Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/656

 

 

 

 

 

    2021          10          14                                     2021/ШЦТ/656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго ,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

           Шүүгдэгч: Н.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001332 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б-,  ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-ын 0-5 тоотод байрлах Нийтийн байранд архидан согтуурч тодорхой шалтгаангүйгээр Б.П-ийн нүүрэн тус газарт аягаар /шаазан/ цохиж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, духны зүүн хэсэг ба зүүн хацрын төвгөрийн гадна дээд хэсэг, хамрын хянганы зүүн хэсэг, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ...М-аас мөнгө авах ёстой гэдгээ санаад М- руу залгаад “надад өгөх мөнгө чинь юу болж байна” гэж асуухад М- намайг гэртээ хүрээд ирээч гэхээр нь би тэдний гэрт нь явж очиход М-ы гэрт нь намайг явахад ирчихсэн байсан эрэгтэй, эмэгтэй болон М- тэр гурав нэг шил 750 граммын савалгаатай архи уугаад дуусчихсан байж байсан. М- надад мөнгө өгөөд нэг шил архи аваад ирээч гэхээр нь би түүний өгсөн мөнгийг нь аваад гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр орж нэг шил /нэрийг нь одоо сайн санахгүй байна/ 750 граммын савалгаатай архи аваад, буцаж М-ы гэрт нь ороод бид нар бөөндөө ширээ тойрч сууж байгаад нөгөө архийг задлаад би хоёр хундага уучхаад бөөндөө юм яриад инээлдээд сууж байтал миний урдаас хараад сууж байсан М-ы найз гэх эрэгтэй хүн ширээн дээр байсан дунд зэргийн цайны шаазан аягыг гартаа бариад, тухайн аягаараа миний нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Аягаар цохиулсан дариуд миний нүүрнээс маш их цус гарахаар нь би М-ы гэрээс гартал М- миний араас гарч ирээд “яасан зүгээр үү” гэхээр нь би гэрээсээ миний гар утсыг  аваад өг гэж М-аар гэрээс нь гар утсаа авчруулаад өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгөхөд миний нүүр рүү аягаар цохисон эрэгтэй хүн гараад зугтаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/,

Гэрч Б.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...П-ийг ирэхэд бид гурвын ууж байсан архи маань дуусчихаар нь би П-ийг дэлгүүрээс нэг шил архи аваад ир гэж хэлээд, архинд явуулаад П-ийн авч ирсэн нэг шил Куали нэртэй 750 граммын савалгаатай архийг Б-, Хонгорзул, П- бид дөрөв хамтдаа уунгаа юм яриад байж байтал гэнэт Б- архи ууж байсан шаазан аягаар П-ийн нүүрнийх нь зүүн хэсэг рүү нэг удаа цохиход П-ийн нүүрнээс маш их цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/,

Шинжээчийн 8603 тоот дүгнэлтэд: “...Б.П-ийн биед тархины доргилт, духны зүүн хэсэг ба зүүн хацрын төвгөрийн гадна дээд хэсэг, хамрын хянганы зүүн хэсэг, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-н 25-26-р хуудас/,

Яллагдагчаар Н.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг ухаан ортол манай найз Сайхнаа “Чи гартаа барьж байсан шаазан аягаар хүний нүүр лүү цохчихлоо шүү дээ” гэж хэлэхээр нь би гайхаад Сайханаагаас юу болсон талаар асуухад намайг “Сайхнаагийн найз гэх архи авч орж ирсэн эрэгтэй хүнтэй зэрэгцэж сууж байгаад архи хундагалж тойруулж байсан шаазан аягаар нүүр лүү нь нэг цохисон” гэж Сайхнаа надад хэлсэн. Намайг сэргээд Сайхнаагаас юу болсон талаар асууж тодруулж байх үед надад шаазан аягаар нүүр лүүгээ цохиулсан гэх эрэгтэй хүн Сайхнаагйин гэрт нь байхгүй, гараад явчихсан байсан. Тэгээд би Сайхнаагийн гэрээс гарч яваад ахынхаа гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,хохирлын баримтууд /хх-н 8-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-54/, хохирогчийн хүсэлт /хх-58 /,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-ын 0-5 тоотод байрлах нийтийн байранд архидан согтуурч тодорхой шалтгаангүйгээр Б.П-ийн нүүрэн тус газарт аягаар /шаазан/ цохиж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, духны зүүн хэсэг ба зүүн хацрын төвгөрийн гадна дээд хэсэг, хамрын хянганы зүүн хэсэг, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.П-ийн: “...М-ы найз гэх эрэгтэй хүн ширээн дээр байсан дунд зэргийн цайны шаазан аягыг гартаа бариад тухайн аягаараа миний нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Б.М-ы: “...Б- архи ууж байсан шаазан аягаар П-ийн нүүрнийхэн зүүн хэсэг рүү нэг удаа цохиход П-ийн нүүрнээс маш их цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, шинжээчийн 8603 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

шалтгаангүйгээр хохирогч Б.П-ийн нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 58/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгж буюу 510.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 510 нэгж буюу 510.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР