хуруу мултрах буюу хугарсан, холбоос нь салсан тохиолдолд тухайн үед өвөдөхгүй, мэдрэгдэхгүй байх боломжгүй. Ийм гэмтлийн үед гарын хурууны хөдөлгөөн хязгаарлагдах, хавдах, өвдөх шинж тэмдэг илэрдэг. Тэр намайг үзэх үед зүгээр байсан. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88х/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 387 тоот актын:
1. Түмэн-Ерөөлтийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 14х/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн шүүх эмнэлгийн давтан гаргасан 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 419 тоот дүгнэлтэд:
1. Түмэн-Ерөөлтийн биед тухайн үед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирчээ
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтлүүд нь 2015.12.24-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №387 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Шүүх эмнэлгийн анхны үзлэгээр баруун гарын эрхий хуруунд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан байна.
7.8.9. 2016.01.06-ны өдрийн ГССҮТ-н өвчний түүхэнд Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны 2-р үений хажуу холбоос бүрэн урагдаж, сэмэрч, тасарсан, үений холбоос сунаж урагдсан, үений мултралтай засах мэс засал хийгдсэн байх ба ил харагдах хөхрөлт, хаван хавдаргүй, ил гэмтэлгүй тул уг гэмтэл нь хэдийд үүсгэгдсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасгдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 77-78х/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Задлан шинжилгээ хийсэн №583 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагз ясны цуурал, дагзны хуйх, зүүн шилбэний цус хуралт бүхий шинэ, баруун гарын 1-р хурууны 2-р үений хажуу холбоосын бүрэн урагдал, үений мултрал бүхий хуучин хуучин гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь аль ч байрлалд үүсэх боломжтой.
4.5. Талийгаач нь элэгний хорт хавдар дотор эрхтэнүүдэд үсэрхийлэлт өгсөний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй.
7. Дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй ба шалтгаант холбоогүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 81-83х/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 686 тоот дүгнэлтэд:
1. Урьд гаргасан №387, 419 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны хажуу холбоос урагдаж сэмэрч тасарч, хурууны үед мултарсан ба энэ тохиолдолд улайх, хавдах, үений хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөх, цус хурах шинжүүд илрэх бөгөөд өвчин намдаас эм хэрэглэсэн тохиолдолд түр зуур намдах боловч зовиур ихэсч хэсэг газрын шинжүүд нэмэгдэнэ. Ш.Түмэн-Ерөөлт нь 2015.12.25-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ба 2015.12.30-ны өдрийн рентген зургаар баруун эрхий хурууны 2-р үений мултрал тогтоогджээ.
3. Уг баруун гарын эрхий хурууны гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд болон учирсан бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн нь тогтоогдохгүй байна.
4. Ш.Түмэн-Ерөөлт нь элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан ба гарын эрхий хурууны мэс засалд орсны улмаас суурь өвчин нь хүндэрч өвчний явц нь хурдсаж үхэлд хүргээгүй болно.
5. Уг баруун гарын эрхий хурууны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 177-178х/,
15. Ш.Түмэн--Ерөөлтийн биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-28х/,
16. Шүүгдэгч Б.Сумъяабазарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...2015 оны 12 сарын 24-ний .... 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техас” пабд ганцаараа орсон. Ингээд 500 граммтай, алтан Чингис нэртэй архи нэг шилийг захиалж авсан. ...Уг архинаас 50 орчим граммыг уучихаад сууж байхад гаднаас 165-170 орчим сантметр өндөртэй, 40 орчим насны, туранхай, шар царайтай ах орж ирсэнээ бармен эмэгтэйд “сүрчиг авах уу” гээд үзүүлээд байсан.
Тэгсэнээ над дээр ирээд зарж байсан сүрчигээ “авах уу” гээд үзүүлээд байсан. Би тэр ахтай танилцангаа гадаа тамхи татсан ба тэр ах өөрийгөө Түмэн-Ерөөлт гэж танилцуулсан. Тэр ахаас би “хоёулаа хамт ууя” гэхэд зөвшөөрсөн. Ингээд Түмэн-Ерөөлт бид хоёр буцаж ороод миний авсан нэг шил архийг ууж байсан. Тухайн үед хоол идээгүй өлөн байсан болохоор би их амарсан согтсон.
Тэгээд нэг ухаан ороход би гадаа Түмэн-Ерөөлтийн цамцных нь юүдэнгээс татаад, босгох гээд зууралдаад байж байсан ба ...тэр үед түүний хамарнаас цус гарсан харагдаж байсан. Ингээд замын хойд талд явж байсан цагдаа нар Түмэн-Ерөөлт бид хоёр дээр хүрч ирсэн. Ингээд үүнээс хойш дахиад юу болсныг санахгүй байгаа. Үүрээр цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд сэрсэн. Тухайн үед их согтуу байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байгаа.
Түмэн-Ерөөлт бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Тухайн өдөр түүний зарж байсан сүрчигийг “брэндийнх үү, дуураймал уу” гэдэг асуудлаас болж маргалдсан байж магадгүй. Үүнээс өөрөөр маргалдах шалтгаан байгаагүй. Түмэн-Ерөөлтөд хэн шарх учруулсныг би мэдэхгүй байна. Би Түмэн-Ерөөлтөд эмчилгээний зардал гэж одоогийн байдлаар 168.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ер нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би одоогийн байдлаар нийт 568.000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 92-93х/, хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 99-104х, 108-122х/, эмчлүүлэгчийн карт /хэргийн 127-140х/, хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хэргийн 124-125х/, ХУД-н нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хэргийн 126х/, хохирлын баримтууд /хэргийн 141-153х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч В.Батбаатар, Б.Мэнд-Амар, Ц.Билэгмаа нарын мэдүүлэг /хэргийн 11х, 62-63х, 65-66х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 95х/, Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 96х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 97х/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгсэл, үндэслэл журмын дагуу цугларсан байх ба тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Сумъяабазар нь согтууруулах ундаа хэрглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 22:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техас” бааранд иргэн Ш.Түмэн-Ерөөлт нь “үнэртэй ус зарах”-аар ороход түүнтэй яриа үүсгэн, өөртэйгээ хамт сууж архи уухыг хүсэхэд хохирогч нь зөвшөөрсөн ба тодорхой хугацааны дараа хохирогч Ш.Түмэн-Ерөөлт нь явахаар уг “Техас” баарнаас гарахад хойноос хөөн очин гудамж талбайд хохирогчийг араас нь татаж унаган нүүр, зүүн нүд, хамар, толгой, зүүн хөлний гуя, шилбэ орчимд хөлөөрөө өшигих, дэвсэх зэргээр зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэрэгт авагдсан хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн мэдүүлэг /хэргийн 44х/, хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 10х/, гэрч Д.Отгонбаяр /хэргийн 68-69х/, Н.Энхчимэг /хэргийн 70-71х/, Х.Бат-Өлзий /хэргийн 72-73х/, Г.Өнөболд /хэргийн 74х/ нарын мэдүүлэг,
- “...Түмэн-Ерөөлтийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 387 тоот актын дүгнэлт /хэргийн 14х/,
- мөн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан “Түмэн-Ерөөлтийн биед тухайн үед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, дээрх гэмтлүүд нь 2015.12.24-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна, цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №387 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, Шүүх эмнэлгийн анхны үзлэгээр баруун гарын эрхий хуруунд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан байна, 2016.01.06-ны өдрийн ГССҮТ-н өвчний түүхэнд Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны 2-р үений хажуу холбоос бүрэн урагдаж, сэмэрч, тасарсан, үений холбоос сунаж урагдсан, үений мултралтай засах мэс засал хийгдсэн байх ба ил харагдах хөхрөлт, хаван хавдаргүй, ил гэмтэлгүй тул уг гэмтэл нь хэдийд үүсгэгдсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 419 тоот давтан дүгнэлт /хэргийн 77-78х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 686 тоот “...урьд гаргасан №387, 419 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтүүд үндэслэлтэй байна, Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны хажуу холбоос урагдаж сэмэрч тасарч, хурууны үед мултарсан ба энэ тохиолдолд улайх, хавдах, үений хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөх, цус хурах шинжүүд илрэх бөгөөд өвчин намдаас эм хэрэглэсэн тохиолдолд түр зуур намдах боловч зовиур ихэсч хэсэг газрын шинжүүд нэмэгдэнэ. Ш.Түмэн-Ерөөлт нь 2015.12.25-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ба 2015.12.30-ны өдрийн рентген зургаар баруун эрхий хурууны 2-р үений мултрал тогтоогджээ, уг баруун гарын эрхий хурууны гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд болон учирсан бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн нь тогтоогдохгүй байна, Ш.Түмэн-Ерөөлт нь элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан ба гарын эрхий хурууны мэс засалд орсны улмаас суурь өвчин нь хүндэрч өвчний явц нь хурдсаж үхэлд хүргээгүй болно, уг баруун гарын эрхий хурууны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 177-178х/, Ш.Түмэн-Ерөөлтийн биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-28х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 583 тоот “Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагз ясны цуурал, дагзны хуйх, зүүн шилбэний цус хуралт бүхий шинэ, баруун гарын 1-р хурууны 2-р үений хажуу холбоосын бүрэн урагдал, үений мултрал бүхий хуучин хуучин гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна, дээрх гэмтлүүд нь аль ч байрлалд үүсэх боломжтой, талийгаач нь элэгний хорт хавдар дотор эрхтэнүүдэд үсэрхийлэлт өгсөний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ, шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй, дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй ба шалтгаант холбоогүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 81-83х/ болон шүүгдэгч Б.Сумъяабазарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
“Танхайрах” гэдэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдсан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илрэх бөгөөд “догшин авирлах” гэж олон нийтийг үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд утдал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлэх юм.
Шүүгдэгч Б.Сумъяабазарын дээрх үйлдэл нь үл ялих зүйлээр буюу “хуурамч үнэртэй ус зарлаа” гэснээр шалтаглан бусдыг /хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийг/ илтэд үл хүндэтгэн түүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зодох, өшиглөх, татаж унагах зэргээр хүч хэрэглэн, уг үйлдлээ гудамж талбай, олон нийтийн газарт үргэлжлүүлж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн нь догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгах явцад уг хэргийн хохирогч Ш.Түмэн-Ерөөлт нь 2016 оны 03 сарын 17-ны өдөр нас барсан болох нь хэргийн 55, 61-р талд авагдсан 0000177732 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар баримт, хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнийн мэдүүлэг баримтаар тогтоогдсон ба хохирогч нас барснаар эгч А.Алтан-Эрдэнийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож /хэргийн 58-60х/ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд эрх залгамжлан оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Хэргийн хохирогч талийгаач Ш.Түмэн-Ерөөлт нь “баруун гарын эрхийн хурууны 2-р үений хажуу холбоос сунаж урагдаж, сэмэрч тасарсан, үений мултралтай” ГССҮТ-д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 сарын 11-ний хооронд хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн өвчний түүх хэргийн 98-104-р талд авагдсан бөгөөд дээрх “баруун гарын эрхийн хурууны 2-р үений хажуу холбоос сунаж урагдаж, сэмэрч тасарсан, үений мултрал” гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах боловч “...уг гэмтэл хэдийд үүсгэгдсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, ...баруун гарын эрхий хурууны гэмтэл нь тухайн тухайн болсон хэргийн нөхцөлд болон учирсан бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн нь тогтоогдохгүй байна, хохирогч элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан, гарын эрхий хурууны мэс засалд орсны улмаас суурь өвчин хүндэрч өвчний явц нь хурдсаж үхэлд хүргээгүй болно.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн шүүх эмнэлгийн давтан гаргасан 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 419 тоот дүгнэлт /хэргийн 77-78х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 686 тоот дүгнэлт /хэргийн 177-178х/, шинжээч эмч Ч.Эрдэмболорыг байцаасан тэмдэглэл /хэргийн 87-88х/ зэргээс хохирогчид учирсан баруун гарын эрхий хурууны гэмтэл болон хохирогч нас барсан нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Сумъяабазарын үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзэхээр байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сумъяабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Сумъяабазарыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Сумъяабазар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэрэгт авагдсан /хэргийн 95х/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт дахь ЦЕГ-ын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй талаарх тэмдэглэгээ баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн “хүндэвтэр” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх юм.
Шүүх, шүүгдэгч Б.Сумъяабазарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн “хүндэвтэр” ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, төлбөрийн тухайд:
Хохирогчоос хэрэгт гаргасан хохирол төлбөртэй холбоотой баримт дахь дүн мөнгөн илэрхийллээр нийт 4.737.456 төгрөгийн баримт /хэргийн 29х, 99х, 106-107х, 137х, 141-153х/, гаргаж өгснөөс шүүх хохирогчийн төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн 2.762.400 төгрөгийн хэмжээнд нь хязгаарлалт тогтоосон ба үүнээс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний төлбөр хохиролд нөхөн төлсөн 940.000 төгрөгийн хасч тооцох нь зүйтэй.
Мөн энэ хэргийн хохирогч Ш.Түмэн-Ерөөлт нь нас барсан, улмаар амьд байхдаа хамар ясны хугарал тэгшлэх мэс заслыг хийлгээгүй байх тул хамрын хагалгаа хийлгэхэд шаардлагатай байсан хэмээн нэхэмжилсэн 1.385.769 төгрөгийг (хэргийн 137-р талд авагдсан өвчтөний гар картад бичигдсэн) хасч тооцон, тархины хаван бууруулахад авч хэрэглэсэн гэх альбумины үнэ (хэргийн 137х), эмнэлэгт үзүүлэх болон боолт хийлгэх үед ирж очсон унааны зардал (29-р хуудасны ар тал) 436.616 төгрөгийг хохирогчид зарцуулсан эмчилгээний болон бусад зардалд тооцон шүүгдэгч Б.Сумъяабазараас гаргуулж хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин хэрэгт авагдсан 2015 оны 03 сарын 03-наас хойшхи хугацаанд хийгдсэн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримт нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд орж тооцогдохгүй, хохирогчийн суурь өвчтэй холбоотой гарсан эмчилгээ, үйлчилгээний зардал байна гэж үзсэн бөгөөд хохирогч Ш.Түмэн-Ерөөлтөд гэмт хэргийн улмаас учирсан хамрын ясны хугарал гэмтэл нь түүний хувийн байдалтай холбоотой, бие махбодь, эрүүл мэндэд нь учирсан шууд хохирол мөн боловч тэрээр уг хамрын яс тэгшлэх хагалгааг хийлгэж амжилгүйгээр өвчний учир нас барсан тул уг хохирлыг түүний төлөөлөгч шаардан нэхэмжлэх эрхгүй юм. Иймд хамрын хагалгаа хийлгэхэд шаардлагатай байсан гэх 1.389.755 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 сарын 27-ны өдрийн хооронд хийгдсэн эмчилгээ, эм тариа, шатахууны зардлаас үлдэх 436.616 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ хэргийн улмаас хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах эмчилгээний зардлыг шүүгдэгч сайн дураар нөхөн төлж барагдуулсан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэж, шүүгдэгч Б.Сумъяабазарт оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэх санал гаргасан.
Шүүгдэгч Б.Сумъяабазар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан, хэргийн талаар маргахгүй байгаа болон хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүнчлэн шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлах учиртай хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос тодорхой хэмжээнд нөхөн төлсөн боловч хохирлыг бүрэн төлөөгүй, хохирогчийн төлөөлөгч гомдолтой зэргээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэсэн ба “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биелэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, оногдуулсан хорих ялыг тэнсэх ёстой гэж үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б.Сумъяабазарт оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” хэмээн гаргасан саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогчийн төлөөлөгч гомдолтой гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Батбаатарын Сумъяабазарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Сумъяабазарыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сумъяабазарт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сумъяабазараас 436.616 төгрөг /дөрвөн зуун гучин зургаан мянга зургаан зуун арван зургаа/ гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Хан-Уул дүргийн 5-р хороо, Яармаг 15-р гудамжны 382 тоотод оршин суух Боржигин овогт Алтансүхийн Алтан-Эрдэнэд /РД:УС61011908/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.325.784 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэд буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэ “гомдолтой” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Сумъяабазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Сумъяабазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД