| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00342/И |
| Дугаар | 319 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 319
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан хийж Ж.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хорооны иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж.******* нь 1967 онд Завханмандал суманд төрж Дөрвөлжин суманд дунд боловсрол дүүргэж Улаанбаатар хотод холбооны сургалтын төвийг дүүргэж Завханмандал суманд 1987 оны 07 сард Холбооны салбарын залгагчаар томилогдон ажилласан. 2005 оноос салбарын эрхлэгч болсон билээ. Нийт 18-н жил залгагчийн ажлыг хийсэн. Энэ ажилласанжилээрээ хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах хүсэлтэй байна. 2005 оноос өмнө залгагчийн ажлаас чөлөөлөгдсөн, с/э ажилд томилогдсон тушаал архивт байхгүй байгаа тул миний ажилласан жилийг тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Завхан аймгийн сум дундын шүүх хуралд оролцох боломжгүй тул намайг байхгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1987 оны 07-р сарын 21-нээс 2004 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Холбооны салбарт залгагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн Ж.******* нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Завхан аймагт ирж шүүх хуралдаанд орох боломж байхгүй тулөөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 06-р сарын 15-ны өдрийн А/717 тоот лавлагаанд Ж.******* нь 2005 онд Завханмандал сумын Холбооны салбарын залгагч операторчны ажлаас чөлөөлөгдөж салбарын эрхлэгчийн ажилд томилогдсон тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Ажилд өөрчлөн томилогдсон тушаал олдохгүй байна гэжээ.
Ж.*******ийн ажилд томилогдсон тушаал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1987 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 482388 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, Завхан аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 89 тоот тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний залгагчаар ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Түүний 1987 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1987.07.21-ний өдрөөс Завханмандал сумын Холбооны салбарын операторчноор томилов гэсэн бичилт хийгдэж Холбооны газрын тамга дарагдсан, 04-рт 1995.01.01-нээс Нийгмийн даатгалын багц хууль гарч мөрдөгдөх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь түүнийг ажилд авч байсан Завхан аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 89 тоот тушаалаар нотлогдож байна.
Тэрээр 1995 оноос 2006 он хүртэл ажиллаж нийгмийн даатгал төлж байсан нь түүний 482388 тоот Нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.
Түүний ийнхүү ажиллаж байсан нь гэрч Ц.*******, С.*******, Р. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ын *******ийг 1987 оны 07-р сарын 21-нээс 2004 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Холбооны салбарт залгагчаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ