Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/663

 

 

 

 

 

    2021         10          15                                     2021/ШЦТ/663

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго ,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

           Шүүгдэгч: Б.А- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105018601360 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хохирогч Г.Т-ийг тодорхой шалтгаангүйгээр хамар руу нь цохиж “хамрын ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, баруун зулай, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 540.000 төгрөг өгсөн. Хамрын эмчилгээ хийгдсэн. Цаашид эмчилгээ хийлгэх мөнгийг нь өгнө” гэв.

Хохирогч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд ажлаасаа гэр рүүгээ харих замд манай байрны үүдэнд хоёр согтуу залуу байсан. Хоёр залуугийн нэг нь 10 жилийн гэмээр хоёр хүүхдийг жагсааж зогсоочоод алгадаад байсан, над руу бас даллаж дуудаад байсан. Тэгэхээр нь би дөхөөд очтол “Чи таеквондо Амгаа гэж мэдэх үү” гэж асуухаар нь би “мэднэ” гэж хариултал шууд хамар руу цохисон. Хамарнаас их цус гарсан тул зөвхөн амаараа л амьсгалж байсан. Тэгээд би “Эмнэлэг цуг явъя, халуун дээр нь тэгшилчихвэл гайгүй байлгүй дээ” гээд цуг ГССҮТ-д очсон. Эхлээд гэмтэл дээр очиход хүлээж бай гэсэн. Тэгээд хамрын зургаа авахуулчхаад гараад иртэл Амгаа гэмтлийн үүдний хаалгыг цохиод гараад явсан байсан. ...Миний хамар руу нэг хүчтэй цохисон. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 120.000 төгрөг надад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А- бид хоёр 10 гаруй жил найзалж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр найз А-ын эхнэр нь төрөөд хүүтэй болсон. Тэгээд би баяр хүргэхээр залгаад уулзахаар болсон. Уулзаад хүүтэй болсонд баяр хүргээд Ө- гээд найз бид хоёр 0.75 литрийн виски хувааж уугаад ажил төрөл ярьсан. Орой 22 цагийн үед бид хоёр Ө-ын гэрт вискигээ ууж дуусгачхаад гарахад гадаа орцны үүдэнд 3 хүн сууж байсан. А- тэр гуравтай юм ярьж үлдээд би тамхи авах гээд дэлгүүр рүү явж байхад нэг залуу надтай зөрөөд тэр хэдийн байгаа газарт очсон. Дэлгүүр хаалттай байсан тул намайг буцаад ирэхэд зөрж өнгөрдөг залуугийн хамарнаас цус гарсан байхаар нь би юу болсон талаар асуухад Амагланжаргал надад хандаж “би цохичихлоо” гэсэн тэгээд тэр цохиулсан хүүхдэд хандаж “гайгүй юу ахын дүү” гээд А- бид гурав хамтдаа ГССҮТ-д таксигаар очсон” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Шинжээчийн 8705 тоот дүгнэлтэд: “...Г.Т-ийн биед хамрын ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, баруун зулай, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27-28/,

Яллагдагчаар Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...үл таних эрэгтэй хүн ирээд хажууд зогсож байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир бас өмнө нь хүнд эрүүгээ цохиулж хугалуулж байсан учир сандраад намайг цохичхож магадгүй гээд тэр урд байсан залуугийн нүүрэн тус газар цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42-86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хохирогч Г.Т-ийг тодорхой шалтгаангүйгээр хамар руу нь цохиж “хамрын ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, баруун зулай, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Т-ийн: “...би дөхөөд очтол “Чи таеквондо Амгаа гэж мэдэх үү” гэж асуухаар нь би “мэднэ” гэж хариултал шууд хамар руу цохисон. Хамарнаас их цус гарсан тул зөвхөн амаараа л амьсгалж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Г.Г-гийн: “...Дэлгүүр хаалттай байсан тул намайг буцаад ирэхэд зөрж өнгөрдөг залуугийн хамарнаас цус гарсан байхаар нь би юу болсон талаар асуухад Амагланжаргал надад хандаж “би цохичихлоо” гэсэн тэгээд тэр цохиулсан хүүхдэд хандаж “гайгүй юу ахын дүү” гээд А- бид гурав хамтдаа ГССҮТ-д таксигаар очсон” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, шинжээчийн 8705 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А- нь шалтгаангүйгээр хохирогч Г.Т-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР