Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/691

 

 

 

 

 

   2021         11          02                                     2021/ШЦТ/691

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: Б.Ш-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ш-ад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105017821365 дугаартай хэргийг 2021 оны 10 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ш-,  ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ш- нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СТТ” төв дотор хохирогч П.Б-ий гээгдүүлсэн Айфон экс загварын гар утсыг бусдын өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч П.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн уулзвар дээр байрладаг СТТ төвийн дотор байх 5, 6, 7 дугаар лангуун дээрээ оччихоод 3 давхарт нь гарч 7 настай хүү Эрхэсийн хамт хоол идчихээд 14 цаг 30 минутын үед санагдаж байна СТТ төвөөс хүү Эрхэсийн хамт гарсан. Хүүгээ гэрт нь хүргэж өгөх гэж гараад явах гэж байхад манай хүүхэд миний Iphone X загварын гар утсыг халаасандаа хийчихсэн явж байсан бөгөөд манай найз Балдан-Очир манай хүүхэдтэй тоглож, ноцолдож яваад СТТ төвийн гарах хаалган дээр миний гар утас хүүгийн халааснаасаа унасан байсан. Тэгээд үүдэнд гараад манай хүүхэд над дээр ирээд миний гар утсыг халаасандаа үзээд байхгүй байна, алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд гар утсаа явсан замаараа хайж үзээд утас руугаа залгахад утас маань дуудаж байгаад 2-3 удаа залгагдаад тэгээд л шууд унтарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Д.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө Д.Ганзориг, С.Алтанцэцэг, Б.Ш- нарын хамт барилгын дэлгүүр орж шуудайны үнэ ямар үнэтэй болохыг судлахаар Гүнгэрваа худалдааны төвийн ойролцоо уулзаад Ганзориг, С.Алтэнцэцэг эгч бид нар СТТ төв орсон. Тэгээд тэндээ шуудайны үнэ асуучихаад буцаад Хархорин зах руу явсан бөгөөд тэнд очиж шуудайны үнэ харж байгаад гэртээ харьсан байгаа. Б.Ш- надад утас олсон талаараа онцын зүйл хэлээгүй. Тэгээд гэртээ очсон чинь “миний хайр энэ утсыг барь” гэж өгөхөөр нь би баярлаад тухайн гар утсанд өөрийнхөө сим картыг хийж ашигласан байгаа. Ямар нэг кодгүй гар утас байсан. Би өөрийнхөө 99456672 гэх дугаарыг ашигласан байгаа. Энэ ямар учиртай гар утас юм бэ гэхэд би олсон л гэснээс өөр олигтой юм надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Яллагдагчаар Б.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин зах руу шуудайны үнэ судлахаар явсан. Тэгээд тэнд очоод СТТ төв рүү ороод шуудай болон ажлын бээлийний үнэ асуучихаад урд хаалгаар нь гарч явахад хаалганы голд хар хавтастай гар утас байж байхаар нь аваад гарсан. Гэртээ хариад гар утсыг нь харахад утасны дэлгэцэн дээр вакцины гэрчилгээ байхаар нь гэрчилгээн дээрээс нь регистрийг нь хараад утасны код гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-59/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 63/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 64/, хохирогчийн хүсэлт /хх-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Ш- нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СТТ” төв дотор хохирогч П.Б-ий гээгдүүлсэн Айфон экс загварын гар утсыг бусдын өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Б-ий: “...Хүүгээ гэрт нь хүргэж өгөх гэж гараад явах гээд байхад манай хүүхэд миний Iphone X загварын гар утсыг халаасандаа хийчихсэн явж байсан бөгөөд манай найз Балдан-Очир манай хүүхэдтэй тоглож, ноцолдож яваад СТТ төвийн гарах хаалган дээр миний гар утас хүүгийн халааснаас унасан байсан. Тэгээд үүдэнд гараад манай хүүхэд над дуур ирээд миний гар утсыг халаасандаа үзээд байхгүй байна, алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд гар утсаа явсан замаараа хайж үзээд утас руугаа залгахад утас маань дуудаж байгаад 2-3 удаа залгагдаад тэгээд л шууд унтарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Д.О-гийн: “...Б.Ш- надад утас олсон талаараа онцын зүйл хэлээгүй. Тэгээд гэртээ очсон чинь миний хайр энэ утсыг барь гэж өгөхөөр нь би баярлаад тухайн гар утсанд өөрийнхөө сим картыг хийж ашигласан байгаа. Ямар нэг кодгүй гар утас байсан. Би өөрийнхөө 99456672 гэх дугаарыг ашигласан байгаа. Энэ ямар учиртай гар утас юм бэ гэхэд би олсон л гэснээс өөр олигтой юм надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ш- нь хохирогч П.Б-ий гээгдүүлсэн гар утсыг мэдсээр байж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гар утсаа буцаан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 68/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ш-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх” саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ш-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 450 нэгж буюу  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-ад Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шүүгдэгч Б.Ш-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР