Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00835

 

Л.Д-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00063 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар магадлалтай, 

Л.Д-ийн хүсэлттэй, садан төрлийн холбоотой байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг прокурорын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Д-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Хүсэлт гаргагч Л.Д-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Сүлд овгийн Лувсанцэрэнгийн Л.Д- миний төрсөн эх Цогцолянжмаа нь намайг төрүүлээд 1954 онд нас барахад эцэг Чимэддоржийн Лувсанцэрэн нь Налайхад амьдарч байсан өөрийн төрсөн эгч Ч.Цэрэндулам дээрээ өсгөөд өгөөрэй гэж намайг авчирч өгсөн гэдэг. Тэгээд өөрөө миний дээд талын 2 ахтай хамт төрсөн нутаг Төв аймгийн Бүрэн сумандаа амьдарч байгаад 1956 онд Налайхад шилжиж ирсэн юм билээ. Аав маань 1962 онд өвчний учир нас барсан. Миний бие төрсөн эцэг Лувсанцэрэнгийн төрсөн эгч Цэрэндуламын нөхөр Бат-Очир овогтой Буянтогтохоор овоглосон ч аав, 2 ахтайгаа бүгдээрээ хамт л амьдарч байсан. Тэгээд би 2002 онд өөрийн төрсөн эцгээрээ овоглох хүсэлтийг гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 190 дугаартай захирамжаар миний овгийг Лувсанцэрэн гэж өөрчилсөн юм. Миний төрсөн эцэг Чимэддорж овогтой Лувсанцэрэн нь Бүх цэргийн бэлтгэлийн газрын орлогч даргаар бригадын мэдэгч цолтой ажиллаж байхад нь 1939 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж 4 жил хорих ялаар шийтгэгдээд дараа нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын анхдугаар хурлын тогтоолоор цагаатгагдсан юм. Одоо улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн үр хүүхдэд нь төрөөс нөхөн олговор олгохтой холбоотойгоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн чинь Чимэддоржийн Лувсанцэрэн гэдэг хүний хүүхэд мөн гэдгийг шүүхээр тогтоолго гэж байна. Тиймээс намайг Чимэддорж овогтой Лувсанцэрэн гэдэг хүний хүүхэд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ....Иргэн Л.Д- нь Ч.Лувсанцэрэнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохоор энэ нэхэмжлэлийг гаргасан. Хэрэгт цугларсан баримтуудтай танилцсан. Садан төрлийн холбоог тогтоохтой холбоотой шаардлагатай баримтууд хэрэгт авагдсан. Энэ баримтууд нь харилцан зөрүүтэй гэж үзэж байна. Чимидын Лувсанцэрэн гэж хүн амын тооллогоор тоологдож байсан. Гэтэл Чимиддоржийн Лувсанцэрэн гэж цагаатгагдсан байх бөгөөд эцгийнх нь овог зөрүүтэй байна. Хэдийгээр гэрч, нэхэмжлэгч нарын хэлж байгаагаар Буянтогтох гэх айлд хамт амьдарч байсан гэж байгаа боловч 1956 оны хүн амын тооллогоор тусдаа өөр айлд тоологдсон. Л.Д- Улаанбатаар хотод тоологдож байсан. Чимидын Лувсанцэрэн хүү Лхагвасүрэн нар Төв аймагт тоологдож байсан. Гэвч бусад нотлох баримтаар Лувсанцэрэнгийн хүү мөн гэх баримт байхгүй. Гэрчүүд тайлбарлаж байгаа ч бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. Хатер 1 маягт байхгүй байгаа. Хэрэв энэ баримт байсан бол давхар нотлогдох байсан. Гэрч Оюунцэцэгийн тайлбараар Цэрэнпунцаг нь Сэрд гэх айлд очиж байгаагүй гэж хэлсэн. Өөрөө мэдүүлэг өгөхдөө энэ айлд очиж амьдарч байсан гэх зөрүүтэй зүйл ярьсан байдаг. Тиймээс Дашзэвэгийн эцэг нь Лувсанцэрэн гэж тогтоох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00063 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасныг баримтлан Сүлд овогт Лувсанцэрэнгийн Дашзэвэг /ФА:50071016/-ийг хэлмэгдэгч Ч.Лувсанцэрэнгийн төрсөн хүү мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Л.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх ...хэлмэгдэгч асан Ч.Лувсанцэрэнгийн төрсөн эгч Ч.Цэрэндулам, нөхөр н.Буянтогтох нар Л.Д-ийг өргөж авч улмаар нэхэмжлэгч Буянтогтохын нэрээр овоглож байгаад 2002 онд өөрийн төрсөн эцэг Ч.Лувсанцэрэнгийн нэрээр овоглогдсон болох нь тогтоогдсон гэж хэт ерөнхий байдлаар буюу Ч.Цэрэндулам, н.Буянтогтох нар нь Л.Д-ийг өргөж авсан болох нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа шийдвэрт заагаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Үндэсний төв архивын 2018.10.23-ны өдрийн 06-6/5197, 03-6/5198, 03-6/5199 дугаартай 1956 оны хүн амын тооллогын бүртгэл, 2018.12.03-ны өдрийн 03-4/6013, 03-4/6014 дугаартай 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаанууд нь Л.Д-ийг Ч.Лувсанцэрэнгийн хүү мөн болохыг нотолсон баримтууд бус харин Ч.Лувсанцэрэн нь хүү Л.Лхагвасүрэнгийн хамт, Дашзэвэг нь аав Буянтогтох, ээж Ч.Цэрэндулам, эгч Б.Оюунцэцэг нарын хамт амьдардаг болохыг нотолсон баримтууд юм. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлын улмаас хилс хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хүүхдүүдийг өөр овог, эцгийн нэрээр овоглох тохиолдол гарч байсныг үгүйсгэхгүй хэдий боловч энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч Л.Д- нь Улаанбаатар хотын Уурхайчдын хорооны 7 дугаар хорины 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр Буянтогтохын хүү гэж тоологдсон, Буянтогтох гэх овгоор 2002 оныг хүртэл овоглож явсан болох нь Үндэсний төв архивын 2018.10.23-ны өдрийн 03-6/5198 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн төв архивын 101/004164 дугаартай ургийн овог, эцгийн нэр өөрчилсөн тухай лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Мөн энэхүү нөхцөл байдал нь төрсний гэрчилгээтэй нэгэн адил тухайн хүнийг төрсний бүртгэлд бүртгэсэн болохыг нотлох ХААТР-1 маягт /1956 оноос өмнө төрсөн иргэдэд ХААТР-1 маягт хөтлөгдсөн байх/-ын лавлагаагаар эцэг Бат-Очирын Буянтогтох, эх Чимэдийн Цэрэндулам болох нь давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч Л.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт ах Л.Цэрэнпунцаг өмнө нь цагаатгалын нөхөх олговор авсан, надад авсан мөнгөнийхөө талыг өгсөн гэж мэдүүлсэн. Хэрэв Л.Цэрэнпунцаг нь урьд цагаатгалын нөхөх олговор авсан бол түүнд нөхөх олговорыг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, холбогдох иргэний хэрэгт хэлмэгдэгчид холбогдох өөр нэхэмжлэгч, өв залгамжлагч байгаа эсэх, төрсөн дүү гэх нэхэмжлэгч Л.Д-тэй иргэний хэлцэл хийсэн эсэх талаарх баримт хавсаргагдсан байх учиртай. Иймд шүүх тухайн баримтыг шинжлэн судлах бүрэн боломжтой байсан. Ч.Лувсанцэрэнгийн төрсөн хүү Л.Цэрэнпунцаг нь одоо амьд сэрүүн байгаа ба нэхэмжлэгч Л.Д-, Л.Цэрэнпунцаг нарыг биологийн хувьд төрсөн ах, дүү болох, нэг эцгийн хүүхдүүд мөн эсэхийг шүүхийн шинжилгээний ДНХ шинжилгээгээр тогтоолгох бүрэн боломжтой юм. Энэхүү ажиллагааг хийлгэх боломжтой талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан боловч шүүх хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэнэ. Энэ тохиолдолд шүүх нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх учиртай гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу 1940 онд улс төрийн хилс хэрэгт шийтгүүлж, хэлмэгдсэн Чимэддоржийн Лувсанцэрэнгийн төрсөн хүүхэд болохыг тогтоолгох Л.Д-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж, ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.

Л.Д- нь хэлмэгдэгч Ч.Лувсанцэрэнгийн төрсөн хүүхэд болохыг тогтоолгох үндэслэлээ, 1956 оны хүн амын тооллогоор өөр овогтой бүртгэгдснээс бичиг баримт зөрүүтэй байгаа гэж, зорилгоо, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд олгох нөхөн олговорыг авах гэж тус тус тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Төв аймгийн Бүрэн сумын Баяндөхөм хэмээх газар төрсөн, Улаанбаатар хотын харъяат, Бүх цэргийн бэлтгэлийн орлогч дарга байсан Чимэддоржийн Лувсанцэрэнг 1939 онд улс төрийн хэрэгт баривчлан, Бүх цэргийн дээд шүүхийн 1940 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаар тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгэснийг БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор цагаатгажээ. Хэлмэгдэгч Ч.Лувсанцэрэн 1962 онд нас барсныг бүртгэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Л.Д- нь 1950 онд төрсөн, түүний төрсний дараа явагдсан 1956 оны хүн амын тооллогод Улаанбаатар хотын Уурхайчдын хорооны 7 дугаар хоринд амьдрах Б.Буянтогтох, Ч.Цэрэндулам нарын гэр бүлд хүү Б.Дашзэвэг 5 настай гэж бүртгэгджээ.

Энэ үйл баримтын талаар Л.Д- “...намайг төрөөд удаагүй байхад 1954 онд ээж Цогзолянжмаа нас барсан учир аав маань төрсөн эгч Ч.Цэрэндуламдаа намайг өсгөөд өгөөрэй гэсэн байдаг, гэвч би аав, хоёр ахтайгаа хамт амьдарч байсан юм билээ, эсэргүүний хүүхэд гэж адлагддаг тул аавын эгчийн нөхрөөр овоглосон байсныг хожим төрсөн эцгээр солиулж бүртгүүлсэн...” гэж тайлбарласан байна. Түүний тайлбар нь төрсөн ах Ч.Цэрэнпунцаг, эцэг Ч.Лувсанцэрэнгийн төрсөн эгч Ч.Цэрэндуламын охин Б.Оюунцэцэг нарын мэдүүлэг, фото зураг, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн Л.Д-ийн хүсэлтээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 190 дугаар захирамжаар Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу түүний эцгийн нэрийг Лувсанцэрэн болгож өөрчилснийг, улсын бүртгэлд бүртгэжээ.

Дээр дурдсан баримтуудыг үндэслэн шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу садан төрлийн холбоотой болохыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг зөрчөөгүй байна. Иймээс “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах” тухай прокурорын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00063 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ